sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо нөхцөл байдлын талаарх хоёр дахь удаагийн илтгэлээ мягмар гаргийн орой Конгресст тавилаа. Сонгуульд дахин нэр дэвшихээ зарлах эсэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа үед тэрбээр илтгэлээ тавьсан байна. 
 
Ж.Байден бүрэн эрхийнх нь хугацааны эхний хоёр жилд гарсан ололт амжилтыг онцолж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогынхоо талаар танилцуулжээ.
 
Тэрбээр явуулж буй бодлого нь Америкийн эдийн засгийг сэргээсэн хэмээн тэмдэглээд, "дөрвөн жилийн хугацаанд аль ч ерөнхийлөгчийн бүтээснээс илүү олон буюу 12 сая ажлын байрыг хоёр жилийн дотор шинээр бий болгосон" гэв. “Хоёр жилийн өмнө коронавирусний цар тахлын улмаас манай улсын бизнес, сургуулиуд хаагдаж, бид олон боломжоо алдаж байсан бол одоо бидний амьдрал “ковид”-оос шалтгаалахаа болиод байна” гэж тэрбээр хэлсэн байна. 
 
Ж.Байден мөн 2021 онд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч байсан явдлыг дахин сөхөөд, АНУ-ын ардчилал Иргэний дайнаас хойших хамгийн том аюул заналтай тулгарсан боловч өдгөө “мохоогүй, сөхрөөгүй, шантраагүй” хэвээр байна гэж хэлжээ.
 
Өнгөрсөн оны завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд хяналтаа дахин тогтоосонтой холбоотойгоор тэрбээр эдийн засгаа сэргээн босгох, улс үндэстнээ нэгтгэх үйл хэрэгт Ардчилсан намтай хамтран ажиллахыг бүгд найрамдахчуудад уриалжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг