sonin.mn
ВАШИНГТОН. /WP/. Филиппиний дөрвөн цэргийн баазыг АНУ-ын цэргүүдэд ашиглахыг зөвшөөрөх талаар хоёр тал тохиролцоонд хүрсэн гэж Пентагоны хэвлэлийн алба мэдэгджээ. 
 
“Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээнд (EDCA) Филиппиний таван баазыг АНУ-д ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд “тус улсын стратегийн бүсэд” нэмээд дөрвөн баазыг ашиглах талаар тохиролцоонд хүрлээ гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 
 
"Эдгээр шинэ байгууламжийг “EDCA”-ийн хүрээнд ашиглахыг зөвшөөрсөн баазуудын тоонд оруулснаар Филиппинд хүмүүнлэгийн болон байгалийн гамшгийн уршгийг арилгахад илүү хурдан дэмжлэг үзүүлэх, түүнчлэн бусад нийтлэг сорилтод хариу өгөх боломжийг олгоно" гэж Пентагон мэдэгджээ. 
 
АНУ, Филиппиний хооронд Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны гэрээг (EDCA) 2014 онд байгуулсан бөгөөд АНУ-ын арми Филиппиний таван баазыг ашиглах боломжтой болсон байна. 
 
“ABS-CBN” медиа группийн мэдээлснээр, Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн үед уг гэрээ зогссон боловч шинэ засаг захиргаа хэрэгжилтийг хурдасгахыг зорьж эхэлжээ. Гэрээг өргөжүүлснээр АНУ дор хаяж есөн цэргийн баазыг ашиглах боломжтой болох аж. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг