сонин mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын “Facebook”, “Instagram” хаягийг хоёр жилийн дараа сэргээхээр болсон талаараа “Meta” компани лхагва гарагт мэдэгдлээ.
 
Түүний хаягийг “ойрын долоо хоногт” сэргээх аж. “Meta” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн тэргүүн Ник Клегг мэдэгдэхдээ, олон нийт улстөрчдийн хэлж байгаа үгийг сонсох боломж нээлттэй байх хэрэгтэй гэсэн байна.
 
АНУ-ын Капитолын ордонд 2021 онд гарсан үймээнтэй холбогдуулан тухайн үеийн Ерөнхийлөгчийн “Facebook”, “Instagram” хаягийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм. Нийгмийн сүлжээний компани Д.Трампыг “Капитолд үймээн гаргасан хүмүүсийг сайшаасны дараа” хаягуудыг нь хааж байв. Н.Креггийн хувьд, энэ нь онцгой нөхцөлд гаргасан онцгой шийдвэр байсныг онцолжээ. Харин одоо Д.Трампын хаяг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.
 
Гэхдээ Ерөнхийлөгч асан өмнө нь гаргасан зөрчлөө давтан гаргасан тохиолдолд өндөр шийтгэл хүлээх юм байна. Д.Трамп ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаатай холбоотойгоор бүгд найрамдахчууд түүний “Facebook” хаягийг сэргээхийг шаардсаар иржээ.
 
“Twitter” нийгмийн сүлжээ ч мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асны хаягийг хаагаад байсан юм. Харин өнгөрсөн 11 дүгээр сард “Twitter”-ийн эзэн Илон Маск нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд санал хураалт явуулсныхаа дараа Д.Трампын хаягийг сэргээсэн юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг