sonin.mn
НҮБ. /un.org/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинээр сонгогдсон байнгын бус таван гишүүн буюу Мальта, Мозамбик, Швейцар, Эквадор, Япон улс мягмар гаргаас эхлэн үүрэгт ажилдаа оржээ.
 
Хоёр жилийн хугацаагаар шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрх албан ёсоор  нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн боловч Аюулгүйн Зөвлөлийн шинэ жилийн баярын дараах 2023 оны анхны ажлын өдөр нь нэгдүгээр сарын 3 буюу мягмар гарагт тохиосон аж.
 
Шинэ гишүүн улсуудын төрийн далбааг залах ёслолоор тэдний үүрэгт ажилдаа орсныг баталгаажууллаа. Энэхүү төрийн далбаа залах ёслолыг Казахстан улсын санаачилгаар 2018 оноос зохион байгуулдаг болжээ.
 
Казахстаны байнгын төлөөлөгч Акан Рахметуллин ёслолын ажиллагааг даргалж хэлсэн үгэндээ, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын тулгамдсан асуудалд Аюулгүйн Зөвлөлийн шинэ гишүүд нухацтай хандана гэдэгт итгэлтэй байна гэв. Шинээр сонгогдсон гишүүн улсуудын байнгын төлөөлөгч бүр Аюулгүйн Зөвлөлийн танхимын гадна байрладаг хэсэгт өөрийн улсын тугийг залахын өмнө товч үг хэлсэн байна.
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд нийт 15 гишүүн орон ордог.  АНУ, БНХАУ, Их Британи, ОХУ, Франц гэсэн таван улс байнгын гишүүн орнууд юм. Байнгын бус 10 орныг НҮБ-ын Дүрмийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр  жилийн хугацаатай  сонгодог байна. Албани, Арабын Нэгдсэн Эмирт Улс,  Бразил, Габон, Гана улсуудын байнгын бус гишүүний бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг