sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар Өөрийгөө хамгаалах агаарын хүчнийхээ нэрийг Агаар-сансрын хүчин болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа тухай “NHK” телевиз мэдээлжээ. 
 
Тийнхүү Японы эрх баригчид орчин үеийн нөхцөлд аюулгүй байдлыг хангахад сансрын салбар чухал ач холбогдолтой болохыг харуулахыг эрмэлзэж байна. 2020 онд тус улсын Өөрийгөө хамгаалах агаарын хүчний бүрэлдэхүүнд сансрын анги нэгтгэл байгуулсан бөгөөд түүний үүрэг нь Японы хиймэл дагуулууд руу үйлдэж болзошгүй халдлагуудыг эсэргүүцэх, түүнчлэн сансрын хог хаягдалтай мөргөлдөх аюулаас сэргийлэх юм.
 
Он дуусахаас өмнө батлахаар төлөвлөж буй Японы үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегид холбогдох өөрчлөлтүүдийг тусгана гэж шинжээчид үзэж байна. Цэргийн бүтцийн нэрийг албан ёсоор өөрчлөхийн тулд хууль тогтоомжид зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай болно. Японы Өөрийгөө хамгаалах хүчний анги салбаруудын нэрийг 1954 онд байгуулагдсанаас нь хойш нэг ч удаа өөрчилж байгаагүй юм. 
 
 
Д.Жарал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг