sonin.mn
НИТХ-ын төлөөлөгч, нэгэн цагт АН-ын сонгогдсон дарга гэж явсан М.Тулгат АН-ын дарга асан С.Эрдэнийг хүчтэй шүүмжлэх болсон билээ. Энэ явдал улам ширүүссээр уржигдар орой М.Тулгат нийгмийн сүлжээг ашиглан, С.Эрдэнэ рүү илт дайрсан агуулгатай үгсийг дайв.
 
Тодруулбал тэрээр:  "С.Эрдэнэ гуай та одоо болиоч ээ. АН-ыг зарж, өөрийгөө үнэд хүргэчих гээд гүйгээд байх юм. Ямар ичдэггүй юм бэ?...Үндэсний хэмжээний том намын дарга гэдэг бол сайхан үлгэр дууриалалтай, дүрмийг сахиулсан, өндөр ёс зүйтэй лидер, сайхан хүн байх ёстой. Гэтэл С.Эрдэнийн хувьд бүх юм нь эсрэгээрээ.С.Эрдэнийн залуучуудад харуулж үлгэрлэж байгаа зүйл нь юу вэ? Архидалт, завхайрал, намыг ашиглаж мөнгө төгрөг олох, дүрмийг уландаа гишгэх, дангаараа ноёрхох.Та нар нийлж байгаад АН-ыг ийм болгосон...
 
Яг үнэндээ Женко ганцаараа энэ намыг хагалсан, сүйрүүлчихсэн юм байхгүй...
 
Одоо бүх юм чинь дууссан шүү, С.Эрдэнээ.  Шүүх, хуулийн байгууллагаар таны асуудал явж байгаа. Одоо эрүүл мэндээ бодоод, даралтаа өндөр болгочихгүйхэн шиг л явж бай...
 
С.Эрдэнэ гэдэг шуналын туламд бол зайлаарай гэж хэлье. " гэх мэтээр шүүмжилсэн байх юм.
 
М.Тулгатын эдгээр үг, үйлдлийг харахуй хэд хэдэн Монгол ардын цэцэн үг санаанд орох ажээ. Жишээлбэл: Гэм нь урдаа, гэмшил нь хойноо, Унгасан хойноо хашгичив, ниргэсэн хойно нь хашгирав гэх мэт.
 
Учир нь С.Эрдэнэ гэх хүн АН-аар тоглоход хамгийн их тусалсан хүн нь Майнбаярын Тулгат өөрөө юм.
 
С.Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаа албан ёсоор хараахан хүлээлгэн өгөөгүй байгаагаа ашиглан дараах хоёр үүргийг эрх баригчдын өмнө хүлээсэн байв. Эхнийх нь АН-ыг хоёр хуваах, удаах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар сул нэр дэвшигч сойн, МАН-д бэлэг барих.
Үүний тулд түүнд ямар нэгэн хуурамч аргумент хэрэгтэй байлаа. Түүнээс бус О.Цогтгэрэл нэгэнт АН-ын даргын сунгаагаар сонгогдчихоод байхад би намын даргын ажлаа үргэлжлүүлнэ гээд хэрэлдээд эхэлсэн бол яагаад ч намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадахгүй байв. Иймээс л тэрээр АН-ын даргын цахим сунгаа гэгч хуурамч жүжгийг дэглэсэн юм. Ийм замаар С.Эрдэнэ АН-ын сунгаагаар сонгогдсон дарга О.Цогтгэрэлийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх үйл явцыг зогсоож чадсан.
 
М.Тулгатыг бол анхнаасаа АН-ын дарга болгох гээгүй, зүгээр л жүжигтээ туслах дүрээр ашигласан. Эрхбиш одоо ядаж үүнийг ухаарсан байлгүй дээ, М.Тулгат гэгч.
 
Мөн С.Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшихийн төлөөх АН-ын сунгаанд оролцох, ялах, сонгуульд нэр дэвших үйл явцад оролцсон хүн нь ч М.Тулгат. Хамгийн гол нь С.Эрдэнэ яагаад ер нь АН-ын даргын үүрэгт ажлыг өгөхгүй байна вэ? гэдгийг тайлбарлах ёстой болж таарсан. Үүндээ нэгэн гэнэн гэмээр аргумент олсон нь Х.Баттулга ба түүний талынхан бол Оросын тагнуул, неонацист үзэлтнүүд гэх тайлбар. Энэ аргументыг үнэн юм шиг ярьж, байнга давтан ухуулах Геббельсийн үүргийг мөн л Майнбаярын Тулгат хүлээв. Хөөрхий залуугийн улс төрийн боловсрол, мэдлэг тааруу, нийгмийн мэдрэмж муутай, ажил амьдралын туршлага багатай, хэт гэнэн фанатик зан нь ч нөлөөлсөн биз, УИХ-ын 2020 оны сонгуулиар З.Энхболдод тойргоо алдсан гомдол, өширхөл нь ч хатгаад суулгаагүй биз.
С.Эрдэнийн багт нийлээгүй АН-ын лидерүүдийг зүүнтэн, фашист, нацист, социалист, коммунистаар нь дуудаж гарав.
 
 
Эцэст нь С.Эрдэнийн бохир тоглоомд оролцон, АН-ын гишүүдийн дунд нэр нүүрээ хэдийн алдсан хөөрхий залуу аргаа барж, өөрөөр нь тоглосон дарга руугаа дайрч сууна.
 
Ингэлээ гээд С.Эрдэнийг АН-аар тоглоход хамгийн их тусалсан өөрийнх нь нүгэл ч цайрахгүй, Х.Баттулгатай тохиролцоонд орж буй С.Эрдэнэ ч түүнд дахин албан тушаал санал болгохгүй биз дээ.
 
Хорь гаруй жилийн өмнөөс Ерөнхий Боловсролын Сургуулиудад нөхөн үржихүйн хичээл орох болсон. Уг хичээл дээр бэлгэвч хэрэглэх тухай заана. Ингэхдээ : "Бэлгэвчийг хэрэглэж дуусангуутаа, үзүүрээс нь чимхэн зангидаад хогийн саванд хийнэ" хэмээн заадаг байв.
 
М.Гал