sonin.mn
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр 71.5 хувийн ирцтэй танхим болон цахимаар хуралдаж гурван асуудал хэлэлцэж баталлаа.
Хурлаар Ардчилсан намын дэд дарга нарыг чөлөөлөх тухай тогтоолын төсөл, Намын даргын зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг намын даргад чиглэл болгох тухай тогтоолын төсөл, бусад асуудлын хүрээнд УИХ-ын дарга Занданшатарт шаардлага хүргүүлэх тухай, ҮБХ-ны тэргүүлэгчдийг батлах тухай, Монгол Улсын төсвийн төслийн дүгнэлт гэсэн асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар баталлаа.
 
Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт батлагдсан өдөр болох 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш АН шинэ бүтэц, зохион байгуулалтад орж, ҮБХ болон Улс төрийн зөвлөлөө эмхлэн зохион байгуулж байна. 
 
Уг ажлын хүрээнд ҮБХ-ны ээлжит бус хурлаар Ардчилсан намын дэд дарга болон Нарийн бичгийн дарга нарыг чөлөөлжээ. Тодруулбал Б.Гарамгайбаатар, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь нар болон хуульч О.Баасанхүү нар бүтцийн өөрчлөлтийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.