sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ START-III гэрээг орлох зэвсгийн хяналтын шинэ тогтолцооны талаар ОХУ-тай хэлэлцэхэд бэлэн байна. Москва хамтран ажиллахад бэлэн гэдгээ харуулах ёстой гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт мэдэгджээ. 
 
Тэрбээр Нью-Йорк хотноо Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцогч орнуудын бага хурал эхэлсэнтэй холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ ийн дурдсан байна.  “Өнөөдөр миний засаг захиргаа 2026 онд дуусах START-III гэрээг орлох зэвсэглэлд хяналт тавих шинэ тогтолцоог яаралтай хэлэлцэхэд бэлэн байна. Орос улс АНУ-тай цөмийн зэвсгийг хянах ажлыг сэргээхэд бэлэн гэдгээ харуулах ёстой" гэж мэдэгдэлд дурджээ.
 
Ж.Байдены тэмдэглэснээр, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний нөхцөл байдал нь "АНУ, ОХУ-ын хооронд зэвсгийн чухал, харилцан хязгаарлалт хийхээс" ихээхэн хамааралтай байсаар ирсэн. “Түүгээр барахгүй хүйтэн дайны оргил үед ч АНУ, ЗХУ хамтран үүрэг хариуцлагаа үүрч, стратегийн тогтвортой байдлыг хангахын тулд хамтран ажиллаж чадаж байсан” гэж Ж.Байден онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн зэвсэглэлд хяналт тавих шинэ тогтолцооны талаарх хэлэлцээг Хятад улсын оролцоотой явуулах ёстой гэж мэдэгджээ. 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг