sonin.mn
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдах болсонтой холбогдуулан тэрхүү сэдвээр ТВ-9 телезизээр хийгдэх болсон нэвтрүүлгийн 6 дугаар сарын 02-ны пүрэв гарагийн хэлэлцүүлэгт оролцсон маань өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулийн хор уршгийн талаар дахин дэлгэрүүлж ярихаас аргагүйд хүргэлээ. 
 
Учир нь тус хэлэлцүүлэгт оролцсон Хүн намын УЗДарга Найдлаа гэх залуугийн “Үндсэн хууль бол Төрийн дарангуйллаас хүний эрхийг хамгаалах ёстой” /энэ хүн юу ярьж байгаагаа ойлгож байгаа юм болов уу/ гэсэн үг нь, нийгмийн олонхи “эцэг” хууль гэдэг ойлголтоос төдий л холдож чадаагүй байгааг харуулсан төдийгүй, МАН-аас 6 дугаар сарын 06-нд Үндсэн хуульд туссан хувь хүн сонгодог сонгуулийн хэлбэрийг өөрчлөн, намаар сонгодог хавсарсан хэлбэрт оруулах, УИХ-ын суудлын тоог 200 хүртэл нэмэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болохоор өөрчлөлт оруулахаар тогтсоноо зарласан хэвлэлийн бага хурлын мэдээ нь “олон нийтийн дунд явуулах хэлэлцүүлэг”-т идэвхитэй оролцохыг шаардсан хэрэг боллоо.
 
Телевизийн хэлэлцүүлэгт орох үед би яриандаа эхэлж дурьдсан, “Үндсэн хуулиар 1-рт Монголын төр өөрөө удирдлагагүй /удирдагчгүй/ тусгаар институцүүд болсон, 2-рт Төр ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй, 3-рт Төрийн үйл ажиллагаа нь ямар ч хяналтгүй болсон, 4-рт Төрийн үйл ажиллагааг намаар талцуулж, хоорондоо тэмцэлддэг болгосон. Тиймээс зорилго, утга агуулгыг үндсээр нь өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй” гэж хэлсний учир шалтгааныг одоо дэлгэрүүлж тайлбарлая!  
 
 
Үндсэн хуулиар Төргүй улсыг хэрхэн бий болгосон бэ?
 
Сүүлийн үед Монгол төргүй улс юм байна гэж ярьдаг хүн мундахгүй болсон ч хэрхэн яаж төргүй болгосныг ойлгодоггүй. Ихэнх нь төр байж л байна шүү дээ! Харин тэд ажлаа хийхгүй л байна гэж боддог. Харамсалтай нь тэд ажлаа хийж байгаа нь тэр. Үүнийг тодруулахын тулд энд нэг заалтыг сануулж дурьдая. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д “Монгол улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гээд заачихсан. Тэгвэл төрийн хэрэг юусан билээ?!  Мэдээж шаардлагагүй. Ийм агуулгаар манай улс төрчид /барууны зөвлөхүүдийнхээ заавраар/ Төр бол ердөө л иргэдэд үйлчилгээ үзүүлдэг л байгууллага гэж сурталчилж, тэр ч байтугай Төрийн албыг “нийтийн алба” гэж /хууль зүйн нэр томъёо болгон/ нэрлэх болсон нь үнэн хэрэгтээ “Төр байхгүй шүү! Оронд нь “бизнес”-ийн байгууллага л байгаа” гэж зарласан хэрэг байлаа. 
 
Үндсэн хуулийн агуулга зорилго ч үүнийг баталдаг. Тухайлбал УИХыг “Төрийн дээд эрхийг барих байгууллага” гэж заасан хэдий ч хийх ажлыг нь зөвхөн “хууль хэлэлцэж баталдаг” дагнасан “мэргэжлийн” байгууллага болгоод хязгаарлачихсан. Тийм учраас УИХ улс орныг удирддаггүй. Зөвхөн хэрэгтэй хэрэггүй хууль ярьж, хоосон мэдэмхийрч суудаг газар. Тэр хууль нь улс нийгэмд ашигтай юу, хортой юу гэдэг нь огт падгүй. Хэний ашиг сонирхлыг хангасан, хэний захиалсан хуулийг гаргах нь УИХ-ын өөрийнх нь дурын хэрэг. Тэр эрхийг нь Үндсэн хуулиар олгосон.   
 
Тэгвэл Монгол Улсын засгийн газар нь Үндсэн хуулийн Гучин найм дугаар зүйлийн 1-д зааснаар “Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага” бөгөөд Үндсэн хуулийн Гучин найм дугаар зүйлийн 2-т заасан 9 ажлыг л гүйцэтгэх чиг үүрэг бүхий “зохион байгуулагч” болохоос биш Улс орныг удирддаггүй. Нарийндаа бол УИХ, Ерөнхийлөгчийн төсөв зардлыг олж, цуглуулж өгөхөөс өөрөөр УИХ, Ерөнхийлөгчийн дураар авирлал Засгийн газарт ямар ч хүртээлгүй. Хоншоороо дүрэх эрх ч байхгүй. Ерөнхийдөө бол өөрийн байр суудлаа хадгалахын тулд УИХ-ыг аргадах маягтайгаар гишүүдэд мөнгө төгрөг хуваарилах гэх мэт зохицон амьдрах байр суурь баримталж, бас лиценз, тендер, тусгай зөвшөөрөл гэх мэтээс эхлээд зарж болох бүхнийг зарж, давхар “бизнес” эрхэлж болно. Тэр бүхэнд нь улс үндэстний эрх ашгийг харгалзах ямар ч үүрэг, хязгаарлалт тогтоогдоогүй. Энэ бол харин Засгийн газрын бүрэн эрх. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ердөө л “Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” бөгөөд УИХ, Засгийн газрын ажлыг хянаж шүүх, засах, өөрчлөх эрх байхгүй. Тиймээс бас л Улс орныг удирддаггүй.
 
Гэхдээ “Төрийн тэргүүн”-ний нэр төрийг өргөхийн тулд “хоосон сүр” үзүүлэх эрхтэй. Тухайлбал юу ч шийдэхгүй боловч хаана ч очиж “ажилтай нь танилцаж” болно. Дуртай хүндээ ямар ч хамаагүй цол хэргэм, одон шагнал олгож болно. Хүссэн улс орон, газар нутаг руу улсын төсвөөр “зугаалж” болно. Бүр дуртай хүнээ ял шийтгэлээс өршөөж болно. Мөн УИХ, Засгийн газрын өрөө тасалгаагаар дураараа тэнэх, ард иргэдийг гэм хоргүйхэн ямар нэг арга хэмжээнд уриалах гэх мэт ажлыг ч хийж болно. 
 
Монгол Улсын Үндсэн хуулиар бий болгосон, Төр гэж нэрлээд байгаа бүтэц чинь энэ. Ердөө л тус тусдаа амиа хоохойлж буй нэг маягийн “бизнес” эрхлэгчид. Харин Төрийн гэх хаягтай энэ институцүүдийн бизнес эрхлэгчдээс ялгарах нэг том ялгаа нь хэн ч халдашгүй дархан эрхтэй. Өөрөөр хэлбэл “Төр” гэх баг зүүсэн “албан ёсны” дархлагдсан хулгайч тонуулчдын бүлэглэлүүдийг Үндсэн хуулиар байгуулсан гэсэн үг.  Одоо та бүхэн бодоод үз дээ! “Хүний эрх” зөрчигдлөө, улс үндэстний эрх ашгийг хохироолоо, тусгаар тогтнол алдагдлаа гэж хэнд хандаж хэлээд байгаа юм бэ?! 
 
 
Хүний эрхийн ямар “дэвшлийг” Үндсэн хууль бий болгосон бэ?
 
Монгол Улсын Үндсэн хуульд хамгийн түрүүнд анхааран үзэж “Монгол улсын бүрэн эрхэт байдал” гэсэн тэргүүн бүлгийн дараа оруулсан “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн заалт нийгмийн тархи сэтгэхүйд хэнээрхлийн их өөрчлөлт оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. 
 
Гэхдээ сайн талаасаа биш. 
 
Үр дүнг нь илэрхийлэх тохуутай ч гэмээр баримт жишээ олон. Ямар сайндаа л шүүмжлэл, хараал зүхлийн бай болсон намчирхаг этгээдүүд “Чиний наад үг хэлэх эрхийг чинь манай “Ардчилал” та нарт өгсөн юм шүү!” гэж сайрхах нь инээд хүрмээр. Сүхбаатарын талбай дээр жүжигчин Сосорбарамын нүүр рүү гурил цацсан хэрэг явдлын үеэр ч “Та нарын наад гурил цацах эрхийг чинь бид олгож өгсөн юм шүү!” гэж сайрхсан тухай яриа ч дуулдаж л байсан. Тэгвэл ёстой хохь чинь! гэж үүнийг л хэлэх байх даа. Нэгэнт эрхийг нь олгочихсон юм чинь цацуулаад, доромжлуулаад байж байхаас яах вэ дээ! Бахархах юмаа ч мөн олох юм даа!  “Эрх” гэгч энэхүү буруу ойлголтыг дагаад харилцааны ёс зүй эвдэрч, нийгмийн ёс суртахуун алдагдаж, ухаан хүртэл мунхардаг юм санж. Үг хэлээ хянах чадвар ч алдагдан, хүндлэх дээдлэх юм ч алга болж байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхэд ч төвөгтэй болсон. Иймэрхүү “дэвшил”-ийн жишээ олон. 
 
Одоо тэгээд УИХ-ын гишүүд нь “доромжилсон үг хэллэг хэрэглэх нь  эрүүгийн хэрэг мөн, биш...” гэж маргалдаад сууцгааж байна. 
Хүн “амьд явах эрхтэй”. Мөн лут эрх шүү! Гэвч хэрэв хэн нэгэн алуурчны гарт амиа алдвал, тэр хохирогч амьд явах эрхээ эдлэж чадаагүй өөрийнх нь хохь. Харин хүний аминд халдсан этгээд бол гэмт хэрэгтэн ч гэлээ “амьд явах эрхтэй”. Тиймээс бүр ял шийтгэлээс өршөөгдөж ч болно. Энэ тэгээд “амьд явах эрх”-ийг хангаад байгаа хэрэг юм уу, хавчаад байгаа хэрэг юм уу?! 
 
Дашрамд дурьдахад Монгол улсын Ерөнхийлөгч бол гэмт хэрэгтнийг шийтгэх эрхгүй хэр нь ялтныг суллаж “өршөөх, уучлах эрхтэй”. Зөвхөн эндээс ч Монгол Улсын Үндсэн хууль ямар зорилготой, хэнийг, юуг өөгшүүлэхэд чиглэгдсэн хууль вэ гэдэг нь ойлгогддог л юм. Энэчилэн “... , тайван жагсаал цуглаан хийх,” эрх гэгч нь иргэн та сайн дураараа толгойгоороо хана мөргөх эрх чөлөөтэй гэсэн үг. Арванзургадугаар зүйлийн 16-д заасан дээрхи эрхийн ард залгуулаад “... жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гээд заачихсан байгаа. Тэгэхлээр  жагсагчдыг “журмаар”-аа яаж ч дарамталж, залхаан цээрлүүлж  болно. Өөрөөр хэлбэл жагсаал цуглаан хийх “эрх” гэгч нь сайн дураараа залхаан цээрлүүлэлтэд орох эрхтэй гэсэнтэй ижил үг юм. 
 
Хэрэв энэ бүхэнд нь бухимдаж зэвүүцсэн иргэдийн жагсаал цуглаан өргөжвөл, харин ч бүр зориуд өдөөн хатгаж, нийгмийн эмх замбараагүй байдал болгон хувиргаж, түйвээн сүйтгэл дэгдээж, түүгээр далимдуулж хоморголон баривчилж, иргэдийг ан амьтан ангуучлах мэт хөөж буудан, устган хөнөөж болно. /7 дугаар сарын 1-ний хэрэг явдлыг мартаагүй л байгаа байх/ Мөн ч тохуутай “эрх” шүү! Тэгвэл иргэдэд “эрх”-ийн талаар буруу ойлголт суулгаж, байнгын зөрчил тэмцэл, хэрүүл маргааныг нийгэмд дэгдээх, нийгмийг бухимдуулсан сөргөлдөөнд зориуд өдөөн турхирах үрийг Үндсэн хуульд ийнхүү суулгаж өгсний цаад учир шалтгаан юу байв аа?! 
 
Шалтгаан нь ердөө л иргэд “заяагдмал эрх”, эрх чөлөөгөө эдлэх ёстой, түүнд Төр саад болж болохгүй гэдэг “үгээр халхавчлан” улс үндэстнийхээ эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралыг хангах үүргээс Төрийг чөлөөлж, зөвхөн гадны хөрөнгө мөнгөтэй банк санхүүгийн эздийн захиалгыг гүйцэтгэж “бизнес” үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй, “Төр” гэж нэрлэсэн, тусгаар салангид бүтэцтэй, их эрх дархтай бүлэглэлүүдийг бий болгоход Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг буюу “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн бүлэг заалт хэрэгтэй байлаа. 
 
 
Төсвийн мөнгөөр хөеөлж амьдардаг тусгай анги давхрага Монголд ямар хэрэгтэй вэ?
 
 
Нэгэнт “Төр” гэж нэрлэгдсэн тэр халдашгүй эрхтэй бүтцүүд маань Улс Үндэстний эрх ашгийг хамгаалах, ард иргэдийн аз жаргалтай сайхан амьдралыг хангах үүрэггүй юм бол юу хийх болж байна вэ?! Мэдээж онцын хийх ажилгүй тэдгээр хүмүүс ямар ч гэсэн нэг ажил хийсэн дүр үзүүлэх ёстой. Түүнээс гадна хөрөнгө мөнгөгүй хүн бусдад “боолчлогдох” хувь тавилангаас зайлах аргагүй энэ капиталист нийгэмд тэдний хийх хамгийн чухал ажил бол эрх дархаа ашиглаад өөрсдийн амьдрал, аж ахуйгаа өөд татах явдал. 
 
Үүнд хамгийн түрүүнд хуваагаад цохичих гарын дорхи “баялаг” бол төсвийн мөнгө. Тиймээс төсвийн мөнгийг өсгөх нь, түүнийг хуваах, хуваарилах нь санаа тавих гол “ажил”. 2000 оны үед 500 тэрбумаас хэтрэхгүй байсан улсын төсөв өнөөдөр 10 гаруй их наяд болтлоо өсөж, өрийн тааз цөмөрч, улс дампуурлаа /дефолт/ зарлахад ойрхон очоод байгаа /Үүнийгээ УИХ-ын дарга ч ил шулуухан хэлээд байгаа/-гийн учир шалтгаан ч энэ. 
 
Энэ хугацаанд УИХ-ын гишүүдийн нэр дээр хуваарилагддаг төсвийн хэмжээ хэдээс хэдэн тэрбум болж өссөнийг сануулалтгүй бүгд мэдэж байгаа. Тэрчлэн Төрийн хаягтай байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн “гарын салаагаар урсган”, хувийнхаа халаасны мөнгө шиг зарцуулж ирсэн талаархи жишээ баримтыг энд дурьдах нь илүүц. Учир нь тийм баримт, мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр хэдэн арваараа яригдсаар байгаа. Тэр ч байтугай эрх баригч МАН 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөрөө /Хорин тавдугаар зүйлийн 7-д/ “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг  нэмэгдүүлж үл болно” гэж оруулсан заалт нь “Засгийн газар алдагдалтай төсөв оруулж ирж батлуулахыг хориглож болохгүй” гэсэнтэй ижил утгатай юм. Мэдээж төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл хэрэгтэй. Энэ нь цаашид ч зээл авахыг зогсоохгүй гэсэн санаа! Бүр тодруулаад хэлчихвэл Монгол улс байх эсэх нь хамаагүй гэсэн үг юм. Ийм “Төр” нэртэй улс үндэстний эрх ашгийн эсрэг зорилготой бүтэц байх, байлгахыг ард иргэд бид яагаад хүлээн зөвшөөрөөд байгаа хэрэг вэ?! 
 
Тэр тусмаа Байнгын ажиллагаатай парламент Монголд хэрэгтэй юм уу?
 
 
               Нээрээ Байнгын ажиллагаатай парламентын ач тус нь юу байна вэ?
 
Байнгын ажиллагаатай парламент байснаараа улс орны тулгамдсан асуудлыг шуурхай шийдэж байна уу? гэвэл үгүй. 
Харин ч бүр хэрэгтэй шаардлагатай хуулийг гаргахгүй, засахгүй хэдэн арван жилээр гацаасаар ирсэн. Наад захын жишээ гэхэд л ашигт малтмалаас хүртэх ашгийн 33 хувийг л монгол улс эзэмших, 66 хувийг нь гадныхан эзэмших эрх олгосон хуулийн заалтаа өдий хүртэл засаж өөрчлөхгүй явж ирсэн. 
 
 
Байнгын ажиллагаатай парламент улс үндэсний эрх ашигт нийцсэн сайн хууль гаргаж чадаж байна уу? гэвэл бас л үгүй. 
Эсрэгээрээ улс орон, ард иргэдийн эрх ашгийг хохироож, цөөн бүлэг этгээдийн хулгай луйврыг өөгшүүлэн хамгаалах элдэв хууль гаргаж ирсэн. Жишээ нь “Зөрчлийн”, “Хөөн хэлэлцэх хугацааны...”, “Өршөөлийн” гэх мэт.  
 
Байнгын ажиллагаатай парламент байснаар зөв төрийн бодлоготон олон болж байна уу? гэвэл бүр ч үгүй. Харин ч бүр хулгай луйврын арга “технологид” мэргэшсэн, төрийн албанд сэлгэн дамжуулж байршуулдаг “урт хумстнууд” олон болж байгаа. Байнгын ажиллагаатай парламент л зогсоо зайгүй ажиллаж байхгүй бол улс орон хуулиар “ангаж цангаад” сүйд болчих гээд байна уу? гэвэл бүр ч үгүй. Харин ч бүр ямар ч хэрэггүй, чанаргүй, түүхий хуулиудыг олноор үйлдвэрлэж, байн байн янз бүрийн засвар, өөрчлөлт оруулж, тэгснээр хуулийн үйлчлэлийн тогтвортой байдал ч алдагдсан.  Тэр ч бүү хэл байнгын ажиллагаатай парламентийн уршгаар улс үндэстнээ тонон дээрэмдэх хамгийн том хулгай луйврын гэмт хэрэг хуулийн “зөвшөөрөлтэй” явагдаж, улс орны төсөв санхүүжилтийн үлэмж хэсэг парламентийн бүрэлдэхүүнээр дамжин үргүй зарцуулагдаж, үндсэндээ хамгийн том хулгайч луйварчдын үүр уурхай нь, гэмт хэргийн сүлжээний удирдан зохион байгуулагчдыг бэлтгэдэг, хамгаалдаг газар нь парламент болж хувираад байна. Бүр цаашилбал монголыг хувааж идэх гадны бодлого, “лобби” гэх гоё нэртэй “албан ёсны авлигын” сүлжээ ч байнгын ажиллагаатай парламент гэх энэ “үүрэнд” боловсрогдон явагдаж ирсэн.  
 
Хэрэв байнгын бус ажиллагаатай /өмнөх үеийн АИХ шиг/ парламенттай байсан бол ийм зүй бус “хуйвалдаан”, гадны “захиалга” парламентаар дамжих бололцоогүй байх байлаа. Уг нь төрийн бодлогын гол дархлаа тэр шүү дээ!  Гэтэл одоо бүр байнгын ажиллагаатай парламент гэх энэ муу муухайн “үүр уурхайн” зай багтаамжийг томруулж, УИХ-ын гишүүний тоог нэмэх тухай ярьж, үүний тулд Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулахаар “тохиролцоцгоож” байна. Суудлын тоог нэмэх болсон шалтаг нь ч тун ядмагхан. Цөөхөн хэдэн хүн хууль баталчихаад байна гэнэ.  
 
Хуралдаа суудаггүй, таслаад гадагшаа, дотогшоо зугаалаад явчихдаг нь УИХ-ын цалгар назгай, хариуцлагагүй байдлын илэрхийлэл бөгөөд, энэ нь суудлын тоог нэмж өөгшүүлэх шалтгаан биш. Харин ч эндээс дараах дүгнэлтийг хийх ёстой. Үүнд:
 
1-рт Байнгын ажиллагаатай парламентад хүссэн ч, эс хүссэн ч  хэлэлцэж байгаа асуудлаа, хийх ёстой ажлаа ч ойлгодоггүй, товч дарах “хурууны” төдий үүрэгтэй олонхи парламентийг бүрдүүлж байдгийг харуулж байна.
2-рт энэ байдал нь өөрөө байнгын ажиллагаатай парламент хэрэггүй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм. 
Хэлэлцэж буй хуулийнхаа утга агуулга, учир холбогдлыг ч ойлгохгүй, худлаа мэдэмхийрч, дэмий чалчихаас өөр хийх ажилгүй, халдашгүй эрх дархтай, улсын төсвөөс цөлмөгчдийн тоо байнгын ажиллагаатай парламентад нэмэгдэхийн бас нэг аюул нь гадны “захиалга” авч, УИХ-д түүнийгээ батлуулах гэж өрсөлдөн гүйгсдийн тоо л нэмэгдэнэ гэсэн үг юм. /Үүнд олон намын систем гэгчийн гайг тусд нь жич ярих хэрэгтэй байх./ Ингэснээр хуйвалдааны цар хүрээ өргөсөж, бие биедээ найр тавин, харилцан ашиг сонирхлоо хангаж, тусгаар тогтнолыг үгүй хийх хорлонт “түйвээн” л эрчимжихээс өөр ашиг эндээс гарахгүй. 
 
Иргэдийг хуурсан ХҮН намын ашиг сонирхол юунд байв?
Гэтэл гэнэтхэн яагаад МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, суудлын тоог нэмэх гэж яарч эхлэв?!
 
Энэ нь ч ойлгомжтой. Учир нь ард иргэд Төрд итгэх итгэл нь аль хэзээний алдарч, одоо бүр МАН, АН гэсэн нэрийг сонсохоор зэвүү нь хүрч, УИХ гэсэн үгийг хэлэхээс, УИХ-ын гишүүн гэх этгээдүүдийн дүрийг харахаас ой нь гутдаг хүн олон болсон. Сэтгэлд нь үзэн ядалтын тийм сүүдэр суусан хүн хичнээн их болж байгааг цахим сүлжээн дэх сэтгэгдлүүдийг хараад ойлгож болно. Мэдээж УИХ-ын гишүүд ч үүнийг хэн нэгэн статистикч, социологчийн туслалцаа шаардахгүйгээр өөрсдөө ойлгож байгаа. Иргэдийн үзэн ядалтаас, бас улс нийгмийн баялаг, төсвийн хөрөнгийг дураараа хөеөлж, юу ч хийлгүй амьдарч сурчихсан амар хялбар амьдралаа алдчих вий гэсэн айдас нь өөрсдийгөө хамгаалж хүчээ зузаатгах ямар нэг өөрчлөлтийг хийхэд түлхэж буй нь ойлгомжтой. Гэхдээ тэр өөрчлөлт нь яагаад заавал “суудлын тоог нэмэх, намын жагсаалтаар давхар сонгох” санааг төрүүлж, тэр нь Хүн намын санаатай давхцан таарч, Хүн нам түүнийг санаачлагч болон өрсөхийг хичээв ээ?!  
Мэдээж МАН-д Хүн намын энэ идэвхи хэрэгтэй байсан. 
 
Тийнхүү Хүн нам “Тогтолцооны өөрчлөлтийг та дэмжиж байна уу?!” гэсэн асуулгатайгаар иргэдээс гарын үсэг цуглуулж, түүнийг нь УИХ-ын дарга бахархан хүлээж авав.  УИХ-ын гишүүний тоог нэмэх нь улсын “нуруун дээр зайдалсан” бүтцийг данхайлгахаас биш тогтолцоог өөрчлөхгүй л дээ. Хүн нам үнэхээр тогтолцоог өөрчлөхийг хүсэж байгаа юм бол Үндсэн хуулиа үндсээр нь өөрчлөе гэж зүтгэх байлаа. Гэтэл ард иргэдийг хууран мэхлэж, эрх баригч намын санааг хэрэгжүүлэх гэж улайран зүтгэж байгаа нь зөвхөн МАН-д тал засах гэсэн хэрэг гэж үү?!
 
Мэдээж суудлын тоог нэмж, сонгуулийн системийг өөрчилчихвөл намын жагсаалтаар өөрсдөө УИХ-д шургачихаж магадгүй гэсэн горьдлоготойгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжин нэгдэцгээж буй “тамга барьсан ганц хүний намууд”-тай ижил сонирхол Хүн намд ч байгаа. Гэхдээ энэ бүхэн Хүн намын гэнэтийн идэвхитэй зүтгэлийнх нь түлхээс биш ээ. Хүн намын энэхүү зүтгэлийн гол зорилго нь угтаа “гадны захиалагч” нарт өөрсдийгөө таниулан, нэр нүүр олох явдал байжээ гэж ойлгогдож байгаа. МАН-аас гэнэтхэн Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хүч анхаарлаа хандуулах болсны учир шалтгаан ч бас адилхан. Нуруугаа авсан морь гэх шиг “гадны захиалгыг” МАН л зүтгүүлээд байх боломжгүй болж байгаа. МАН-д дургүйцсэн иргэдийн эсэргүүцэл өдөр цагаар өсөн нэмэгдэж байгаа энэ үед “захиалга гүйцэтгэгч”-ийг шинэ “цус”-аар сэлбэх хэрэгтэй. Гаднаас өгч буй энэ “зөвлөгөө” МАН-д байр сууриа хадгалж үлдэхэд нь ч хэрэгтэй учраас аль аль нь даган биелүүлэхээр чармайцгааж байгаа нь энэ.  Чухамдаа энэ бүхэн нь эцсийн үр дүндээ Монгол улс лангуун дээр тавьсан бараа төдий болж байгааг ухаарах цаг нэгэнт болжээ.   
Тиймээс улс орондоо эзэн байж, Монгол хүн эх орондоо сайн сайхан амьдрахын тулд Үндсэн хуулиа үндсээр нь бүрэн өөрчлөхийн төлөө нэгдэцгээе!   
 
 
 
О.Лхагвадорж
 
 
2022 оны 6 дугаар сарын 22