sonin.mn
Олон улсын хамтын нийгэмлэг зарим нэгэн түрэмгийлэгч улс орнууд тусгаар бусад улс орны бүрэн эрхт байдалд учруулж буй заналхийллийн эсрэг тууштай зогсож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй юм. ОХУ-ын Украин, Украины ард түмний эсрэг хийж буй үндэслэлгүй түрэмгийлэл биднийг ихэд цочирдуулж байна. Австрали, Канад, Их Британийн Элчин сайдын яамд Украины талд тууштай зогсож буйгаа үүгээр илэрхийлж байна.
 
ОХУ Украин руу довтолсон нь үндэслэлгүй, шударга бус бөгөөд хууль бус цэргийн ажиллагаа юм. Энэ нь Европын тогтвортой байдал төдийгүй олон улсын дэг журам, дэлхий дахины энх тайвныг заналхийлж байна. ОХУ-аас тусгаар тогтносон улс болох хөрш улсынхаа бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна. Оросын зэвсэгт хүчин энгийн иргэдийг хөнөөж, олон сая хүнийг шахан гаргаж, хүмүүнлэгийн асар их гарз хохирлыг учруулаад байна.
Украин шиг бүрэн эрхт улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж буй талуудын эсрэг бид нэгдэх ёстой. ОХУ Украин руу довтолж байгаа нь олон улсын дэг журмын үндэс суурь, энх тайван, аюулгүй байдлын баталгаа болсон нийтлэг зарчмуудад халдаж байна.
 
Украины дайн нь ханган нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, эрчим хүч, газрын тос улмаар хүнсний үнийг огцом өсгөж байгаа нь олон сая Монголчуудын амьдралд өдрөөс өдөрт мэдрэгдэж, Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
 
Бид Украин, Украины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр олон улсын түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Австрали, Канад, Их Британи зэрэг олон улсын хамтын нийгэмлэгээс хэрэгжүүлж буй өргөн хүрээтэй хориг арга хэмжээ нь Орос, Беларусийн хариуцлагатай албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд асар их алдагдал хүлээлгэх болно. Бид Оросын ард түмний эсрэг хандаагүй. Эм, хүнс зэрэг хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнд уг хориг арга хэмжээ нь хамаарахгүй болно.
 
Хямралын үед үнэн түрүүлж хохирдог. ОХУ Украин руу хийсэн довтолгоо нь хуурамч мэдээлэл ихээр цацагдаж, үнэн худлыг нь дэнслэх боломжгүй мэдээллийн дайн болсон. Австрали, Канад, Их Британи нь баримтад тулгуурласан бодит мэдээллийг эрхэмлэж байгаа бөгөөд Монголчуудыг баримт ба үнэний талд зогсоно гэдэгт итгэж байна.