сонин mn
Герман, Беларусийн удирдагчид харилцан тохиролцсоны дагуу Польш-Беларусийн хил дээр 10 хоног үргэлжилсэн цагаачдын хямрал намжих тийшээ хандлаа. А.Лукашенко, А.Меркель нар хоёр удаа утсаар ярилцсаны дүнд байдал тогтворжиж, дүрвэгчид эд зүйлсээ эмхэлж баглаад, өөрсдийн босгосон хуарангуудыг орхин явж байна. Тухайлбал, Иракаас ирсэн 400 орчим цагаач нутаг буцжээ.
Утсаар ярилцах үеэрээ А.Меркель Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен-ы хүсэлтийг Беларусийн төрийн тэргүүнд дамжуулсан байна. Мөн Европын Холбооноос Беларусийн хил дээр гацсан дүрвэгчдэд 700 мянган еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн ба Германд нэвтрэх зорилготой цагаачдын хүсэлтийг хэлэлцэхийн тулд Беларусь, ЕХ-ны төлөөлөгчид нэн даруй хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцлоо.
Харин хил дээр үүссэн хямралыг Польшийг оролцуулахгүйгээр шийдвэрлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ тус улсын ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгджээ.
 
Хямралын эхлэл ба өрнөл
 
2020-2021 онд Беларусийн эрх баригчид дэлхийн 76 улсын иргэдийг улс орондоо визгүй нэвтрүүлэх, визийн нөхцлийг хөнгөвчлөх шийдвэр гаргажээ. Эдгээр улсын жагсаалтанд дайн, зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Сири, Ливи, Ирак, Афганистан зэрэг улсууд багтсан байв.
Ингэснээр Сири, Ирак, Туркийн аялал жуулчлалын компаниуд Ойрхи Дорнод ба Африкийн орнуудаас Баруун Европт очих хүсэлтэй хүмүүст Беларусь руу хийх аяллыг санал болгож, сурталчилгаа хийхдээ “Европын Холбооны улсуудад очсон тохиолдолд байр сууц, ажил төрөл баталгаатай” гэж амлаж байлаа. Бүс нутаг дахь хамгийн түгээмэл мессенжер болох WhatsApp аппликейшнд ийм зарууд хэдэн зуу, мянгаараа үзэгдэх болжээ. Удалгүй Ойрхи Дорнодын орнуудаас Беларусийг чиглэсэн нислэгийн тоо эрс нэмэгдсэнийг Беларусийн эрх баригчид зохион байгуулж байгаа хэмээн Европын Холбоо хардаж эхэллээ.
Нөхцлөөсөө хамаараад дээрх аяллууд 10-20 мянган долларын хооронд хэлбэлзэх бөгөөд зарим тохиолдолд аялал жуулчлалын компаниуд өөрсдөө Беларусийн виз олгох болсон гэнэ. Гэхдээ энэ бол арай л хэтрүүлсэн мэдээлэл болов уу. Ийм маягаар он гарснаас хойш 5 мянга орчим дүрвэгчид Германд очоод байгаа бөгөөд тэдний зарим нь хамаатан садан, найз нөхөд нь амьдардаг Франц, Австри, Нидерландыг зорьжээ.  
 
 
Амжилттай цагаачилсан ахан дүүсийнхээ чатыг уншсан бусад нь  Беларусийн “Белавиа”, Турк, Катарын агаарын тээврийн компаниудын тогтмол нислэгээр Беларусьт ирсээр. Нисэх онгоцны буудалд тэднийг орогнол хүсэх зорилготой “дүрвэгчид, цагаачид” гэж тодорхойлох ямар ч боломжгүй. Тэд мөнгөтэй ба бичиг баримтын асуудалгүй, гаднаас нь харахад ядарч зүдэрсэн ямар ч шинжгүй, хувцас хунараараа бусад зорчигчдоос огт ялгарахгүй учир агаарын тээврийн компаниудын хувьд тэднийг онгоцондоо суулгахгүй гэж цааргалах шалтгаан үгүй.
 
 
 
Ингээд тэд “саарал бүс”-эд нэвтэрнэ. Минскт буугаад цаашаа Литва, Польшийн хил рүү явах аяллыг сайтар зохион байгуулсан гэдэг  нь дүрвэгчдийн өөрсдийнх нь хийсэн бичлэгээс тодорхой харагдана. Харин энэ бүхнийг яг хэн зохион байгуулж байгааг хэлэх боломжгүй. 
 
 
 
Эхэндээ Польш, Литвийн хилчид тэднийг нутагтаа нэвтрүүлж, тусгай байранд байрлуулж байв. Удалгүй дүрвэгчдийн тоо хэдэн зуу, мянга болж нэмэгдсэн тул тэднийг нэвтрүүлэхийг зогсоож, өргөст торон хашаа босгож эхэлжээ. Цагаачдын тоо нэмэгдсээр 11 дүгээр сарын 8-нд тэд хүчээр хил давах оролдлого хийсний хариуд Польшийн хилчид нулимс асгаруулагч хий хэрэглэж дайралтыг зогсоолоо. Үүний дараа дүрвэгчид Брузги гэдэг шалган нэвтрүүлэх цэгийн орчимд түр хуаран барьж орогнох болов.
 
“Гурвалжин дөрвөлжин хэрүүл”
 
Беларусийн хөршүүд болох Польш, Литва, Латви төдийгүй Европын Холбоо, НАТО-гийн зүгээс “өөрийнх нь эсрэг хориг хэмжээ авсанд өширхөж Ойрхи Дорнодын олон мянган дүрвэгчдийг зориудаар Польшийн хил рүү турхиран илгээж байна” гэж Лукашенког буруутгаж байв. Сонгуулийн дүнг луйвардсан, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний учир Барууны орнууд Беларусийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа билээ.
Дээрх мэдэгдлийг Беларусийн ерөнхийлөгч няцааж хэлэхдээ “цагаачдыг хүлээн авахаас татгалзаж буй Европын орнууд өөрсдөө буруутай, цагаачдын урсгалыг бид барьж дийлэхгүй байна, хоригийн улмаас үүнийг хийх мөнгө ч алга, хүч хэрэгсэл ч алга” гэж хариулсан байна. Түүний үзэж буйгаар, Ойрхи Дорнодын цагаачдыг Беларусиар дамжуулан зөөж Барууны орнуудад хүлээж авдаг мафийн тогтолцоо Европт нэгэнт бий болжээ.
 
 
Польшийн Ерөнхий сайд М.Моравецкий парламентад үг хэлэхдээ “энэ удаагийн хямрал бол сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсын эсрэг хийж байгаагүй ноцтой халдлага” гэж дурдаад үүнд Оросыг буруутгав. Түүний үзэж байгаагаар, Беларусийн удирдагч А.Лукашенко бол В.Путиний захиалгаар цагаачдын хямралыг өдөөж буй гүйцэтгэгч нь ажээ. Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Польшийн ерөнхий сайдын хэлсэн үгийг “маш хариуцлагагүй мэдэгдэл” гэж тодорхойлжээ.
 
 
“Барууны орнууд Минскт шахалт үзүүлэхийн тулд цагаачлалын хямралыг ашиглаж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн бол “Польш-Беларусийн хил дээр дэгдсэн хямрал бол Барууны орнуудын үйл ажиллагааны үр дагавар мөн бөгөөд бодит шалтгаан нь Их Британи болон бусад улсууд Ойрхи Дорнод руу интервенц хийсэнд оршино” гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч М.Захарова мэдэгдлээ.
 
 
 
НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч В.Небензя Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ, Польш-Беларусийн хил дээр болж буй үйл явдлыг 2015 онд Ойрхи Дорнодоос Европт 1,3 сая дүрвэгчид орж ирснээр цагаачлалын хямрал нөмөрч байсан үетэй харьцууллаа. 
Харилцан бие биенийгээ буруутгасан мэдэгдлүүдийн үг хэллэг улам чангарч, А.Лукашенко Беларусийн нутгаар дайран өнгөрдөг “Ямаль-Европ” чиглэлийн хий дамжуулах хоолойг хаана гэж сүрдүүлж байв.
 
Цагаачдын цаашдын хувь заяа
 
Хэвлэлүүд үйл явдлыг дэвэргэж “гибрид дайн болж байна”, “Польш-Литва-Беларусийн хил дээр зэвсэгт тулгаралт болж магадгүй” гэж сүржигнэж байсан боловч А.Меркель, А.Лукашенко нарын хүчин чармайлтын ачаар байдал үндсэндээ тогтворжлоо.
Гэхдээ цагаачид хуаранг орхин явж байгаа нь асуудал шийдэгдсэн гэсэн үг огт биш. Улс төрийн орогнол хүсэхийн тулд цагаачид хилийн зурваст очих бус харин ЭСЯ, консулын газруудад хандах ёстой гэсэн хатуу байр суурийг Европын Холбоо баримталж байгаа нь ойлгомжтой. Хэрвээ Польш-Беларусийн хил дээр гарсантай ижил үйлдлийг зөвшөөрөх аваас цаашдаа маш аюултай жишиг тогтох билээ.
Польшийн хил дээр бөөгнөрөөд байсан дүрвэгчдийн ихэнх нь Герман, Их Британи, Нидерланд зэрэг Барууны баян чинээлэг орнуудад очихын тулд Польшийг завсрын дамжлага бааз болгон ашиглаж байгаа нь нууц биш. Германы эрх баригчдын мэдээллээр, он гарснаас хойш Беларусиар дамжин тус улсад наад зах нь 5 мянган хүн нэвтэрсэн байна.
 
 
Одоогийн байдлаар, Беларусьт 7 мянга орчим тооны дүрвэгчид цуглараад байгаа бөгөөд тэднээс Польш-Беларусийн хилийн заагт майханд амьдарч буй 2 мянган хүнийг Герман руу нэвтрүүлэх зорилгоор хүмүүнлэгийн коридор байгуулах саналыг А.Лукашенко ЕХ-нд хандан тавьсан байна. Үлдсэн 5 мянган хүнийг нутагт нь буцаахаар шийдвэрлэсэн боловч тэднээс ердөө 400 нь уг саналыг зөвшөөрчээ.
Мэдээж хэрэг, дүрвэгчид бол дайн байлдааны хөлөөс дайжин зугтаж байгаа хүмүүс учраас эх орондоо буцаж очихоос цааргална. Иймээс тэднийг Европ руу дамжин өнгөрүүлэх коридор байгуулахыг Польшийн талаар зөвшөөрүүлэх, Европын хууль дүрмийн дагуу дүрвэгчдийн статусыг тодорхойлж, тэдэнд улс төрийн орогнол олгох асуудлыг ЕХ хэлэлцэхээс аргагүй. Харин дүрвэгчид цуварч буй улс орнуудаас ирж байгаа нислэгүүдийг хүлээж авахгүй гэсэн амлалтыг Беларусийн эрх баригчид өгөх болов уу. Үүний сацуу Беларусийн хуулиар гадаадын иргэд тус улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй, гэхдээ энэ журам дундын бүст үйлчлэхгүй учраас дүрвэгчид нутагтаа нэвтрүүлэхийг Польш, Литвын эрх баригчдаас шаардсаар байх болно. Ийм байдлаар “цагаачлалын хямрал” шинэ он гартал үргэлжилнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг үзвэл, Беларусийн эрх баригчид тус улсад зорчих нөхцлийг чангатгаад эхэлжээ. Ялангуяа Сири, Иран, Афганистан, Нигери, Йемен зэрэг асуудал ихтэй улсуудын иргэдэд нисэх онгоцны буудлын зааланд виз олгодог байсныг зогсоолоо.
 
 
 
Б.Адъяахүү