сонин mn
Ардын жүжигчин Н.Сувд Г.К.Жуковын талбайн газрын маргааны талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: " Манай "Саран ээж" нийгэмлэг Түүхийн музейтэй гэрээ байгуулж, ээжүүдийн үзэсгэлэнг үе үе гаргадаг. Сайхан ээжүүдийн тухай үзэсгэлэнг гаргаж сурталчлах ажлын хийдэг юм. Цаашдаа энэ сурталчилгаагаа тогтмолжуулж, чанаржуулах хүсэл манай ахмадуудад байсан юм байна. "Ээж музей" төсөл хаанаас, яаж бий болсон юм бэ? гэдгийг мэдэхийн тулд 2001 оны Удирдах зөвлөлийн хурлын материалтай би танилцсан. тухайн үед УЗ-ийн гишүүд үе үе ингэж ажиллах биш, сурталчилгаагаа тогтмол хийж байх байртай болох юмсан, "Ээж музей" нэртэй музейтэй болох юмсан. Энэ музейгээ тойроод сурталчлах, гэгээрүүлэх ажлыг хийх юмсан гэдэг санаачлага гарч, яригдаж байжээ. 
 
 
Зүгээр яриад орхичихолгүй Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай "Ээж музей" гэдэг төсөл бичсэн байна. Төрийн соёрхолт, гавьяат барилгачин, архитектор Д.Чойжилжав гуай зургийг нь гаргасан юм байна. Ингээд 2002 онд УЗ-ийн хурлаар Тухайн үед "Саран ээж" нийгэмлэгийн Ерөнхийлөгч байсан манай ээж Л.Цогзолмаад газрын асуудлыг шийдүүлж өгөөч гэдэг даалгавар өгсөн байдаг. Ингээд хотын захиргаанд хандсанаар Жуковын хөшөөний ард энэхүү музейн газрыг олгосон түүхтэй.
 
 
Төрийн соёрхолт, гавьяат барилгачин, архитектор Д.Чойжилжав гуай тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Ганхуяг гэж хүний "Бридж" компанитай гэрээ байгуулж, барилгын ажил нь эхэлж байжээ. 2006, 2007 онуудад суурийг нь тавьж байсан. Гэтэл 2007 онд Баянзүрх дүүргээс музейн суурьтай тулгаад 4 аж ахуйн нэгжид газар олгосон. Улмаар Хотын захиргаанаас тус газар дээр 13 давхар орон сууц барих зөвшөөрөл өгсөн байна. Ингээд ахмадууд маань музей барих ажлаа зогсоогоод, маргаан мэтгэлцээн болоод шүүхээр явсаар байгаад, хамгийн сүүлд 2017 онд шүүхийн эцсийн шийдвэр энэ 4 байгууллагад газар олгосон асуудал нь  ямар нэгэн хууль зөрчөөгүй байна. Ийм учраас та нар хамтарч ажиллах шаардлагатай гэж гарсан.
 
 
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн ажилтай танилцаж яваад энэ газар дээр ийм өндөр 4 ширхэг барилга барих нь зохимжгүй юм. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байгуулах нь зүйтэй гэсэн чиглэлийг хотын захиргаанд өгсөн юм билээ. Энэ саналыг бид баяртай хүлээж авсан. Бидний зорилго ч тийм байсан учраас барилга барих гэж байсан компанитайгаа уулзсан. Залуучуудад зориулсан төсөл болгооч ээ гэдэг санал тавьсан. Харин тус компани бидэнд төслийг ахиад өөрчлөх зардал мөнгө байхгүй. Өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтаа яаж шийдэх вэ? Хэрэв та бүхэн өөр байгууллагатай хамтраад явна гэвэл татгалзах зүйлгүй гэдэг хариу өгсөн. 
 
Ингээд "Мөнхийн сайн санаа" ХХК-ийн залуучууд ирж уулзаад энэ газар дээр авто зогсоол, спорт комплекс, хүүхдийн тоглоомын талбайтай бүтээн байгуулалт хийе, ингэхдээ уг байгууламжийг өнөөдрийг хүртэл хөрөнгөө гаргачихаад байгаа компаниудтай хамтарч ажиллуулаад зардлыг нь нөхөж ажиллая гэсэн. Уг компани нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын компанийн охин компани юм билээ.
 
 
Уг байгууламжиндаа кино урлагийн танхим барьж өгье. "Саран ээж" нийгэмлэгийн үйл ажиллагааг шингээсэн, охид эмэгтэйчүүдийн соёл хүмүүжлийн төв, ахмадуудад үйлчлэх төвтэй, "Ээж музей"-тэй хамтад нь шийдэж өгье гэсэн. Ийм төслийг та бүхэн зөвшөөрөх үү? гэсэн. Бидний хувьд зөвшөөрч болох төсөл байна гэдэг хариу өгсөн. Уг төслөө хотод танилцуулсан. Уг төслийг цаашдаа хэрэгжүүлэх үү? гэхэд болно, дэмжинэ гэдэг аман хариулт өгсөн. Ийм л үйл явдал болсон юм. Ингээд уг төслөө эхлүүлье гээд Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэдийн 80 гаруй хувийн зөвшөөрлийг авсан гэж бидэнд танилцуулсан. Ийм байхад юу нь болохгүй байгааг бид ойлгохгүй байна." гэв
 
 

 

М.Чойжал