сонин mn
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилогдсоных нь дараахнаас л "Ерөнхийлөгчийн сонгууль дуустал түр тавьсан юм гэнэ лээ", "У.Хүрэлсүх намынхаа лидерүүдэд та нар маань Ерөнхийлөгчийн сонгууль дуустал л тэсчих, түүнээс хойш намаа аваад явна биз гэсэн юм гэнэ", "Ирэх намар гэхэд огцруулах нь гарцаагүй болжээ" гэх мэт явган яриа явж ирсэн юм.
 
Улс төрийн хүрээнд түгээмэл хийгддэг “зохиомол үргээлэг” явсан ч байж мэднэ. Түүнчлэн үнэхээр ч УИХ дахь МАН-ын зарим гишүүд “АН-ынхан саналаа УИХ-д өргөн барьчихвал кноп дараад өгье” гэсэн бодолтой байсныг ч бас үгүйсгэхгүй. Юутай ч 6-р сарын сүүлээс эхлэн нийгэм, улс төрийн хүрээнд нөхцөл байдал нэн хурцдаж, Засгийн Газартай холбоотой асуудал хөндөгдөж эхэлсэн юм. Тэр бүү хэл 7-р сарын 5-нд хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газрыг огцруулах санал гаргахаар болж, УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж эхэлснээ албан ёсоор зарласан билээ.
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ тухайгаа зарласан хэвлэлийн хурлын үеэр: “Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газар огцрох ёстой.
 
 
Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг цөхрүүллээ. Засгийн газар цар тахалд ялагдлаа. Чанартай вакцин оруулж ирэхийг бид анх шаардсан ч тэд иргэдийн эрх ашгийг 5.1 их наяд төгрөг зарцуулж золиосолсон" гэж байв. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн Газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэх хуультай. Иймээс УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн дээр нэмж, гарын үсэг зурах УИХ-ын гурван гишүүн хэн хэн байх бол? Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс аль бүлэг фракцийн төлөөлөл огцруулах саналыг дэмжих бол, хэн хэн нь хуралдаа ирэхгүй буюу эс үйлдлээрээ Л.Оюун-Эрдэнийн эсрэг байх бол? гэх мэт таамаг яриа, хүлээлт улс төрийн хүрээнд өрнөж эхэлсэн ч өнөөдөр нөхцөл байдал бүхэлдээ өөрчлөгдөөд байна.
 
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад орон тооны бус зөвлөхөөрөө ажиллах санал тавьсан, өөрийн шинээр байгуулсан үндэсний хорооны нэг болох олимпизмыг дэлгэрүүлэх хороог удирдуулахаар болсон, Орос, Хятад буюу хөрш орнуудтай холбоотой чиг үүргийг гүйцэтгүүлж, хамтран ажиллах санал тавьсан гэх мэт олон янзын албан бус тайлбартай ч албан ёсоор бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар гар барьж,  Х.Баттулга Ерөнхий сайдын зөвлөх хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцсон нь бол тодорхой болсон. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хамтын ажиллагаа ч улс төрийн хүрээнд шууд эффект үзүүлэн, Л.Оюун-Эрдэнэд ашигтайгаар эргэж эхэлжээ.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт болсон Оюутолгойн Ажлын хэсгийн үеэр тус ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар: “Монголын үе үеийн Засгийн Газрын туршид “Рио Тинто” Монголын Засгийн Газраар тоглодог байсан. Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газар анх удаа “Рио Тинто”-той Монголын эрх ашгийг эн тэнцүү ярьж байна. Энэ бол том асуудал. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг сөрөг нэхэмжлэх явуулсан. Энэ бол олон хүний хөдөлмөр. Яг ингээд Монголын төлөө дуугарах гэсэн Засгийн Газар болгоныг “Рио Тинто”-гийн тэжээврүүд хүрч ирж, амыг нь барьдаг. Цаадуул чинь одоо эзэддээ зодуулаад ёстой баларч байгаа. Энэ Засгийн Газрыг ялих шалихгүй юмаар бушуухан унагаж, Оюутолгойн талаар ярьсан, Монголын ард түмэнтэй хамт байсан Засгийн Газар болгоны амыг барьдгийг зогсоох хэрэгтэй. Энэ дээр бүр болгоомжтой байгаарай” гэх нь тэр. Нөгөө хоёрхон сарын өмнө “Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газар огцрох ёстой” гэж гал цогтой мэдэгдэж байсан С.Ганбаатар шүү дээ.
 
С.Ганбаатар эдүгээ өчигдрийн тэмцэгч С.Ганбаатар биш болсон. “Баянгол” зочид буудлаас үүрэг, чиглэлээ аваад “Мэдлээ, гүйцэтгэе” гээд гардаг тушаал гүйцэтгэгч цэрэг болсныг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. 
 
Иймээс С.Ганбаатарын энэ яриа бол Засгийн Газрыг унагах гэж оролдож буй бүхэн “Рио Тинто”-гийн тэжээвэр гэх цолыг зүүнэ шүү гэсэн “Женко”-гийн өрссөн мэх. Энэ тодорхойлолт Засгийн Газрыг унагасан ч яадаг юм гэсэн бодолтой суугаа Увс аймгаас гаралтай УИХ-ын зарим гишүүдэд нэн хүнд тусаж буй нь тодорхой.
 
Цаашид юу болох вэ? 
 
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат ажиллаж буй. Яах аргагүй “Женко”-гийн хүн. Иймээс ч УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газрыг огцруулах саналыг энэ удаадаа УИХ-д өргөн барихгүйгээр шийджээ. Нэгэнт сөрөг хүчнээс Засгийн Газрыг огцруулах санал өргөн бариагүй байхад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд яаж ч чадахгүй.
 
Х.Баттулга Ерөнхий Сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсонд дургүй МАН-ын лидерүүд байж болох ч “Нам бус, төрийн тэргүүн байсан хүний үгийг сонсож, хамтарч ажиллаж яагаад болдоггүй юм бэ?” гэсэн аргументыг одоохондоо няцаах аргагүй.
Ийнхүү яаж ч эргэж мэдэх байсан нөхцөл байдал өөрчлөгдөн, товчхондоо бол “Женко” Л.Оюун-Эрдэнийг энэ удаад “аварлаа".
 
М.Гал