sonin.mn
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Хүндэтгэлийн чуулган 11.40 цагт хуралдана. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм. Тэгвэл Ардын хувьсгалын тэгш ой, Үндэсний их баяр наадмыг монголчууд хэрхэн хүлээн авч, ойлгох учиртай тухайд “Монгол төрийн ой санамж” хэмээн хүндлэгддэг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.ЛҮНДЭЭЖАНЦАНТАЙ ярилцлаа.
 
-УИХ өнөөдөр Хүндэтгэлийн чуулганыг хуралдуулна. Энэ нь ямар ач холбогдолтой арга хэмжээ вэ. Манай улс ямар тохиолдолд Хүндэтгэлийн чуулган хуралдуулж байв?
 
-УИХ-ын тухай хуульд чуулганы төрлүүдийг заасан байдаг. Үүнд анхдугаар чуулган, хүндэтгэлийн болон онцгой, ээлжит ба ээлжит бус чуулганы талаар нарийвчлан тусгасан. Хүндэтгэлийн чуулганыг үндэсний хэмжээний тэгш ойн баяр болон гадаадын өндөр дээд хэмжээний зочин ирэхэд хуралдуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Хүндэтгэлийн чуулган хуралдуулах гэж байна. Манай улс өмнө нь томоохон ойн баяруудыг тохиолдуулан ийм чуулганыг хийж байсан түүхтэй. Тухайлбал, Ардын хувьсгалын тэгш ойнууд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Бүгд найрамдах улсаа тунхагласны тэгш ой, Байнгын ажиллагаатай парламентын тэгш ой бүрт Хүндэтгэлийн чуулган зарлаж байлаа. Мөн гадаад улсын төр засгийн тэргүүний өндөр, дээд хэмжээний айлчлалыг тохиолдуулан Хүндэтгэлийн чуулган хуралдуулдаг уламжлал нэгэнт тогтсон. Манай Улсын Төрийн тэргүүнүүд ч найрсаг харилцаатай улсуудын парламентын Хүндэтгэлийн чуулганд оролцож, үг хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, энэ бол олон улсын нийтлэг жишиг гэсэн үг. Ардын хувьсгалын 100 жилийн ой бол үндэсний сэргэн мандлын түүхэнд эрх чөлөө, нийгмийн дэвшлийн замд Монголын ард түмнийг хөтлөн оруулах их үйлсийн эхлэл болсон том ой байгаа юм. Тийм ч учраас энэ ойд зориулж Хүндэтгэлийн чуулган зарлах нь зүйн хэрэг гэж үзсэн.
 
-Хүндэтгэлийн чуулганыг ямар дэгээр хуралдуулах вэ, хэчнээн зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн бэ?
 
-Хүндэтгэлийн чуулганыг өнөөдөр 11.40 цагт эхлүүлнэ. Ингэхдээ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан онлайн хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэсэн. Энэ чуулганд нийтдээ 300-гаад хүн цахим хэлбэрээр оролцоно. Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн бүх сувгаар дамжуулан олон нийтэд хүргэх юм. Дэгийн тухайд УИХ-ын дарга нээж, хааж үг хэлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд оролцож, үг хэлнэ. Хүндэтгэлийн чуулганд хэлэлцэх асуудал гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, энэ хуралдаанд гадаад дотоодын зочид, төлөөлөгчид оролцдог уламжлалтай. Тухайлбал, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна төр, нийгмийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын тэргүүнүүд, иргэний нийгмийн байгууллагын болон иргэдийн төлөөллийг урилгаар оролцуулдаг уламжлалтай. Энэ удаагийнхыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа ч өнгөрсөн хугацаанд авч ирсэн уламжлалаа хадгална гэсэн үг.
 
-Ардын хувьсгалын 100 жилийн ойг ер нь Монголын ард түмэн хэрхэн ойлгож, хүлээж авах ёстой юм бэ. Энэ тухайд та ач холбогдлыг нь хэрхэн дүгнэх вэ?
 
-1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй. 1921 онд тусгаар тогтнол маань хэврэгшиж, гаднын эрхшээлд орсон хүнд үед үндэсний ардчилсан хувьсгал ялсан юм. Энэ хувьсгалд Монголын бүх анги давхаргын хүмүүс тэр дундаа ардууд голлон оролцсон байдаг. Тухайн үед Ноёд түшмэдийн болон Ардын нам гэж байсан. Энэ бүх хүчин оролцож байж ардын хувьсгалыг хийсэн байдаг. Ерөөсөө тухайн үед үндсэндээ Монгол Улс мөхлийн ирмэгт тулж очсон байсан гэж хэлж болно. Хүн амын хувьд ч үндэсний цөөнх болчихсон байв. Ард иргэдийн наслалт хэт богино болсон, өвчин эмгэг ихтэй гэх мэт хүнд нөхцөлд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан хувьсгалын ач холбогдлыг үнэлж баршгүй юм даа.
 
 
 
1921 оны Ардын хувьсгалын ач холбогдол бол Монгол Улсыг мөхлийн ирмэгт тулсан байдлаас аварч гаргасан явдал. Тийм ч учраас манай ахмад үеийнхэн маань асар их үнээр улсынхаа тусгаар тогтнолыг авчирсан түүхтэй.
 
 
 
Монголчууд баян хоосон, лам ноёд, ард гэлтгүй нийгмийн давхаргаас үл хамааран тусгаар тогтнолынхоо төлөө бүгдээрээ нэгдэж чадсан байдаг юм. Цаашлаад ингэж олж авсан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар улсаа байгуулан хөгжүүлнэ гэдэг маш хүнд сорилт байсан. Энэ бүхэнд алдаа, оноо гарсан нь үнэн. Эцсийн дүндээ Монголын эх орончид, үндэсний ардчилсан үзэлтнүүд улс орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, нийгмийн амьдралыг жам ёсных нь дагуу дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах замд нь оруулахын төлөө зүтгэсэн. Гэсэн ч коминтернийн шахалт, дарамтаар хэт хувьсгалчлах, зүүний үзэл баримтлалаас болж удаа дараа гажуудал гарсан. Энэ нь ард түмний өмч хөрөнгийг хураах, шашин, сүм хийдэд хүч түрсэн байдлаар хандах зэргээр илэрч, олон ч завхрал гарсан байдаг. Үүний хамгийн ноцтой нь 1930-аад оны сүүлчээр оргилдоо хүрсэн их хэлмэгдүүлэлт юм. Монголын ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ахмад үеийнхэн маань ингэж асар их үнээр авчирсан, түүнийгээ хэмжээлшгүй үнээр хамгаалж ирснийг энэ өдөр онцлон хэлэх байна. Халх голын болон Чөлөөлөх дайны үед Монгол Улсаа, тусгаар тогтнолоо батлан хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Энэ ч үүднээс Монгол Улсын олон улс дахь нэр хүнд бэхэжсэн юм. Монголын тусгаар тоггнолыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй хүнд цаг үед дэлхийн хоёдугаар дайнд Зөвлөлийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлсэн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын асуудлаарх нийт ард түмний санал хураалтаар “Бүгд найрамдах Монгол Ард Улс бол бүрэн эрхтэй, тусгаар тогтносон улс” гэдгийг ард түмэн 100 хувиар дэмжин бататгасан байдаг.
 
-Улсынхаа тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулахад ард нийтээр гар, бие оролцсон байх нь. Харин өнөөдрийн түвшинд хүртэл туулсан замнал гэвэл арай өөр зүйл ярих болов уу?
 
-Тэгэлгүй яахав. Энэ шаардлагын үүднээс дэлхийн голлох орнууд аргагүйн эрхэнд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал, тэр үеийн Дундад иргэн улс буюу БНХАУ хүлээн зөвшөөрсөн. Гэлээ гэхдээ Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхгүйн төлөө жишээлбэл, Тайванаас олон удаа арга саам хийсэн байдаг. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнолыг олж авахын төлөө 1921-1961 он хүртэл 40 жилийн маш шаргуу бөгөөд цуцалтгүй үйл ажиллагааны дүнд Дэ юрий болж чадсан. Тусгаар тогтнолын асуудлыг Дэ факто болон Дэ юрий гэж ангилдаг. 1921 онд Дэ факто буюу Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс гэдгээ зарласан. 1924 онд анхдугаар Үндсэн хуулиараа “Үүнээс хойш Монгол бол бүрэн эрхтэй ард улс байна” гэж Үндсэн хуулийн хэмжээнд зарласан. Харамсалтай нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байсаар 1961 онд НҮБ-д элсүүлсэн юм. Монгол Улсын статус кво 1945 онд хэрэгжиж, Дэ юрий буюу бүрэн дүүрэн тусгаар тогтнолоо 1961 онд олж авсан юм.
 
Гэхдээ дэлхий ертөнц хүйтэн дайны байдалд оршиж, хоёр систем болон хуваагдсан учраас манай улс газарзүйн байрлал, сонгож авсан систем зэрэг бүх зүйлээрээ социалист системд байхаас өөр аргагүй буюу сонголтгүй байсан. Ингээд манай улс 1990 он хүртэл социалист системийн хүрээнд ЗХУ тэргүүтэй социалист системийн хамтын нөхөрлөлийн орнуудын бүрэлдэхүүнд байж, тэдний нэгдмэл нэг бодлогоор үйл ажиллагаа явуулж байсан юм шүү дээ. Харин 1990 оноос хойш Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлснээр гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлэхээс гадна дэлхийн бүх улс орнуудтай харилцсанаар биеэ дааж, өөрийн дотоод болон гадаад асуудлыг бие даан шийдвэрлэх нөхцөл бололцоог бүрдүүлж чадсан юм. Ингээд 1992 оны шинэ Үндсэн хуульдаа “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхэт улс мөн. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг баримтална” гэдэг гол зарчмуудаа томьёолж өгсөн юм. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг Монгол Улсын бүрэн эрхт байдал гэж эхэлдэг нь ийм учиртай. Улмаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “Тусгаар тогтнолын асуудлаар ямар нэгэн санал асуулга явуулахгүй” гэж заасан. Энэ бол чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолд үлэмж ач холбогдолтой заалт болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхэт улс мөн гэж 1945 оны аравдугаар сарын 20-нд Монголын ард түмний дунд явуулсан санал хураалтаас өөрөөр тусгаар тогтнолын асуудлаар өөр ямар нэгэн санал асуулга явуулж болохгүй гэдгийг Үндсэн хуульчилж өгсөн гэсэн үг.
 
-Түүхэнд үлдсэнчлэн, таны хэлсэнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг монголчууд тусгаар улсаа сэргээн мандуулсан түүхэн ой гэдэг утгаар нь хүлээн авч чадаж байгаа эсэх тухайд та юу хэлэх вэ?
 
-Би энэ тухайд сэтгэл дундуур байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бид ажиллаж, амьдарч байна. Тиймээс улсын наадам зохион байгуулах нь төвөгтэй байгааг хаана хаанаа ойлгож байгаа шүү дээ. Гэлээ гэхдээ 1921 оны үндэсний хувьсгал буюу Ардын хувьсгалыг түүхээс арчих ямар ч боломжгүй юм. Үгүйсгэх үзэл ч байж болохгүй гэж би хувьдаа боддог. Хэрэв 1921 онд Ардын хувьсгал ялаагүй бол Монгол орон оршин тогтнох эсэх тухай ойлголт бараг байхгүй юм шүү дээ. Тэгэхээр Монгол Улсыг, Монгол хүнийг оршин тогтнуулж ирсэн энэ үндсийг тавьсан түүхэн хувьсгалын ойг хэрвээ үгүйсгэж байгаа бол энэ нь “Би ээж, ааваас төрөөгүй” гэж байгаатай ялгаагүй ойлголт болж хувирна. Ийм учраас монгол хүн бүрийн зүрх сэтгэлд ахмад үеийнхний байгуулсан энэ том гавьяа, хичээл зүтгэл, бахархал оршиж байх учиртай юм. Энэ тухайд залуу үеийнхэн дутуу дулимаг ойлголттой байгаад бидний дутагдал ч бас байгаа болов уу. Залуу үе, хүүхэд багачуудад Ардын хувьсгал, ахмад үеийнхний энэ үйл хэргийг, Ардын хувьсгалын түүхэн ач холбогдлыг таниулан сурталчлах талд бид дутуу дулимаг ажилласан тал байгаа байх. Манай залуучууд боловсролтой болсон энэ үед Ардын хувьсгал, улсынхаа тусгаар тогтнолын талаар их зүйлийг уншиж судлах шаардлагатай, судалж ч байгаа байх гэж бодож байна.
 
 
 
Нөгөөтэйгүүр Ардын хувьсгалын ойг нэг намынх мэтээр сэтгэх, эсвэл үгүйсгэх хандлага хэрвээ байгаа бол үүнийг би хувьдаа гаднын захиалгатай үйл ажиллагаа гэж хардах байна. Түүнээс ухамсартай монгол хүн бүр Ардын хувьсгалын 100 жилийн ойг ойлгож, ач холбогдлыг нь мэдэж байх учиртай юм.
 
 
 
-Өнөөдрийн түвшинд Үндэсний их баяр наадмыг, Ардын хувьсгалын 100 жилийн ойг түүхэн, төрт ёсны буюу улсаа тунхагласан баяр гэж хүлээж авахаас илүү цар тахлын үед олноор цугларч, баярлаж цэнгэх нь гэж хараад байх шиг байна л даа?
 
-Тийм тал байгаа байх аа. Гэхдээ энэ нь нэг их найр наадам хийгээд олуулаа цуглаад тэмдэглэхдээ гол нь биш юм. Хүн болгон сэтгэл зүрхэндээ тэмдэглэж, баярлах учиртай юм шүү. Монгол хүн болж төрсөндөө, Монгол Улсын иргэн байгаадаа бахдаж, баярлах талаасаа ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Үүнийг шоу, наадам тэмдэглэж цэнгэх талаар яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж үгтэй. Энэ бол зүгээр ч нэг хэлчихсэн үг биш юм шүү дээ. Наадам бол тэр аяараа монголчуудын зан заншил, өв соёл. Монгол хүний дархлаа, нүүдлийн соёл иргэншлийн тод үзүүлэлт нь байдаг. Тийм учраас монголчууд хэзээ ч наадмаасаа ухрахгүй. Энэ жилийн хувьд цар тахалтай байгаа учраас хойшлууллаа шүү дээ. Наадмаа үзэхийн тулд монголчууд эрүүл саруул байх учиртай. Харин цаашид наадмаа хэзээ ч орхигдуулж болохгүй. Тэр бүү хэл, утга агуулгыг нь улам баяжуулж авч явах учиртай. Тийм учраас ч Засгийн газраас хойшлуулсан гэж ойлгож байгаа. Ардын хувьсгалын ой, баяр наадам гэдэг угтаа нэг зоосны хоёр тал. Анх долоон хошуу даншиг наадам хийдэг байсан. Энэ наадмуудаа Ардын хувьсгалын ой болгоод дараагаар нь баяжуулаад Үндэсний их баяр наадам хийдэг болсон. Энэ нь бас л 100-гаад жилийн түүхтэй юм. Монголчууд ямар ч хүнд үед цагаан сараа, наадмаа хийдэг. Энэ жилийн тухайд цар тахалтай холбоотойгоор үнэхээр зохион байгуулах боломжгүй байна. Харин Ардын хувьсгалынхаа ойг хүн бүр баярлан бахдаж тэмдэглэх ёстой юм шүү. Гэхдээ үүнийг архи дарс уух юмуу олуулаа цуглаж наргих тухай биш Монгол эх орон, Монгол Улс, монгол хүн оршин тогтнож байгаагийн утга учрын талаар ярьж байгаа юм шүү. Энэ тухайд хүн бүр эргэцүүлэн бодож, ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх тухай ойлголт. Цаашлаад үр хүүхдэдээ ярьж, өөр хоорондоо хөөрөлдөх тухай юм. Хиагтыг чөлөөлөх гээд Монголын 400 эр 10 мянган гамин цэргийн эсрэг тулаанд орж байлаа шүү дээ. Олон удаагийн дайн тулаан болж, халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан хүмүүсийг өвгөн партизан гэж үзэж болохгүй. Тухайн үедээ тэд чинь дөнгөж 20 хэдхэн настай залуучууд эх орныхоо төлөө амь насаа өргөсөн байдаг юм. Тэгэхээр бид энэ их үнээр улсынхаа бүрэн эрхт байдлыг авч үлдсэн ахмад үеэ дурсах ёстой. Ямар зовлон бэрхшээл туулсныг нь ойлгох учиртай. Бэлэнчлэх сэтгэлгээтэй байж болохгүй. Ажил хөдөлмөр эрхлэх, улсаа батлан хамгаалахад ямагт бэлэн байх учиртайг ойлгуулан таниулах нь чухал байгаа юм. Улс орноо хөгжүүлье, тусгаар тогтнолоо бүрэн бүтнээр нь авч явъя гэвэл хөгжил хэрэгтэй. Хөгжихийн тулд хүн бүр хөдөлмөрлөх ёстой. Тийм учраас Монгол Улсын хөгжилд хүн бүрийн хүчин зүтгэл, хөдөлмөр чухал. Ингэж байж улс орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулж чадна гэдэг ойлголтыг л залуу үеийнхэндээ өгөх шаардлагатай байгаа юм.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин