сонин mn
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ажил хэрэгчээр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлтэй ирсэн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
 
 
Түүнчлэн БНАЛАУ-ын Вьентьян хотыг БНХАУ-ын Юнань мужийн Куньминь хоттой холбох төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар мэдээлэл авсан гэдгээ хэлж, далайд гарцгүй, хөдөө аж ахуйд суурилсан, хүн ам цөөтэй Монгол Улс болон БНАЛАУ-ын хувьд дэд бүтцээр холбогдох нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжуудыг нээнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.
 
 
 
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв. Мөн тэрбээр 2022 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, улмаар БНАЛАУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ хэллээ. 
 
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон бөгөөд зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор бус, 21 аймаг, 330 сумаар төсөөлж, алслагдсан сумдын аж амьдралтай танилцаж ажиллахыг санал болгосон юм. Мөн БНАЛАУ-ын Ерөнхийлөгчид халуун дотно хариу мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.