sonin.mn
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Засгийн Газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах уулзалтын үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгтэй холбогдуулан тайлбар хийлээ. Тодруулбал тэрээр: "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоног ярилцлагын үеэр вакцин саатуулсан гэх буруутнаар намайг нэрлэжээ. Нэг ч Монгол хүн ч өвдөхгүй байх, нэг хором ч алгуурлалгүй ард иргэдээ вакцинжуулахын чухлыг өнгөрсөн оноос авахуулаад цөөнхийн бүлэг тэр дундаа миний бие удаа дараа шаргуу шаардаж ирснийг та бүхэн мэдэх бизээ. Ерөнхий сайд залуу хүн туршлага дутаж мэдэх хэдий ч Монгол улсын Засгийн газрын тэргүүний хувьд түүний амнаас гарч буй нэг үг, нэг өгүүлбэр баримт нотолгоотой байх ёстой.
 
 
 
 
2021 оны төсөвт вакцины мөнгө суулгаагүйг шүүмжлэн, гадаадад гацсан иргэдээс авахуулаад эмнэлэгүүдийн нөхцөл байдалд санаа зовж, ард иргэдээ яаралтай вакцинжуулж, хэвийн амьдралдаа хурдан эргэн орохыг Их хурлын индэр дээрээс байнга ярьж сануулж буйг баримт нотолгоогүй, хов живийн чанартай ийм байдлаар няцааж чадахгүй юм.
 
 
 
Вакцинжуулах ажил нь Засгийн газрын ажил бөгөөд түүнд хууль тогтоогчийн зүгээс ямар нэгэн байдлаар оролцох боломж үгүйг хэн бүхэн мэдэх билээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 170 иргэн амь насаа алдан, 45459 гаруй иргэн коронавируст халдвараар өвдсөнд хэн нэгэн буруутай байх ёстой бол энэ нь Засгийн газар гэдэг нь тодорхой. Ийм учраас миний болоод гэр бүлийн нэр төр, ажил үүрэгт халдсан дээрх мэдээллийг хууль хяналтын байгууллагад зохих ёсоор хандан шалгуулна гэдгээ мэдэгдэж байна‼
УИХ, Засгийн газрын буруутай, цаг алдсан аливаа үйл ажиллагааг цаашид ч шүүмжлэх ба сөрөг хүчний хэлж буй бүх үг, өгүүлбэрийг ямар ч хамаагүй аргаар няцаахын оронд алдаагаа засаж ард иргэдийн амьдралд нааштай шийдвэр гаргаж ажиллах ёстой." гэв.