sonin.mn
КАИР. /TASS/. Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн охин Аишаг Европын Холбооны /ЕХ/ хар жагсаалтаас хассан тухай “Al Wasat” мэдээллийн цахим хуудас мэдээлэв.
Европын шүүх хурандаа Муаммар Каддафийн охин Аиша Каддафиг хоригийн жагсаалтаас хасах шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. Тэрбээр "бүс нутгийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэхээ больсон" гэж үзсэн учир ийм шийдвэр гаргасан байна. Айша Каддафи нь "Ливид олон жил амьдараагүй бөгөөд Ливийн улс төрийн амьдралд оролцоогүй” гэж Люксембург дахь ЕХ-ны шүүхийн шийдвэрт дурджээ.  
Европын хориг арга хэмжээний жагсаалтаас хасах эсвэл оруулах шийдвэрийг ЕХ-ны гишүүн орнууд гаргадаг бөгөөд энэхүү шийдвэрийг хоёр сарын хугацаанд давж заалдах боломжтой байна.  
Аиша Каддафиг 2011 оны хоёрдугаар сард ЕХ-ны хар жагсаалтад оруулжээ. Европын орнуудад зорчих, банкны үйлчилгээ авахыг хориглодог энэ жагсаалтад 2011 оны 10 дугаар сард босогчдын гарт амиа алдсан Муаммар Каддафи, мөн л амь үрэгдсэн түүний хоёр хүү одоог хүртэл багтсан хэвээр байгаа аж. Каддафийн зургаа дахь хүү хурандаа Сейф аль-Араб 2011 оны дөрөвдүгээр сард НАТО-гийн агаарын дайралтын үеэр амь үрэгдсэн бол дөрөв дэх хүү Мутаззим-Билла нь Хамисын тулалдаанд амь үрэгджээ.
Өдгөө 44 настай, өмгөөлөгч мэргэжилтэй Аиша Каддафи одоо Оманд амьдарч байгаа юм. Тэрбээр 2011 оны наймдугаар сард хурандаагийн хоёр дахь эхнэр болох ээж Сафиа Фаркаш, бага насны хүүхдүүд болон дүү Ганнибал, Мохаммед нарын хамт Триполид мөргөлдөөн ид болж байх үед Алжир руу зугтан гарчээ. Хожим нь Оманы султан Ливийн төрийн эрхээс түлхэгдэн унасан Муаммар Каддафийн гэр бүлд, гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд, 18 хүрээгүй эрчүүдэд Оманд улс төрийн болон мэдээллийн үйл ажиллагаанд оролцохгүй байх болзолтойгоор улс төрийн орогнол олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг