sonin.mn
Улс орны цаг үеийн нөхцөл  байдал хүндэрч байгаатай зэрэгцээд төрийн эрхийг барьж буй хүмүүсийн нэр холбогдсон элдэв таагүй мэдээлэл, ичгүүр сонжуургүй үйлдэл, бусармаг шийдвэр, буруу хазгай явлууд ил болж, олон нийтийн эгдүүцэл зэвүүцлийг төрүүүлэх нь улам нэмэгдлээ. 
Тэр хэрээр Төр Засгийн нэр хүнд унаж, эрх баригчдын үйл ажиллагаа чамлагдаж, бухимдсан иргэд төдийгүй, улс орны хувь заяанд санаа зовсон эрдэмтэд маань ч үгээ хэлж, нийгмийг сайн сайхан болгохын тулд юуны түрүүнд төрийн эрх барьж буй “хүнийг” өөрчлөх, жинхэнэ “удирдагч”, “хошуучлагч”-ийг гаргаж ирэх хэрэгтэй гэсэн санааг тов тодорхой илэрхийлэх боллоо.  
Үүний тодорхой жишээ нь саяхан мэдээллийн цахим хуудсуудад нийтлэгдсэн монголын ахмад эрдэмтэд болох доктор, профессор Ц.Жамбалсүрэн гуайн бичсэн “Бидэнд ямар лидер хэрэгтэй вэ?”, Судлаач, профессор Д.Чулуунжав гуайн бичсэн “Төрийн толгойд хэн байх ёстой вэ?” зэрэг нийтлэлүүд юм.  
 
Эрдэмтдийн маань судлууштай сэдэв
 
Чухамдаа энд эрдэмтдийнхээ нийтлэл рүү анхаарч дурьдсаны учир нь өнөөдөр “Төрд ямар хүнийг хэрхэн дэвшүүлэн гаргах” тухай онол, арга зүйг, хэрэгжүүлэх арга замыг боловсруулах нь эрдэмтэд судлаачдын маань өмнө тавигдаж буй тулгамдсан зорилт, тэр бүхнийг улс нийгмийн оюун санаанд суулган, мөрдүүлдэг болгох нь өнөөгийн зайлшгүй хэрэгцээ болоод байна. 
Учир нь өнөөдөр манайд Төрийн тухай ойлголт өчүүхэн ч байхгүй болж, эрдэмт авгай Д.Чулуунжавын бичсэнчлэн Төрийн ажил гэдэг “хэн ч хийж чадах хамгийн амархан ажил, баяжиж хөлжих хамгийн хялбар арга зам” гэдэг ойлголттой болчихоод “уралцаж” байна.  
Эндээс дараахи асуултуудад эхлээд хариу олох хэрэгтэй болно.  
- Монголчуудыг хэн, хэрхэн ийм ойлголттой болгов?  
- Нийгмийг ийм ойлголттой болгох хэрэгцээ хэнд байв?   
Харамсалтай нь энэ тухай бодохыг ч хүсэхгүй болтлоо, өөрсдөө ч мэдэлгүйгээр оюун санааны ийм “мутаци” хувиралд орцгоочихоод, бие биенээ зүхэж, үзэн ядацгааж сууна.   
Энэ бол улс орнуудын үндэстний шинж чанар, цаашлаад хүний мөн чанарыг нь үгүй хийхэд чиглэсэн “Барууны” “даяаршуулах” бодлого, неолибериалзмын онол номлолоор улс орнуудад хэрэгжүүлдэг улс төрийн “технологийн” үр дүн юм. 
Энэ хүрээнд зайлшгүй гүйцэтгэдэг нэг гол ажил нь гэвэл улс орныг удирдан жолоодох “лидер”-гүй байлгах зорилтыг энэхүү “технологиор” хэрэгжүүлдэг гэсэн үг. 
Өөрөөр хэлбэл Барууны өөрсдийнх нь эрдэмтдийн “бүтээл”-д тодорхойлсон “хошуучлал” болоод “хошуучлагчдын шинж чанар”-ын талаархи онол баримтлалуудыг үгүйсгэсэн, “хошуучлах шинж чанаргүй” удирдагчдыг “үйлдвэрлэн” байршуулдаг тогтолцоог бий болгож чаджээ. Яг л лангууны ард “робот” худалдагч ажиллуулдагтай адил. 
 
“Нохой нь сонгуульд ялалт байгуулсан” ... гэх мэт гадаадын сонин содон шуугиант мэдээг уншигчдын зарим нь уншиж, сонсож л байсан байх. Жинхэнэ “Лидер”-ийг дарж, булж, зөвхөн хог шаарыг гаргаж ирдэг “технологийнхоо” найдвартай ажиллагааг хааяа шалгаж, баталгаажуулж байгаа нь тэр л дээ.   
Энэхүү тогтолцооны улмаас Төрийн толгойд байх ёстой эрдэм чадалтай, ухаан сэхээтэй, ёс журамтай хүмүүсээ олон нийт таньж мэдэж чадахгүй болчихоод энэхүү “саадыг” давах арга замыг заах эрдэмтэд судлаачдыг нийгэм хүлээж байна.
 
Төрд байх шалгуурыг хангаж байгаа хүн 
 
Эрдэмтэд судлаачдын өмнө тавигдаж буй дээрх зорилттой холбоотой “судлагдахуунд” хамруулан анхаарч үзүүштэй нэг “бие хүн” бол тэрхүү “саадыг” давж, ямар ч гэсэн олон хүнд зөв танигдаж чадсан, “улс төрийн тоймч” гэх тодотголтойгоор нэрлэгддэг Ш.Гантулга юм. 
Төрөө удирдаад аваад явчих эрдэм чадалтай хүмүүсээ ялгаж таниж, олж гаргаж ирэх нөхцөл боломжгүй энэ үед ганц ч болтугай энэ хүн ялгаран гарч танигдаж байгаа нь тун ч олзуурхууштай юм.  
Энэ хүнийг сүүлийн 30 жилийн турш “улс төр”-д хутгалдан гарч ирээд, нөгөө хулгайч нартайгаа гар нийлэн тэврэлдэж, хувиа хичээж, довоо шарлуулаад “урсгалд” хөвөн алга болдог “хог шаар”-уудын нэг биш гэдгийг юугаар батлаж, яагаад итгээд байгаа юм бэ? гэж асуух, “Олонд танигдаж чадсан гэдэг чинь бас л нөгөө далд эздийн гар хөл, төлөөний “шоучин” л байж таарна!” гэж “мушгин” хардах үл итгэгч нар ч гарч ирэх л байх.
 
Тэгвэл ямар шинж чанар энэ хүнээс харагдаж, яагаад итгээд, юугаар батлах гээд байгаа юм бэ? гэвэл:
1. Хэрвээ “улс төрийн тоймч” Ш.Гантулга “урсгалд” хөвөн гарч ирээд алга болдог “бусдын л адил” нэгэн байсан бол эрх баригч намууд 2020 оны УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвшихэд нь тухайн тойрогт ижил овог, нэртэй хүн давхар оруулан /төрийн захиргааны олон байгууллагыг гэмт хэргийн чанартай хууль бус үйл ажиллагаанд татан оролцуулсан том опериаци зохион байгуулж/ саналыг нь луйвардах хүртлээ айн болгоомжлохгүй байсан юм.     
2. Энэ хүн өнөөг хүртэлх хугацаанд ямар нэгэн нам, улс төрийн хүчнийг хамгаалж, эвсэн нэгдэж, эвдрэлцэн салж, аль нэг эрх мэдэлтнийг дагаж дарвисан, зусардан саймширсан үг, үйлдэл гаргаж байгаагүй нь Төрийн хүнд байх нэг гол чанар болсон үзэл санаа, зан суртахууны зөв тогтвортой төлөвшлийг олсныг илтгэдэг. 
 
3. Гадаадын нэлээн хэдэн хэлийг сурч эзэмшсэний хувьд гадны аль ч улс орны иргэдтэй хэлхээ холбоо тогтоож, бас ямар ч салбарт хамтын аж ахуй эрхлэж чадах нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний мэдлэг, инженерийн боловсрол, чадамжтай ч хөрөнгө мөнгө, хувийн бизнест анхаарал хандуулж яваагүй нь амин хувийн ашиг сонирхлоос ангид, бүх мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ улс нийгмийн эрх ашигт хандуулж чадах, бусдаас ялгарах давуу чанарыг нь харуулдаг юм.
 
4. Түүнчлэн уран илтгэгч гэж хэлэгдэхгүй ч гэсэн ярьж буй тухайн сэдвээ учир шалтгааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох жишээ баримтаар дэлгэрүүлж, хэнд ч тов тодорхой ойлгогдохоор үгүүлж, няцаах аргагүй итгэл үнэмшил төрүүлж чаддаг нь түүний өргөн мэдлэг, логик сэтгэлгээний чадварыг илтгэдэг төдийгүй бусдыг удирдан дагуулахад хэрэгтэй чухал чанар юм.     
5. “Улс төрийн тоймч” хүний хувьд олон улсын харилцаа, төрийн бодлогын алдаа оноо, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд гадаад, дотоод хүчин зүйлүүдийн нөлөө, Төр засгийн үйл ажиллагааны алдаа завхралыг байнга ажиглан шинжилж, тэр бүхнийг нууж, зулгуйчлалгүй чин үнэнээр нь шууд шулуухан хэлчихдэг төдийгүй, түүнийг засах арга замыг ч нийгэмд ойлгуулах, таниулахыг хичээсээр ирсэн нь өргөн цар хүрээтэй Төрийн ажлыг энэ хүн бүтнээр нь харж, цогцоор нь уялдуулан зохицуулж, удирдаж чадах чадвартай хүн юм гэсэн итгэлийг төрүүлдэг юм. 
6. Энэ хүний талаар яригддаг өөр нэг онцгой чадвар болох гадаад, дотоодын асар их мэдээллийг богино хугацаанд уншиж, хүлээн авч, шүүж тунгаан, дүгнэж цэгнэдэг ойлгоц, сэтгэхүй, тэдгээрийг марталгүй санадаг ер бусын ой тогтооц зэрэг нь тэр болгон хүнд заяадаггүй, гагцхүү Төр тэргүүлэх хүнд байх ёстой онцгой чанар билээ.  
 
Энэчилэн ёс суртахууны зарчимч чанар, бусдад хандах зан төлөв, тэвчээр хүлээцтэй хандлагаараа ч “Улс төрийн тоймч” Ш.Гантулга “Төрийг тэргүүлэх” “удирдагч”-ийн шалгуурыг хангаж байгаа, чадвар нь олон нийтэд танигдсан ганц хүн болоод байна. 
 
Монголын “хулгайч нар” Төрийн эрх мэдлийг гараасаа алдахгүйн тулд “хүчний тэнцвэрийг хангах” гэсэн утгагүй ойлголтыг нийгмийн оюун санаанд бугшуулж ирсэн. 
Энэ нь угтаа “Чи ганцаараа бүхнийг хулгайлаад авчихаж болохгүй. Адилхан л авах ёстой. Бие биедээ саад болохгүйгээр, зэрэгцэн хулгайлцгаая!” гэсэн л санаа. Энэ санаагаа ч 31 жилийн турш хэрэгжүүлж, тус тусын хулгайн олзноосоо ард иргэдэд “хувь хишиг” хүртээх замаар “өөрийн нохой”, “хүний нохой” /гэж ярьдаг боллсон/ болгон “гаршуулж”, нийт ард иргэдээ хуваан хагаралдуулж, талцуулан хэрэлдүүлсээр өнөөг хүрлээ. Хүмүүн гэгдэх зэрэг зиндаагаа ч алдаж адгуусны тоонд Монгол хүн данслагдахад хүрлээ.
Харин одоо “хүчний тэнцвэр хадгалсан” хулгайч нарын нийгмийг биш, хүний ёс, шударга журмыг дээдэлсэн, нийтээрээ итгэл төгс, сайн сайхан амьдрах боломж, нөхцлийг бүрдүүлж чадах Төрт улсаа сэргээхийн төлөө, төрд хэрэгтэй, олон нийтэд танигдсан Ш.Гантулгыгаа дэмжин, нэгдэцгээе! 
 
О.Лхагвадорж