 
                
                
                Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор олборлолт, үйлдвэрлэл нэмэгдэж байна. Ялангуяа цахилгаан эрчим хүчний хэрэглээ, барилгын салбарын өргөжилт, цахилгаан автомашины үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал шилжилттэй холбоотой компьютер түүний дагалдах хэрэгслийн үйлдвэрлэл огцом нэмэгдэх болсон нь дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлтийг нэмэгдүүлж байна.
Дэлхийн зэсийн олборлолт, үйлдвэрлэл, хэрэглээний нөхцөл байдал
Дэлхий даяар нийт 700 сая орчим тонн зэсийг үйлдвэрлэсэн бөгөөд нийт батлагдсан нөөцийн хэмжээ 2.8 тэрбум тонн байна. Энэ нь цаашид 2.1 тэрбум тонн зэсийг үйлдвэрлэх боломжтойг харуулж байна. Судлаачдын тооцоогоор цаашид батлагдаагүй байгаа зэсийн нөөцийн хэмжээ 3.5 тэрбум байгаа ба дэлхий даяар нийт дүнгээр 6.3 тэрбум тонн зэсийг үйлдвэрлэх нөөц байгаа гэж үзжээ. Нөөц нь тогтоогдсон зэсийн 56 орчим хувь нь дэлхийн ердөө таван улс болох Чили, Австрали, Перу, Конго, ОХУ-д тус тус ногдож байна.
Зураг 1. Зэсийн нөөц улсуудаар 2024

Эх сурвалж: US Geological Survey
Хэдийгээр дээрх улсууд нөөц өндөр тогтоогдсон ч олборлолт явуулж буй хүчин чадлаараа ялгаатай байдаг. Зэсийн баяжмалын олборлолт талаас нь аваад үзвэл Чили улс хол түрүүлж байгаа бол сүүлийн жилүүдэд Конго улс эрчимтэй олборлолтоо нэмэгдүүлж байна. Олборлолтын хэмжээгээр Чили улс 2024 оны жилийн эцсийн байдлаар 5.3 сая тоннд хүрээд байгаа бөгөөд нийтдээ 67 идэвхтэй уурхай үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна. Энэ улсад дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Escondida үйл ажиллагаа явуулдаг.
Зураг 2. Зэсийн баяжмалын олборлолт, тэргүүлэх улсуудаар 2013-2024

Эх сурвалж: US Geological Survey
ОХУ болон Австрали улс нөөц ихтэй ч олборлолтоор тэргүүлж чадахгүй байна. Олборлосон зэсийн баяжмалыг хамгийн ихээр импортолж буй улсуудыг БНХАУ тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн нийт импортын 60 хувийг дангаараа эзэлж байна.
Зураг 3. Зэсийн баяжмал импортлогч голлох улсууд /хувиар 2023/

Эх сурвалж: UN Comtrade
Цаашид дэлхийн зах зээлийн зэсийн баяжмалын олборлолт, үнийн асуудлыг БНХАУ-ын дотоодын зах зээл бүрэн тодорхойлохоор харагдаж байна. Зэсийн баяжмалыг боловсруулан цэвэр зэс гарган авах талд дээр сүүлийн жилүүдэд мөн л БНХАУ тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд Азийн улсуудын цэвэр зэсийн үйлдвэрлэл 3 дахин нэмэгдсэн байна.
Зураг 4. Цэвэр зэсийн үйлдвэрлэлийн бүтэц тивүүдээр 2023

Эх сурвалж: UNCTAD
Зэсийн олборлолт, үйлдвэрлэл, хэрэглээний чиг хандлагаас харвал олборлолтын хувьд Америк тивийн улсууд тэргүүлж байгаа бол боловсруулах, хэрэглэх тал дээр Ази тивийн улсууд тэр дундаа БНХАУ тэргүүлж байна. Боловсруулан гаргасан цэвэр зэс хэрэглээ талаас нь аваад үзвэл дийлэнх нь барилга болон эрчим хүчний дэд бүтцийн салбарт ногдож байна. Цаашид цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ чиглэлд зэсийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Ердийн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад цахилгаан автомашин 3 дахин их буюу 80 орчим кг зэсийг хэрэглэдэг.
Зураг 5 Зэсийн хэрэглээний бүтэц 2023

Эх сурвалж: WoordMac, UBS
Ийнхүү дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь үнийн хувьд ихээхэн өөрчлөлтийг дагуулж байна.
Зураг 6. Дэлхийн зэсийн жил бүрийн дундаж үнэ /тонн/

Эх сурвалж: Macrotrends; Statista
Зэсийн зах зээлийн үнийг сүүлийн 15 жилээр харвал хэлбэлзэл ихтэй 2011 оноос 2016 он хүртэл тасралтгүй буурч байсан бол Ковид цар тахлаас хойш эрчимтэй сэргэж 2024 оны байдлаар тонн зэсийн үнэ 9’142 ам.долларт хүрч сэргэсэн нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгож байна гэж үзэж болохоор байна.
Зэсийн үйлдвэрлэл, үнийн цаашдын чиг хандлага
Дэлхийн зэсийн зах зээл ирээдүйтэй харагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээ, үнэ аль аль нь нэмэгдэнэ гэж судалгааны компаниуд болон олон улсын байгууллагын зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл зэсийн эрэлт төсөөлж байснаас илүү хурдацтай өсөж байгаа нь уламжлалт барилгын салбараас гадна шинээр дижитал болон цэвэр эрчим хүчний өөрчлөлтөд зориулан цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд зориулан олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотой юм. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар 2030 он гэхэд зэсийн үнэ тонн тутамдаа 12’000 ам.доллар хүрч одоогийн байгаагаас даруй 30-аас дээш хувиар өсөх таамаг дэвшүүлж байна. Харин үйлдвэрлэлийн хувьд эрэлтээ гүйцэхгүй байхтай холбоотойгоор 2030 онд хомсдол үүсэхээр байгаа тухай Bank of America-ийн шинжээч Майкл Видмерийн судалгаанд дурдсан байна. Уг судалгаагаар дэлхийн зэсийн эрэлт энэ оноос 2030 он гэхэд 10%-аар өсөж, 30.32 сая тоннд хүрнэ гэж тооцоолж байна. Видмерийн дүгнэлтээр дэлхийн зэсийн зах зээлийн хомсдол 2030 онд 1.84 сая тоннд хүрэх аж.
Дэлхийн зэсийн үйлдвэрлэл дэх манай улсын оролцоо
Манай улсын хувьд цэвэр зэсийн үйлдвэрлэл маш бага хэмжээтэй, харин зэсийн баяжмалыг түлхүү олборлон үйлдвэрлэж байна. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээр эзлэх хувь бага дүнтэй байна. Сүүлийн 20 жилийн тоон өгөгдлөөс харвал манай улсын зэсийн үйлдвэрлэл Оюу толгойн олборлолт эхлэх хүртэл 500 мянга орчим зэсийн баяжмал үйлдвэрлэж байсан бол 2013 оноос энэ дүн нэмэгдэж ирсэн байна.
Зураг 7. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл /мян.тонн/

Эх сурвалж: 1212.mn
Зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2024 оны жилийн эцсийн байдлаар 1562.3 мянган тоннд хүрсэн бөгөөд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тайланд дурдсанаар Эрдэнэт үйлдвэр 640 мянган тонныг, Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааны тайланд дурдсанаар Оюу толгой 922.3 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.
Оюу толгойн ордын ил болон далд уурхайн үйл ажиллагаа тогтворжиж байгаатай холбоотойгоор цаашид зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2028-2030 онд 2 сая тоннд хүргэхээр зорьж байгаа юм. Энэ нь ойролцоогоор 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн үг юм.
Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч одоогийн хүчин чадлаа нэмэгдүүлж, өөрсдийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж, Оюут ордыг нээж ашиглалтад оруулснаар 357 сая тонн хүдрийн нөөцийг олж тогтоогоод байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн нөөц 3.4 тэрбум тонн хүдэр буюу 65 сая орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломжтой болох юм.
Эрдэнэт үйлдвэрийн ийнхүү нөөцийг нэмэгдүүлснээр 2079 он хүртэл 55 жил ашиглах боломжтой болж байгаа бөгөөд жилдээ дунджаар 1.2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн үг юм.
Энэхүү хоёр ордоос гадна “МАК” компанийн хэрэгжүүлж буй Цагаан суваргын ордын төсөл нь 141.5 сая тонн нөөцтэй бөгөөд жилд дунджаар 568 мянган тонн зэсийн баяжмал олборлох боломжтой. Мөн 94.7 сая тонн сульфидын хүдэр бүхий нөөцтэй гэж тогтоогдсон байдаг. Дээрх нөхцөл байдлаас харвал манай улсын хувьд нүүрснээс гадна зэсийн үйлдвэрлэл олборлолт жил бүр нэмэгдэх боломжтой бөгөөд энэ хэмжээгээр эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулахаар байна.
Дүгнэлт
Дэлхийн зэсийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа ч 2030 он гэхэд зэсийн хомсдол үүсэхээр байна. Зэсийн зах зээл дээрх томоохон тоглогч нь олборлогч талаасаа Чили, Конго, Перу зэрэг улс байх бол боловсруулах, хэрэглэх талаасаа Азийн улсууд, тэр дундаа БНХАУ байхаар байна.
Олон улсын судлаачдын зүгээс зэсийн үнийн өсөлт үргэлжилсээр байх бөгөөд 2030 он гэхэд 12000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Манай улсын хувьд Оюу толгойн үйлдвэрлэл 2028-2030 он гэхэд үйлдвэрлэн гаргах зэсийн хэмжээ 500 мянган тонн /2 сая тонн зэсийн баяжмал/ хүрэх, Эрдэнэт үйлдвэрийнх тогтмол нэмэгдэж, жилд 300 мянган тонн /1200 мянган тонн зэсийн баяжмал/ хүрэх боломжтой байна. Үүнээс гадна мөн гуравдагч том орд болох Цагаан суваргын ордыг ашиглаж эхэлсэн тохиолдолд мөн олборлох зэсийн баяжмал нэмэгдэх юм. Монгол улсын хувьд зэсийн баяжмал, зэсийн үйлдвэрлэлийн нөхцөл байдал эерэг байгаа бөгөөд эцсийн дүндээ экспортын орлогын өсөлтөөр дамжуулан валютын нөөц нэмэгдэх, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх, татварын орлого нэмэгдэх боломжтой байна.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл4
Монголд Хувийн үйлдвэр нь цэвэр зэс гаргадаг, Улсын үйлдвэр нь хүдрийг баяжуулаад л түүхий гээр нь гаргадаг !
Тэгээд хувийн үйлдвэр нь улсдаа өндөр тат вар төлдөг, улсын үйлдвэрий нь төрийн том чуул нь энд тэнд барьцаанд тавьж мөнгө ол дог, сонин бгаа биз ?
оюу толгойн ордын бүх зэсийн баяжмал нь гадагшаа гараад монголд түй ч ногддоггүй тул үүнйг монголын зэсийн олборлолтод орууах нь утгагүй. түүнээс олсон ашиг орлого бүгд гадны өмч болдог шүүдээ. мулгуу юмаа. дотоодын улсын ба хувийн үйлдвэрийнх бол харин дотооддоо орж улс ба хувийн компанид ногддог тул мэдээж монголынх. ерөөсөө оу толгойн бүтээгдэхүүнийг монголын ДНБ-нд тооцдог нь маш буруу худлаа статистик гаргаж буй хууралт
Оюу толгойн татвар байгаагүй бол өнөөдөр төрийн ажилтнуудын цалин байхгүй байсан. Эхлээд ТОП ААН гэж нэрлэгдээд байгаа компаниудын тоон мэдээллийг үзэх хэрэгтэй шүү