sonin.mn
М.Тулгат даргатай АН гэгч нь О.Цогтгэрэл даргатай АН гэгчдээ хандан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Ардчилсан Намын бүлэг нөхөддөө хандан уриалах нь
 
 
 Эв нэгдлийг хангах чиглэлд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах тухай
 
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон өмнө нь УИХ-д АН-аас сонгогдон ажиллаж байсан үе үеийн гишүүд АН-ын удирдлагуудтай 2 удаагийн уулзалтыг 2021 оны 3 сарын эхээр хийж, намын эв нэгдлийг хангах үүднээс тодорхой зөвшилцөлд хүрэх асуудлаар санал солилцож байсан билээ.Уулзалт дээр яригдсан саналуудын ихэнх нь АН-ын даргын сонгуулийн санал хураалтын өдрийг нэгтгэх асуудал байсныг АН-ын удирдлагууд хүндэтгэн үзэж, ДоСХ-той санал солилцсоны дагуу АН-ын даргын сонгуулийн санал хураалтын өдрийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулахаар тогтож, улмаар тухайн үед цаасан сонгуульд оролцохоор бүртгүүлээд байсан 4 дэвшигчдэд санал хураалтад нэгдэж орох саналыг сүүлийн өдөр хүртэл тавьж, нээлттэй ажилласан билээ.
 
Хэдийгээр бидний  зүгээс дэвшүүлсэн саналыг та бүхэн хүлээн авахаас татгалзаж, намын доторх эвдрэлийн үр дагаврыг үл хайхран тусдаа сонгууль явуулах, цахим сонгуульд оролцохгүй байхыг уриалж, эсэргүүцсэн ажиллагаа явуулах, намын баярын мэндчилгээний постерыг хүртэл урж тасдах  зэргээр зүй бус авирласаар байгаа ч, АН-ын нийт гишүүдийнхээ эрх ашгийг бид эн тэргүүнд тавьж, та бүхэнд эв нэгдлийг хангах чиглэлд дахин нэг удаа хамтран ажиллах санал тавьж байна .
 
Үүнд: 
1. Юуны өмнө та бүхэн АН-аас “ШИНЭ HAM" байгуулан өрх тусгаарласан ЛУ.Болдын "Бодь цамхаг"-аас гарч үйл ажиллагаа нэгтгэх үүднээс намынхаа төв байранд ирж, нэг дороо цугларах , 
2. АН-ын 11 дүгээр ээлжит бус цахим их хурлын төлөөлөгчдөөс гаргасан “ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУРУУШААХ ТУХАЙ” тогтоол нь та бүхнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын дарамт шахалтаас хамгаалах эрх зүйн хамгаалалт болох тул та бүхэн үүнийг АН-даа эргэж нэгдэх үйл явцдаа бүрэн ашиглах боломжтойг анхааралдаа авах , 
3. Хоёр талаас тав таван хүнтэй ажлын хэсэг байгуулж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, дотоод сонгуулийн бэлтгэлийг хангахад хамтран ажиллах, 
4. ҮБХ-ны хурлын шийдвэрээр байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлын хэсэгт хамтран ажиллахыг тус тус уриалж байна.
 
ДАРГА: М.Тулгат 
ЕНБД: Ч.Өнөрбаяр 
ДЭД ДАРГА: Ц.Оюундарь 
Д.Ганбаяр
Ч.Отгочулуу 
Ц.Уртнасан
Ц.Алтанцэцэг