sonin.mn

Өнгөрсөн амралтын өд­рүүдэд  “Сод Монгол”, “Петро­вис”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шата­хуун импортлогч ком­паниуд АИ-95-аас бусад төрлийн түлш, шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэн. Тод­руулбал, А-80 литр тутам нь 1530, АИ-92 1620, дизель түлш 1970 төгрөгийн үнэтэй болжээ.


Уг нь Монголбанк жи­жиг­лэнгийн нефтийн бүтээг­дэхүүнийг хамгийн бага зард­лаар санхүүжүүлэх, хил дээрх өртгийн ханшаас хамаарах нөлөөллийг буу­руулж, жижиглэнгийн бор­луулалтын үнийг тогтвортой байлгах нөхцөлийг бүр­дүүлэх зорилгоор SIFS дэд хөтөлбөрийг Уул уурхайн яам­тай  хамтран  хэрэгжүүлж байгаа.


Энэ дагуу “Жаст-Ойл”, “Монпетекс”, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг компанид жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгосон. Цаашлаад “НИК”, “Ойн бирж”, “Ундарга Увс”, “Хөрс Автосервис”, “Петро­жамп”, “Монпетекс”, “Мон­суль”, “Рысжан” зэрэг нийт 13 компанийн зээлийн судалгааг гүйцэтгэх, хоёр төрлийн гэрээ  байгуулж, 120 сая ам.долларын санхүү­­­жилтийг шатахуун импорт­­­логчдод олгохоор бол­­сон.

 

Харин хариуд нь ша­­тахуун импортлогчид жи­жиглэнгийн  худалдааны  үнээ тогтвортой байлгах гэ­­рээнд гарын үсэг зурсан би­­лээ. Гэтэл бензин, шата­хууны үнэ нэг литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь ямар учиртай талаар хол­богдох албаны хүмүүсээс тодруулснаа хүргэе.

 

Шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүй



-Шатахуун  импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмчихлээ. Энэ талаар танайд урьдчилж мэдэгдсэн үү?

-Монгол Улсад өрнөж буй бүх үйл явдлыг төр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн үнэ нэмэгдэж байгаа нь дур мэдэн хийсэн асуудал биш. Бензиний үнэ бол монгол­чуудын хувьд маш эмзэг сэдэв. Тиймээс иргэд шатахуунтай холбоотой үнэн зөв мэдээллийг авах нь хамгийн чухал. Манай улс жилдээ нэг сая тонн орчим шатахуун хэрэглэдэг. Үүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь бензин байдаг.

 

Харин нийт хэрэглээний 60 хувь нь уул уурхайн томоохон үйлдвэрүүдэд зарцуулагддаг. Тэгэхээр үл­дэж буй 40 хувь нь шата­хуун түгээх станцуудаар буюу жижиглэнгийн худал­даагаар борлуулагдаж байна гэсэн үг. Шинэчлэлийн Засгийн газраас бөөний буюу уул уурхайн томоохон үйлд­вэрүүдэд нийлүүлж буй шатахууны үнийг зах зээ­лийн зарчмаар, харин жи­жиг­лэнгийн зах зээлийг тогт­вортой байлгах бодлогыг хэрэгжүүлж байгаа.

 

Өмнө нь уул уурхайн үйлдвэрүүдэд нийлүүлдэг шатахуун, жи­жиглэнгийн худалдаа хоёрыг нэг л зах зээл гэж үздэг байсан бол одоо хоёр ангилж, иргэдийн нуруун дээрх хүнд ачааг төрөөс хөнгөвчилж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.



-Та энэ удаа шатахууны үнэ нэмэгдсэнийг хууль ёс­ных гэж үзэж байгаа юм уу?

-Тийм ээ. Хэрвээ тө­рөөс тодорхой бодлого хэрэг­жүүлээгүй бол шатахууны үнэ литр тутамдаа 210 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Тодруулбал, жижиглэн­гийн үнийг тогтвортой байл­гах үүднээс Засгийн га­зар, Монголбанк, шата­хуун импортлогчидтой гэрээ байгуулсан.

Энэ дагуу одоогийн байдлаар 82.5 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зарим импортлогчид олгосон. Мөн валютын ханшийн эрс­дэлээс бүрэн чөлөөлж буй нь тодорхой үр дүнд хүрч байна. Манай улсад өнгөрсөн тавдугаар сараас хойш шата­хууны үнэ тогтвортой байсан нь мөн л төрийн бодлоготой холбоотой.



-ОХУ экспортын тат­вараа бууруулж байна гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар танайхаас судалгаа хийсэн үү?

-ОХУ-ын Сангийн яам­ны мэргэжилтнүүд ши­нэ он гараад зарим гаа­лийн татвараа бууруулах боломжтой гэсэн ярилц­лагуудыг өгсөн байна лээ. Энэ бол албан ёсны эх сурвалж биш. Хэрвээ он гараад хил гаалийн үнэ тодорхой хэм­жээгээр буурвал одоо тогтоод байгаа үнэд хяналт тавина.

Урьд нь ОХУ үнээ нэм­лээ гэхэд манай нефтийн бүтээгдэхүүн импортлогчид үнээ нэмчихээд, хилийн үнэ буусан ч гэсэн үнээ буулгадаггүй байсан. Одоо энэ байдлыг хална. “Рос­нефть” компани үнээ буул­гасан тохиолдолд ма­найх ч дагаад буурах ёстой гэсэн зарчим үйлчлэх ёстой. Яагаад гэвэл Засгийн газар нэгэнт бодлогоо хэрэгжүүлж, хөнгө­лөлттэй зээл олгож байгаа учраас үнийн асуудалд төр оролцох эрхтэй. Манай ШӨХТГ үүнийг хянах үүрэг хүлээсэн.



-Шатахууны үнэ ямар нэг хэмжээгээр өсөхөд өдөр тутмын хэрэглээ бол­сон талхнаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнэ нэмэгд­дэг. Үүнд танайхаас ямар хя­налт тавьж байна вэ?

-Бид өртгийг тооцож үзсэн. Нэг литр бензин 50 төгрөгөөр нэмэгдэхэд нэг ширхэг талх дөрвөн мөнгө, нэг кг мах 20 хүрэх­гүй төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

Харин бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхээр бүх юмны үнэ 50 төгрөгөөр өсдөг байж таарахгүй. Хэрвээ энэ байдлыг далимдуулж, хууль бусаар үнээ нэмсэн тохиолдол гарвал бид арга хэмжээ авах болно.

 

Үнийн асуудлаар “Роснефть”-тэй хэлэлцэнэ



-Шатахууны үнийн зөв­лөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, үнэ нэмэх асууд­лыг ярилцсан гэсэн. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Хувийн  хэвшил, ир­гэний нийгмийн болон тө­рийн байгууллага оролцсон Үнийн зөвлөл гэж байдаг. Гэхдээ энэ байгууллага үнэ тогтоодоггүй юм. Үнийг хувийн хэвшлийнхэн, ШӨХТГ-аас тогтоодог.

Үнийн зөвлөлийн хур­лаар шатахуун импорт­лог­чид үнээ зайлшгүй нэ­мэх шаардлагатай гэсэн үндэс­лэлүүдээ танилцуулсан. Тэ­гээд үнэ нэмэх үндэслэлээ, хэдэн  хувиар  нэмэх   шаард­лагатай байгаагаа ШӨХТГ-т танилцуулсны эцэст үнээ өсгө­сөн нь энэ юм.



-Шатахууны  үнэ нэмэг­дэх болсон гол үндэслэл нь юу байв?

-Бид дотоодоос шалт­гаалах хүчин зүйлсээ үндсэн­дээ шийдвэрлэсэн гэж бо­дож байгаа. Монголбанк, Засгийн газар хоорондын гэрээний дагуу шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон. Шатахуун им­портлогчдын валютын ханшийн эрсдэлийг Төвбанк даахаар болсон зэрэг арга хэмжээнүүдийг авсан.

Харин гадаад хүчин зүй­лийг бид яаж ч чадахгүй. Тийм учраас үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна. Сүүлийн дөрвөн сард ОХУ-ын гаалийн татвар тогтмол нэмэгдэж байна шүү дээ.



-Гадаад зах зээлтэй хол­боотой асуудлыг Засгийн газар хоорондын яриа хэ­­­л­эл­­цээрийн шугамаар зо­­хи­­­цуулах боломжтой гэж үз­дэг. Манай талаас ОХУ-д шатахууны   үнийн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух хүсэлт тавь­сан уу?

-Саяхан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан бол­сон. Энэ хурлаар манай­хаас шатахууны  үнэтэй  холбоотой асуудлыг тавь­сан. Өөрөөр хэлбэл, дээд түвшинд нь шатахууны үнээ бууруулах ямар боломж байна гэдэг талаар хэлэлцэж эхэл­сэн. Он гарсны дараа ма­най тө­лөөлөгчид ОХУ-д хэ­рэг­жүүлэх шатны хүмүүс­тэ­й уулзахаар болсон.



-ОХУ зөвхөн манайд ний­­лүүлэх нефтийн бүтээг­дэхүүнийхээ гаалийн тат­варыг нэмсэн гэх яриа ч гарч байна?

-2013 оны эхээр хийгдэх уулзалтаар энэ асуудлыг тодорхой ярилцах байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ямар шалтгаанаар үнээ нэмэхээр болсон. Харин бусад оронд бага үнээр нийлүүлж байгаа бол яагаад гэх зэрэг асуултыг тавих л болно.



-Зарим эх сурвалжид ОХУ Таван толгойн ордод оролцохын тулд шахаа хийж байна гэж үзэж байгаа. Танай яамны зүгээс хилийн үнийг ямар шалтгаантай гэж үзэж байгаа вэ?

-Ер нь “Роснефть” ком­пани техникийн шинэчлэл хийж байгаа, дотоодынхоо хэрэгцээг хангахад илүү анхаарч байгаа гэсэн шалт­­гааныг хэлдэг. Энэ бүгдийг газар дээр нь очиж ярил­­цаж байж тодорхой бол­гоно. Харин манай Таван толгой ордод орох гэж нефтийн бүтээгдэхүүнээрээ шантаажилж байна гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Бид “Роснефть” компани бусад оронд ямар байдлаар бүтээгдэхүүнээ нийлүүлж байна вэ гэдгийг харьцуулан үзнэ. Тус компанийн зүгээс тодорхой  тайлбар  хийнэ байх  гэж бодож байна. Хэрвээ ОХУ бусад оронд нефтийн бүтээгдэхүүнээ манайхаас бага үнээр нийлүүлдэг бол өөр зорилгоор үнийн дарамт үзүүлж байна гэж ойлгоход хүрнэ.   


Эх сурвалж: "Өглөөний сонин"