sonin.mn

 

Хар тивийн Нигери улсад хүчирхийлэлд өртөж, хохирсон С.Энхмаа гэх бүсгүйн тухай монголчууд бид хоёр долоо хоногийн өмнө youtube сайт дахь дүрс бичлэгээс анх мэдсэн.
 
 
Энэхүү бичлэг нь одоогоос хэдэн сарын өмнө хийгдсэн бөгөөд тэр үед Монголоо зорихоор болсон С.Энхмаа бүсгүй өнгөрсөн амралтын өдрөөр эх орондоо ирсэн. Тэрбээр ирсэн цагаасаа хэвлэл мэдээллээс зугтаж, ярилцлага өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзаж байсан юм. 
 
 
Түүний нөхөр 42 настай Кристоффер Анакуба Монголд амьдарч байжээ
 
Сумъяагийн Энхмаа гэр энэ бүсгүй амьдралын шаардлагаар Хятад, Монгол хоёрын хооронд бараа зөөж, наймаа хийдэг байжээ. Тухайн үед тэрбээр нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. Ингэж явахдаа Америк гаралтай Нигер улсын иргэн 42 настай Кристоффер Анакубатай танилцаж, дотносжээ.
 
 
Анхандаа тэд жирийн танил, найз нөхдийн харьцаатай байсан ч удалгүй бие биедээ сэтгэл алдарсан ажээ. Энэ тухай ярихдаа тэрбээр “Нөхөр маань надтай анх танилцаж байхдаа хайлсан тугалаг шиг сайхан зантай, их халамжтай хүн байсан. Түүний тэр байдалд нь хууртаад түүнд сэтгэл алдарсан.
 
 
Тэр үед би монголд хоёр хүүхэдтэй, нөхөртэй байсан. 2005 онд монгол нөхрөөсөө салж, охиноо монголд төрүүлсэн. Анхандаа амьдрал үлгэрийн юм шиг сайхан байлаа.
 
 
Тэр үед Кристофер монголд ирж очоод надтай хамт амьдардаг байсан. Бид монголын зах зээл бизнес хийхэд арай жижигхэн юм гэж ярилцаад 2009 онд бага охиныгоо хэвлийд нь Нигерийг зорьсон” гэсэн юм.
 
 
С.Энхмааг цагаан арьстай учраас харддаг байжээ
 
-С.Энхмааг Нигерт очиход бүх зүйл орвонгоороо эргэжээ. Нөхрийнх нь ааш зан эрс өөрчлөгдөж, долоон сартай жирэмсэн байх үеэс нь түүнд гар хүрч, хүчиндэж, хүчирхийлж эхэлжээ. Тодруулбал, Нигерт цагаан арьстай ази бүсгүй бараг харагддаггүй  аж.
 
 
Тиймээс эхэндээ Кристоффер Анакуба архи уухаараа С.Энхмааг хардаж, хэд хэд алгадаж авдаг байсан гэнэ. Гэвч энэ байдал даамжирсаар эрүүл байхдаа С.Энхмааг долоон сартай жирэмсэн байхад нь “Чи хятадтай адилхан харагдаад байна” хэмээн үсдэж, хүчиндэж байжээ.
 
 
Түүнээс хойш байнга гар хүрэх болсон бөгөөд “Чи бол Хятад. Хятадын монгол хүүхэн” гэж хэл амаар доромжлон, гарт таарсан болгоноо шиддэг, цохидог болсон гэнэ.
Анхандаа С.Энхмаа бүсгүй удаа дараа тус улсын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан ч “гэр бүлийн асуудал” гэх шалтгаанаар нөхөрт нь өгөөд явуулдаг байжээ.
 
 
Тэгээд гэртээ хариад дахиад л зодуулна. С.Энхмаа охиноо төрүүлсний дараа 2010 оноос эхлэн Монгол руу буцах талаар олон арга сэдэж, чадах чинээгээрээ тэмцэж байж. Мөн түүний найз нөхөд нь ч интернэтээр Монгол улсын элчин сайдын яаманд мэдээлэл хүргүүлж байжээ.
 
 
Гэвч энэ бүхэнд манай гадаад харилцааны яам болон бусад холбогдох газрууд хариуцлагаггүй хандаж байсан бололтой. Энэ талаар С.Энхмаа youtube сайт дахь бичлэгтээ дурсдаг. Тэрбээр шөнийн 03 цагт хоёр охиноо дагуулан, нөхрөөсөө зугатаж, Христийн сүмээс туслаж гуйж ирснээс эх орондоо ирэх боломж нээгдсэн юм.
 
 
Охид нь унаган англи хэлтэй учраас сургууль, цэцэрлэг асуудал болоод байна
 
С.Энхмаа Каир, Лондон, Нью-Йорк дахь ЭСЯ-даар дамжин хоёр охинынх нь хамт өнгөрсөн бямба гаригт эх орондоо буулаа. Түүнийг ГХЯ-ны албаны хүмүүс болон гэр бүлийнхэн нь тосож авсан юм. Түүний том охин 2005 онд Монгол улсад төрсөн учир ээжтэйгээ адил монгол улсын иргэн юм байна.
 
 
Харин бага охиныг нь буцах үнэмлэхээр ирүүлсэн бөгөөд Монгол улсад төрсний гэрчилгээ олгохоор болсон. Тэд өдгөө ямар байдалтай байгаа талаар С.Энхмаагийн төрсөн эгчээс тодруулахад “Тэд эх орондоо сайн явж ирсэн. Дүү маань одоог хүртэл сэтгэлзүйн шокноосоо гарч ирж чадахгүй хүнд байдалтай л байна.
 
 
Харин охид нь онгоцноос буугаад ханиад хүрсэн. Ээлжилж халуураад л байна. Тэгж байгаад монголын цаг уурт зохицох байлгүй дээ. С.Энхмаа иргэний цахим бүртгэлд орж чадаагүй. Одоо хөөцөлдөөд явж байна.
 
 
Харин охид нь унаган Англи хэлтэй. Монголоор ойлгохгүй. Тиймээс сургууль, цэцэрлэг жаахан асуудалтай байгаа. Ямар ч байсан учир нь олдох байлгүй дээ. Хэвлэлийнхэн та бүхэн одоо биднийг тайван орхиоч. Бүх зүйл ард үлдсэн” гэж хэлээд утсаа таслав.
 
 
Ямартаа ч, нэг монгол хүн эх орондоо эргэж ирлээ.
 
 
Эх сурвалж: