sonin.mn
“Олгой хагаравч тогоон дотроо” гэж монгол ардын сайхан үг бий. Сонгууль дө­хөөд ирэхээр манай улс­төрчид нэг их сайхан царай гаргаж инээмсэглээд ард түмэн, эх орондоо чухам амиа өгсөн ч бэлэн хүмүүс болцгоочихдог.
 
Хаа газрын улстөрчид тэгдэг л байх. Гэвч сонгуулийн шоу хийж, элдэв амлалт өгөх, бүтэх бүтэхгүй төсөл хөтөлбөрийн талаар ярихдаа олон улсын харилцааны хэм хэмжээ, улс төрийн соёлын хүрээнд багтаж бусад орны хэрэгт оролцох, тэдний өмнөөс шийдвэр гаргах нь байж болохгүй явдал гэдгийг бо­дууштай. Энд тийм нэгэн бодит жишээг өгүүлэх гэж байна.  УИХ-ын сонгуулийн Орхон аймгийн тойрогт нэр дэвшсэн “Эгийн голын УЦС” төслийн нэгжийн захирал Д.Одхүү “Оросуудтай ойлголцсон, одоо асуудалгүй” гэж тодроод байсан чинь ОХУ-ын Элчин сайдын яамнаас шал өөр байр суурь илэрхийллээ.
 
Хөвсгөл далайгаас эх авдаг Эгийн гол дээр усан цахилгаан станц (УЦС) байгуулах талаар аль эртнээс яригдаж, 1991 онд Монгол, Итали, Швейцарийн хамтарсан баг 3.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1.4 саяын буцалтгүй тусламжийн хөрөнгө (нийт 5.2 сая ам.доллар)-өөр ТЭЗҮ боловсруулж байжээ.
 
Гэвч тухайн үеийн улс төрийн хүчнүүдийн толхилцоон, эрчим хүчний үнэ тариф бас ОХУ-тай үл ойлголцсоны улмаас хэдэн зуун хуудас цаас хаа нэгтээ хав дарагдаад өнгөрсөн байна. Харин 2014 оноос энэ асуудлыг дахин сөхөж, Засгийн газраас Эгийн голын УЦС-ын төслийн нэгжийг байгуулж, Д.Одхүүг захирлаар нь томилсон байдаг. Ажил ч нэлээд эрчимтэй өрнөж, Францын компанитай хамтран 1.8 сая евро буюу гурван сая ам.доллараар дахин ТЭЗҮ боловсруулж батлуулжээ. Гэсэн ч Оросын талаас энэ бүтээн байгуулалтад төдий л таатай биш хандаж ирсэн юм. Тухайлбал, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын  Лимнологийн хүрээлэнгийн захирал Андрей Федотов, УЦС барьж байгуулах нь аюул занал багатай ч Байгаль нуурт сайн зүйл авчрахгүй гэж “Бизнес” фм радиод ярилцлага өгсөн байна.  
 
Мөн Оросын үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын асуудал сангийн тэргүүлэх зэргийн шинжээч Игорь Юшков “Дэлхийн хамгийн цэнгэг устай, том нуурыг сүйрэлд хүргэх энэ төслөөс татгалзахад нь Монголд шахалт үзүүлж болох юм. Бид Монголтой тохиролцож болно, тэгэх ч ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ.
 
Тэгвэл өнгөрсөн сарын 23, 24-ний өдөр Монгол, Оросын талын уулзалт Улаанбаатарт болсон. Уулзалтын дараахан “Эгийн голын УЦС” төслийн  нэгжийн захирал Д.Одхүү “Бид оросуудтай ойлголцож, протоколд гарын үсэг зурлаа” гэж твиттер хуудаснаа жиргэсэн байдаг.
 
Уг нь Эгийн голын УЦС-ыг барьчихвал суурилуулсан хүчин чадал нь 315 мв байх бөгөөд манай улсын төвийн эрчим хүчний системийн хүчин чадал нэмэгдэж, цахилгааны нөөцтэй болсноор импортын хамаарлаас гарах гээд олон талын ач холбогдолтой ажил болох юм. Гэтэл Д.Одхүү захирлын мэдээллийг хүлээж авсан баярын магнай тэнийж амжаагүй байтал Оросын талаас шал өөр мэдэгдэл хийгээд эхэллээ. Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх В.В.Дагмийн “Bloomberg Мongolia“ телевизээр ярихдаа, “Өнгөрсөн сарын 23, 24-ний өдөр  болсон уулзалтыг Монголын талаас санаачлан Байгаль нуурын сав газарт багтдаг гол мөрнийг түшиглэн барих УЦС-ын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан юм. Энэ үеэр Оросын талын ахлагч ОХУ-ын Байгаль Орчмын асуудал хариуцсан албаны орлогч дарга  А.Амерхан уулзалтыг  өргөн хүрээнд, хоёр талын шинжээчдийн зөвлөгөөн болгох санал гаргасныг оролцогчид дэмжсэн. Зөвлөгөөний эцэст санамж бичиг байгуулсан юм” гэж онцоллоо. Мөн УЦС байгуулах ажилд шахалт нөлөө үзүүлэх гэсэн санаа байхгүй. Гагцхүү Байгаль нуурын байгаль орчны тэнцвэрийг хадгалах нь  бидний зорилго байх болно гэж байр сууриа илэрхийлсэн юм.
 
ОХУ нь дэлхийн үнэт өв, цэвэр усны сан Байгаль нуурыг эзэмшдэгийн хувьд хайрлаж хамгаалах үүрэгтэйг В.В.Дагмийн хэдэнтээ онцлоод Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа “Эгийн голын асуудлаар ОХУ-тай тохиролцож чадлаа” гэсэн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байгааг хэллээ. Үүнийг ташаа мэдээлэл гэж няцаахын зэрэгцээ “Эгийн голын УЦС” төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй санал нийлүүлэхгүй хоёр ч зүйл байгааг тайлбарласан юм. Тодруулбал, Эгийн гол нь Байгаль нуур, Сэлэнгийн сав газарт бус Хөвсгөлийн сав газарт багтдаг гэж мэдэгдсэн нь ташаа мэдээлэл. Геологийн баримтаар Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авдаг боловч Сэлэнгэд цутгаж, цаашлаад Байгаль нуурт хүрдэг. Тийм ч учраас Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын сав газарт Эгийн гол багтдаг гэдэгтэй эрдэмтэн судлаачид санал нэгддэг тухай тэрбээр хэллээ.
 
“Нөгөө талаар дотоодын ай савд Эгийн гол багтаж байгаа учраас 1995 оны хэлэлцээрт хамаарахгүй гэж үзээд “Эгийн голын УЦС” төслийн нэгжийн захирал хэнтэй ч санал солилцолгүй бид даан  шийдвэр гаргах эрхтэй болсон гэж ойлгоод байна. Бид үүнтэй санал нийлэх боломжгүй. Тэгээд ч Эгийн голын УЦС-ын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх саналыг Оросын тал хүлээн авч байна гэж  протоколд тусгахыг бид огт зөвшөөрөөгүй юм. Үүнийг уулзалтад оролцсон талууд болон ажиглагчид батална” гэж эрс тэс мэдэгдээд байна. Бичвэрийн эхэнд  өгүүлсэн” тогоон дотроо хагарах ходоод” маань энэ л дээ. Булган аймгийн нутгаар дайран урсах Эгийн гол дээр барих УЦС-ын барилгын болон усан сан, далангийн ажлыг Хятадын “Чайна Гэжүба” компани концессын гэрээгээр гүйцэтгэнэ.
 
Энэ зорилгоор Хятадаас нэг тэрбум ам.доллар зээлсэн гэх мэдээллүүд оросуудад мэдээж таалагдахгүй байгаа. Дээр нь Эг, Шүрэнгийн гол дээр барих УЦС-ын ажлыг Оросын Ерөнхийлөгч В.Путин хүртэл анхааралдаа авч, хараандаа оруулчихсан энэ үед “Эгийн голын УЦС” төслийн нэгжийн захирал Д.Одхүү “Оросуудтай тохиролцлоо. Одоо ажлаа эхэлнэ” гэж том толгойлон мэдэгдсэн нь сонгуулийн шоу байсан бололтой.
 
Энэ бол унаж, босч явсан Орхоны тойргийн сонгогчдын тархийг угааж, худал үнэн амлахтай зүйрлэхийн аргагүй том бүтээн байгуулалт, том улс төр,  улс, эх орны хувь заяатай холбоотой олон улсын асуудал гэдгийг АН-ын нэр дэвшигч бодсон л байгаасай. Үнэгүй бяслаг хавханд л байдгийг монголчуудад сануулж байсан их гүрэнтэй арсалдаж, худлаа шоудаж байж”... хулгана муурын сахлаар оролдов” гэгч болох вий.
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин