sonin.mn

Би Солонгосын олон ангит кинонуудыг үзэх дургүй. Гэхдээ түү­хэн кинонуудыг нь үзэх дуртай.

Солонгос бол тун ч яд­магхан түүхтэй улс. Гэвч тэд бүтээсэн киногоороо өөрс­­­дийгөө  агуу хаад,  жан­жидтай, сүрхий улс мэ­тээр харуулж,  сурталчилж чад­даг. Түүхийг гуйвуулж бо­­лохгүй гэдэг ч өвөг дээд­сийнхээ дайчин алдар, бай­­­гуулсан гавьяаг хойч үеийн­хэн нь түүхэн киногоор л дамжуулан мэдэрч, бахар­хан дээдэлдэг билээ.

Гэтэл монголчууд түүхэн киноны талаар тун ч бага туршлага хуримтлуулсан улс. Тэр ч бүү хэл, олон жи­лийн туршид түүхэн кино хийгээгүй. Харин өнгөрсөн оноос үүнийг ухамсарласан киночид түүхэн киногоор за­нималдаж эхэлсэн. Мэ­дээж, шүүмжлэх амархан. Хийх л хэцүү. Гэвч юм хийж байгааг нь үнэлээд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч бо­ломгүй санагдана.

Муучлагдсанаа өмгөөлж, сайшаагдсанаа доройтуулсан “Долоон бурхан харвадаггүй”

1951 оны хүйтэн өвөл эх нутагтаа эргэж ирэх­гүйгээ мэдэвч явахаас өөр аргагүйд хүрэн шаналж, басхүү ганцаардсан Ардын намын анхны долоогийн сүүлч, өрлөг жанжин Х.Чойбалсангийн 31 жилийн өмнөх дурсамж буюу “Анхны долоо”-гийн цугларсан түү­хээр кино эхэлнэ.

Ки­ноны нээлт бо­лохоос өмнө уран бүтээлчид нь “Ардын хувьсгалын  анхны  долоогийн амьдрал, тэмцлийг харуулах боловч энэ удаа зохиолч бидний мэ­дэхгүй үнэн түүхийг сө­хөн гаргаж ирсэн” хэ­мээн рекламдаж байлаа.

Гэвч киноны нээлтийн үеэр “Монголчуудын уламж­лалт баяруудаар ёс мэт гардаг “Өглөө”, “Тэмцэл”, “Сүхбаатар” гэх мэт кинонд тэр үеийн дэвшилтэт үзэлт Д.Бодоо, С.Данзан нарыг Ардын намын “дугаар нэг” хорлонтой дайсан, гад­ных­ны гар хөл, тагнуул байсан мэтээр өгүүлдэг.

“Та түүхээ мэдэхгүй бол танд түүх зохиож өгөх хүн зөндөө олдоно” гэсэн хатуу боловч үнэн үг үүний бодит жишээ.

Энэхүү   үзэл   сур­т­лын    га­жууд­лыг   зохиолч   Ж.Мөнх­бат   зал­руулан  зөвт­гөж, орчин ца­гийн киноны хэлээр “Үнэн түүхээ сэргээн харуулах”-ыг зорьж, анхны шавыг нь тавьсан” хэмээн ярих зарим хүний өмнөөс  ичиж суулаа. Учир нь, ки­ног үзэж суухад “Яриад бай­сан шинэ түүх зохиогч нь “Долоон бурхан харвадаггүй” киноны зо­хиолч өөрөө юм биш үү” гэсэн бодол төрсөн юм.

Түүхийн золиос болон хэлмэгдсэн Д.Бодоо, С.Дан­зан нарын үнэн түү­хийг өгүүлж, тэдний эрэмгий зориг, Монголоо гэсэн сэт­гэлийг харуулсан нь сайн хэрэг. Тэднийг өөдгүй ур­вагч хэмээн боддог хойч үе маань энэ л киноны ачаар Д.Бодоо, С.Данзан нарыг хүндлэх сэтгэл, бахархах үгс цухалзуулж байна.

Гэвч Ардын хувьсгалыг эх орондоо авч ирсэн агуу удирдагч, үеийн үед маг­тагдан сайшаагдсаар ир­сэн Д.Сүхбаатар, Х.Чойбал­сан нарын эр зориг, нэр төрийг “нам даржээ”. Тэдний за­луу халуун насны дүрийг бү­тээсэн жүжигчид хэтэрхий муу жүжиглэснээс гадна  зо­хиолч ч тэдний дүрийг то­дотгон харуулах юу ч хийсэнгүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй л болов уу.

Мөн “Анхны долоо”-гийн хувь хүний шинж чанар, зан ааш, онцлогуудыг тодруулан харуулж чадсангүй. Тэдний амьдрал, тэмцлийн тухай өгүүлэх нь киноны гол зорилго. Гэтэл Анхны до­лоо­гийн “үнэн түүх”-ийг нээн илрүүлэх явцдаа тэдний зөр­чил, монголчуудын дотоо­дын тэмцлийг ор мөргүй үгүй хийж, түүхийн тэрхүү алдааны бүх бурууг Орос ах нартаа бүрэн тохсон байна.

Тэр ч бүү хэл, тэдний үхлийн гол шалтгаан, хувьсгалын төлөөх тэмцэл, амьсгал хураах мөчийн та­лаар түүхийн үндэстэй ха­руулж чадсангүй. Ту­хайлбал, Д.Бодоог 1922 оны наймдугаар сарын 31-нд цаазлахаасаа өмнө хэд хэдэн удаа байцааж, өчиг мэдүүлэг авсан тухай түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээсэн.

 Жанжин Д.Сүхбаатарыг өвчтэй байх үед Богд хааны оточ ирж, судсыг нь барьж үзээд, тан өгөхийг зөвлөсөн ч оросууд ямар ч эмчилгээ хийгээгүйн улмаас учир би­­түүлгээр бурхны оронд од­­соныг монголчууд сайн мэднэ.

Гэтэл “Долоон бурхан хар­вадаггүй” кинонд хү­мүү­сийн мэдэх эдгээр түү­хийг тодруулан тусгаж өгч чадаагүйн дээр түүхийг гуй­вуулан, баллуурдсан байна.

Найруулагч нь кинондоо хэтэрхий олон алдаа гарга­жээ. Гоминданы генерал Сүй Шүй Жан хорионд буй Богд хаантай ирж ярилцдаг хэсэг тун ойлгомжгүй. Сүй Шүй Жаныг хятадаар ярихад Богд хаан монголоор хариулж байх юм. Энэ явдал Барон Унгерн Богд хаантай болон Сундуй гүнтэй уулздаг хэсэгт мөн давтагдана.

Чойбалсанг Орост сурч байсныг тодотгохын тулд хамт сурч байсан орос бүс­гүйг оруулж ирсэн байна. Гэвч энэ нь хэтэрхий хиймэл болжээ. Мөн Чойбалсан түүн­тэй ойлгоход хэцүү аял­гатай орос хэлээр ярьж байх юм.

Элбэгдорж Ренчино Д.Сүх­­­­­­баатар жанжны туслах Гарамыг ойд явахад нь хэрхэн яаж олж очсон нь бас л ойлгомжгүй. Гарам, Сүх жанжны өгсөн бичгийг Д.Бодоод өгөхөөр олон хоног явдаг ба тэдний ажилладаг яам хоорондоо хэчнээн ч километр зайтай юм, бүү мэд.

Гарамын дүр уг нь Х.Чойбалсан, С.Данзан на­рыг гамингуудаас аврахын зэрэгцээ гэр бүлийнхээ өс хонзонг авсан үйл явд­лаар аль хэдийнэ үүргээ гүйцэтгээд дууссан. Гэтэл түүнийг дахин гаргаж ирж, хүчээр шахам үхүүлж байгаа нь хачирхалтай.

Энэ мэтээр олон алдааг дурдаж болно.

 

Сэтгэл, зүтгэлээр баян, эд материалаар ядуу “Богд хаан”

Өнгөрсөн оны сүүлчээр кинотеатруудад гарч эхэл­сэн “Богд хаан” Улаан­баа­тар кино наадамд таван но­минацад өрсөлдөж, Кан­нын фестивальд Мон­голоо төлөөлөн оролцоод ирсэн.

“Богд хаан” кино үзсэн хүн бүрийн сэтгэлийг хө­дөлгөж чадсаныг үгүйсгэх аргагүй. Гэвч киноны үйл явдал, жүжигчдийн ур чад­вараас шалтгаалсан хэрэг огтхон ч биш. Кинонд дүрс­лэгдсэн өмнийн их говь, шувууд жиргэж, цэцэгс алаг­ласан ой, мал сүрэг багширсан хөдөө нутгийн сай­­хан зураглалууд ийнхүү үзэгчдийн сэтгэлийн нандин утсыг хөндсөн хэрэг.

Монголын онгон бай­галь дэлхий нийтийг алмай­руулдаг. Тиймээс Каннын кино наадамд эх орноо тө­лөөлөн оролцоход эдгээр гайхам зураглал ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болов уу.

VIII Богдыг  ихэнх ки­нонд шашины үйлд хэтэрхий үнэнч зүтгэснээр номхон хүл­цэнгүй, төрийн хэргийг удирдан залах чадваргүй болсон, бусдыг аялдан да­­галдагч нэгэн байсан мэ­тээр үзүүлсээр ир­­сэн. Ийн­­хүү Монголын түүхэнд тө­дийлөн үнэтэй  хувь нэмэр оруулаагүй м­э­тээр бичигдэж, яригдсаар ирсэн Богд хааны тухай энэхүү киног үзсэнээр “Богд хаан ийм сайхан хүн байсан юм гэж үү” гэж уулга алдах хүн ч цөөнгүй тааралдсан юм.

Уг  киноны уран бүтээл­чид “Богд хаан төвөд гарал­тай ч Монголын төлөө хийсэн гавьяатай хүн” гэдгийг ки­но­гоороо дам­жуулан ха­руулахыг   зорь­жээ.  Тэд   зо­рил­­­годоо хүрч чадсан. Богд хаан эрдэм боловсролтой, засаг ноёд төдийгүй ард түмэндээ хүндлэгдсэн, анагаах ухааны мэдлэгийг хүртэл эзэмшсэн, энгийн даруу нэгэн байжээ гэдгийг үзэгчид ойлгосон.

Богд хаан Оросын төлөө­лөгч эхнэр, нөхөр хоёрыг гэртээ дайлж байхдаа Дондог­дулам хат­наа “Хөгжим тог­лож сонир­хуулаач” хэмээн хүс­дэг хэсэг кинонд бий. Дондогдулам хатан том цагаан төгөлдөр хуурын ард суун уянгалаг сайхан ая тоглоно. Киноны уран бүтээлчид үүгээр Богд хаан болоод түүний гэргий гад­­нын соёлыг мэддэг, бо­ловсролтой хүмүүс байсан хэмээн харуулахыг хүссэн бололтой. Энэ нь үзэгчдийг “Тэр үед Монголд төгөлдөр хуур байсан гэж үү” хэмээх эргэлзэлд хүргэсэн.

 Гэвч энэ бол уран сайхны энгийн нэгэн хэтрүүлэг биш. Учир нь, нэрт аялагч, эрдэмтэн П.К.Козлов нэ­гэн тэмдэглэлдээ “Хү­рээ­нийх­­ний яриагаар бол Богдын ордон европ мая­гаар тохижуулагдсан, бүр тө­­­гөл­дөр хуур хүртэл байр­луул­сан байдаг гэнэ. Тэнд үнэ цэнтэй бүхэн бий” хэмээн бичиж үлдээжээ.

“Богд хаан” киног өр­гөж өгсөн бас нэгэн зүйл нь ихэвчлэн мэргэжлийн жүжигчид тоглосон яв­дал юм. Олны хэсэг нь хүртэл найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй театрын жүжиг­чид. Түүнчлэн Богд хаан бол Монголын төрийн агуу зүтгэлтнүүдийн нэг хэмээн харуулахаас гадна хувь хү­ний онцлог, сэтгэл зүйг тодотгон харуулсан нь бас нэгэн ололттой тал байлаа.

Гэвч буу зэвсэг, хувцас хунар, эд хэрэглэлийн хувьд тун ч ядуу кино болс­ныг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Түүхэн ки­ног сэт­гэхүй, эд баялаг, ма­териал хэрэгслийн хувьд ядуулаг хийснээр тухайн киноны үнэлгээг хэрхэн буулгаж болд­гийг эндээс харж болох юм.

 

Тарчиг сэтгэлгээ, ядуу жүжиглэлттэй “Аравт”  

 

Хоёр жилийн турш хү­лээгд­сэн “Аравт” кино уран бүтээл талаасаа үзэгчдийн сэтгэлд хүрч чадсангүй.

Сайн кино бүтээхийн үндэс нь зохиол байдаг. Гэтэл уг киноны зохиол үзэгчдийн төсөөлсөн шиг сайн бай­сангүй. Тун ч тарчигдуу са­наатай, ядруу зохиол болжээ. Аравтыг бүрдүүлж буй арван хүний арван өөр зан ааш, ёс суртахуун, сэтгэл зүрхний асуудал хөндөгдөх болов уу гэж хүлээж байлаа.

Хүлээлт талаар өнгөрөв. Киног сонирхолтой бол­гож, үзэгчдийн харц, анхаарлыг дэлгэцнээс сал­галгүй барьж байхад чухал үүрэг гүй­цэтгэдэг хорон са­наат, хорт “шулам”-ын дүр ч гарсангүй. Мөн тулаант хэсэг бараг байхгүйгээр үл барам арван аялагч дэлхийг тойрч яваа мэт аялсаар үйл явдлын 70 хувийг  дуусгасан  нь үзэгч­­дийг үнэхээр уйдаалаа. Арав­тын тухай шинэ түүх зо­хио­хыг зорьсон ч тэр нь сайн болж чадсангүй.

Аравтын дүрүүдээс үзэгч­дийн сэтгэлд хамгийн их хүрсэн нь Хээхэр баатрын дүр. Орхигдсон хүүхдийг аварч, аавыгаа тулаанд ороход нь морийг нь эмээл­лэж өгч байгаа зэрэг үйлдэл нь монголчуудын сэтгэлийг үнэхээр хөдөлгөж чадсан юм. Жинхэнэ монгол ёс заншил, монгол хүний сэтгэлгээ бай­санд л үүний нууц оршиж байгаа болов уу.

Начин баатрын дүр ч мөн үзэгчдэд таалагдсан. Энэ ки­нонд бусдаас ялгарч буй хоёр­хон дүр байсан нь Хээ­хэр болон Начин баатар учир арга ч үгүй биз.

Киноны хөгжим сонссон хүн бүр огшмоор сайхан бол­жээ. Гэвч анх зарлиг хү­лээж  авахад хөгжим хэ­тэрхий нү­­сэрд­сэн. Мөн гавьтай үйл явдал өрнөөгүй байхад цо­­хилуур хөгжим чангаар нүр­гэлж байв. Хөг­жим эрчтэй бол­могц үзэгчид чухал эг­зэг­тэй үйл явдал болох нь ээ хэмээн хүлээнэ. Даанч тийм үйл явдал өрнөхгүй нь ха­чирхалтай.

Мэргэжлийнхэн “Хү­­мүү­сийн мэдэхгүй мар­тагд­сан соёлуудыг сайн сэргээж өгсөн” хэмээн дүгнэж байна. Басхүү гуйвуулгатай зүйлсийг ч их оруулжээ. Монголчууд байгаль дэлхий, ан амьтан, араатан жигүүртнүүдтэй шү­­­тэлцээтэй амьдардаг онц­логтой ард түмэн. Ялангуяа чонын тухай сайн мэднэ. Энэ тэнгэрлэг амьтан үхсэн хүн байтугай, амьтны сэгэнд ч ойртдоггүйг монголчууд сайн мэддэг. Гэтэл Чонос овгийнхон үхэх нь тодорхой болсон амьд хүнийг чононд өргөдөг заншилтай байсан мэтээр уг кинонд өгүүлжээ.

Түүнчлэн овгийн нэ­рийг шууд утгаар нь ойл­гос­ноос алдаа гаргасан нь ажиглагдсан. Тодруулбал, нас барагсдаа хөдөөлүүлэхдээ чо­ныг дуурайн ульж байх юм. Энэ нь, Өвөрмонгол, Ар Монгол хоёрын соёлын ялгаа, ёс заншлын зөрчлөөс үүдсэн алдаа ч байж магад.

Харваачдын хэрэглэл, бээлий, хурууны хамгаалалт зэрэг жижиг хэрэгслүүдийг сайн хийжээ. Ха­рин хуягны тухайд хуяг гэхээсээ илүү том хар ачаа үүрчихсэн, түүн­дээ тээртсэн хүмүүс шиг ха­рагдаж байв.

Чухал хэрэгтэй агшинд гэнэт таслах, эсвэл ямар ч хэ­рэггүй үзэгдлийг дэндүү удаан харуулах гэх мэт эв­лүүлгийн алдаа  нэлээд ажиглагдлаа.

Сүх шидэж байгаа эф­фек­тийг оруулсан атлаа сүх хэнийг онож байгааг ха­руул­сангүй. Сум харвахад хоромхон зуурт тусах атал хэтэрхий удаан “нисэх” юм.

Урт хугацаа, их мөнгө зарцуулсан “Аравт”-ын энэ мэт алдаануудыг ажиглаваас  хоёр жил биш хоёр сарын дотор яаран сандран хийсэн мэт дулимаг санагдсаныг нуух юун.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"