sonin.mn

Энэ удаагийн дугаартаа театр, киноны нэрт жүжигчин, МУГЖ Г.Равдантай ярилцлаа. Урлагийн алтан үеийн гол төлөөлөгч, олон сайхан дүр бүтээж, уран үгсийн чуулганаар үзэгчдийг байлдан дагуулсан тэрээр "Ацаг шүдний зөрүү", "Сүүдэр" "Алтаншонхор", "Би нисэх дуртай", "Тод магнай", "Ану хатан"гээд олон сайхан кинонд дүрээ мөнхөлж явсан юм.

-Ярилцлагаа уран бүтээлийн сүүлийн үеийн сониноос эхэлье. Өгүүлэхүйн урлагийг олонд түгээж явна?

-Би энэ өгүүлэхүйн урлаг гэдэг зүйл дээр их олон жил ажиллаж байгаа хүн. Миний уншсан томоохон бүтээлүүдийг “Мон судар” хэвлэлийн газраас сонсдог ном болгож гаргалаа.

Энэ сонсдог номонд “Чонон сүлд”, Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн”, Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай” роман, “Өвгөн тэнгис хоёр” тууж, Владимир Набоковын “Лолита” роман, Габриель Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал” роман гэх зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг сонгон уншлаа.

Тун чамбай бүтээл болсон болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Харамсалтай нь манайд уран сайхны уншилт, өгүүлэхүйн урлаг, нэг хүний театрын хэлбэрийн уран бүтээлүүдийг үзэх, шүүмжлэх судлаачид нь алга.

Би өөрөө өөрийгөө үнэлээд дүгнээд явах нь хаашаа ч юм. Гэхдээ л энэ цагт уран сайхны уншилтын хэм хэмжүүр нь ямар байх ёстой юм, гүйцэтгэлийн ур чадвар нь ямархуу хэмжээнд үнэлэгдэх ёстой юм бэ гэдгийг гадарлахтайгаа болж байна. Тэрийгээ театрын ч бай аль нэг уран сайхны судпаач, шүүмжлэгчид, найруулагчид сонгох юмсан гэсэн бодол байдаг юм.

Гурван жилийн өмнө “Монгол" телевиз жинхэнэ телевизийн хувилбараар, ганц хүний өгүүлэмжийн хэлбэрээр нэвтрүүлэг хийх санал тавьсан. Монголын утга зохиолын дээж болсон, үе үеийн шилдэг романуудыг уншихаар болсон. Энэ нэвтрүүлгээ Улсын драмын эрдмийн театрын жүжигчин “хөх чоно”, МУГЖ С.Дамдин ахаар эхлүүлсэн юм билээ.

“Тунгалаг Тамир”-ыг уншиж эхэлсэн юм. Дараа нь би 2011 оныг дуустал бүхэл бүтэн таван роман уншсан. Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн”, Л.Түдэв гуайн “Оройгүй сүм”, Ц.Доржготов гуайн “Улаан орхимжны давалгаа”, С.Эрдэнэ гуайн “Хойд насандаа учиръя” гэх зэрэг. Эдгээр таван романыг унших гэж маш их хүч хөдөлмөр зарцуулсан.

Харамсалтай нь хүн амьтан унтсан хойно 23:00 цагт гаргадаг байсан. Их харамсалтай. Сүүлдээ бүр шөнө 01:00 цагт гаргаж байгаа юм даа. Уг нь бол залуус сонсох хэрэгтэй шүү дээ. Мэдвэл зохих улсуудад нь хүргэхгүй байгаа байхгүй юу. Тэр хар шөнө хэн үзэх вэ дээ.

Өнгөрсөн жил ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 190 жилийн ой болсон. Монголын радиогоор Г.Мэнд-Ооёо зохиолчийн “Гэгээнтэн” романыг бүрэн эхээр нь уншсан. Тэр бол тун давгүй болсон шүү. Хөдөө гадаанаас сонсогчид их сэтгэгдэл явуулсан гэсэн.

Радиод дүрс харагдахгүй ч яриагаар, өгүүлэмжээр, дуу чимээгээ  хүнийг татдаг. Энэ романыг уншихад ч найруулагчид мундаг ажилласан. Энд тэнд нь цохилттой хөгжмийн хэсэг цухалзуулах, дэвсгэрлэх гэх зэргээр найруулгатайгаар хүргэсэн.

Цэвэр үгийн урлаг, өгүүлэхүйн урлаг, үгээр хүний сэтгэлийг татах, хүний дотоод сэтгэл, дотоод зөрчил тэмцлийг нээж гаргах, үгээр хүмүүсийн хоорондох харьцааг илэрхийлж байгаа юм л даа.

-Өгүүлэхүйн урлаг гэдэг хэн дуртай нь хийчих ажил биш?

-Уншина гэхээр хүмүүс хэн дуртай нь уншчихна гэж боддог байх л даа. Уншина гэж яриахаас өөр яах вэ дээ энийг чинь. Тэр романд ганцаараа тоглосон гэлтэй нь биш„. Тэр олон баатруудын харьцаа, үйл явдлуудын өрнөлийг ганцаараа гаргана гэдэг амаргүй.

-Тухайн бүтээлдээ нэвт уусч байж тэгж уран уншина биз?

-Ажиллана л даа. Эндээс энэ хэсэг хүртэл 150 хуудас, үйл явдлын ийм дараалалтай, тэрний дараа энэ орж ирнэ, баатруудын харьцаануудыг толгойдоо өрнө шүү дээ. Тэгж байж уншихгүй бол болохгүй. Маш их ажиллагаа ордог.

-Тэгэхээр маш сайн ой тогтоолттой байх хэрэгтэй байх нь. Нас ахихаар ой тогтоолтонд нөлөөлөх юмуу?

-Ой тогтоолт шаардагдалгүй яахав. Мэргэжил минь шүү дээ. Энийг ингэж л хийх ёстой юм чинь. Зүгээр нэг харж үсэглээд, түгдчээд уншихгүй шүү дээ. Нас ахихаар мартагнах юм гарах юмаа.

Гэхдээ байнга л юм уншаад, дасгал хийгэад байхаар гайгүй. Хэсэг завсарлачихаар л төсөөрнө шүү. Мэргэжлийн ажлаа хийж байгаа учраас бас харьцангуй амар. Энгийн хүнд бол ингэж цээжлэх, унших амаргүй л байх.

-“Утгын чимэг” наадмыг анх зохиогдож эхэлснээс хойш тасралтгүй оролцож байгаа байх аа?

-“Утгын чимэг” наадам 1989 оноос зохиогдож эхэлсэн. Анх эхлэхдээ “Шувуун саарал” нэртэйгээр явагдаж байсан санагдана. Хамгийн анхны наадамд Д.Намсрайн “Жамухын өчил” өгүүллэгийг уншиж байсан юм.

Яахав өгүүллэг уншиж байгаа биднийг шалгаруулдаг биш зохиолч, бүтээлийг нь үнэлж шалгаруулдаг наадам шүү дээ. Наадам маань өөрөө нэг хоёр жил зохиогдолгүй өнжиж байсан байх. Анхандаа шилдэг 10 өгүүллэгийг тайзан дээр уншуулдаг байсан.

Сүүлдээ ч 12,15 гээд л нэмэгдээд л байна шүү дээ. Энэ жил гэхэд л Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтраад Ж.Лхагваа гуайн нэрэмжит болгоод зохион байгуулагдах сураг сонсогдож байгаад л намжпаа. Юу ч болсон юм бүү мэд.

-Тэгвэл танаар бүтээлээ уншуулахаар ирсэн хүмүүсийн бичсэнийг голж шилдэг үү?

-Намайг зориод ирсэн хэнийг ч цаашаа гэхгүй. Өгүүллэгт нэгэнт тодорхой хэмжээний уран дүр, утга санаа, дүрийн харилцаа, үр хөврөл байхад ийм, тийм гэж голж болохгүй. Наадамд оролцож байсан бараг бүх л зохиолчдын өгүүллэгийг уншсан даа. Сайхан л байдаг юм.

Залуустай уралдах нь гол биш. Тэдэнд үлгэр болж, ганц нэг мэддэг зүйлээ хэлээд өгөх нь илүү чухал юм даа. Олон хоног бэлдэж байж, зохиолдоо орж, автаж байж уншдаг юм шүү дээ. Залуу байхдаа ч нэг удаагийн наадамд гурван ч өгүүллэг уншиж байлаа.

Өвчтэй байсан байгаа юм шүү /инээв/. Ц.Доржготов гуай гэхэд л Архангайн Хашаатад амьдардаг байсан шүү дээ. Наадам дөхөөд ирэхээр хүнд дайгаад өгүүллэгээ явуулчихна. Ингэж л “Үдшийн үлгэр”, “Хуруун чинээ лааны гэрэл”, “Амгай зуузай хоёр” зэрэг өгүүллэгүүдийг нь уншиж байлаа.

-Ингэхэд шавь бэлтгэж байна уу?

-Надад шавь бэлтгэх сургалтын байр сав гэж байх ч биш дээ. Яахав хүүхдүүд хүрч ирээд ганц нэг асууж л байдаг юм. Тэгэхэд нь өөрийнхөө мэддэг зүйлүүдийг хэлж өгөөд л явуулдаг.

-Та энэ олон жил сайн уран бүтээлчдийн бичсэнийг уншиж ирлээ. Өөрөө бичиж үзсэн үү?

-Үгүй ээ. Цэвэр уран зохиолын төрлөөр бичнэ гэж байхгүй. Харин хүний бичсэн юмыг яаж өгүүлж ярихад арай энгийн, аятайхан болгох вэ гэдэг дээр, үгийн сонголт дээр ажиллана. Хүний юманд гар хүрчих гээдбайдаг юм. Гэхдээ том зохиолчид юу гэж л надаар гар хүргүүлэх хэмжээний юм бичих вэ дээ.

Харин дурсамж биччих юм шиг байна. Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ой энэ жил болж байгаа юм. Драмын театр тухайн жилдээ мэндэлсний тэгш ой таарч байгаа ахмад жүжигчдийнхээ ойг нэгтгээд эргэн дурсах үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Тэрнээс нь өмнө Б.Дамдинсүрэн гуай тухай дурсамж бичээд өгсөн. Одоо МУГЖ С.Сэлэнгийн тухай дурсамж бичиж эхэлчихээд байна. Бага багаар ахиулж л байна.

Тэр сайхан жүжигчнийг ид сайхан тоглож байх үед нь хамтран ажиллаж байсны хувьд тухайн хүний тухай, мэргэжилдээ, авсан дүр дээрээ хэрхэн ажилладаг байсан тухай, хувь хүний хувьд ямар хүн байсан тухай нь эвлүүлээд залуу жүжигчиддээ хүргэ зорилгоор дурсамж бичиж, дүр болгох гээд байгаа юм. Тиймэрхүү зүйлийг бол биччих маягтай гэж өөрийгөө тоодог юм.

-Кино драмын анги төгсөнгүүтээ Драмын театр хуваарилагдан очсон байдаг. Одоо театраа үгүйлэх юмуу. Тайзны уран бүтээлд ажилламаар санагддаг л байх?

-Сургуулиа төгсөөд би Драмын академик театрт хуваарилагдсан. Театрт ажиллаж байгаад дара нь кино үйлдвэрт очсон. Театр би 11 жил ажилласан. Гавьтай ч юм хийж чадаагүй. Ганц хоёр жүжгийн гол дүрд тоглосон уу яасан. Туслах дүрүүдэд бол нэлээн гарсан. Тайзны уран бүтээл бодолгүй яахав.

Театртайгаа харилцаагаа тасалчихаагүй яваа юм. Театрын арга хэмжээнүүддээ оролцоно. 2009 онд Ч.Найдандорж найруулагч намайг дуудаад миний багш ардын жүжигчин Л.Жамсранжав гуайн тоглож байсан “Тамгагүй төр” жүжгийн яг Жаамаа багшийн тоглож байсан Арчуг хааны дүрд тоглох санал тавьсан.

Би ч тэр агуу хүний тоглож байсан дүрийг авч ажиллана гэхээр зүрхшээгээд байлаа. Зохиолч нь, хамт тоглож байсан хүмүүс нь байхад би яах аргагүй гологдоно гэж бодож байлаа.

Тэгсэн ”Энэ бол зүгээр нэг ахуйн талын дүр биш. Шүлэглэж харьцдаг жүжиг учраас таны өгүүлэхүйн урлаг, үгийн бүтээл хүргэдэг арга барил чинь дөхүү санагдаад байна” гэж ятгасаар байгаад зөвшөөрүүлсэн.

Сайн муу болсныг нь мэдэхгүй юм. 2012 оны дунд үе хүртэл орон нутгаар аяллан тоглолтоор явахад нь явсан. Харин өнгөрсөн жилээс энэ дүрд Хасар Жагаа тоглодог болсон.

-Тэгэхээр тайзны уран бүтээлд ажиллах бодол байгаа байх нь?

-Театрын ахмадын зөвлөлдөө багтдаг учраас жүжигчидтэйгээ байнга харилцаатай байдаг даа. өнгөрсөн жилээс “Гэгээн муза” наадмын номинацид ганц хүний жүжиг гээч зүйл нэмэгдлээ шүүдээ.

Энэ төрөлд олон ч жүжиг оролцсон. Харин надад энэ төрлөөр тайзан дээр ганцаарчилсан жүжиг тоглоод үзээд алдвал яасан юм бэ гэсэн бодол төрөөд л байгаа юм. Нэг зохиол сонгочихоод байгаа.

Гэхдээ тэрийг одоохондоо дэлгэмээргүй байна. Ганц нэг найруулагчид уншуулаад, ярилцаж л байна. Миний одоогийн нас, бие, дуу хоолой зэргийг найруулагч харж байгаад хэрхэн найруулж тавихаа шийдэх байх.

-Ингэхэд таны багш гэж ямар хүн байна вэ?

-Багшийн сургуулийн соёлын анги анх төгссөн хүн шүү дээ би. Тэр үед миний ангийн багш Бүтэд гэж хүн байсан. Тэрнээс өмнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуульд долоо төгссөн.

Одоо энэ алдарт Жанцанноров, Бямбабаяр нарын төгссөн сургууль шүү дээ. Тэнд дуу хөгжмийн багш Очирбат гэж хүн байсан юм. Тэр багш маань л намайг урлагт дөрөөлүүлж өгсөн юм даа. Аз болж долоо төгсөхөд минь Багшийн сургуулийн соёлын ангийн хуваарь ирж би явсан.

Тэгээд 1971 онд Багшийн сургууль төгсөх жил бас аз тохиож Багшийн дээдийн кино драмын ангийн хуваарь таарсан юм. Тэрүеддөрвөнжилболооднэг элсэлт авдаг байлаа шүү дээ.

-Радио, телевиз, тайз, дэлгэцийн гээд их олон төрлөөр өөрийгөө сорьж, бас ажиллажээ. Та өөрөө алинд нь арай илүү элэгтэй байдаг юм бэ?

-Аль аль нь сайхан. Гэхдээ театр нь намайг арай илүү татдаг юм. Өдөр тутам амьд харилцаанд орно. Өдөр тутам жүжигчидтэйгээ харилцана. Тэр амьд харилцааг үзэгч хэмээх гуравдагч харилцаанд мэдрүүлнэ гэдэг сайхан.

-Ингэхэд хэзээнээс кинонд дуу оруулдаг болсон юм бэ?

-Кино үйлдвэрт очоод дөрвөн жил ажилласан юм. Р.Дамдинбазар гуай, Б.Дамчаа гуай, Н.Дагийранз гуай, Цэнд-Аюуш гуай нартай хамт ажиллаж, орчуулгын кинонд жаахан дөртэй болсон.

-Өнөөдөр ч энэ ажлаа хийсээр л явна?

-Одоо ч залуу цагийнх шиг дуу хоолой цээлхэн гарахаа больж. Насаа дагаад хүний хоолойны өнгө, ярианы хурд өөрчлөгддөг юм байна. Голдуу өвөө, аавын дүрд л дуу оруулж байна. Бүр жижигрүүлээд яривал тосгоны архичин, манаач гээд л дүрүүд оногдож байна /инээв. Гэхдээ дүр хэн байх нь хамаагүй.

-Та өөрөө орчуулгын кино үздэг үү. Сүүлийн үеийн орчуулгын киноны жүжигчдэд хэр үнэлэлт өгдөг вэ?

-Тогтож суугаад үзэж чаддаггүй юмаа. Өмнөөс нь санаа зовоод байдаг юм. Нэг хоёр өгүүлбэр хэлэхийг нь сонсохоор л гологдоод байх юм. Хуучин шиг ам барьж, тоглолтыг нь давтаж гаргахаа больж.

Инээвэл адилхан инээдийг нь хийж, уйлах, эхэр татах, бахардах гээд бүх л тоглолтыг нь хийдэг байлаа. Одоо бол тэгж байгаа юм алга. Дуу оруулахад чинь бас нэг хэм хэмжээ гэж байна.

Зарим нь нөгөө солонгос киноныхоо хиймэл баатруудад дуу оруулсаар байгаад тэр хэвэндээ баригдчихсан. Заримдаа энд тэнд ДУУ оруулж байхад хамт ажилладаг байсан хүүхдүүдтэй таарахаараа хэлдэг юм.

-Жүжигчдээсээ гадна орчуулга их муудсан?

-Орчуулга бас муудаж байнаа. Баабар нэг бичсэн шүү дээ. “Киноны хэл" гээд. Үнэхээр л болохоо байж. Үгийн баялаг их муутай юм. Маш явцуу, хэдхэн үгэнд л эргэлдэж байна шүү дээ. Монгол үзэгчдэд л зориулж байгаа бол энгийн бөгөөд оновчтой үгээр л утгаа илэрхийлэх ёстой шүү дээ. Ном сайн унших хэрэгтэй юм даа.

-Ингэхэд таны отгон хүү Р.Баттогтох мэргэжлийг мань өвлөж жүжигчин боллоо. Хүүгээ мэргэжлийн хүний нүдээр дүгнэж байна уу?

-Одоохондоо ямар вэ гэдэг нь мэдэгдэхболоогүй. Тоглосон киногнь мэргэжлийн хүрээнийхэн, судлаачид хэрхэн үнэлж, ямар хандлагатай байгааг мэдэж байж үздэг. Үзэгчийн барагцаагаар ажиглахад өөрийнхөө арга барилыг олох гэж эрж хайж байгаа харагддаг. Би ч хүүдээ зөвлөдөггүй, манай хүн ч асуудаггүй.

Өөрийнхөөрөө л явсан нь зөв. Тэртээ, тэргүй мэргэжлийн найруулагч ухаан бодол, сэтгэлгээг нь задлаад өгнө. Сайн найруулагчдад жүжигчнийг ажиллуулах түлхүүр бий. “19” киног нь үзсэн. Тэр бүтээлд хүү минь бас ч гэж өөрийн өнгө төрхөө олох гэж тодорхой хэмжээгээр чармайсан байсан.

Багшийн заасан эрдмийг ногдсон дүрдээ ашиглан, дотоод нөөц бололцоогоо өөрөө мэдэрч гаргасан нь дээр. Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн шавь шүү дээ. Сүүлийн үед овоо юманд тоглоод л байна.

-Хүүтэйгээ нэг уран бүтээлд ажиллаж үзэв үү?

-Сүүлд “Ану хатан”-д хүүтэйгээ хамт ажилласан. Хараад байхаад өөрийн гэсэн шугамаа олох гээд, зах зухаас нь барьж авч байгаа л харагдаж байна. Жүжигчидтэй харьцаж байгаа, тоглож байгаа нь надаас арай өөр л юм байна. Шинэлэг юмуу даа.

-Өөрт ногдоогүй бусдад олдсон дүрээс энэнд л тоглосон бол гэж хорхойсдог дүр танд байдаг болов уу?

-Би их хожуу кинонд тоглосон хүн шүү дээ. 1975 онд кино драмын анги төгсөөд, долоо найман жил болж байж найруулагч нарын хараанд өртсөн. Тэр үед бол би кинонд тоглохсон гэж мөн их бодож байсан даа. Сэтгэл гижигдсэн дүрүүдийг хараад байж ядна.

Энгийн атлаа, амьдралын дотор байдаг, нэг тийм характерный дүрүүдэд тоглохсон гэж мөн ч их хүсдэг байсан. Гайхамшигтай туслах дүрүүд ч бас мундаг шүү дээ. Түрхэн зуур үзэгдээд өнгөрөхдөө үзэгчдийн сэтгэлд хар-^ваад орчихдог дүрүүд байдаг.

-Ирэх сард нээлтээ хийх “LVA” продакшны “Мухар гудамж” нэртэй дэлгэцийн уран бүтээлд ажилласан гэж сонслоо. Ер нь сүүлийн үед энэ төрлийн уран бүтээлд ажиллаагүй байсан байх аа?

-Маш нарийн, шахуу графиктай ажиллалаа. Бидний үед бол их л тайван ажилладаг байсан. Сүүлийн хэдэн жил дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй . Энэ уран бүтээлд маш их шахуу, хурдтай ажилласан. Залуус маань өөрсдөө ингэж ажиллаад сурчихаж. Тэднээсээ суралцах зүйл ч байлаа. Их дайчин хамт олон бүрдэж ажилласан.

-Сүүлийн үеийн монгол кинонуудаа ер нь үзэж байна уу?

-Манай залуус кино хийж сурч байна. Гэхдээ нэг гэм нь сүүлийн үеийн кинонууд хоорондоо адилхан болох гээд байгаа тал ажиглагдаад байгаа юм. Бид ч энэ тал дээр сайн ярилцаж, бусдаас өөр байлгах тал дээр анхаарч ажилласан. Манай залуу уран бүтээлчид ахмад уран бүтээлчдээсээ үг сонсдог, зөвлөхөд хүлээж авдаг нь сайшаалтай.

-“Мухар гудамж” уран сайхны кинонд ямар дүр дээр ажилласан бэ. Өмнөх дүрүүдээс ялгарах гол онцлог нь юу байв?

-Энэ кинонд Жамъян гэж дүр дээр ажиллалаа. Энэ бол хүчний байгууллагад ажиллаж байсан хүн. Ажлаараа далимдуулж болдоггүй хүүхдүүд, залуусыг эрхшээлдээ оруулж, тэднийг өөрийнхөө хорон муу ажил, улс төр, бизнесийн өрсөлдөөнд ашиглаж чаддаг хүн юм даа.

Нэг үгээр хүний гараар могой бариулж, тэр дундаасаа ашиг хонжоо хайж явдаг хүн. Хуучны ойлголтоор бол эсрэг талын дүр. Энэ дүр маань бусад дүрүүдтэйгээ зөрчилдөх, зангилагдах гээд их гайгүй бичигдсэн дүр санагдсан.

А.Халиун

Эх сурвалж: