sonin.mn

Жүжигчин Б.Баатархүүтэй Төмөр замчдын Дуу бүжгийн чуулга дээр тоглолтын бэлтгэлтэй байхад нь уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн ургац арвин уу?
-Баярлалаа. Танай сонины уншигч, тээвэрчидтэй энэхүү ярилцлагаар дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд энэ зун ойн баяр нь тохиосон аймгуудаараа явж тоглолоо. Мөн саяхан "ТВ коктель" хамтлагийн шинэ уран бүтээл болох инээдмийн уран сайхны кинонд тоглосон.

Одоо “Эмоци” хамтлагийн тоглолтод орох гээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Би чөлөөт уран бүтээлч учраас санал тавьсан хамтлагийн тоглолтуудад оролцоод л явж байна даа.

- Хошин шогийн урлагтай анх хэрхэн холбогдов?
-Би 1993 онд СУИС-д элсэж, Ч.Найдандорж багшийн ангид орсон. Манай ангиас Доёо, Аглуу, драмын театрын Төртүвшин гээд олон сайн жүжигчин төрсөн байдаг. Би 2000 оноос Ч.Найдандорж багшийгаа даган “Инээдмийн ТҮЦ” хамтлагт орж ажиллаж байгаад “X ТҮЦ” хамтлагийн гишүүн болсон.

Энэ хамтлагтаа найман жил ажиллаад Хүрлээ, Амбий хоёртой нийлж “Комеди арт” хамтлагийг байгуулсан. Тэндээ хэдэн жил тоглоод чөлөөт уран бүтээлч болсон.

-Багаасаа жүжиглэх талдаа эвсэлтэй хүүхэд байсан уу?
-Хүүхдийн дугуйлангаас л урлагийн замтай холбогдох гараа минь эхэлсэн юм болов уу гэж боддог. Их сургуулиа төгсчихөөд Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт жил гаруй хугацаанд ажилласан.

Нэг удаа Дооёо, Аглуу хоёр маань тэнд тоглолтоор очоод “Чи хотод очиж ажиллаж үзээч” гэсэн. Ингээд Улаанбаатар хотод ирж тоглолтод орж үзсэн. Тэр хоёр ч “Чи ер нь болох юм биш үү. Энд хэсэгтээ байж байвал яасан юм бэ” гээд. Тэр цагаас л хотод суурьшсан даа.

-Хошин урлагийг хүн бүр өөр өөрөөр тодорхойлдог. Таны хувьд хэрхэн тодорхойлох вэ?
-Ер нь тийм л дээ. Зарим хүн бол хошин урлагт тааламжгүй ханддаг. Гэтэл зарим хүн энэ урлагийг хүсэн хүлээдэг. Миний хувьд энэ салбарын тоглолтыг Монголын ихэнх үзэгч халуун дотноор хүлээж авдаг.

Тоглолт бүхэнд үзвэрийн танхим дүүрэн байдаг гэдэг утгаар нь, хүмүүст аз жаргал, инээд хөөр, ухаарал бэлэглэдэг урлаг юм болов уу л гэж боддог. Хошин урлаг гэдэг богино хугацаанд хувирах чадварыг жүжигчдээсээ шаардцаг шүү дээ. Харин драмын жүжиг бол нэг дүр авсан бол түүгээрээ л дагнан бэлтгэх жишээтэй.

Нөгөөтэйгүүр хошин урлагийнхан улсаас ямар ч татаас авдагтүй. Харин ч татвараа төлдөг. Дээр нь, тайзны туслахууд, хувцас хэрэглэлийн гээд олон хүнийг цалинжуулдаг. Тийм утгаараа хошин урлагийг би өөлж гоочлох дургүй. Энэ л урлагийн үр шимээр миний амьдрал өдий зэрэгтэй явна.

-Хошин урлагийн жүжгүүдийг харахад ихэвчлэн бодит амьдралаас сэдэвлэсэн байдаг шүү дээ. Яг танд тохиолдсон хөгтэй болон сургамжтай үйл явдлаас сэдэвлэсэн жүжгийн санаа гарч байв уу?
-Тийм шүү. Бидний тайзан дээр тоглож байгаа жүжгүүдийн ихэнх нь энд тэндээс сонссон, найз нөхдөд болоод өөрсдөд нь тохиолдсон адал явдлаас сэдэвлэсэн байдаг Бас нийгэмд ямар үйл явдал болж байж, хамгийн сүүлийн үеийн шинэ соргог мэдээлэл юу байна гэдгийг судалдаг. Тэгж байж л амьдралд илүү ойртоно шүү дээ.

Ингэж л хөдөлмөрлөсөн жүжгүүд үзэгчдэд хүрдэг учраас богино хугацаанд сэтгэх, уншиж судлах гээд чамгүй хөдөлмөр, хичээл зүггэл шаарддаг. Надад тохиолдож байсан түүхээс сэдэвлэсэн нь гэвэл нэлээд дээр үед би хүүхэддээ тоо зааж өгөх гээд "Жишээ нь, миний хүү Сандал дөрвөн хөлтэй байна шүү дээ. Нэг хөлийг нь ингээд гараараа хаачихвал хэдэн хөл үлдэж байна вэ? гэхэд “Дөрөв” гэж байгаа юм. Чи сайн хар даа. Аав нь нэг хөлийг нь гараараа хаачихлаа шүү дээ. Одоо хэдэн хөл байна гэхэд бодож бодож "Таны гарын цаана нэг нь байгаа юм чинь дөрөв шүү дээ” гэж байна.

Бүр аргаа ядаад сандлынхаа нэг хөлийг тайрчихаад, одоо хэд байна? гэхэд “Гурав” гэж байна. За сайн байна миний хүү. Аав нь ингээд таван хуруунаасаа нэгийг нь атгачихлаа одоо хэдэн хуруу байна? гэхэд бас л бодож байснаа, таны алган дотор нэг байгаа юм чинь тав гэж хэлчихээд ер болдоггүй.

Сүүлдээ бүр уур ч хүрэх шиг. Аав нь хэлээд байхад яагаад ойлгодоггүй юм бэ. Чамд ойлгуулахын тулд аав нь нэг хуруугаа тайраад гаргүй болох уу гэж айлгахад нүднийх нь нулмис цийлэгнэснээ “Ааваа танд таван хуруу байхад би яагаад дөрөв гэж хэлэх ёстой гэж” хэмээн бувтнаж билээ. Үүнээс санаа аван нэг жүжгийн хэсэгт оруулж байсан санагдаж байна.

-Хошин урлагт хүч хөдөлмөрөө зориулж яваа хүний ажил үйлс ч өедрөг явдаг юм болов уу. Та аймшигт өвчний ирмэг дээр ирчихээд байхдаа ч энэ л урлагийн үр шимээр зоригтойгоор даван туулж чадсан шүү дээ?
-Ганцхан хошин урлаг гэлтгүй урлагийн гал тогоонд яваа хүн бүр амь нэгтэй байдаг юм шүү дээ. Зовж зүдэрч яваа нэгэндээ бүгд хамтарч байгаад л тус дэмээ хүргэдэг. Түүгээр ч зогсохгүй өвчин зовлонд нэрвэгдсэн энгийн арддаа хүртэл тус хүргэхийг хичээж явдаг нь урлагийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн л зан чанар.

Эдгээрийн л нэг жишээ надад тохиолдсон. Энэ салбарт арваад жил хоёргүй сэтгэлээр ажилласны л ач гавъяа. Миний опон сайхан найз нөхдийн сэтгэл, итгэлээр би өдий зэрэгтэй явна. Тэгээд ч Монголын ард түмэн гэдэг ядарч яваа нэгнийхээ л талд орохыг боддог өр зөөлөн, нинжин сэтгэлтэй хүмүүс шүү дээ.

-Хошин урлагийн жүжигчний гэр бүлд байнга инээд хөөр бялхаж байдаг байх тийм үү?
-Хүн бүр л тэгж ойлгож, төсөөлдөг. Би болж л өгвөл тийм байхыг л хичээдэг. Гэхдээ байнга инээдэм наргиантай байна гэж юу байхав. Айл гэрт байдаг зовлон жаргал адилхан л тохиолддог.

Гэхдээ тэр зовлон жаргалыг аль болох эвтэйхэн, зөөлнөөр өнгөрүүлэхийг хичээдэг дээ. Тэр утгаараа ч өдөр тутмын амьдралдаа бусад хүмүүстэй илүү дотно харилцах, тэдний тус дэмийг авах гээд олон сайхан зүйлээр хөглөгдцөг. Энэ нь хошин урлагмйн хүний ажил мэргэжлийн онцлог юм болов уу.

-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөх сонирхолтой хүүхэд байна уу?
-Би гурван хүүхэдтэй. Том хүү маань “Соlогs” хамтлагийн соль гитарчин. Уг нь, урлагаар явуулахгүй өөр салбарт ажиллуулах юмсан гэж бодоод ХААИС-д оруулсан ч сургуулиа орхичихсон.

Дараа жил нь СУИС-ийн зураглаачийн ангид оруулж өгөхөд түүндээ арай дуртай яваад байх жишээтэй. Дүүг нь багаас нь арай өөр сонирхолтой болгоё гээд Хятад сургуулиар явуулсан. Гэсэн ч тэр маань болж л өгвөл миний ажил дээр ирчих гээд байх юм.

Ер нь, хүүхэд өөрийнхөө хүсснээр явах юм. Өссөн орчин, аав ээжийнх нь хийж байгаа ажил их нөлөөлдөг бололтой. Манай гэрээр ирж байгаа хүмүүс, бидний найз нөхөд дандаа урлагийнхан болохоор гоё санагддаг юм шиг байна.

-Хүүхдүүдээ урлагийн хүн болгох дургүй байгаа шалтгаан тань юу вэ. Уг нь ажил мэргэжлээ үр хүүхдүүддээ өвлүүлэх нь бахархалтай баймаар?
-Урлагаар хоолоо олж иднэ гэдэг амар биш шүү дээ. Жүжигчин бэлтгэдэг сургууль өнөөдөр Монголд цөөнгүй байна. Тэдгээрээс жил бүр олон авьяастай хүүхдүүд
тодрон гардаг.

Тэр хүүхдүүдийн дундаас эзэмшсэн мэргэжпээрээ амьдраад явж байгаа хүүхэд цөөхөн. Манай Монгол цөөхүүлээ, жижиг зах зээлтэй учраас тийм олон жүжигчин байх шаардлага ч бага.

Ийм ч учраас зүгээр л нэг жүжигчин гэдэг нэр зүүсэн хүнд танигдахгүй хүн яваад байвал хэрэггүй шүү дээ. Тэгээд ч энэ ажилд бие сэтгэл, амьдралаа зориулан зүттэжчадахгүй юм бол хий дэмий цаг заваа үрж, дөрвийн дөрвөн жил суралцаад яахав.

-Ар гэрийнхээ талаар нэгэнт ярьсаных жаахан тодруулбал ямар вэ?

-Манай аав анх Ленинградад гэрэлтүүлтйн чиглэлээр урлагийн сургуульд явж байсан хүн. Тухайн үедээ Соёлын яамны сайд Баатарцогт, Төмөрхуяг нар нэг өрөөнд дөрвөн жил амьдарсан юм билээ. Гэсэн ч, аав маань сургуулиа хаяж, урлагийн замаас гарсан.

Дараа нь Одесст цэргийн сургуульд сурч ирээд цэргийн хүн болсон түүхтэй. Цэргийн хүний хүүхэд ямар байдаг билээ. Би тэр л жишгээр өсч хүмүүжсэн. Аав хаана ажиллана шилжиж очоод л сурна.

Манай ээж бас цэргийн холбооны мэргэжилтэй хүн. Манай эхнэрийг М.Ганбат гэдэг. МУБИС-ийн англи хэлний орчуулагч багшийн ангийг төгссөн. Би хоёрдугаар курст сурч байхдаа эхнэрийнхээ сургуулийн шинэ жилийн урлагийн үзлэгийг нь бэлдүүлж өгөх гэж очоод анх танилцаж байлаа. Эхнэр маань техникийн хэл талдаа нэлээд гүнзгий мэргэшсэн. Англи, Герман, Орос хэлтэй даруухан бүсгүй бий.

-Урлагийн болоод, амьдралын замдаа төмөр замтай холбогдсон бий юу?
-Би анх 1987 онд наймдугаар ангиа төгсөөд Төмөр замын техникумын хуваарь авсан. Тэр үед Төмөр замын техникум хатуу журамтай сургууль гэж хүмүүс ярьдаг байсан. 1980-аад онд ардчилал гараагүй үе, төмөр замын ойр орчмоор явахаас их айна.

Ийм амнаас ам дамжсан яриа, дотоод айдсаас болоод л сургуульдаа элсэлгүй есдүгээр ангидаа үргэлжүүлсэн сурсан даа. Тухайн үед Эрдэнэт-Улаанбаатар хооронд би галт тэргээр их явна. Мөнгөтэй мөнгөгүй ч үе байх. Мөнгөгүй үедээ бол “туулайчилна" шүү дээ. Тийм болохоор миний бага насанд төмөр замтай холбоотой дурсамж их байдаг

-Тантай ярилцаж суухад амьдрал дээрх Баатархүү, тайзан дээрх Баатархүүгээс тэс өөр юм шиг санагдлаа?
-Тэгэлгүй яахав. Гадуур явахдаа ч тэр гэр орондоо байхад ч тэр би л жүжигчин гэсэн шиг орилж хашгираад, савсагнаад, эсвэл их зан гаргаж дээгүүр хараад л байлтай биш. Би өөрөө тийм хүнд их дургүй.

Аль болох байгаагаараа л байхыг хичээдэг. Гудамжинд явж байхад архичин хүн ирээд мэндэлсэн ч мэндлээд өнгөрнө. Тайзан дээр бол байгаагаараа байгаад байвал хүн үзэхгүй шүү дээ. Тийм болохоор тоглолт бүр дээрээ өөр дүр бүтээж, шинэлэг зүйл харуулахыг хичээдэг.

Үүний тулд их зүйл харж, уншиж судлах шаардлага гардаг. Өнөө цагт техник технологи, цахим ертөнц мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа учраас үзэгчид аливаа зүйлийг илүү соргогоор шүүж байна шүү дээ. Тэр шалгуурт тэнцэж байж л тоглолтоо чанартай болгож чадна гэсэн үг. Нэг л хүнд таалагдахгүй тоглолт үзүүлбэп тухайн жүжигчин өөрийнхөө үнэлэмжийг алдаад эхэлнэ.

-Таны хобби юу вэ?
-Миний хоббиг мэддэг хүн олон бий. Би футволка цуглуулах дуртай. Бага байхдаа марк цутуулдаг байсан ч олон нүүдэл суудлын үеэр алга болчихсон. Найз нөхөдтэйгээ хөдөө хээр явж, салхинд гарах, аялах их дуртай. Манай Монгол эрчүүдийн л төрөлхийн зан юм уу даа.

-Өөртеө ямар зорилго тавьдаг вэ?
-Ихэнх хүн өөрийнхөө өмнө том зорилт тавьдаг гэж ярьдаг. Би бол өнөөдрөөрөө л амьдрах дуртай. Хүний зурсан зураг төөрөг нь ямар байна түүгээрээ л явна шүү дээ.

Өнөөдөр ямар байна, надад юу байна. Түүндээ л сэтгэл хангалуун амьдрах нь миний зарчим. Илүү юманд шунаж, зовж өөрийгөө зовоогоод яах вэ дээ.

Б.Дэлгэрхишиг

Эх сурвалж: "Ган зам" сонин