sonin.mn

Мансуурал гэдэг нь хүний сэтгэцийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж мэдрэмж, сэтгэхүйг өөрчилдөг. Мансууруулах бодисуудын нөлөөгөөр хүний биед илэрдэг гажуудсан үйл ажиллагааг үүсгэгч, сэтгэл мэдрэлийн өвчин, ноцтой эмгэг юм. Мансууралд архи, согтууруулах ундаа, тамхи, хар тамхины төрлүүд, зарим төрлийн эм, химийн бодисууд ордог ба олон улсын өвчний ангилалын /Р10-Р19/10 дугаар бүлэгт оруулсан байдаг.

Мансуурлыг, мансууруулах дон /Наркомания/, хорын дон /Токсикомания/, архинд донтох өвчин /Алкоголизм/ гэж ангилан үздэг. Мансуурал нь даамжирсаар хүний биед ноцтой хортой нөлөө үзүүлж, сэтгэцийн эмгэг байдалд оруулдаг. Саяхан НҮБ-ын хар тамхи, гэмт хэргийн эсрэг хорооноос "Хар тамхины асуудал сэтгэл түгшээж байна" гэж мэдэгдлээ.

Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэгт манай орны иргэд, ялангуяа залуучууд, өсвер үеийнхэн холбогддог боллоо. Хар тамхины асуудал манайд 2000 оноос хүчээ авч, жил бүр үүнтэй холбоотой гэмт хэргүүд нэмэгдсэн байна. 2006-2008 онд хар тамхины хэрэгт 26 хүн шийтгүүлж, үүний 21 нь 18-30 насны залуус байсан.

2009 оны эхний хагаст хар тамхины хэрэгт холбогдогсон хүмүүсийн 5.3 хувь нь 16 хүртэлх насны хүүхэд байсан байна. 2010 онд 59 хүн шалгагдаж, 39 хүний 11 хэрэг илэрсэн ба 2011-2012 онд энэ байдал урьд онуудаас өссөн. Одоогийн байдлаар гадаадад 159 иргэн ял эдэлж байгаагаас 38 нь хар тамхины хэрэгт холбогдон шийтгүүлсэн ба Малайзад гурван хүн шалгагдаж байгаа аж.

Эдгээр байдлаас харахад хар тамхины талаар онцгой анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна. Архидан согтуурал Монгол орны хувьд анхаарал татсан тулгамдсан асуудал болон хэрээс хэтэрч, нийгэмд, ард иргэдэд ихээхэн хор хөнөөл, гамшиг учруулж байгааг бид харсаар, ярьсаар л... Архины хэрэглээний талаар дээр үеэс уламжлагдан ирсэн дэг жаяг, бүрэн алдагдсан.

Өөрөөр хэлбэл, малын гаралтай шимийн архийг хүндтэй идээ буюу таван тансагт оруулж, /мах, сүү, айраг тараг, тос/ хүндэтгэл үзүүлж буй хүмүүстээ барьдаг байлаа. Тэгэхдээ цагаан сараар зөвхөн өндөр настанууд шинийн гурван хүртэл хэрэглэдэг уламжлал байсан ба согтохыг хатуу цээрэлдэг байжээ. Харин хар тамхи мансуурах донгийн талаар баримт маш ховор. Энэ нь хар тамхины хэрэглээ бараг байхгүй байсантай холбоотой.

Ардын хувьсгалаас өмнө,Монголд. амьдарч байсан Орос, Хятад иргэдийн дунд хар тамхины донтой, хэрэглэдэг хүмүүс байсан байна. Харин одоогийн архидан согтуурлын байдал, хэрэглээ, хэв хэмжээний талаар яривал нэлээд ноцтой байдалд хүрсэн. Тухайлбал, гэмт хэрэг, нийгэмд гарч буй бүх гажуудал, элдэв сөрөг үр дагаварын дийлэнх нь архидан согтуурал, мансууралаас үүдэлтэй.

Үүнтэй холбоотой хүний язгуур шинж чанар алдагдаж, бусдын амь насыг хөнөөх, гэмт хэрэгт холбогдох, дээрэм тонуул хийх, ёс бус авир гаргах, халдварт өвчин тараах гэх мэт нийгмийн хэм хэмжээ, ёс зүйд үл нийцэх олон үйлдэл гарч байна.

Иймд архидан согтуурахтай тэмцэх талаар бодитой, зоригтой алхам хийж, одоогийн арга барилаа өөрчлөхгүйгээр, хэрэгждэггүй хууль тогтоол заавар гаргаснаар, үр дүнгүй ярьсаар байдал өөрчлөгдөхгүй нь тодорхой. Архидан согтуурал Монголд ямар байдлаар "цэцэглэн хөгжсөн"-ийг дараах хэдэн тоон үзүүлэлтээс харж болох юм.

Үүнд, архидан согтуурсны улмаас жилд дунджаар 160 гаруй мянган хүн эрүүлжүүлэгдэх нэртэйгээр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй газарт хоригдож, жилд гарсан гэмт хэргийн 60 гаруй хувийг согтуугаар үйлдэж, гэр бүлийн хэрүүл маргааны 90 орчим хувь нь архидалтай холбоотой гарч, архидалтаас үүдэлтэйгээр жилд 1800 орчим хүн амь насаа алдаж байна.

Улсын хэмжээнд нэг хүнд дунджаар 26 литр архи, согтууруулах ундаа ноогдож байгаа нь дэлхийн дунджаас дөрөв дахин их юм. 2013 оны байдлаар нийслэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 779 баар, 249 кафе, 617 ресторан буюу нийт 3600 гаруй цэг салбар байгааг тогтоосон.

Манай орны нийт хүн амын 40, эмэгтэйчүүдийн 15 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгчид буюу архины асуудалтай гэсэн судалгаа бий. "Архи, согтууруулах ундааны үйлдвэр 2011 онд 240 байсан бол одоо 60 хувиар буурсан" гэж ҮХААЯ-ны ажилтан ярьж байна. 2012 оны байдлаар спиртийн 20, архины 93, шар айрагны 13 үйлдвэр байсан.

Үүнээс 2012 онд 25, 2013 онд 10 компанийн эрхийг цуцалсан тухай мэдээлсэн. Энэ нь сайшаалтай юм. Монголчууд сүүлийн дөрвөн жилд 120 сая литр архи үйлдвэрлэж, 62 сая литр архи, согтууруулах ундаа импортлосон байна. Тэгвэл архидан согтууруулахтай тэмцэх /АСТ/ тухай хууль 1994 онд гарч, 2000 онд дахин шинэчилсэн.

2003 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хамт УИХ-аас батлан гаргасан байна. Нэгдүгээр үе шатыг 2003-2007 онд, хоёрдугаар үе шатыг 2008-2012 онд хэрэгжүүлэхээр заасан, Мөн 2000 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газрын тогтоолоор "Хар тамхи мансууралтай тэмцэх" үндэсний хөтөлбөр баталсан ба 2005 онд дуусгавар болсон.

Энэ мэт хууль эрхийн актууд гарсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа нь бүх шатны төр, захиргааны байгууллагууд салбар хариуцсан яам, агентлагуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Иймд хар тамхи,архидан согтуурахтай холбоотой хууль эрхийн актуудыг боловсронгуй болгож, даруй шинэчлэн гаргах шаардлага тулгарч байна.

Гарсан хуулийг хэрэгжүүлэхэд, холбогдох яам, төр захиргааны бүх шатны байгууллага энэ чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-уудын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байгаа. Нэг чиг үүрэг бүхий байгууллагууд нь нэгдсэн нэг удирдлагагүй, нэг гарт, нэг чигт төвлөрөөгүй, одоогийн бүтцийг өөрчлөх шаардлагатай.

Одоогийн бүтэц ямар байгааг аваад үзье СЭМСҮТ нь ЭМЯ-нд, наркологийн эмнэлэг нь НЭМГ-т, эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгуулагад, албадан эмчилгээний газар нь ШШГЕГ-т, наркологийн кабинет нь аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалалтай байна. Эрүүлжүүлэх байр нь цагдаад байхгүй бол согтуучуудыг яаж эрүүлжүүлэх вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.

Гэхдээ цагдаагийн харуул хамгаалалтай байх ба удирдлага, эмчилгээ, эрүүл мэндийн талыг нь эрүүл мэндийн байгууллага хариуцдаг байдлаар зохицуулах боломжтой. Архидан согтуурал, элдэв мансуурлын чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэлээд бий. Эдгээр ТББ дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж, үр дүн гаргаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэвч масуурал, архидалтын эсрэг ажилладаг нэртэй нийгэмлэг, төв, эвсэл нэртэй ТББ-уудын захирал, тэргүүн нарын хэвлэл мэдээлэлд өгч байгаа ярилцлага бичсэн зүйлүүдаэс харахад хэт мэдэмхийрсэн, ташаа мэдээлэл, тоо баримт ихээхэн байх юм. Ер нь бүх төрлийн мансуурал нь сэтгэл мэдрэлийн өвчин бөгөөд олон улсын өвчний ангилалын 10 дугаар бүлэгт ордог гэдгийг дээр хэлсэн.

Нэгэнт өвчин юм бол мэргэжлийн эмч оношилж, эмчилгээ хийх эрх нь хуулиар баталгаажсан байдаг. Гэтэл ТББ-ууд хар тамхины болон архины дон өвчтэй хүмүүсийг хэдэн арав, зуугаар нь оношилж, эмчилсэн гэсэн мэдээлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй бөгөөд энэ нь хууль бус үйл ажиллагаа мөн. Учир нь эмчлэхийн тулд оношилно.

Оношийг мэргэжлийн эмч тавьдаг ба мэргэжлийн нарийн ажиллагаа шаарддаг. Хэн дуртай, ялангуяа нарийн мэргэжлийн бус эмч ч онош тавьж эмчлэх хууль зүйн үндэслэл байхгүй. ТББ-ууд зөвхөн архидалт мансуурлаас ард иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, лекц, сурталчилгаа хийж, хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй гэдгийг ард түмэнд ойлгуулах, соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа явуулбал зүйд нийцнэ.

Түүнээс биш оношлох, эмчлэх нь тэдний үйл ажиллагаа биш. Энэ талаар МХЕГ-аас зарим ТББ-ыг 2008 онд шалгаад, оношлох, эмчлэх эрх зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргаж ХЗЯ-нд мэдэгдэж байсан. Гэвч байдал засарсангүй. Оношлох эмчлэх нь ЭМЯ-ны харьяа СЭМСҮТ, түүний салбар кабинетуудын эмч, мэргэжилтэнүүдийн үүрэгт ажил.

Харин тэдний мэргэжилдээ эзэн болохгүй сул дорой, хариуцлагагүй байдлыг далимдуулж, мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн ажлыг уландаа гишгэж, хэдэн арав, зуугаар нь оношлоод, эмчлээд байна гэж хэвлэл мэдээллээр гараад байгаа нь зүйд нийцэхгүй. Эдгээр ташаа мэдээлэлд дээд албан тушаалтнууд хүртэл итгээд байгаа нь харамсалтай байна.

ЭМЯ-ны энэ чиглэлийн ажил хариуцсан мэргэжилтнүүд, яамны харьяа СЭМСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд ийм ташаа мэдээлэлд тухай бүрийд нь няцаалт өгч, мэргэжилдээ эзэн болж, хариуцлагатай байх шаардлагатай. Зарим ТББ архидалт мансуурал их байгааг далимдуулан асуудалд бодитой хандахгүй байна.

Хэтэрхий уриа лоозонгийн чанартай хандаж байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, 2010 онд архи мансууралтай тэмцэх "Итгэл хөдөлгөөн" ТББ,

2011 онд "Архины эсрэг үндэсний сүлжээ",

2012 онд "Архидалт мансуурлын эсрэг эвсэл" зэрэг байгууллага бий болсон тухай мэдээлээд байдаг боловч юу хийж ямар үр дүн гаргав гэдгээ хийсвэр тоо биш, бодит ажил, үр дүн яривал зохистой бус уу. Мансуурлын нэгэн төрөлд тамхидалт орно. Энэ нь манай улсын хувьд нэлээд газар авч, анхаарал татаж байна.

Судалгаагаар эрчүүдийн 80, эмэгтэйчүүдийн 30, өсвөр үеийнхний 70-80 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Манай улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд эхний 10-т багтдаг. Тамхины эсрэг хууль 1993, 2005 онуудад гарч байсан ч хэрэгжилт нь мөн л хангалтгүй байсан.

Харин 2012 онд УИХ-аас тамхины тухай хууль баталж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн нь чухал ач холбогдолтой болсон. Архидалт, элдэв мансуураптай тэмцэхэд дараах чиглэлээр ажиллах нь зохистой гэсэн саналаа хэлэхийг хүсч байна.

1    Бүх нийтэд архидалт, элдэв мансууруулалгүй амьдрах, мэдлэг боловсрол, ухаарал олгох, боловсролын хөтөлбөр.

2    Архины үйлдвэрлэлт, хэрэглээ, худалдаанд тавих хяналтын хөтөлбөр.

3    Архи болон элдэв мансууралд өртөж донтсон хүмүүсийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эмчилгээний хөтөлбөр. Эдгээрийг хэрэгжүүлэхэд төр засгийн дээд төвшинд, нэг гарт "төвлөрүүлэн зангидаж ажиллах бүтэц хэрэгтэй. Үүнд нэмэгдэл зардал гарахгүй харин ч хэмнэлт гарна. Эцэст нь хэлэхэд одоогийн нөхцөлд архидалт, хар тамхины талаар нэлээд хатуухан, амьдралд бүрэн хэрэгжих боломжтой хуулийг даруй гаргах шаардлага зүй ёсоор гарч байна.

СЭМС-ын тэргүүлэх зэргийн эмч Н.Донров