sonin.mn
Миний амьдран суудаг орон сууцыг 1975 онд Зөвлөлт Холбоот Улсын алтан гарт барилгачид бүтээж бидэнд өмч болгон хүлээлгэн өгсөн.болой. Долоон орцтой таван давхар байр юм. Дулаахан гэж янзтай, даарч хөрөхийг мэддэггүй ёстой харшийн ордон хэмээн бэлгэшээж төрийн сүлдэндээ залбиран суудаг байснаа нуух юун билээ.
 
Хоёрдугаар орцын оршин суугч бид нийтийн эзэмшлийн эд аж ахуй өмч хөрөнгийг нүдлэн хамгаалж, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлж, орцоороо сурч соёлжихын сайхан үлгэр жишээг үзүүлж олон хэлбэрийн ажил зохион хэвшүүлэн тогтмолжуулж нийтийн хүртээл болгосоор байсан юм.
 
Айл бүхэн ээлж ээлжээр орцны жижүүрт гарч тэр өдрийн жижүүрийн ажлыг орцны ахлагч оройдоо дүгнэж дараагийн жижүүрт хүлээлгэн өгдөг журамтай байсан. Тэр өдрийн орцны жижүүрийн ажилд хайнга оронцоглон ёс төдий хандсан байвал улираан ажиллуулдаг байж билээ.
 
Манай байр гэдэг Сонгино-хайрхан дүүргийн арваннаймдугаар хорооны нутаг дэвсгэр таван шарын автобусны буудлаас 200 метрийн зайтай баруун талдаа эзгүй төмөр хашаа зүүн талдаа 55 дугаар цэцэрлэг хүнсний бяцхан дэлгүүр лүү харсан таван давхар элэгдэж хуучирсан саарал өнгийн үзэмж доройхон байр бий болой.
 
Манайх хэмээх айл, эл байрны II орцны нэг давхарт амьдраад 38 жил болж байна. Орцны 15 айл социализмыи үед сайн хөршийи холбоо тогтоож айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг, дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг хэмээх уриа лоозонтой ажиллаж амьдрахын сайхан үлгэр дуурайллыг үзүүлж байсан бөлгөө.
 
Гол нь бие биенээ мөн ч сайн таньж мэднэ дээ. Тийм аваас нүүх, сууцаа хольж солих бусдад зарах гэсэн ойлголт огтхон ч байгаагүй болой. Манай орцны 21 тоотод хувьсгалт тэмцлийи ахмад зүтгэлтэн, "Партизан" Алгаа гуайнх амьдардаг байлаа.
 
Алгаа гуай нэг давхрын хоёр айлынхаа хүнсиий зүйл болох гурил, будаа, ногоо, сүү гэх мэтийг дэлгүүрээс худалдан авч хоёр айлдаа оруулан өгч мөнгөний тооцоо хийхийн зэрэгцээ маргаашийн хэрэгцээт хүнсний зүйлсийи захиалгыг авиа. Хамгийн их захиалгатай эрэлт хэрэгцээтэй хүнс нь мах.
 
Алгаа гуай хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнийхээ "Партизан" үнэмлэхийг махны худалдагчид үзүүлээд оочер дугааргүй яс багатай өөх мах нь тэнцүү алаг мах авч хоёр айлдаа оруулж өгөөд мялаалгаа аваад баяр баясгалантай гэртээ ордогсон.
 
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн аваас урилга, заллагаар сургууль албан байгууллага хот хөдөөгүй явж уулзалт хийж хурал зөвлөгөөн хороо хорины ажилд манлайлан, хошуучлан оролцдог ийм л сайхан тусч хөдөлмөрч хичээнгүй азай буурал байж билээ.
 
26 тоотод ардын хурлын депутат "одоогоор бол их хурлын гишүүн" Март хэмээх бүсгүйнх байлаа. Эл депутат нөхөр хүүхдийн хамт амьдарна. Давхрынхаа хоёр айлын охид бүсгүйчүүдэд гоо сайхны бараа авч өгөн гоо засалчийг урин авч ирээд 10, 20 минутын хичээл заалгаж энгэсгийг яаж хэрэглэх, хувцас хунараа биедээ хэрхэн тохируулан өмсөх талаар зөвлөгөө өгүүлж, "Эмэгтэйчүүд" сэтгүүл захиалан уншуулж ашигтай зөвлөгөөнүү дээр нь хайчилбар альбом хийлгэж ашиглуулж сургасан ачтан байлаа.
 
Дөрвөн давхарт тэр үеийнхээр бол "БНМАУ" одоогийнхоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар Халтархүү гуайнх байдаг байсан. Хөдөлмөрийн баатар маань орцынхоо бүх хүүхдүүдийг ням гаригийн 12 цагт цуглуулан ахмад үеийн хөдөлмөрч дайчин уламжлалаас таван минутыи сургааль айлдаж зөвлөгөө өгнө.
 
Ингээд бүх хүүхдийг шал угаах сойз, шалны алчуур, мод, гөвүүр, саван, резинин бээлий, амны маск, ус хийх төмпөн, айл бүрийг хүрз, жоотуу зэрэг хөдөлмөрийн багажтай болгосон. Долоо хоног бүрийн ням гаригт орцны хүүхдүүд цэвэрлэгээнд гарч таазны шороогоо гөвж унагаан хана туургаа савандан угааж шал цонхны шил, шатны бариул, хаалга үүдээ цэвэрлэж цэмцийлгээд баатарт үзүүлж үнэлгээ авна.
 
Сар бүрийн сүүлчийн долоо хоногт хүүхдүүдийн хийсэн ажлыг үнэлэн дүгнэж урамшуулан мялаалга өгнө. Орцны хүүхдүүдийн ахлагч Чимгээ хэмээх охин байлаа. Тэрээр дандаа онц сурна. Орцныхоо хүүхдүүдийн хичээл номыг нь уншуулж даалгавраа шалгаж давтлага өгнө.
 
Хүүхдүүд Чимгээгийи үгнээс гарахгүй, юу л хэлнэ түүнийг нь ёсчлон биелүүлнэ. Цас орсон тэр өдөр эрчүүд цасаа цэвэрлэж тарьсан модныхоо ёроолыг цасаар хучиж дулаална. Энэ бүх ажил хэвшил болж тогтсон байлаа. Манай орцны гадна хаалга одоогийн Гэсэр сүмийн гаднах хаалгатай дүйцэхүйц тийм чамин гоё байж билээ.
 
Орцны хаалгаар оронгуут нэг давхрын хойд хананд 12 секцтэй (паар), давхар болгоны цонхны доод талд паартай байшин учраас дулаахан гэж янзтай. Даарч хөрсөн хүмүүс манай орцонд орж ирээд дулаацаад явдагсан. Давхар болгондоо гэрэлтэй, давхрын айлууд гэрлээ нүдлэн хамгаалж, тогтмол цагт асааж, унтраана.
 
Сайд нарын зөвлөлийн 511 дүгээр тогтоолд "орон сууц ашиглалтын болон суугчдын талаар тов тодорхой заагаад өгсөн гарын авлага ширээний ном байж билээ. Оршин суугчидтай холбоотой анхааран болгоох заалт зааврыг  түүвэрлэн авч ханын самбарт тавьж суугчид уншсан эс уншсан тухайгаа гарын үсэг зурж үлдээнэ.
 
Ийм аваас манай орц гял цал хийсэн гэрэл гэгээтэй цэвэр цэмцгэр, өнгө тунамал үзэсгэлэн төгөлдөр орц учраас орон сууцны удирдах газрын шагнал сайшаалыг олон удаа хүртэж байснаа нуух юун бөлгөө. Орцын подвалийн хаалгыг нүдлэн хамгаалагч нь 28 тоотод суугч Төмөрхүү байсан юм. Подваль маань гэрэлтэй гэгээтэй цэвэр цэмцгэр ямар нэгэн муухай үнэр танаргүй байдаг байсан.
 
Подвальд Төмөрхүүгийн зөвшөөрлөөр орж гарна. "Өөдлөх айл үүднээсээ" гэж сайхан байлаа. Монголын Цагаан сарыг тэр үед хот суурин газар тэмдэглэх хориотой байсан. Манай орцныхон бид ахмад настнуудаа хүндлэн дээдэлж гэрийнхээ хойморт залж, ажлын чөлөө цагаараа орой, өглөө зав зай гарган хүндэтгэл үзүүлж золголт хийдэг байлаа.
 
Шинэ жилийг нижгэр тэмдэглэнэ. Гэхдээ архи гээч юмнаас зайлсхийнэ. Манай орцонд архи уудаг архаг архичин согтуу толгой байгаагүй. Үүгээрээ бид бахархдаг байсан. "Өөдлөх айл үүднээсээ" гэгчээр сайхан байлаа шүүдээ! Одоо юм гэдэг хурдан өөрчлөгддөг хойно доо юу болов.
 
Ганцхан орцны 15-хан айл байсны 14 айл нь байр сууцаа зараад нүүгээд явсан.  Бууриа сахиж үлдсэн нь би болой. Танихгүй айлын бөөгнөрөл бий болсон. Ахиад танихгүй айл нүүж ирнэ. Эвдэн сүйтгэгчдийн хомхой сэтгэл оволзохдоо амархан ажгуу.
 
Одоо таван давхрын дээд тал 36 айлын сарампай навсгар өнгө үзэмжгүй орчин тойрныхоо гоо сайхныг гутаасан мансард хэмээх нэг юм сарайж байна. Энэ баригдсан мансардыг хүлээн авсан байгууллага байхгүй хүлээлгэн өгөх ёстой эрхэм зугтаж алга болсон, эзэнгүй.
 
Харин суугчдаас нь мэр сэр гарч өөр тохилог байранд шилжсээр байна. Орцны минь нэг давхарт алдар цуутай архаг архичин аав, хүү хоёр, гурван давхарт бас нэг архичных суудаг болсон. Архичдын балаг их. Архичдаа цуглуулан архидаж орцонд шээнэ.
 
Тамхины иш, архи, пивоны шил хог новш хөглөрүүлэн хаяж орилж хашгиран оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Бүх давхарт байсан паар бүгд ховдог шунахайчууд архичдын гараар орж төмрийн цэгт тушаагдан архины мөнгө болон зүсээ хувиргасан болой.
 
Орцны хаалга яажийж, хана туурга нь халтартсан тааз нь өлөн шороонд дарагдаж, гэрэл гэгээгүй шахам шалны алаг чулуу пилта ховхорч хана туурга үүд нь зарлалын самбар болон хувирч новширсон. Хөөрхийдөө манай орц ийм л болоод байна даа.
 
Яана даа,яана! Орцын подвольд айл орошин сууж, хууль зөрчихийн зэрэгцээ бас зүгээр ч үгүй, архичид бөөгнөрөн нижигнүүлж гарна даа. Орц түрээслэж авсан хүн нь бас цааш нь өөр хүнд түрээслүүлж дундаас нь мөнгө унаган авдаг бохир аргад шилжиж байна. Сууц өмчлөгчдийн гурван холбоо ажилладаг.
 
Тэдний хариуцсан байрны орц подволь яг иймэрхүү л байх юм. Энэ бүхнийг харахад элэг эмтэрмээр. Ингэхийн оронд оромцоглосон СӨХ-г орвонгоор нь өөрчилж орон сууц ашиглалтын контортой нэгтгэж нэг удирдлагатай болговол зүгээр биш үү! Бүгдээрэээ хэлэлцье. 
 
Угсармалын 1 байшингийн 2-р орцонд оршин суугч: Ш.ГАНТӨМӨР