sonin.mn

 

(фельетон)
 
Энэхүү гарын авлага нь алин цагт амиа егүүтгэсэн бурхан болоочдод тус болохгүй гэдгийг оршлын оронд хэлье. Шашны хийгээд аливаа сургаал,сэтгэл зүйн зөвлөгөө,ёс зүйн хэм хэмжээ гэх мэтчлэн амиа хорлохоос сэргийлэх олон цогц арга хэмжээ байдгийг бас сануулахад юун илүүдэх.
 
 
Харин амиа хорлохоор завдаж байгаа,хэтдээ аминдаа хүрэхээр төлөвлөж буй,амиа хорлохоос өөр зам байхгүй мухардсан,амиа хорлоход ямар мэдрэмж төрдөг бол гэж саваагүйтэж боддог,амиа хорлосон хүмүүсийн тухай сонсохоор тэднийг үлгэрлэн дуураймаар санагддаг,
 
амиа хорлолтыг дэмждэг ямар нэгэн шинж тэмдэг танд илэрдэг бол аан гээд алив наашаа ойртоод суу. Эрээлж бараалах юу байхав.Энэ чинь хүн төрөлхтний толгойны өвчин болсон сэдэв.Нэг сайхан тарнидчихаад ороод явчнаа.Түй түй түй
 
 
Нэг. Амиа хорлох шалтгааны тухай
 
Мэдээж хэрэг аминдаа хүрэх хэмжээний том том шалтгаанууд.Хайртай хүүхэн тоохгүй байх,авгайдаа хаягдах,ажлаасаа халагдах,хийсэн гэм илрэх,хийсэн гэмээ үүрэхээс зайлсхийх,өр зээлэнд баригдах,өвчин зовлонд ээрэгдэх гээд үй олон үхлийн шалтгаанууд байна.
 
 
Эцэг эхтэйгээ муудалцах,хүссэн юмаа авч чадахгүй байх гэхчлэнгийн үл ялиг шалтагуудаас болсон тохиолдол ч олон. Манай нутагт лав нэг залуу хоёр нэхий хулгайлснаасаа болж өөрийгөө боомилж байсныг санаж байна.
 
 
Дайсанд олзлогдохгүйн тулд эцсийн ганц сумаа өөртөө зориулдаг баатарлаг  хэлбэр ч бас бий.Японд бол ажлын стресснээс их болдог л юм гэсэн.Хэн мэдлээ.Тэр болгоныг тоочвол гарын авлага биш роман болох нь.
 
 
Ер нь эцсийн эцэст нохой долоо гэж дандаа л ялих шалихгүй юмнаас  болдог юм байхчүүлээ.Аминаас үнэтэй асуудал,бэрхшээл гэж юу байна.Нөгөө ертөнцөд очоод амиа егүүтгэх замаар ирсэн сүнснүүдийн дунд социалогийн судалгаа явуулбал ийм алхам хийсэндээ харамсч байна гэх сонголтыг л их дугуйлсан байх бий вий.
 
 
Хэрвээ та амиа хорлохоор шийдсэн бол шалтгаан нь аминаас чинь,амьдралаас чинь үнэтэй,хүндэтгэж үзэхээс өөр аргагүй шалтгаан л байж таарна.Харин аар саар асуудлууд бол  ёстой тэмээн дээр ямааны гарз байгаа даа.
 
 
Хоёр. Гүйцэтгэх арга,хэлбэрийн тухай
 
Гүйцэтгэл хийхээсээ өмнө сайн эргэцүүлж бод.Миний энэ алхам гэр бүл,ойр дотныхон,орчин тойронд маань яаж нөлөөлөх вэ гэдгийг. Боомилох,үсрэх гэсэн уламжлалт хоёр арга их өргөн дэлгэр ашиглагдана.
 
 
Гэвч хоёулаа ардаа  хар мөртэй. Бурхны шашны номлолоор бол хүн боож үхэхэд сүнс нь төөрнө гэж үздэг.Өөрөөр хэлвэл ямарваа нэг төрлийг ололгүй ад чөтгөрийн хэлбэрт орж тэнүүчилж явдаг гэсэн үг юм.
 
 
Хүн боож үхсэн газар айл нутагладаггүй,хүмүүс дөлж байдаг нь ийм учиртай.Үсрэх хэлбэр сүүлийн үед түгээмэл ашиглагдаж байгаа ч бас л эрсдэлтэй хувилбар.Үхэх зорлигодоо хүрч чадалгүй наана нь тахир дутуу,эрэмдэг зэрэмдэг болвол яана.
 
 
Үхдэг ч үгүй сэхдэг ч үгүй сайхан хүүр болвол сайхан уу?. Сахил хүртсэн биш шал дордов гэгч болноо доо.Есөн давхраас үсэрсэн нөхөр мөрөөрөө алхаж явсан иргэний дээрээс унаж егүүтгээд өөрөө амьд үлдсэн тохиолдол саяхан гарлаа.
 
 
Үхэх мөрөөрөө үхэхгүй мөрөөрөө явсан хүнийг хорлоод хаячихлаа.Тэр хүн л лав амьдралаас уйдаад,адилхан амьдралаас уйдсан хүний ивээс болсугай гээд айлуудын балкон харж яваагүй нь л тодорхой.Цууны хүчил уух,нойрны эм хэтрүүлэх,мөнгөн ус залгих,галт тэргэн доогуур орох гээд зүсэн зүйлийн аргууд бий.
 
 
Ямар арга хамгийн шилдэг нь вэ гэж үү?.Амьд үлдэх.Үүнээс ухаалаг арга гэж хаа ч үгүй.Хамгийн амиа бодсон хулчгар хүн л хар амиа хорлож хагацалд бусдыгаа унагадаг юм.Аминаас үнэтэй асуудал гэж үгүй билээ.
 
 
Ө.Пүрэвсүрэн