sonin.mn
“Тэнгэрлэг Монгол” ТББ -аас самар бэлтгэхийг яаралтай зогсоох талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэд: "Өнгөрсөн 7 хоногт манай ТББ Ойн газартай хамтраад Сэлэнгэ, Архангай аймгуудад ажиллаад ирлээ. Нөхцөл байдал маш хэцүү болсон байна. Хуулийн хугацаа нь 10-р сарын 20-ноос хойш самар түүх, бэлтгэх ёстой боловч эдгээр нутгийн айл өрхүүд аль хэдий нь самар цуглуулаад өвөлжөөгөөрөө дүүрэн, гэрээрээ дүүрэн самар хадгалчихсан байна. Үүнд нь орон нутгийн байгаль хамгаалагчид ч оролцсон байна. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Энэ жил хуш модны самар 3000 тонн хүрэхгүй нөөц батлагдсан. Өнгөрсөн 2020, 2021, 2022 онуудад 20 мянган тоннд хүрч байсан бол энэ жил ердөө 3000 тонн ч хүрэхгүй нөөц батлагдсан байна.
 
 
Гэтэл өчигдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодорхой тооны самрыг хилээр гаргах тушаал гаргажээ. Энэ тушаалаа зогсоогооч ээ гэж хүсч байна. Энэ жил яагаад заавал зогсоох ёстой вэ гэхээр хуш модон ойгоос 50 зүйл хөхтөн, 160 зүйл шувуу, 6 зүйл хоёр нутагтан, 4 зүйл хэвлээр явагч амьтдын хүнс тэжээлийн нөөц болдог.
 
 
Гэтэл эдгээр амьтад хүнс тэжээлийн хомсдолд орох нөхцөл үүсээд байна. Мөн самар авах гэж хуш модыг нүдэж доройтол, үхжилд оруулж байна. 3-хан мянган тонн нөөц батлагдаад байхад ан амьтдад нь үлдээхгүй, хилээр гаргах зөвшөөрөл олгоод байгаа юм бэ? Байгалиа сүйтгэн байж самар урагш нь гаргах хэрэгтэй гэж? Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж шаардлага хүргүүлж байна. Энэ жил самар гаргах зөвшөөрлийг хорьж өгөөчээ. Гарц нь маш бага байна. Энд нөхөн сэргээлттэй холбоотой асуудал ч яригдаж байгаа. Архангайд очиж нүдээрээ харлаа.
 
Ойн байцаагч нь хамтраад, хэдэн зуун шуудайгаар нь айл бүрийн гадаа, өвөлжөөндөө самар хураачихсан. 8-р сарын 10-даас хойш уралдаад түүгээд эхэлчихсэн гэж байна. Модондоо самар нь тун цөөхөн байна. Архангай аймгийн иргэд өөрсдөө түүхийгээрээ байхад нь уралдаж түүгээд хураачихсан байна. Улаанбаатраас, өөр аймгаас хүмүүс очиж самар түүж, бэлтгэдэггүй юм байна. Архангай аймгийн Засаг дарга, удирдлагууд нь, байгаль хамгаалагчид, экологийн цагдаа нь хамтарсан байх гэж хардаж байна. Ингэж ихээр хураачихсан байхад болиулаад, яагаад хурааж аваад, торгох арга хэмжээ авахгүй байна вэ. Засаг даргаас нь арга хэмжээ аваач гэхээр хөдлөхгүй байна. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг эргэж хараач ээ." гэв.
 
 
М.Чой