sonin.mn
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хятад иргэнд 21 га газар олгосон асуудлаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө цагдаа шүүхэд шалгагдаж буй асуудлаар өмгөөлөгчид болон ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр тэд: "Тэнгэрлэг Монгол ТББ-ын залуус 2023 оны 6-р сарын дундуур Сүхбаатар дүүргийн 19-р хороонд ойн булаг шандтай, ойн сан бүхий газар Хятад улсын иргэн 21 га газар авсан асуудлыг олон нийтэд мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэж хүнд энэ газрын зөвшөөрлийг цуцлаач гэдэг шаардлагыг нээлттэй тавьсан. Гэтэл одоо иргэддээ нээлттэй үнэн зөв мэдээлэл хүргэлээ гэж Х.Болормаа бидэнд гомдож, эрүүгийн цагдаагаас биднийг дуудаж байна. Уул ус, газар нутгийнхаа төлөө яваад цагдаа шүүхээр шалгагдахад хүрлээ. Маш их гомдолтой байна.
 
 
Х.Болормаа гэж хүн ардчилсан үзэлтэй, АН-аас сонгогдож НИХТ-өөр ажиллаж байгаа, удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга хийж байгаа хүн. Гэтэл АН-ын төлөөлөл гэх Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь иргэн Б.Бямба-Очирыг залуусынх нь хамт хуулийн хонгилоор чирч байна.
 
 
Энэ залуус яагаад үгээ хэлснийхээ төлөө өнөөдөр буруутан болоод байна вэ? АН нэг зүйлийг бодох хэрэгтэй. Та нар өөрсдөө ардчилагчид юм уу, МАН-ын коммунистуудын газар, хэлтэс шиг ажиллахаа болих хэрэгтэй. Коммунист дэглэмийг өөрсдөө сурталчлаад, ардчиллаас ухарч байгаад сөрөг хүчний намын даргын хувьд харамсаж байна. Х.Болормаа даргаа, та АН-аас удаа дараа Сүхбаатар дүүрэгт эзэн сууж байгаа. Өмнөх Засаг даргын буруутай шийдвэрийг одоо ажиллаж байгаа Засаг дарга нь залруулах, сайжруулах үүрэгтэй. Та хуулиа мэдэхгүй байна уу? Мэдсээр байж ардчилсан үзлийг мохоох, нухчин дарах коммунист үйл ажиллагааг явуулаад байна уу гэдэг хардлага бий болж байна.
 
 
Хятад иргэн хэдэн зуун мод огтлоод барилга барьж байхад нэг залуу очиж үгээ хэлж лайв хийснийхээ төлөө буруугүй буруутан болж байгаад харамсаж байна. Улс орон даяар Б.Бямба-Очирыг иргэд хамгаалаасай.
 
 
Дүүргийн удирдлагууд ажлаа хийгээгүйн төлөө, иргэн очиж сануулга өгснийх нь төлөө хонгилоор чирч болохгүй. Олигархуудын үйл ажиллагаанд цэг тавихгүй бол бид өнөөдөр гишгэх газаргүй, амьсгалах агааргүй болох нь ээ. Сүхбаатар Дүүргийн Засаг Дарга Х.Болормаад хандаж та өнөөдөр ардчилсан үзэлтэй, АН-ын төлөөлөгч хүн байж энэ коммунист үйл ажиллагааг таслан зогсооно уу гэж шаардаж байна. Б.Бямба-Очирыг өнөө маргаашгүй хорих асуудал ч яригдаж байна. Тэгэхээр хүнийг хорих ажлыг нам нэртэй хэдэн бүлэглэл намын байрандаа захиалдаг болчихжээ. Хуулийг өнөөдөр хүн удирдаад байна. Удирдахдаа ардчилсан үзэлтэй гэж өөрсдийгөө тодотгодог хүмүүсийн зүгээс ийм бусармаг зүйл хийж байгаад харамсаж байна. Та бүхэн коммунист дэглэмийн эсрэг бидэнтэй нэгдэж, Б.Бямба-Очирын талаар гаргасан гомдлоо татаж аваачээ гэж хүсч байна." гэв.
 
 
М.Чой