sonin.mn
Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны Хүчний төв штабын Хүний нөөцийн офицероор үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Хонгорзулыг “Хувилбартай асуулт” буландаа онцоллоо.  
 
Та ямар улиралд төрсөн бэ?   
 
-Хүн, малын зоо тэнийдэг дэлгэр зуны тэргүүн сард төрсөн.        
 
Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал... 
 
-Арван жилийн сурагч байх үеийн хөгтэй дурсамж л даа. Ангийнхаа охидтой нийлж зузаан номны завсар хайч боогоод л сүнс дууддаг байлаа. Хайч нь гар дээр гулсаж эргээд л, дуудсан сүнс ирээд л, ирсэн сүнснээс юм асууж хариултаа аваад л... Түүндээ итгэнэ гэж жигтэйхэн, заримдаа өөрсдөө айж орилолдоод л тун ч хөгжилтэй байдаг байж билээ. Ер нь хэний ч сүнсийг дууддаг байсан юм, одоо санахгүй байна. (инээв). 
 
Таны хүндэлдэг хүн...   
  
-Намайг төрүүлж өсгөсөн эцэг эх, эрдэм мэдлэг олгосон эрдэмтэн багш нар, ажил албанд тусалж дэмжиж байсан хамт олон, удирдлага, жаргал зовлонгоо хуваалцан хамтын амьдралаа бүтээж байгаа хань, ямар ч үед сэтгэлийг минь баясгаж, сэргээж байдаг үрс минь, хэзээд урам зориг өгдөг сайхан сэтгэлтэй найз нөхөд гээд хайрлан хүндэлдэг хүн олон доо. 
 
Таны бахархал... 
 
-Туурга тусгаар Монгол Улс, түүх, эх хэл, өв соёл, ёс уламжлал, зан заншлаараа бахархаж явдаг. Харийн оронд сурах, айлчлах, үүрэг гүйцэтгэх үед хамгийн бахархалтайгаар хэлдэг үг бол “Би монгол хүн”.   
 
Таны шүтлэг... 
 
-Бид байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой учир байгаль эх, уул усаа шүтэн дээдэлдэг. Үргэлж биш ч хааяа өглөөний наран, шөнийн саранд хүсэл бодлоо шингээн цай, сүүний дээж өргөдөг юм. Бас ууланд алхахдаа өглөө болгон урган мандаж байдаг наранд талархан, илчийг нь шингээн авч эрч хүчээ сэлбэдэг гэх үү дээ.  
 
Шүтдэг уул... 
 
-Эмээгийн минь төрсөн нутаг Ховд аймагт орших Мөнххайрхан уулын тухай багаасаа сонсож өссөн. “Гэрийн тооноор мөнх цаст орой нь харагддаг” гээд л эмээ минь ярьдаг байсан юм. Энэ хайрханд очиж бараалхах юм сан гэж бодож, сэтгэлдээ тээж явдаг. 
 
Эх орон гэж юу вэ?   
 
-Тангараг өргөсөн цэргийн хүний хувьд амиа өгөхөд хэзээд бэлэн газар шороо, агаар ус, орон зай, түүний дотор оршин буй элэг нэгт монгол түмнийгээ миний эх орон хэмээн тунгааж явдаг.   
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
 
-Хайр өөрөө энэ хорвоогийн хамгийн өнгө гэрэлтэй, өөдрөг сайхан бүхнийг шингээсэн болохоор хамгийн тансаг цэцэгсийн өнгөтэй зүйрлэмээр байна.  
 
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
 
-Хүний баруун мөрөн дээр бурхан, зүүн мөрөн дээр чөтгөр сууж байдаг гэсэн яриа бий. Тэгэхээр тэдэнд захих үг гэхээсээ илүүтэйгээр мөрөн дээрээ толгойтой, оюун ухаант хүмүүн бид өөрсдөө бурхныг баярлуулах сайхан үг хэлж, сайн үйл хэрэг ихийг бүтээж чөтгөрийг баярлуулах муу үг, үйлээс холуур явахыг хичээх нь зөв юм болов уу даа.       
 
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
 
-Дээр хэлсэнчлэн багадаа сүнс дууддаг байснаас эхлээд өдийг хүртэл уншсан, үзсэн, харсан, дуулсан бүхэндээ үндэслээд сүнс байдаг гэж итгэдэг болсон.  
 
Дуртай хоол...   
 
-Хуйцаа, мантуутай идэх дуртай. Ямар ч хоолны газар орсон цэсэд нь хуйцаа байвал захиалж иддэг, одоо ч өөрөө хуйцаа, мантуугаа сайн хийдэг болсон доо. 
 
Дуртай дуу... 
 
-Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны дуулсан “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Усны тунгалаг Тамирын гол” гээд бүхий л дуунуудад нь дуртай. Хэзээ ч дахин давтагдашгүй өвөрмөц хоолойтой энэ эрхэм хүний амилуулсан дуу болгоныг сонсоод ханашгүй. Мөн “Намрын өнгө”, “Туждаа хамт явах юм сан” дууг Баярцэцэгийн, “Вансэмбэрүү” дууг Баярцэнгэлийн дуулснаар сонсох дуртай. За тэгээд хэзээ ч хит байж чаддаг “Хурд” хамтлагийн дуунуудад дуртай.   
 
Дуртай спорт...
 
-Спортлог гэр бүлд төрж өссөн болоод ч тэр үү бүхий л спортод их элэгтэй. Дөрөвдүгээр ангид байхдаа анх хөнгөн атлетикийн секцэд явснаар хөдөлгөөний эвсэлтэй, спортын дөртэй болсон. Зав чөлөө гарвал ууланд алхана, гүйнэ, газрын теннис тоглоно. Өнгөрсөн өвөл тэшүүрээр гулгаж сурсан, тэгээд цанаар салхи татуулан гулгаж сурах зорилго тавьсан. (Инээв)  
 
Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл юу вэ? 
 
-Аливаа зүйлийг аргацааж, сэтгэл дутмаг хийх, буруугаа хүлээж хариуцлага үүрэхээс зайлсхийдэг занд үнэхээр дургүй. Хүн гэдэг чинь төгс биш шүү дээ. Тиймээс алдаж болно, гол нь аль ч шатандаа буруугаа хүлээн зөвшөөрч, бусдаас уучлал гуйдаг, басхүү алдаагаа давтахгүй байх хэрэгтэй.  
 
Хэлэх дуртай үг...  
 
-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх ардын сайхан үгийг эрхэмлэдэг. Хүн өөрөө аливааг хийж бүтээхээр зорин тэмүүлж, уйгагүй хичээж, шантрахгүй зүтгэж явахад бүхий л зүйл аяндаа болж бүтдэг санагддаг юм.    
 
Хобби... 
 
-Чөлөөт цагаараа бялуу, жигнэмэг зэрэг нарийн боов, орон орны хоол хийж сурахыг оролдож, туршилт хийх хоббитой.  
 
Баримталдаг зарчим... 
  
-Аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ аль болох олон хувилбараар төлөвлөхийг, бас цаг баримтлахыг үндсэн зарчмаа болгодог. Төлөвлөсөн ажил, уулзалт гэдэг ч юм уу, ямар ч үед очих ёстой газраа товлосон хугацаанаасаа 5-10 минутын өмнө очсон байхыг эрмэлздэг. Ер нь хүний болон өөрийн үнэтэй цагийг хий дэмий хүлээж, хүлээлгэж өнгөрөөх тун дургүй.    
 
Хүсэл мөрөөдөл...   
 
-Цаг ямагт л богц дүүрэн хүсэл мөрөөдөлтэй явдаг. Зорилго тавиад эхнээс нь биелүүлээд явж байтал дахиад л дүүрээд ирдэг шүү дээ (инээв).  
 
Та хэр өр нимгэн бэ? 
 
-Наймдугаар ангид байхдаа нэг удаа өнчин хүүхдийн асрамжийн газар очиж үзээд маш их өр өвдөж, хямарч байсан маань сэтгэлээс огт гардаггүй юм. Одоо улам л өрөвчхөн, нулимс бэлэн байдаг болжээ. Ажиллагааны газар орны нөхцөл байдлыг харахаар сэтгэл их л сэмэрч өвдөх юм.
 
"Баярлалаа" гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд зориулж хэлсэн бэ? 
 
-НҮБ-ын “UNMISS” ажиллагааны Хүчний штабын хүний нөөцийн хэлтсийн дарга ажил тарахад өөрөө машинаа бариад хэлтсийнхээ офицеруудыг байрных нь үүдэнд хүргэж өгдөг юм. Өнөөдөр орой байрандаа хүргүүлээд буухдаа талархлаа илэрхийлсэн. Баярлалаа гэдэг үгийг сонсож хүлээн авч байгаа хүнд маш их урам өгдөг болохоор хүмүүсийг бие биедээ баярласан сэтгэлээ харамгүй илэрхийлж байгаасай гэж боддог.   
 
Бухимдсан үедээ... 
 
-Бухимдал дарагдтал чимээгүй байх нь дээр байдаг. Хүн уурлаж бухимдсан үедээ буруу шийдвэр гаргадаг, бусдыг гомдоох үг хэлэх магадлал өндөр байдаг болохоор аль болох эдгээр буруу үйлдлээс зайлсхийдэг. Ам алдвал барьж болдоггүй гэдэг дээ, түр зуурын уур бухимдлаас болоод бусдыг гомдоох үг, үйлдэл хийгээд юүхэв.
 
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?
 
-Амьдрал баялаг, жаргал зовлон ээлжлэн байдаг, хэрэв жаргалыг цагаан, зовлонг хар гэж үзвэл хүний амьдралын туршид цагаан нь давамгай байгаасай л гэж хүсэж байна.
 
Сүүлийн хариултыг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе... 
  
-Монгол цэргүүдэд даян дэлхийн энхийн үйлсэд оролцох үүдийг нээж өгсөн тухайн үеийн удирдлагууд, энхийг сахиулагчийн жимийг татсан анхдагчид, монгол цэргийн нэр хүндийг дэлхийд таниулан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн үе үеийн цэнхэр дуулгатнууд, бие бүрэлдэхүүнийг ажиллагааны газар оронд илгээхэд бүх талын дэмжлэг үзүүлэн хувь нэмрээ оруулан ажилласан, ажиллаж буй нийт бүрэлдэхүүнд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэнд бүгдэд нь талархал илэрхийлж, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлье. НҮБ цэрэг, цагдаагийн эмэгтэй алба хаагчдыг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг шийдвэртэйгээр дэмжиж, уриалсаар ирсэн бөгөөд 2028 он гэхэд цэргийн багт үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн оролцоог 15, бие даан үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн ажиглагч, штабын офицеруудыг 25 хувьд хүргэх зорилт тавиад байгаа билээ. 
 
НҮБ-аас гишүүн орнууддаа хандаж гаргасан энэхүү уриалгыг манай төрийн тэргүүн дэмжиж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ Монголын эмэгтэй энхийг сахиулагчдын тоог 15 хувиар нэмэгдүүлэх амлалт өгсөн нь эмэгтэй цэргийн алба хаагч бидэнд хүлээлгэж буй их итгэл, үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа.
 
Тиймээс ажиллагааны газар оронд бид утга учиртай, үр бүтээлтэй, нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэхэд гадаад хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай тул энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор зорьж буй залуучууд ялангуяа эмэгтэй цэргийн алба хаагчдадаа цаг алдалгүй өнөөдрөөс эхлэн англи, франц, хятад зэрэг НҮБ-ын албан ёсны хэлийг суралцаж эхлээрэй. Хэлтэй бол хөлтэй гэдэгчлэн гадаад хэл эзэмшсэн эмэгтэй цэргийн алба хаагчдад маш өргөн боломж байна шүү гэдгийг чин сэтгэлээсээ захиж хэлье. Цаг гарган “Хувилбартай асуулт”-уудад маань өөрийнхөө хариултын хувилбарыг илгээсэнд баярлалаа. Таны энхийн үйлсэд амжилт хүсье. 
 
 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
Эхсурвалж: "Соёмбо" сонин