sonin.mn
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр  эрхэм  зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс бид энэ удаагийн ““Нэгдүгээр хүн” буландаа өрсөлдөх чадвараараа 21 аймгийг тэргүүлж шилдэг аймаг болсон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг урьж, ярилцлаа.
 
-Дорноговь аймаг сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараа ахиулсаар тэргүүлэх болсон.  Ялангуяа сүү лийн хоёр жил дараалан шилдгээр шалгарсан. Салбар тус бүрийн үзүүлэлт нэлээд ахисан байна лээ? 
 
-Жил бүр “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г гаргадаг. Дорноговь аймгийн хувьд 2020 онд хоёрдугаар байрт байсан бол сүүлийн хоёр жил дараалан нэгдүгээр байранд эрэмбэлэгжээ. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг дэд бүтэц, бизнесийн болон засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ гэсэн гэсэн үндсэн үзүүлэлтийн хүрээнд дүгнэдэг.
 
Манай аймгийн дэд бүтцийн үзүүлэлт хамгийн том нөлөө үзүүлэхийн зэрэгцээ энэ онд засаглалын бодлогын чиглэлийн ажил сайжирсан гэж үнэлсэн. Мөн иргэдээ төрөлх нутагтаа тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхээр дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэсэн.
 
Тодруулбал, Дорноговь аймгийн 14 сумаас 12 сумыг дэд бүтцэд бүрэн холбосон. Дэлхий нийтийг хамарсан “Covid19” цар тахлын улмаас эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж орон нутагт төрийн албанд ажиллах боловсон хүчний нөөц дутагдалтай болсон. Гэвч бид төрийн бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллах, төсөв санхүүгээ зөв зарцуулах, шударга, ил тод байдлыг хангах чиглэлээр нээлттэй ажиллаж чадсанаар энэ жил “Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээ”-гээр дахин амжилтаа бататгасан. 
 
-Цар тахлын үед улс даяараа эдийн засаг хумигдмал, өвчлөл их байсан. Энэ үед ямар бодлого баримталж ажиллав?
 
-Дэлхий нийтээр тархсан цар тахлаас үүдэн улс орны эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд бэрхшээл тулгарч, бүтээн байгуулалтын ажлууд удаашрах, зогсонги байдалд орох эрсдэл үүссэн. Хүндрэл багатайгаар даван туулах, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхээр хичээн ажилласан.
 
Манай аймаг байнгын ажиллагаатай хилийн хоёр боомттой. Тиймээс Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын Эрээн хотоос бүтээн байгуулалтын ажилд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг шуурхай татан авах арга хэмжээг мэргэжлийн байгууллага, хөрш орны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан. Ингэснээр 2022 онд 119 бүтээн байгуулалт хийсэн.
 
Энэ нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Харин Ханги хилийн боомтыг цар тахлын үед ногоон бүс буюу өвчлөлгүй байлгах бодлого баримтлан хорио цээрийн дэглэмийг сайтар сахиулж тасралтгүй ажиллуулж нүүрс, төмрийн хүдэр экспортолж улсын төсөвт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь урьд оноос 1.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон. Мөн гол зургаан нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж 35.5 тэрбум төгрөгийн татварын орлого, 53.6 сая төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь урьд оноос 5.8 тэрбум төгрөгийн татварын орлого, 23.8 сая төгрөгийн хураамжаар нэмэгдсэн зэрэг үр, дүнтэй ажилласан. Нөгөөтэйгүүр төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээс хөрөнгө босгох “Хамтдаа давъя” аяныг санаачлан зохион байгуулж 1.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн.
 
-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймагт томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна.Тэгвэл Засгийн газрын шийдвэрүүд хэр бодитой, уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
 
-Манай аймагт Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод тусгасан үндэсний хэмжээний томоохон төслүүд хэрэгжиж байна. Орон нутаг дэмжиж байгаа. Тухайлбал, “Дорноговь аймгийн Алтанширээ сумг дахь газрын тосны үйлдвэрийн ажлын явц 70 гаруй хувьтай явж байна. Мөн “Алтанширээ үйлдвэрлэл технологийн парк”-ийн төслийн хүрээнд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 140га талбайд төмрийн хүдрийн баяжмал, баяжуулсан нүүрс, кокс, төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэх дагалдах дөрвөн үйлдвэр бүхий жилдээ 500 мян.тн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөж байна. 
 
Иххэт суманд “Төвшин” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил дууссан. Орон нутгаас барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тухай бүр шуурхай олгон дэмжлэг үзүүлж хамтран ажилласан.
 
Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ажлыг хийж энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн шинэ зорчигч тээврийн хэсгээ нээсэн. Ингэснээр урт дараалал үүсч, дотоод гадаадын зорчигчдыг бухимдуулдаг асуудлууд багасгах боломж бүрдлээ. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км шинэ төмөр замын төсөл бүрэн хэрэгжиж улсад хүлээлгэн өгч импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлсэн.
 
-Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр томоохон боомт, бусад бүтээн байгуулалтын үр шимийг нутгийн иргэд хүртэж чадаж байна уу. Ер нь аймгийн Засаг даргын эрх мэдэл хүрдэггүй, хүртээмж тааруу зэргээр тулгамдсан асуудлууд байдаг?
 
-Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын- Үүд хилийн боомтыг шинэчлэх, өргөтгөх бүтээн байгуулалт хийлээ.  Нийт талбай найм, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ. Энэ хэмжээгээр аймаг, орон нутгийн иргэд хамгийн түрүүнд үр дүнг хүртэж байгаа гэж ойлгож болно. Монгол Улс бол нэгдмэл улс, тийм болохоор аймгийн Засаг дарга дангаар эрх мэдэлтэй байна гэж үзэх боломжгүй, Үндсэн хуульд зааснаар Засаг дарга нэг талаас төрийн удирдлагыг нөгөө талаас орон нутгийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Өрөөр хэлбэл, Монгол Улсын хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого шийдвэртэй уялдуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор иргэддээ түргэн шуурхай төрийн үйлчилгээг хүргэх, бодлого шийдвэрийг сурталчлах, хууль эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэх гэсэн асуудалд илүү анхаарлаа хандуулж ажилладаг.
 
-Их бүтээн байгуулалтуудыг дагаад ажлын байр, орлого нэмэгдэнэ. Иргэдийн амжиргааны түвшин ямар байна вэ?
 
-Томоохон бүтээн байгуулалтыг дагаж Дорноговь аймгийг зорин ирэх хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж 2022 оны жилийн эцэст урьдчилсан байдлаар 71812 хүн амтай болсон. 2022 онд гэхэд л Засгийн газраас хэрэгжүүлсэн 226.9 км төмөр зам, газрын тосны үйлдвэрийн барилгын ажил зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 1013 шинэ ажлын байр бий болж 1057 иргэнийг ажлын байранд зуучилсан. Мөн ажилгүйдлийн түвшин хамгийн бага аймгийн нэг. Тодруулбал, ажилгүйдлийн түвшин манай аймагт 2016 онд 9.9 хувьтай байсан бол 2020 онд 4.1 хувь, 2021 онд 2.7 хувь, 2022 оны гурав дугаар улиралд гэхэд 0.3 хувьтай болж жилээс жилд буурч байна.
 
-Газрын тос, төмөр зам, сэргээгдэх эрчим хүч гээд түүхэн бүтээн байгуулалт өрнөсөн хариуцлагатай цаг үед та аймгийг удирдаж байна. Дөрвөн жилд аль салбар руу анхаарч, мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байв?
 
-Дорноговь аймгийн Засаг дарга хэмээх хүндтэй бас их хариуцлагатай ажлыг аваад хэдхэн хонож байхад дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдвар Монгол оронд бүртгэгдэн, өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин тогтоож байлаа. Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цар тахлыг даван туулах, хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, орон нутаг, хөдөөгийн хөгжил гээд бүхий л салбарыг жигд хамруулсан бодлогыг хэрэгжүүлэн, төрөлх аймгаа хөгжүүлэхээр УИХ-ын гишүүд болон агентлаг, сумдын ЗДТГ-тайгаа хамтран хүчин зүтгэж байна. “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг 2021 онд 89.1 хувь, 2022 онд 92.2 хувийн биелэлттэй буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүгнэсэн. Үнэхээр энэ цаг үед үндэсний болоод орон нутгийн бүтээн байгуулалтууд өрнөж орон нутгийн хөгжил хурдацтай урагшилж, Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтууд, аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэр гээд орон нутгийн төсвөөр түүхэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж байна. Өнгөрөгч онд гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар мал эмнэлгийн лабораторийн барилга, цэвэрлэх байгууламж, 100 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн зуслан гээд дурьдаад байвал нэлээд олон бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа. Мөн 640 хүүхдийн сургуулийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын барилга, сумдад сургууль, эмнэлэг, соёлын төв, хүүхдийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг энэ зун ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 
 
-Өнгөрсөн жилүүдэд иргэдийг орон сууцаар хангах ажил шат дараатай өрнөсөн. Энэ жил бас түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжинэ гэсэн? 
 
-“150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Мандах наран-1000 айлын орон сууц” төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах төслийг 2017-2022 онд үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, есөн суманд нийт 1860 өрхийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангасан. Аймгийн хэмжээнд 2011 онд 1103 өрх орон сууцтай байсан бол 2022 оны байдлаар 8360 өрх орон сууцтай болж нийт өрхийн 41.6 хувь нь тохилог орон сууцанд амьдарч байна. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт 16.9 тэрбум төгрөг батлагдаж, долдугаар сард түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
-Энэ эрчээрээ хөгжлийн зангилаа аймаг болох нь. Хот төлөвлөлт, боловсон хүчин бэлтгэхээс эхлээд энэ тэсрэлтэд Дорноговь аймаг бэлэн үү? 
 
-Төрийн бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллах нь төрийн албаны эрхэм үүрэг билээ. Дорноговь аймаг стратеги төлөвлөгөөгөө боловсруулахдаа “Хүн амын оршин суух, хөгжих таатай нөхцөлийг хангасан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, ухаалаг, тогтвортой засаглалыг бэхжүүлсэн, эдийн засаг, нийгмийн бие даасан Монгол Улсын хөгжлийн тулгуур аймаг болно” гэж алсын хараагаа тодорхойлсон. Харин “Иргэдийн амар тайван аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулан, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг цогцлоон, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн, үндэсний тэргүүлэгч аймаг болно” гэж эрхэм зорилгоо тодорхойлсон. Монгол Улсын хөгжлийн тулгуур аймаг төдийгүй үндэсний тэргүүлэгч аймаг болно гэсэн зорилтынхоо хүрээнд бид орон нутгийн төлөвлөлт, боловсон хүчний бодлогод нэлээн анхаарлаа хандуулж байгаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2022 оны хурлаар бид “Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг анх удаа боловсруулан батлуулсан. Энэ хөтөлбөр нь орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж, таван жилийн тэтгэмж, орон сууцны төлбөрийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусган энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна. Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэр, Алтанширээ үйлдвэр технологийн парк ашиглалтад орохоор улсын хэмжээний зангилаа аймаг болох нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд аймагт маань нутгийн зөвлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууцны хорооллууд багагүй баригдаж байна. Тухайлбал, Нутгийн зөвлөлтэй хамтран өнгөрсөн гурван жилд 1060 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Манай аймаг 2023 оныг “Нээлттэй аймаг” зорилтот жил болгон зарлаж орон нутагтаа хүн татах, ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар зорин, “Нээлтэй Дорноговь аймаг” хөтөлбөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар өргөн бариад байна.
 
-Энэ жил Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Хамарийн хийд, энергийн төв бол Монгол Улсын аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг. Мөн эргэлийн зоо, Их нартын байгалийн нөөц газар зэрэг аялал жуулчлал явуулахад сонирхолтой газрууд элбэг. Гэтэл жишиг хөгжиж чадахгүй байх шиг. Аялал жуулчлалаар эдийн засгийг солонгоруулахад хэрхэн анхаарч байна вэ?
 
-Аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь яах аргагүй аялал жуулчлалын салбар байдаг. Дорноговь аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөөгөө аймгийн ИТХ-аар батлуулан эхний ээлжинд жуулчдыг хүлээн авах, ая тухтай, аюулгүй аялах суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал, аялал жуулчлалын гол бүс нутагт авто зам, гэрэлтгүүлэг, суурьшлын бүсийг бий болгон худалдаа, үйлчилгээний газруудыг төвлөрүүлсэн. Аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд тухайн орон нутгийн онцлог, давуу талыг харуулсан үзвэр, үйлчилгээ, аялах маршрут, үйлчилгээний орчин хамгийн чухал.
 
Манай улсын аялал жуулчлалын салбар олон улсын түвшинд хүрч хөгжөөгүй байна. Ганц манай аймаг гэлтгүй бусад аймгуудын аялал жуулчлалын гол бүс нутгуудаар аялахад ижил төрлийн олон асуудлууд байдаг. Тиймээс тус салбарт үйл ажиллагааг явуулах бизнесийн таатай орчныг төрөөс бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялагчдыг татах шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна.
 
Байгалийн үзэсгэлэнт газрын хамгаалалт, ан амьтны аюулгүй байдал, унаган төрхийг хадгалах чиглэлээр манай аймагт Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа болон Хамарын хийдийн хамгаалалтын захиргаа ОНӨААТҮГ үйл ажиллагааг явуулдаг. Аймгийн тусгай хамгаалалттай газрууд дээрээ түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн сацуу хилийн боомтоо түшиглэн нэг өдрийн аяллыг торгоны зам болон Эргэлийн зоо чиглэлд хийхээр ч бас төлөвлөж байгаа.
 
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо Гиннесийн номд бүртгэгдсэн хамгийн том гэр байгаа. Энэ гэр 36 ханатай, 28.81 метр диаметртэй, 1000 шахам ам метр талбайтай, нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай.
 
Өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй. Мөн энэ жил Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Түүхт ойн хүрээнд суут хүмүүний бүтээл туурвилыг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, Хамарын хийд, энергийн төвийн аялал жуулчлалын түлхүү дэмжихээр төлөвлөж байгаа.
 
-Уул уурхай хөгжсөн аймагт асуудал дуусдаггүй. Нутаг орноо хамгаалах гэсэн иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэл их байдаг байх? 
 
-Дорноговь аймагт одоогийн байдлаар 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрц байдаг. Байгалийн баялаг, ашигт малтмал, эрдсийн энэхүү ихээхэн нөөц нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих тааламжтай нөхцөл болж байна. Мэдээж орон нутгийн малчид, иргэд уул уурхайн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг.
 
Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, малын тоо толгойн өсөлт, бусад олон шалтгааны улмаас газрын доройтол, цөлжилт явагдаж бэлчээрийн даац хүрэлцээгүй болсон.
 
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай тул цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийг тухай бүрд гүйцэтгүүлэх, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Нутаг орноо гэсэн иргэдийнхээ бодитой зөв шүүмжлэлийг бид хүлээн авч, газар дээр нь уулзалт зохион байгуулах, үндэслэл судалгааг хянан үзэх, үнэн шударга шийдвэр гаргах гээд олон талын үйл ажиллагааг зохион байгуулан, хамтын шийдвэр гарган ажилладаг. 
 
-Монгол Улсын цементийн нөөцийн 70-80 хувийг хангадаг үйлдвэрүүд, хил залгаа зэрэг олон давуу тал байна. Таныг удирдаж байх хугацаанд Дорноговь аймаг хөгжлөөр ямар түвшинд хүрнэ гэж зураглаж байна вэ. Мэдээж том амбиц бий байх?
 
-Амбиц гэхээсээ илүү орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалт болон иргэдийн аятай тухтай амьдрах боломжийг хэрхэн сайн нэмэгдүүлсэн бэ гэдгээр удирдаж хүний түвшинг тодорхойлно байх. Аймгаа бид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн чиглэл дээр тулгуурлан хөгжүүлэхээр богино болон дунд хугацааны бодлогын баримт бичигтээ тусгасан.
 
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь иргэдийн ая тухтай амьдрах, ажил хөдөлмөрөө эрхлэх, эрүүл амар тайван орчинд амьдрах зэрэг асуудлыг шийдэхэд хамгийн чухал нөлөө үзүүлнэ.
 
Мөн Дорноговь аймагт Газрын тос боловсруулах, Ган бөмбөлгийн үйлдвэр зэрэг боловсруулах 10, баяжуулах 11, нүүрс угаах зургаа гээд нийт 27 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь Монгол Улсын төдийгүй орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн хамгийн том тулгуур, суурь болж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Мөн орчин үеийн байгальд ээлтэй технологи бүхий үндэсний үйлдвэрлэгч цементийн үйлдвэрүүд ашиглалтад орж жилдээ 1.8 сая тонн цемент үйлдвэрлэн өнөөгийн хүнд хэцүү нөхцөлд ч гадаад зах зээлээс хамааралгүйгээр бүтээн байгуулалтаа тогтвортой үргэлжлүүлж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Дорноговь аймгийн хувьд говь хээрийн бүсэд хамаарч, байгалийн ширүүн уур амьсгалд байдаг хэдий ч үе үеийн Их говийн зоригтны өлгий нутгийн ард түмэн гэдгээрээ бид бахархаж явдаг болохоор ирж буй он жилүүдэд амжилтаа бататган, илүү их хөгжил дэвшлийг орон нутагтаа бий болгохын төлөө зорин ажиллаж байна.
 
 
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин