sonin.mn
Нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Доржийн охин, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Осормаагийн Батхандтай цөөн хором ярилцлаа.
 
"Хэл, Хил, Мал гуравтайгаа хэн баян Монгол баян" хэмээж, олноо алдаршсан нэрт зохиолч яруу найрагчийн охин гэдгээр тань хүмүүс таныг андахгүй. Таны хувьд аавынхаа энэ их үйл хэргийг хэрхэн үргэлжлүүлж авч явахыг хүсдэг вэ?
 
“Зундуйн Дорж" сангаар дамжуулан аавынхаа хийж байсан болон хийхээр төлөвлөж байсан үйлсийг үргэлжлүүлэх хүсэлтэй явдаг. Учир нь аав маань жинхэнэ эх оронч хүн байсан. Тэрээр баян тансаг амьдрахыг хүсээгүй, зориогүй. Харин эх орныхоо төлөө, малчдынхаа төлөө, ард түмний төлөө цогтой тэмцэгч эх оронч байсан.
 
Би жинхэнэ эх оронч хүний хүүхэд гэдгээрээ бахархдаг.
 
Таны эх орны хөгжлийн төлөө хэлж буй үгнээс эцгийн тань эх оронч, зарчимч зан чанар нэвт ханхалдаг. Өнөөгийн бидний амьдарч буй энэ нийгмийг залуу хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
 
Өнөөдөр Монголын нийгэмд 44 их наядын нүүрсний хулгай, авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл газар авч, энгийн үзэгдэл болсон байна. Энэ үед Монголд буй цөөхөн эх орончид худал хуурмагийн эсрэг ганцаардаж байгаа. Одоо жинхэнэ эх орончид, нэр цэвэр эх орноо хөгжүүлэх залуус дутагдаж буйг нуугаад яахав. Монголчууд бид ямар агуу түүхтэй, амгалан тайван, баян тансаг, есөн эрдэнийн орныг эзэгнэн төрсөн билээ. Гэтэл Монгол Улсад баялгийн тэгш хуваарилалт байхгүйн улмаас ард түмэн хэрхэн туйлдаж байна вэ. Харах бүрт харамсмаар, халагламаар ийм л нийгмийг бүтээчихсэн байна.
 
Монгол Улсын дэлгэсэн тэрлэг шиг газрын зураг дээрх газар бүхэн, Салхитын мөнгөний орд гэхэд л газрын зураг дээр ч тэмдэглэгдээгүй жижигхэн орд. Гэтэл энэ ордоор 450.000 ахмадын зээлийг тэглэсэн түүх бидэнд үлдлээ. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн үед тогтсон энэ сайн жишиг үргэлжлэх ёстой үйлс.
 
Хэрвээ өнөөгийн улстөрчид, эрх баригчид шударга байсан бол монголчууд илүү амар тайван, банкны зээлгүй, ажил орлоготой байх байсан. Гэтэл Монголын ирээдүй болсон сайхан залуус нүдээ шалгуулж, шүдээ тоолуулж, эрүүл мэндийн үзлэгт ороод харийн оронд хар ажил хийхээр нүүдлийн шувуу шиг харийг зорьж байна. Энэ бол монголчуудын, Монголын эмгэнэл шүү. Одоо л бид өөрчлөхгүй бол ямар эх орныг ирээдүй үр хойчдоо хүлээлгэж өгөх юм бэ. Ийм л нийгэм ирчихлээ. Гэтэл хатуу амьдралыг хаттай туулан өнгөрсөн аав маань үр хүүхдээ, өөрийн амьдралаа хойш нь тавьж, монгол малын удмын санг хамгаалах, малчин түмнээ хайрлан дэмжих, малын хулгайтай тэмцэх ажилд чин сэтгэлээ зориулсан давтагдашгүй, дахин төрөхгүй нэгэн байлаа. Тиймээс ч монгол хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн.
 
Түүний хэлсэн "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян, Монгол баян" гэдэг наймхан үгэнд Монгол Улс тэр чигтээ багтсан гэж боддог. Энэ наймхан үг бол зөвхөн шүлэг биш, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн тунхаглал, философи юм.
 
Энэ гайхамшигтай мөр дахин давтагдахгүй. Дахин засагдахгүй яг л энэ хэвээрээ үеийн үед түүхэнд үлдсэн. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна" хэмээн тунхагласан. Энэ нь мал сүргийг монголчууд бид дээдлэн ирсний илэрхийлэл юм. Тэр жил аав маань сонин хэвлэлд олон арван шүүмжлэл, ярилцлага, эрэн сурвалжлах материал нийтэлж, үзэгний хүч, үгийн чадлаар 1993 оны Эрүүгийн хуульд Мал хулгайлах гэсэн заалтыг оруулж чадсан байдаг.
 
Та сэтгүүлч, эрхзүйч хүн. Энэ нийгмийг өөрчлөхийн тулд бид яах ёстой вэ?
 
Бид хувийн эрх ашгаа, намын эрх ашгаа хойш тавих цаг болсон. Бид эх орноо энэ улсын үнэнч шударга ард түмнээ бодох цаг болсон. Хүн бүр эх орноо боддог бол хүн бүр үр хүүхдээ хайрладаг бол цоо шинэ нийгмийг байгуулахын төлөө хууль бус үйлдлийг таслан зогсоох болсон. Ард түмэнд хүч байдаг. Ард түмэн сонгуулиар мөнгө авч сонгуульд саналаа өгдөг байж болохгуй. Учир нь мөнгөөр ард түмний саналыг худалдан авч буй хүн Монгол Улсаа зарахаас буцахгүй. Тиймээс өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж хийх цаг иржээ. Бид энэ нийгмийг гэгээн, гэрэлтэйгээр зурах ёстой. Бидний гарт бал цаас байна гэж төсөөлбөл маш сайхан Монголыг зурахыг л хүснэ биз дээ. Учир нь энэ улсад үр минь үлдэнэ
 
Энэ өөрчлөлтийг монголчууд хийж чадах болов уу?
 
Чадна. Туулай жил ирж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм. Үнэнийг бүү үргээ. Үнэнийг бүү холдуул. Энэ хорвоод үнэний орон зай үргэлж байдаг. Үүнд л итгэ!
 
Ярилцсан танд баярлалаа.
 
Б.Батбуян
 
Эх сурвалж: МоАХ-ы төв хэвлэл "Ардчилал" сонин