сонин mn
УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар түгжрэл болон сая болсон тэг зогсолттой холбоотой сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: "Зам тээврийн хөдөлгөөнд танхайрал ноёлж байна. 30000 жолооч эрхээ хасуулсан ч 10000 гаран нь ахин машин жолоодож байгаад баригдсан байна. Даатгал, торгуулиа төлдөггүй, оношлогоонд ордоггүй байдал хэт хавтгайрсан мөн дарга нарын цуваа, автозамын осол түгжрэлд нөлөөлж байна.
 
Саяын 0 зогсолтонд бүгд өртлөө. Би ч бас 3 цаг түгжирсэн. Ямар нэг арга хэмжээ аваач ээ гээд байх юм. Ойрын хугацаанд замын түгжрэлд юу хийж чадах вэ гэвэл бодит үнэнийг л хэлье. Энэ зам дээр байгаа хэт олон машинаа л цөөлөх арга хэмжээ авахаас өөр арга үгүй. Бодит үнэнтэй нүүр тулах цаг болсон. Ингэхдээ захиргаадалтын арга хэмжээ авна. Уулзвар бүрт автомашинуудын торгууль, оношлогоо, даатгалыг шалгах боломж бүрдэж байгаа. 161-н уулзвар дээр төхөөрөмж байрлуулсан. Хотын машинуудад уншигч суулгасаны дараа энэ систем ажиллана. Он гараад хэрэгжиж эхлэх болов уу. Ингэснээр түгжрэл 20 хувь буурна.
 
Мөн BRT, LRT болон Дүүжин тээврийн төслийг дахин хөдөлгөнө. Метрог бондуудын өр ширнээс болоод ойрын хугацаанд ярих боломжгүй. Хуучин болон буруу хүрдтэй машин оруулж ирэхийг ойрын жилүүдэд хориглохгүй. Би аль болох захиргаадалтын арга хэмжээнээс зайлсхийж байгаа.
 
 
Гэвч бидэнд өөр ямар арга байна. Алхах, автобусанд суух, олуулаа нэг машинд суух л арга үлдэж байна. Гурван сарын өмнө би түгжрэлтэй холбоотой асуудал хариуцаж байгаагүй. Сая энэ ажлыг аваад нөхцөл байдалтай танилцаж үнэнтэй тулаад үнэхээр цочирдлоо л доо.
 
 
Ядаж байхад энэ онд нийтийн тээврийн цикл нь унаж байгаа үе таарчихсан” гэв.
 
Мөн энэ өвлийг хэрхэн түгжрэл багатай давах вэ гэсэн сэтгүүлчдийн асуултанд сайд “Харин өдөр тутам хөдөлгөөнд оролцож буй 450 мянган машинаа яах вэ гэж сөргүүлж асуугаад, захиргаадаж бас болохгүй байна. Иргэдийн эрхэнд халдчих гээд байна. Тиймээс цаг агаараа сайн хар, цастай өдөр аль болох ажил, амьдралаа зохицуул” хэмээн олон нийтэд хандаж уриалж байлаа.
 
Ч.Явуу