Зуу гаруй хүнийг “хулхидаж” бараг тэрбум төгрөгөөр нь тансаглачихсан ээж, охин, хүргэн гурвын хэргийг шүүж байх юм. Тэр олон хүнийг ёстой л ангайтал нь залилж хөлс, хүчээ шавхан байж цуглуулсан тэр их мөнгөөр “цэнгэн хөгжилдсөн” гурван товарищ дээгүүр харсан шигээ хэнэггүйхэн сууцгааж байна. Тэрбум төгрөг гэдэг мөн ч их мөнгө шүү. Яаж үрэхээрээ гуравхан хүн тэр их мөнгийг үгүй хийчихээд “Юу ч байхгүй ээ, хоосон биднээс хоёр чихийг минь авахгүй юу” гээд сууж байдаг юм бол.
Ер нь төрөөс төрсөн энэ олон тэрбумтан, төсвийн мөнгөөр казинодогсод нүгэл нь нүдээрээ гарч, идэж завшсан мөнгөө шингээж дийлэхгүй зад үсэрч, шүүхийн хаалга татахаараа ганц мэддэг үг нь “Хоосон надаас хоёр чихийг минь авахгүй юу” хэмээж, арьсаа бүтэн аваад гардаг гэж байгаа. Тэрбум төгрөг залгичихсан гуравт 10 жилийн ял өгч “ав, ав” гээд байсан хоёр чихийг нь бүтэн үлдээснээр ямар ч байсан хулгар болгочихсонгүй хоёр яс салж байна.
” Бодоод байх нь ээ, нэг хэсэг борооны дараах мөөг шиг дуу дуугаа аван гарч ирсэн айхтар олон Хадгаламж зээлийн хоршоо, дампуурсан банкны эздүүд ер нь өвчин шаналан гээчийг мэддэггүй төмрөөр бүтээгдсэн хүмүүс байдаг бололтой юм. Шил шилээ даран дампуурлаа зарласан эздүүдийн амны уншлага нь өнөөх л “хоёр чихийг минь таслаад ав” гэх аймшигт үгс.
Тэдний хэлснээр гүйцэтгэдэг бол шүүхийн танхимд тангараг өргөсөн шүүгч нар биш,айж ширвээтэхээ умартсан мэргэжлийн “чих таслаачид” ажлаа хийж зогсох байж. Тэр мэргэжилтнүүд тусгай зориулалтын багажаа барин очиж, тэгтэл нь сүрхий орилуулж зовоолгүй ажлаа хийчихээд гарч ирэхэд хулгар болж өрөө төлсөн гэмтнүүд тэр дороо цагаадаж, шүүхийн танхимаас дуу аялсан шигээ гарцгаах байсан болов уу.
Яах вэ дээ, хоосон хүмүүс хоёр чихээ өрөндөө өгөө л биз.Тэрбум тэрбумаар нь мөнгөө тавиад туучихсан хохирогчид “Хөөрхий минь аргагүй л юу ч үгүй хоосон учраас хоёр чихээрээ өрөө төллөө дөө. Энэ маань одоо юу ч сонсохгүй яажшуухан амьдарна даа” хэмээн харууслын нулимсаа нуун арчина. Хоёр чихээрээ өрөө төлчихсөн товарищууд дараагийнхаа ажилд ханцуй шамлан орох л болно.
Ямар сонсохоо л байсан болохоос хорвоог харах мэлмийгээ алдсан ч биш дээ. Дохио зангаа гэж сайхан юм байхад яаж ийж байгаад хэл нэвтрэлцээд ажил төрлөө амжуулаад явах юм чинь. Харин тэр үед ганцхан базаахгүй явдал үүсч таарна. Тэр нь юу вэ гэвэл хоёр чихгүй хулгар нөхөр гудамжинд малилзаад тууж явбал “Аа энэ сайн эр чинь ямар ч гэсэн өрөө төлчихсөн нөхөр байна.
Гэхдээ л хуучин бууны хугархай гэсэндээ дөнгөж мэднэ. Холхон шиг явъя” гэсэн хардлага сэрдлэг хэн хүнд төрөхгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгж бодсон хүмүүс жийрхэн, зай бариад эхлэхээр хөөрхий өрөө төлчихсөн гэм зэмгүй “чихгүй толгойтнуудыг” нэг жаахан ганцаардуулаад байж мэдэх гэм бий. Бусдаар бол дажгүй дээ. Гудамж талбай, зах дэлгүүр хаа сайгүй хөлхөлдөх чихгүй толгойнууд мэнд мэдэлцэн танимхайрч “Сайн уу хө, өрөө төлчихөө юу. Өргүй явах ч бас зүгээр юм байна шүү” гэцгээн баясгалантай мишээцгээнэ.
Зарим нэг хүний мууд дуртай өөнтөгч нэг нь “Цаад Доржийгоо хараач. Нэг хэсэг гурван давхар хауст тансаглаж, Ланд унаад дайрчих шахан давхиад байсан юм. Ийм л учиртай байж. Өрөө төлчихөөд хулмайгаад явж байгааг нь харахгүй юу” хэмээн жиг жуг хийцгээх нь чихэнд чийртэй сонсогдож мэдэх юм шүү. Яах вэ дээ. Өрөө л төлсөн болохоос үхсэн биш дээ. Энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй.
Эцэг, эхчүүддээ хандаж хатуухан сануулахад үүнээс хойш, түүнээс цааш үр хүүхдээ ялихгүй алдаа, зүггүйтлийнх нь төлөө “чихгүй толгойлчихоод, яавч олигтой хүн болохгүй нь дээ” гэх бэлгэ дэмбэрэлгүй үг хэлдгээ өнөөдрөөс эхлэн чандлан хориглох хэрэгтэй. Та бидний өдөр тутам үр хүүхэддээ хэлдэг тэр олиггүй үг тархи толгойнд нь санамж болон үлдэж, маргаашийн “чихгүй толгой”-нуудын тоог нэгээр нэмэх ч юм бил үү. Олон үг улиг, цөөн үг билэг гэсэн үгтэй юм.
Хууль батлан гаргагчдад анхааруулах зүйл бас байна аа. Саяхан эрхэм Ерөнхийлөгч маань дэлхий даяар тархан амьдарч байгаа гарал үүсэл нэгтэй Монголчуудаа түүхийн өлгий нутагтаа ирж суурьшин амьдрахыг уриалсан нь сайхан үйл явдал боллоо. Тэгэхээр тун ч удахгүй дэлхийн өнцөг булан бүрээс угсаа гарал нэгтэй монголчуудын маань их нүүдлийн цуваа Улаанбаатарыг зорин хөвөрч таарна.
Одоо сая гаруй хүн амтай байгаа Улаанбаатар хот гэрлийн хурдаар ам бүл нэмэгдэж гурав, цаашлаад дөрвөн сая хүнтэй болох өдөр айсуй. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг ч түүнийг дагаад бас бус базаахгүй явдлууд нэмэгдэх нь ойлгомжтой. Гурван сая хүнтэй том хотод хүссэн хүссээгүй “сайн эрсүүд” олшрох нь тодорхой.
Тэд өнөөдрийн 100 гаруй хүнийг ангайтал нь залилсан ээж, охин, хүргэн гурваас хамаагүй уран нарийн арга бодож олоод хэдэн мянган хүнийг амаар нь шороо үмхүүлэх “залилан мэхлэгчдийн пирамид” босгохыг үгүйсгэх газаргүй. Тэр үед л Улаанбаатар хотоор дүүрэн “чихгүй толгойнууд” гараад ирэх вий дээ. Ээ дээ одооноос л хууль зохиогчид минь энэ тал дээр сайтар бодолцож “чихгүй толгойтнууд”-ын хот болчихгүй байх хууль эрх зүйн орчинг нь цаг алдалгүй зохицуулах шаардлага амьдралаас урган гарч ирж байна.
Хэдийгээр өнөөдрийн байдлаар бусдаас тэрбум төгрөг луйвардчихсан энэ цагийн “сайн эрс” хоёр чихтэйгээ үлдэж, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн 10 гаруй жил торны цаана суух ял авч байгаа хэдий ч ирээдүйд зайлшгүй хоёр чихийг нь мултлан авч Монгол Улсын байгалийн баялаг, газар шороо, тусгаар тогтнолыг гадны тонуулчдад худалдсан этгээдүүдийг өрнөөс чөлөөлөх шүүхийн тогтоол уншигдвал бид яах билээ.
Ер нь хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг. Одооноос л бэлтгэлтэй байхад нэг их буруудах зүйлгүй. Улс эх орноо, байгалийн баялагтай нь худалдчихсан эрхмүүд хэзээ нэгэн цагт илэрч л таарна.Хэрэг хуучирдаггүй гэж үгтэй юм. Тэр цагт эх орноо гадны тонуулчдад тавиад туучихсан мяндагтнууд хэчнээн хоосон нойтноо тайлбарлан маргалдсан ч зайлшгүй хоёр чихийг нь мултлан авч, тэр их өрнөөс чөлөөлөх нь шударга ёсонд нийцэх билээ. Ээ дээ, хоёр чихгүй хоосон хүмүүс ээ гэж.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Хөдөлмөр хийгээд тэрбум төгрөг олох биш, Авч хэрэглэчихээд дараа нь төлөх юм байхгүй гээд бэлэн хоол дулаан байр бие хамгаалагчтайгаар нь шоронд очоод хэдэн жил сайхан амардаг уламжлал тогтжээ, Бас нэг бизнес юм даа, Гэхдээ зүгээр мөнгө олохоор заавал буцааж төлдөг бурхны хууль мэдэхгүй юм даа Үнэгүй юм гэж нэгч байхгүй
тэрбумаасаа 100 саяар нь гадаадад очоод бүр гоё чих хийлгэнэ ш дээ маанагуудаа