sonin.mn

Сүүлийн үеийн улс төрийн байдалд эрс шүүмжлэлтэй хандаж байгаа АН-ын гишүүд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл, иргэдийн ардчилсан сонголтоор Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллагад Ардчиллын үзэл баримтлал, үнэт зарчмыг төлөөлөн суугаа АН-ын 42 гишүүд, мөн АН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Ц.Уянга: "Өнөөдөр бидний хэсэг нөхөд Засгийн газарт Ардчилсан намыг төлөөлөн суугаа нийт 42 УИХ-ын гишүүн, түүнийг ахалж байгаа АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга нарт шаардлага хүргүүлэхээр цугларсан байна. Энэхүү шаардлагын үндсэн утга нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн бухимдалтай холбоотой. Энэ асуудалд Ардчилсан намын удирдлагууд МАН-ын даргын улаан хамгаалагч болж, тус намын биет төлөөлөгч мэтээр ажиллаж байна. Тиймээс үүнийг эсэргүүцэж уг шаардлагыг хүргүүлж байна." гэсэн бол



Ардчилсан намын гишүүн Л.Ганхөлөг: "Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад өөрийн орлого нь 200 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг гэж гарсан. Гэвч түүний хүү О.Тэмүүлэн олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх тансаг худалдан авалтууд хийж цахим орчинд иргэдээ басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлснээс өнөөдөр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд байна.


Энэ жагсаал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэр үүднээсээ үндэсний хэмжээний улс төрийн хүчин болсон Ардчилсан намаас эдгээр даврал, зах хязгааргүй хулгайд улс төрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллахыг шаардаж байна.


Мөн бид Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг "МАН-ын Засгийн газраас нэн даруй гарахыг шаардаж энэ шаардлагыг эс биелүүлбээс Ардчилсан намын даргаас огцруулах хөдөлгөөнийг эхлүүлэхээ мэдэгдэж байна. " гэлээ.


Мөн АН-ын ахмад гишүүн М.Зундуйдаваа: "Парламентад суудалтай болсон гурван намыг өвөртөө хийчихээд, янагийн хайр зарлаад байгаа Л.Оюун-Эрдэнийн асуудалд АН байр сууриа илэрхийлэхгүй удаж байна. 


Дээр нь АН-ын дарга Л.Гантөмөр Монголын ард түмнийг "ялаа" гэж хэлсэн Л.Оюун-Эрдэнийн гал хамгаалагч болж, энэ хүнийг дэмжээд явж байгаад АН-ын гишүүд дэмжигчид бид бухимдалтай байна. Мөн Л.Гантөмөрийг энэ намын дарга байх ёс зүйгүй гэж үзэж байна.


АН-ын бүлэг сөрөг хүчнийхээ ажлыг хийх ёстой. 

Тийм учраас АН албан тушаалын төлөө МАН-ын хатавчинд очиж, гөлөг болж байхаар сөрөг хүчнээ олигтойхон хий." гэсэн юм. Шаардлагын хариуг нэн даруй өгөх хүртэл эдгээр АН-ын гишүүд бид АН-ын Төв байрны гадаа суулт хийнэ.

Ж.Бат