sonin.mn

Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдсэн дэлхийн цөөхөн улс орны нэг бол олон зууны тэртээгээс нүүдлийн соёл иргэншлээр замнаж, цаг ямагт байгалийн ивээл, эрхшээлд амьдарсан төдийгүй өдөр тутам унаган байгальтайгаа харьцаж ирсэн Монголын ард түмэн билээ.

 

Эрт үеэс од эрхэс, уул ус, ургамал амьтныг дээдлэн хайрлахаас гадна юмс үзэгдлийн нууц, өөрсдийн гарал угсаа, хувь заяа, зовлон жаргал гээд амьдралын чухал бүхнээ шүтэн дээдэлдэг байгаль эхээсээ асууж мэддэг эгэл хэр нь ээ эгэлгүй мэдрэмж төгс амьдрахуй, оршихуйтай улс юм. Тэнгэр эцэг, газар эх хэмээн өргөмжилж, тэнгэрийг нар сар, од гаригийн эрхшээлтэй нь хамт, газрыг хөрс шороо, уул ус, ургамал амьтантай нь цул хэмээн ухаарч, бүхнийг цогц байдлаар хүндлэн биширч, хүн ардаа төлөвшүүлэн ирсэн сайхан ч уламжлалтай.

 

Мод, устай харьцах зан үйл нь байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын нэгээхэн хэсэг юм. Тухайлбал, Монголын говь цөлд нутагладаг ард иргэд заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэтгэдэг бол хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэн хайрладаг. Байгалиа энэрэн хүндэтгэх ёс заншлын дотор уул, усаа дээдлэн хүндэтгэсэн, зүйрлэн дүйцүүлсэн нэрээр дуудах уламжлал ч бас ердийн хэрэг байсангүй.

 

 

Монголчууд Богд хан, Хустай хан, Онон хатан эжий, Хатан Туул, Хатан Сэврэй, Алтан овоо, Хан Хөхий хэмээн уул усаа өргөмжилдөг нь одоо ч янзаараа. Түүнчлэн уул, усны оноосон нэрийг дэргэд нь, ойр орчимд нь хэлдэггүй  “Өндөр хайрхан”, “Алтай хангай”, “Далай ээж” гэх зэргээр төлөөлүүлэн хэлэлцдэг нь мөн л байгалиа дээдлэх ухааны нэгэн илрэл юм. Нүүдэлчин монголчууд байгаль орчиндоо дасан зохицож, хайрлан хамгаалж амьдрах арвин баялаг өв уламжлал, үнэт сайхан зан үйл хуримтлуулсан ард түмэн. Монголчуудын эдгээр өв уламжлал, зан үйлийг энэрэл хүндэтгэл, хорио цээрлэл, сургаал номлол, сүсэг бишрэл, ажиглалт танин мэдэхүйн үүднээс ойлгож болох ч эдгээр нь өөр хоорондоо харилцан нягт холбоотой.

 

Байгаль хамгаалах зан заншлын уламжлал бол нүүдэлчдийн оюун ухаан, дадал заншил, ёс суртахууны үнэт бүтээл ч гэж ойлгож болно. Эдгээрээс дурдахад, амьд байгалийн сэргэн төлжих хавар, зуны дэлгэр цагаар, өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийлэх, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхийн модыг огтлох, үр жимс, ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэдэг. Байгалийг энэрэн хүндэтгэх ёс заншлыг бүхэлд нь авч үзвэл байгалийг эрт дээр үеэс амьд биет гэдгийг хүлээн зөвшөөрч, танин мэдэж, ухааран ойлгож байсан. Мөн сургаал номлолын уламжлалаас “байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө” гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа захин үеэс үед өвлүүлсээр ирсэн арга ухаан юм. Жишээлбэл, хэтээ цахиж, галаа асааж, буудаллаад мордохдоо галаа бүрэн унтрааж, түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьдаг туйлын нягт нямбай, хянуур байдал, зан заншлаа уламжлуулж ирсэн. Харин ажиглалт, танин мэдэхүйн уламжлалын гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино. Байгаль хамгаалах уламжлалт цээрлэх ёс заншилд гал түлштэй, мод ургамалтай, ус голтой, мал амьтантай, биеэ авч явах, ахуй байдалтай холбоотой цээрүүд багтдаг байна. Монгол орны хэмжээнд 1200 гаруй уулыг нэн эртнээс тахиж шүтэж ирсэн.

 

Эдгээрийн ихэнх нь гол мөрөн, нуур, цөөрмийн эх болж байсан аж. Өөрөөр хэлбэл, ус үйлдвэрлэх эх болсон уул овоог тайх, тахих зан үйл нь хүн-байгалийн хүйн холбоог бататгасан эрхэм соёлын өв мөн. Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь бидний өвөг дээдэс болох  Хүннүгээс эхтэй гэж үзэх болох талтай бөгөөд МЭӨ 209 онд Модунь Шаньюй “Газар бол улсын үндэс” хэмээн үзэж байсан бол дараа дараагийн гарч ирсэн улсууд нь байгаль хамгаалах тал дээр анхаарч, тахилга, тайлга үйлдэж байсан түүхэн эх сурвалж олон бий.

 

1206 онд Их Монгол улс байгуулагдсанаар байгаль хамгаалах хууль цаазын нэгдмэл тогтолцоо бий болж, ”Их Засаг” хуулийг ард нийтээрээ хуульчлан дагаж байлаа. Энэхүү хууль нь нийгмийн олон талын харилцааг зохицуулсан нэгдмэл хууль болж чадсан төдийгүй өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн эх орны минь унаган төрх, онгон дагшин байгалийн үндэс суурь болжээ. “Их Засаг" хуульд байгаль хамгааллын талаар нарийн заалтууд орсон байдаг. Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь Их Юань гүрний үед улам гүнзгийрэн хөгжиж, улмаар байгаль хамгаалалтай холбоотой олон хууль тогтоомж гарч, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн байна. Эдгээрийг бүхэлд нь дүгнэн хэлбэл, Монгол Улс байгаль орчныг хамгаалах талаар нэн эртнээс зан заншил, шашин шүтлэг, хууль цаазын маш нарийн, онцгой өвөрмөц тогтолцоог бүрдүүлсэн цөөн тооны орнуудын нэг юм. Энэ бүхэн нь Монгол хүний унаган байгальтайгаа өдөр тутам харьцаж байдаг ахуй амьдралын сэтгэлгээ арга ухаантай шууд холбоотой. “Байгаль орчныг хамгаала” гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гаднын ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн хүчин зүйлд захирагдан байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн өндөр ёс зүйтэй байж, нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байжээ.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин