sonin.mn
Ардчилсан намын төлөөлөгчид Европын зарим орнуудад ажиллаж байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүд болон албаны зарим хүмүүстэй цуврал уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Манфренд Грундтэй уулзалт хийлээ. 
 
 
Уулзалтын эхэнд, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфренд Грунд хэлэхдээ, 20-иод жилийн өмнө би Монголд айлчилж байсан. Тухайн үед Ардчилсан намынхан “Бидэнд зөвлөгөө өгөөч” гэдэг санал тавьж байсан юм. Монголын Их эвслийн Засгийн газрын асуудлаар би Ардчилсан намынхантай хамтран ажиллаж байсан үеэс Монгол Улстай их ойр дотно болсон. Өнөөдөр Ардчилсан намын хувьд нийгмийн нөхцөл байдал саад бэрхшээлтэй тулгарч байгааг би мэдэж байгаа. Гэхдээ том сорилтыг давж гарснаар илүү хүчирхэг болно. Монголын Ардчилсан намын парламент дахь суудлын тоо маш цөөн байгаагаас харахад хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Би хамтран ажилласаар ирсэн Герман дахь хамтрагчийн хувьд үүнд сэтгэл зовниж байгаа.
 
 
Ардчилсан намын гарал үүсэл бол олон намын нэгдлээс үүссэнтэй адилхан манай намын хувьд ч гэсэн тухайн үедээ яг нь та бүхэнтэй ижил замаар замнаж ирсэн. Түүхэн ийм ижил төстэй зүйлүүд бидэнд бий. Магадгүй одоо үүсээд байгаа энэ хүнд нөхцөл байдлаас яаж гарах вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг нь амаргүй. Ардчилсан намын энэ хуваагдмал байдлыг би юу гэж харж байна вэ гэхээр ялангуяа намын Улаанбаатарт сууж байгаа ганц нэг намын удирдлагаас үүдэлтэй. Яагаад гэвэл хөдөө, орон нутагт Ардчилсан нам хүчтэй нэгдсэн хэвээр байгаа. Ардчилсан нам сайн ажиллаж байгаа талаар мэдээлэл бүрэн авсан. Хуучны коммунист үзэл баримтлалтай  намуудын онцлог нь намын удирдлага юу гэж хэлнэ намын кадрууд тушаалыг яв цав гүйцэтгэдэг. Бид бол тийм биш.Ардчилсан нам бол тийм биш. Үүгээрээ ч бид бас ижил.
 
 
Би Бундестаг дахь Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүний хувьд Монгол Улстай улс төрийн харилцаа эргэх холбоо их. Яг одоо тулгарсан байгаа хүнд сорилтыг Ардчилагчид ялж чадна. Ардчилагчид нэг нийгмээс нөгөө нийгмийн шилжилтийг хийж чадсан түүхтэй. Одоо Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлаа сайжруулан бэхжүүлэхэд бидний зүгээс улс төрийн дэмжлэг тогтмол үзүүлнэ. Бид нэг итгэсэн бол эргэж буцдаггүй. Хамтарсан бол улс төрийн түншүүд байсаар байх болно. Монгол найз нөхдийн улс төрийн харилцаанд маш чухал анхаарал хандуулдаг гэлээ. 
 
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, “Товчхондоо өнөөдрийн Монголын ардчиллын ололт  амжилтыг Германы ард түмний, ардчилалд хайртай ард түмний сайхан сэтгэл, тусламж дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Та бүхэнд талархал илэрхийлье гэлээ.