сонин mn
Энэ нийтлэлдээ ямар гарчиг өгөхөө мэдэхгүй бантаж бантаж “АЛТ”- гэчихлээ. Алтан дээр сандайлсан юу ч гэдэг билээ. Тэр хавьцаа ойлгочих! 
Монголчууд бид хөгждөггүй, хөгжил нь жигдэрдэггүй тухай уртаас урт шүүмжлэлийн маань нэгээхэн хэсэг гээд ойлгочих.
 
Монголын хөдөөгийн хөгжилд ихээхэн сэтгэл чилээдэг болоод буй. Статистикийн албан бус мэдээнд 90 сая мал сүрэгтэй болж яваа гэв үү? “90 сая”-аа алт, харин адуулагч маллагч монголчуудыг юу гэж нэрлэе дээ? 
 
Хотын төвлөрөл, бөглөрөл, эко сүйрлийг гэтэлгэх хамгийн дөт зам бол хөдөөд жаргал цэнгэлийн орчин буй болгоод, их хотын ажилгүй, цалингүй, орлогогүй, гуриатаж яваачуудыг хөдөө гаргах явдал хэмээн зүтгэдэгээрээ зүтгэнэ чиг, би!
 
Ийм нэгэн явдал. “Монпеллетс” ХХК (Monpellets) буюу хонины ноосон органик бордоо үйлдвэрлэдэг үйлдвэрийн захирал, миний залуу найз нөхөр маань надад ярилаа. Хонин сүргийнх нь тоо толгой эрс өссөн Монголын өнөөгийн нөхцөлд тун хэрэгтэй бизнес, экспорт тэд хийдэг тухай, банкнаас хэрхэн тэднийг дарамталдаг тухай, бас гадаад түншүүд яагаад чухал болох тухай, тэдэнтэйгээ хэрхэн хамтарч хоршдог тухай тун сонирхолтой яриа. Би зах зухаас нь буулгая. 
 
 
Шинэ Зеланд нь хонины аж ахуйгаар дэлхийд толгой цохидог, Австралитай л ана мана. Тэндхийн чухал туршлага байна. Юу гэвэл тооны хойноос бус чанарын хойноос хөөцөлддөг туршлага. 1990 oнд 64 сая толгой хонитой байсан бол өнөөдөр 24 сая болгоод цөөлчихсөн, тэгсэн хэрнээ 64 саятай байснаасаа 20 дахин их ашиг олдог, одоо тус улс хонины аж ахуйгаас хонины сүүний төслүүдээрээ дэлхийд алдаршсан, нэг литр сүү нь 23 доллар хүрдэг, хонин сүргээ ашигтай ашиггүй гэж сортолдог, 3 сартай хурганаас эхлээд 2-3 настай хонио эдийн засгийн эргэлтэд оруулдаг, нэг хонь 200 долларт Хятад руу борлуулдаг, өөрсдөө 8 сар хүрээгүй нялх хонины мах зооглодог, гэтэл манайд хамгийн ашиггүй буюу 4-6 настай хөгшин хонь голлож байна хэмээн Шинэ Зеландын зочид ярих нь манай малчдын чихийг дэлдийлгэнэ. Товчхондоо алс тэртээ орших арлын тэр нэг жижиг улс хонины бизнесээр дэлхийд босоод иржээ.
 
Тэр туршлагыг нь Монголд нэвтрүүлчих санаатай “Монпеллетс” зүтгэж байгаа нь үнэхээр олзуурхууштай. Ингээд “Share Mongolia” төсөл–2022 оны хонины ноос цахилгаан хайчаар хяргах, хяргасан ноосыг ангилан ялгах сургалт зохион байгуулжээ. Сургалтыг нь НҮБ-ын хэвлэл сайтад ч онцолжээ. Шинэ Зеландаас хонины ноос хяргах 5 мэргэжилтэнг ч урьж ирүүлжээ. Төв аймагт тэдний оролцоотой сургалт зохиожээ.
 
Мэдээж хэрэг, анх удаа Монголд хөл тавьсан алс холын шинэ зеландын иргэдэд, тэр дундаа зуны дэлгэр цагт өндөр сэтгэгдэл төрүүлээд буцаачих чадал бидэнд бий. Манай хөдөөгийнхөн ч хамаг байдгаараа дайлаад, цайлган цагаан сэтгэл нь ил, мал хуй нь тал дүүрэн, хязгааргүй их тал, ер нь зуны хөдөө ямар билээ, тэр бүхэн гэрэл гэгээ болон тэр 5 зочны сэтгэлд шингэсэн учраас л хойтон 12-уулаа болоод Монголд ирж сургалтаа үргэлжлүүлэх болжээ.
 
Саяын сургалтаас цочрол авууштай хэд хэдэн дутагдлыг (гэх үү дээ?) бид шүүн ярилцаад би энэхүү нийтлэлээ зориуд бичиж байгаа хэрэг. Юу гэвэл нүүдэлчин монгол хүний хэнэггүй, сониуч саваагүй, мартамхай, зарим талаар үл хүндэтгэсэн байдалд нь шинэ зеланд зочид нь гайхасгээд өнгөрчээ. Сургалт 5-хан өдөр. Тавхан өдрийг тэвчээд өнгөрөөчихөж чадахгүй монгол малчин залуусын тухай ярьж байна. Сургалтын  эхний өдөр сониуч саваагүй зангаараа их л идэвхтэй сонирхолтой оролцож байх юм гэнэ. Хоёр дахь өдрөө сонирхол нь буурсан, гурав дахь өдрөөсөө мэдэмхийрээд бүгд чаддаг болчихсон, төгсгөлд нь тоож ирээгүй юү, мартсан уу, таг чиг. Шөнө орой болтол хөзөр тоглоод, наргиад өглөө арав, арваннэг хүртэл босдоггүй. Өглөөний сэрүүнд ноос хяргая гээд 07.00 цагаас хөтөлбөр зохиочихсон байдаг. Үд хүртэл хэн ч ирдэггүй. “Монпеллетс”-ийнхэн хэлэх үггүй ам үдээстэй. 
 
Шинэ зеландчуудад үлдсэн нөгөө сайхан сэтгэгдэл–Монголын  сайхан хөдөө, хүн ардынх нь зочломтгой, хоол унд, хорхогын амт шимтийг хэдэн хэнэггүй малчин залуус баллаад хаячхав  уу? Ямар ч гэсэн  2023 онд 12 гадаад багштай дахин  сургалт хийнэ гэж байна. Мөн ирэх жил тэмээ хяргах сургалтын санал ирсэнтэй холбоотойгоор нийт 3 сургалт зохион байгуулна.
 
Буянтай энэ ажлын цаад зорилго нь Монголын хөдөөд туслах явдал юм шүү дээ. Хяргагч тоног төхөөрөмж нийлүүлэгч Easy Shear ТББ бэлэн байна. Хонь тэмээний ноосыг хаягдалгүй худалдан борлуулж малчдын орлогыг нэмэгдүүлэх, томоор ярьвал Монголын хөдөөд техник технологи нэвтрүүлэн, Монголын хөдөөг XXI зуун руу хандуулан өөрчлөх ариун зорилготой.  
 
Шинэ зеландчуудын гайхшийг барсан нэг үзэгдэл бол манай хөдөөнийхөн хонины ноосоо огт хэрэгсэхгүй, түүндээ ач холбогдол өгдөггүй, бүр тээршаасан аястай, тэр их ноос чинь тэр чигээрээ алт гээд л амаа бариад байх юм гэнэ. “Ноос бол алт” хэмээн социализмын үед намын лоозон болж байсныг эргээд саначихав. Үнэхээр тийм. Бас нэг дутагдал–литр нь 23 доллар хүрдэг хонины сүүг манайхан даан ч тоохгүйд харамсаад баршгүй гэнэ.   
 
Нэгэнтээ 90 сая толгой болж байгаа малын хөлийн тоосонд Монголын бүх бэлчээр ус талхлагдаад дуусахыг хүлээлгүй, хонин сүргээ Шинэ Зеландын туршлагаар цөөлж чанаржуулаад малчид нь Шинэ Зеландын фермерүүд шиг долларын саятан болоод яваасай гэсэндээ хэдэн үг холбож бичиж байгаа маань энэ ээ. Авах гээхийн ухаанаар хандана уу.
 
Анхааруулчихаар, би бол гутарч сонссон бас нэгэн баримт. “Монпеллетс” ХХК нэг сая гурван зуун мянгаар цалинжуулаад ноос хяргах монгол ажилчин хайгаад олддоггүй, очсон нь  тогтдоггүй гэнэ. Ажил тоож хийдэггүй, тэгсэн хэрнээ тарган цатгалан, аз жаргалтай яваад болоод байдаг монгол араншин л даа. Энэ араншин хотод ч, хөдөөд ч эх орныг минь ёстой нэг алж тавьж байнаа!
 
Монголчууд малд нүдтэй, малч, маллаг, байгаллаг, хосгүй гэж өөрсдийгөө магтахын сацуу хонины аж ахуйгаар дэлхийдээ тэргүүлсэн энэ нэг жижиг орны туршлагыг дахин дахин судлаасай!
 
 
 
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү