сонин mn
Дэлхийн таван тивийн 86 төрт улсын нутгаар 12 жилийн турш хөндлөн гулд туулсан түүний аяллын зам нь дэлхийн бүслүүрээр дөрвөнтөө ороох хэмжээний урт болсон ажээ.
 
“Монгол бадарчин” Амай хөгжлийн түүчээ болсон улсуудаас эхлээд дайн байлдааны хөлд нэрвэгдсэн арваад орныг зэвсэггүй туулж, зэрлэг амьтдаар дүүрэн ширэнгэн ойг ганцаар гаталж, амьдаараа шоргоолжинд бариулж, хоёр ч удаа хумхаа өвчинтэй нүүр тулж, тэмцэлдэн ялж, харийн нутагт визний асуудлаас болж хэдэн сараар хууль бус амьдрах, хүлээх зэрэг бэрхшээл саадыг монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил, амьдрах арга ухааны бяд, цараар туулсан байдаг.
 
Хорвоо ертөнцийн өнцөг булан бүрд монгол хүний мөрийг гаргаж, тусгаар улсынхаа далбааг мандуулж, байгаль дэлхий, хүн төрөлхтөн, соёл иргэншлийн тухай бодит мэдээллийг ард түмэн төдийгүй гадаад ертөнцөд таниулахаар зориг шулуудан, хөгжлийн нууцыг олох эцсийн зорилго өвөрлөн аяны замд гарсан тэр бээр аяллын туршид хийсэн тэмдэглэлээрээ есөн цуврал ном гаргахаар зорьж байгаа бөгөөд өдгөө “Гайхамшигт ертөнц”, “Сайн сууж байна уу”, “Амьдрал сайхан шүү” зэрэг зургаан номыг баринтаглан уншигчдын гар дээр тавиад байна. Мөн Амай “Хурай дуу”, “Монгол гутал”, “Тэрэлж улс”, “Илгээлтийн эзэн” зэрэг 10 гаруй томоохон төслийг хэрэгжүүлж, Монголын гэсэн бүхнээ дэлхий дахинд сурталчлан таниулах их үйлийг өрнүүлэхийн зэрэгцээ “Амай Золбаяр”, “Амай Гайхамшигт ертөнц”, “Амай соёл урлаг” зэрэг 20 орчим цахим хуудсаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд сэтгэлийн дуудлагаар хүчин зүтгэж явна.
 
Дэлхийгээр аялсан олон жилийн аялал өндөрлөж, та таван жил суурин байлаа. Харин сая Орос орныг зорьсон. Аяны богцоо задлаач ...   
 
-Би 2005-2017 оны хооронд дэлхийгээр бадарчлан аялсан. 2017-2019 онд хүнд өвдөж, бөөрний дутагдалд орж, эмнэлгээр их явлаа. Залгуулаад хоёр жил дэлхий даяараа корона цар тахлын улмаас хөл хоригдсон. Тэгэхээр үндсэндээ таван жил аялалгүй байж байгаад сая ОХУ-ыг зориод ирлээ.
 
Хүн удаан хугацаанд аялахаар бүх зүйл цэгцтэй, бодол сэтгэл хүртэл сэргэг, хурц, аливааг зохион байгуулах чадвар сайтай болчихдог. Энэ таван жилийн хугацаанд дээрх чадвар маань “унтчихсан” байсан. Гэхдээ замд гарсан анхны өдрөөс хил гааль, унаа тээвэр, хэл ус бүгд богино хугацаанд сэргээд ирсэн, сайхан байлаа.
 
Монгол хүн ямарваа үйлийг өрнүүлэхдээ заавал ерөөлийн есөн ажил, ач холбогдлыг бодож болгоож амжуулах учиртай. Би олон улсын судлаач, түүх, соёл, угсаатан, шашны талаар сонирхон бичдэг хүн болохоор Оросын дотоодын байдлыг ажиглаж судлангаа аялаад, аялал жуулчлал, харьцуулалт шинжилгээ хийгээд ирсэн. Энэ таван жилийн хугацаанд яг ч суурин байсангүй ээ. Улаанбаатар хотдоо л гэхэд урагшаа хойшоо, эх орноо хөндлөн гулд байнга л нүүж байгаа. Бидний аав ээжийн үеийнхэн суурин газар төрсөн эхний үеийн хүмүүс шүү дээ. Гэхдээ хүссэн хүсээгүй бидний цусанд нүүдэлчин удмын ген байдаг. Түүнээс гадна бидний цусанд байгаль руу тэмүүлсэн онцгой чанар байдаг. Тиймээс ч хотын гадна, гэр, зуслан, байр зэрэг янз бүрийн орчин нөхцөлд амьдрах нь сонирхолтой байдаг. Нэг газар удаан байхаар яагаад ч юм бачуураад байдаг. 
 
Ер нь “Монгол Бадарчин” төсөл хэрхэн эхэлсэн юм бэ? Монголд электро хөгжим, битбокс хөгжүүлээд бас ч “Би чамд хайртай”, “Индиго” гээд цомгууд гаргачихсан хэрдээ л “од” залуу гэнэт бүхнээ орхиод үүргэвч үүрээд аялалд гарсан нь сонин байдаг ...
 
-Миний аав МУИС-ийн түүхийн багш, доктор профессор, Монгол Улсын гавьяат багш Жамбалсүрэн гэж хүн бий. 13 настай байхад аав минь дэлхийн газрын зураг бүхий нэг ном бэлэглэсэн. Түүнийг хараад л дэлхийгээр аялах, тэгэхдээ зүгээр ч нэг аялах бус аяллын ном гаргах бодол төрсөн. Тэгээд л дэлхийн улс орны нийгэм, хүмүүсийн ахуй амьдрал, онцлог, ёс заншил, хоол хүнсний тухай өргөн дэлгэр мэдээлэл бүхий аяллын номыг монгол хүний оюунаар, монгол сэтгэлгээгээр бичиж, ард түмэндээ, хойч үеийн залуустаа хүргэхээр зориг шулуудсан.
 
 
Аав ээж минь биднийг багаас эд хөрөнгөөр эрхлүүлж, амттан шимттэнээр цатгахаас илүүтэйгээр номтой нөхөрлүүлж, тэр үеийн салбар бүрийн сор болсон, нөлөө бүхий эрхмүүдтэй уулзуулж, танилцуулж, амьдралын ухааныг зааж сургаж байсан. Манайх гэр бүлээрээ Зөвлөлтөд таван жил амьдарсан нь үзэл бодол тэлж, асуудлыг өөр өнцгөөс харах нүдийг минь нээсэн гэж боддог. 
 
Түүнээс гадна миний бага нас Монголын төдийгүй дэлхийн гайхамшигт ном зохиолын дунд өнгөрсөн. Тэндээс Монгол Бадарчин гэх амьдралын биетлэг ертөнц, материаллаг шуналаас татгалзсан, бусдын төлөө өөрийгөө зориулах чин сэтгэлтэй, амьдралын мөн чанар, утга учрын эрэлд бэдэрсэн ер бусын хүмүүсийн тухай сонирхолтой үүх түүхүүдээс сонирхон уншдаг байлаа. Тухайн цаг үед нийгэм улс төр, үзэл суртлын байдлаас болоод тэднийг харлуулдаг, муу хүн болгож харагдуулдаг үзэгдэл байсан л даа.Тэгээд нэг л өдөр замд гаръя, хөгжлийн нууцыг олъё, тэгэхдээ бүхнээс татгалзаад бадарчны жамаар аялъя гэсэн шийдвэр гаргаж байлаа.
 
Би 19 насандаа хөөмийг сурах гэж буруу оролдсоноос уушгиа цоолоод хүнд хагалгаанд ороод эмнэлэгт нэлээд удсан. Эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа анх удаа “Амьдрал богинохон байдаг юм байна” гэсэн бодол төрсөн. Өмнө нь хязгааргүй амьдрах юм шиг, амьдрал мөнх үргэлжлэх юм шиг бодож байжээ. Тэр үеэс л байр сав, гоё машин, үнэтэй хувцас ярьдаг, сэтгэл нь ханадаг үе тэнгийнхнээсээ тасарчихсан даа.
 
Амьдрал богинохон учир аль болох их юм үзэж, ихийг амжуулж хийх ёстой юм байна гэж бодсоноос хойш хүсэл мөрөөдлөө шат шатаар ахиулаад л явж байна даа. Жар гаруй ном бүтээсэн аавыгаа баярлуулж, ачийг нь хариулах гэхдээ 18-хан насандаа “Би амьдралын тухай ном бичнэ” хэмээн “том дуугарч” байсан хүн өнөөдөр зургаа дахь номоо уншигчдадаа хүргээд байна. Тэгэхдээ би анхнаасаа олон нийтэд маш хэрэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн ном бичих ёстой гэсэн зорилго тавьсан, түүнийхээ төлөө ч хичээж байна. Эдгээр зургаан номд 86 орноор 400 гаруй өдөр бадарчилсан тэмдэглэлээс минь дөнгөж 200 гаруй өдрийн тэмдэглэл л орсон. Ингээд бодохоор ямар их мэдээлэл, тэмдэглэл, үйл явдал, сэтгэгдэл, нөөц байгаа нь төсөөлөгдөж байна уу? Тэгэхээр есөөр тогтохгүй их ном бүтээл болох материал надад байгаа. Гагцхүү надад цаг хугацаа л бага байна. Асар их үнэ цэнтэй, өндөр өртгөөр бий болж байгаа номоо маш хямдхан борлуулж байгаа нь хүмүүст ном уншуулж, ертөнцийг үзэх үзлийг тэлж, хамтдаа сайхан улсад амьдрахын төлөө л хичээгээд байгаа юм. Сайхан оронд сайхан амьдрахын тулд бүгд нэг санаа зорилготой, нэгдсэн ойлголттой, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. 
 
Бүтэн арав гаруй жил “Би хаана байна вэ?” гэсэн асуултаар өглөөг угтана гэдэг бас л сонирхолтой атлаа эрсдэлтэй байсан байх даа?
 
-Өнө эртний түүхтэй Монгол тэнгри шүтээнт түмнээс хамгийн хол замыг туулах зорилго анхнаасаа тавьсан. Хамгийн олон улс орноор орж, хамгийн их юм үзэж туулахын тулд би цаг хугацаатай өрсөж явлаа. Өглөөд нүдээ нээгээд майхныхаа адрыг ширтэнгээ “Би хаана байна вэ?” гэж асууна, ... улсын, ..... хот гээд өөртөө хариулна. Үргэлжлүүлээд “За, би өнөөдөр шинээр юу үзэж мэдэх үү, эндээс миний Монгол түмэнд хэрэгтэй санаа юу байна, монголчууддаа би өнөөдөр юу дуулгах билээ” гэсэн асуултууд ундардаг байлаа. 
 
Таныг би олон улсын судлаач мэргэжилтэй, 4-5 хэлээр ярьдаг гэж ойлгоод байгаа. Энэ нь үе тэнгийнхнээсээ харьцангуй давуу  гэлээ ч хэлийг нь огт мэдэхгүй, хэнийг ч танихгүй, тэгээд аялал жуулчлал хөгжөөгүй улсад амьдрах аргаа хэрхэн олж байв даа гэсэн асуулт уншигчдын минь сонирхлыг татаж байгаа байх.
 
-Гадаадаар ярихад гар өвдөнө шүү дээ /инээв/. Ойлголцох нэгэнтэй нь хэлээр, ойлголцохгүй нөгөөтэй нь дохионы хэлээр нэвтрэлцэнэ.
 
Аяллын туршид тантай хамт явсаар ирсэн эдлэл хэрэглэл гэж байх юм уу?
 
-Хорвоогийн бүх зүйл мөнх биш юм болохоор элэгдэж, хорогдож, солигдсоор л ирсэн дээ. Паспорт, далбаа, сахиуснууд, камер, зургийн архив бүхий CD-нүүд, борц...яг л амьдрал шиг ... 
 
Таны аяллын зургуудыг харахнээ үүргэвч дээрх “Монголын Зэвсэгт хүчин” гэсэн тэмдэг их содон туссан?
 
-Тийм ээ, Сьерра-Леонд уулзсан монголын энхийг сахиулагчид өгсөн юм.  Тэнгри шүтээнт миний хувьд тэр тэмдэг хамгаалалт минь болж, надтай хамт явсаар аяллыг дуусгасан. Монголын Зэвсэгт хүчний тэнгэр намайг хамгаалсан гэж боддог. Тэр бол үнэхээр гоё байсан. Одоо ч хүндэтгэн хадгалдаг.
 
Эх орноосоо гараад хоёр жил гаруйн дараа монгол энхийг сахиулагчидтайгаа уулзсан тэр мөчөө эргэн санавал ...
 
-Маш сонин байсан. Африк тивээр удаан аялсны эцэст Сьерра-Леон, Либерид монгол энхийг сахиулагчидтайгаа уулзаад, эх хэлээрээ яриад, цэргийн баазад нутагтаа байгаа юм шиг тухлаад, монгол хоолоо идээд, тэднээрээ халамжлуулаад сар гаруй сайхан амарсан шүү. Цэргийн бааз дээр очсон эхний орой би өрөөгөө дотроос нь цоожилсон чинь манай цэргүүд гайхаад байсан. Хэдийгээр тэнд аюулгүй гэдгийг мэдэж байсан ч аюулаас урьдчилан сэргийлэх зөн совингоороо хийсэн үйлдэл юм. Цэргийн баазад нэг соёл урлагийн өнгөт сэтгүүл олж үзээд Монголдоо урлагийн нэг төлөөлөл, улаан хивсэн дээгүүр алхдаг байснаа дурсаж, Африкт бол хэн ч биш гэдгээ мэдэрсэн нь сонин байсан. Сьерра-Леоны энхийг сахиулагчид маань надаар маш бахархаж, намайг од шиг л тордож байсан. Би ч цэрэг залуусыг маш их хүндэтгэж хайрлаж байлаа. Эх оронд төдийгүй дэлхийн энх амгаланд аюул тохиолдвол тэд хамгийн түрүүнд амиа өгөхөд бэлэн байгаа нь бахархал төрүүлсэн. Тушаал ёсоор биелүүлдэг тэдгээр залуус эрүүл мэнд гэж гомдох эрх байхгүй, тиймээс тэдгээрийн төлөө санаа зовдог сэтгэлтэй хүмүүс удирдаж, ард түмэн ч ойлгож байх хэрэгтэй санагдсан. Тэднийгээ чанартай гутал хувцас, ядахдаа л тэр халуунд 5-7 ээлжийн футболкоор хангаасай гэж бодогдсон. Мөн хоолны аюулгүй байдлыг гаднынханд даатгасан нь их аюултай санагдаж байсан. 
 
Аяллын хугацаанд та хоёр удаа хумхаа тусаж, шоргоолжинд амьдаараа бариулж, дэргэд нь бөмбөг дэлбэрсэн дайны газар орноор явах зэрэг адал явдлыг туулжээ. Үхэж ч болохоор ийм замыг туулаад ирсэн хүний хувьд амьд байхын утга учир, үнэ цэнийн талаар илүү бодитой зүйл хэлэх болов уу гэж бодож байна. 
 
-Малариа буюу хумхаа бол дэлхийн хамгийн олон хүний аминд хүрсэн аюултай өвчин. Тэр айхтар өвчнийг хоёр удаа туссан үед маш аймшигтай мэдрэмж авсан. Миний бөөрний өвчний гол шалтгаан болсон юм шүү дээ. Тэнгри шүтээнт хүмүүс үхлээс айдаггүй. Үхлийг нэг шилжилт гэж үздэг. Харин амьд үлдэхийн төлөө тэмцэл гэж байгалийн хууль бий шүү дээ, түүнийгээ л алдаж болохгүй. “Малави Улсад хөл тавьсан анхны монгол хүн боллоо, харин малериа өвчнөөр нас барсан анхны хүн нь болмооргүй байна” гээд үхэл, амьдралтай тэмцэж явсан үе бий. Ихэнхдээ дайнтай улсад, тухайн улсын хамгийн аюултай бүс, дүүргүүдээр явж, ажиглаж, харьцуулж аялсан. Байж болох бүх эрсдэл рүү орж байсан гэсэн үг. Аяллын туршид эрсдэлтэй тулж, тэмцэж явсаар ирсэн. Харин эх нутагтаа ирчхээд бөөрний дутагдалд орж, өвдөөд 36 цагаар аппаратад орж, амьдрахын тулд мөч хором бүртэй уралдаж, тэмцэж хэвтэхдээ бидний гэр бүл, хайртай бүхэнтэйгээ өнгөрөөх цаг хугацаа гэдэг ямар үнэ цэнтэй болохыг ойлгосон. 
 
Өвчнөө ялан дийлж чадсан уу? “Донорын хууль батлахгүй бол би аппаратаас татгалзаж байна” гээд эмнэлгээс гарахад тань бас л түгшиж байсан шүү. 
 
-Донорын бөөртэй, бас л цаг хугацааны хязгаартай л гэсэн үг. Бусдын төлөө явах нь миний амьдралын утга учир төдийгүй аз жаргалыг би хуваалцахын нэр гэж үздэг. Тиймээс нэг хүний амиар олон хүний амь насыг аварч болох юм гээд би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр тийм шаардлага тавьж, эмнэлгээс гарсан. Хууль бэлэн болсон байсан ч УИХ-аар орж чадахгүй байсан нь хүний амь нас, хувь заяатай холбоотой хуулиудаас бизнесийн ашиг сонирхол бүхий хуулиудаа түрүүлж хэлэлцдэг байсантай холбоотой. Төр, засгийн удирдлагуудаас уулзаж, санал солилцож, улмаар 2018 оны 1 дүгээр сард Донорын хууль шууд хэлэлцэгдэн батлагдаж байлаа. 
 
Бөөрний дутагдалд орсон нь аяллын явцад олсон өвчний нэг байх. Ийнхүү бие, эрүүл мэндээ золиосолсондоо харамсдаг уу?
 
-Арав гаруй жилийн турш байнгын түгшүүр дундуур, халуунд халж, хүйтэнд хөрж, ундны муу ус хэрэглэж, нуруун дээрээ байнга 15-20 гаруй килограммын хүнд үүргэвч үүрч явснаас гадна малери өвчнөөр хоёр удаа өвдсөн нь нөлөөлсөн. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. Харин 12 жилийн аяллаасаа олж авсан, сонсож дуулсан, бодож боловсруулсан бүхнээ төр засагтаа хүргэж, сонсгож, ажил хэрэг болгож, өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. Дэлхий судлалгүй, гаднын мэдээ мэдээллийн цонхоор гадагшаа хардаг, үнэлэлт дүгнэлт хийдэг нь улсын эмгэнэл...
 
Нийгмийн байдал, улс төрийн дэглэм, ард түмний амьдрал эрс тэс ялгаатай улс орнуудаар аялсан хүний хувьд эх орны үнэ цэнийн талаар ихийг өгүүлэх болов уу?
 
-Төрсөн нутаг гэдэг утгаараа ч бус аялж үзсэн ер шахам улстайгаа харьцуулж үзээд Монгол орон бол дэлхийн номер нэг орон гэдгийг би судалгаатай, нотолгоотой хэлж чадна. Эх орноос илүү сайхан газар үгүй. Өндөр байшин барилга, тансаг хоол унд бус өөрийн гэр бүл, хайртай дотнын бүхэн байгаагаараа эх орон хамгийн үнэ цэнтэй. Сая хил гараад арав хоноход л гэрээ маш их саналаа. Аялж очсон газар бүртээ би эх орныхоо тухай, Монгол Улсын талаар яриа танилцуулга хийдэг байсан. 
 
Манайд харин гадагшаа тэмүүлэх хандлага, урсгал их болоод байна уу гэж анзаарагддаг.
 
-Янз бүрийн л зорилготой байгаа даа. Эх орноосоо урваж, зугтаж, ёс зүйгүй төр, удирдлагын үйл ажиллагаанаас залхаж, ирээдүйгээс гэрэл олж харж чадахгүй байгаа, эсвэл зөвхөн хэдэн төгрөг олж амьдралаа дээшлүүлэх гээд олон зорилгоор залуус гадагшаа тэмүүлж байна. Гэхдээ яаж ч байсан монгол хүн хаана ч очсон эх орноо санадаг, хэзээд л эх орондоо буцаж ирдэг. Конго Улсад аялж явахад хүмүүс католик сүмдээ өдөр бүр ирж, зөвхөн “Дайн дахиж битгий эхлээсэй” гэж залбирдгийг харж байлаа. Тийм улсууд дэлхий дээр маш олон бий. Сэтгэлийн амар амгалан, аз жаргал гэдэг ямар чухал болохыг манайхан төдий л ойлгохгүй байна даа. Бид биетлэг, оюунлаг, сүнслэг ертөнцийн огтлолцол дээр амар амгалан оршдог гэж итгэдэг. Монгол хүний хувьд хамгийн чухал зүйл бол амрыг олох, амгалангаар оршин тогтнох явдал юм. Бид эртнээс мэндлэхдээ хүртэл “Амар сайн байна уу” хэмээсээр ирсэн. Дээрх гурван ертөнцийн тэнцвэрийг олж явж чадвал бид амар амгалан оршино.  
 
Тэгвэл та одоо амар амгаланг эдэлж чадаж байна уу?
 
-Яалаа гэж, чадахгүй шүү дээ. Амар амгаланг олно гэдэг тийм амар юм биш. Оюунлаг, сүнслэг ертөнцөө өндөр түвшинд байлгаж чадсан хэдий ч биетлэг буюу амьдрал ахуйгаа зохицуулах талаар одоо илүү ажиллаж байна. Дөч гарсан хойноо амьдрал зохиож, үрийн зулай үнэрлээд сайхан байна. Саяхан “Монгол бадарчин” номынхоо нэг шинэ ботийг дуусгалаа. Одоо Монгол бол дэлхийн хамгийн шилдэг хоолтой орон гэдгийг батлах, дэлхийн жуулчдад хамгийн амттай монгол зоогийг амсуулахын тулд зоогийн газар байгуулахаар ажиллаж байна. Дэлхийн ихэнх орны ард түмэн асар муу хоол хүнс хэрэглэж байна. 
 
Монгол гутал, Монгол хувцас, Хурай дуу, Тэрэлж улс... Монгол гэсэн бүхнийг дэлхийд гаргах гээд ийнхүү бүхнээ зориулан, заримдаа ойлгохгүй хэсэг бүлгийн амны бай болон зүтгээд байгаагийн учир юу вэ?
 
-Бид өөрсдөө тэр бүр мэдэхгүй байгаа ч бид хамгийн тансаг бүхнийг хэрэглэдэг, хамгийн сайхан газар нутагт амьдардаг. Хамгийн түрүүнд бид түүнийгээ ойлгож, бахархаж, онцлогоороо омогшиж сурах хэрэгтэй. Мөн бид байгаа сайн бүхнээ дэлхийд гаргаж чадвал аялал жуулчлалын урсгалыг улс руугаа татна. Надад л гэхэд аялал жуулчлалын хүрээнд 400-500 мянган ажлын байр бий болгох боломж харагдаад байгаа юм.
 
 
Аялал жуулчлалаа сайн хөгжүүлбэл ажилгүйдэл байхгүй болно. Монголын хөгжил, тусгаар тогтнолын нэг түлхүүр бол яах аргагүй жуулчлал юм. 
 
Дэлхийд жуулчлал хөгжүүлээд эдийн засгаа авч явж байгаа улсууд нь маш сайн цогц бодлого явуулж, түүгээрээ эдийн засаг, үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц, бусад салбаруудаа хөгжүүлдэг. Бидэнд жуулчлалаас ашиг олох маш том боломж байгааг би аялж байхдаа ойлгосон. Гэтэл гагцхүү уул уурхайд шүтсэн бизнес явагдаад байна. Бид чинь дэлхий ээжээ хөндөхгүй гэсэндээ ээтэн хоншоортой монгол гутал өмсдөг ард түмний үр сад шүү дээ. Өрөөр хэлбэл бид дэлхий ээжийнхээ хэвлий, газар нутгаа хөндөхгүйгээр сайхан амьдрах боломжтой. 
 
Орон орноор аялахдаа тал бүрийн л судалгаа ажиглалт хийсэн байх. Үүн дотор олон улсын хоолны соёл мэдээж орно. Хамгийн сайхан амттай хоол юу байв даа?
 
-Миний хувьд хамгийн гоё хоол бол элдэв хачир амтлагчгүй гурилтай шөл л байна даа. Энэ хоолыг гүйцэх хоол гэж үгүй. Залуучууд сам хорхой гээд хошуураад л байна. Гэтэл тэр сам хорхой чинь далайн жоом төдий шүү дээ. Далайн ёроолд бүхнээс айж амьдардаг, дээрээс бууж ирсэн сэг зэмээр хооллодог амьтан. Хүмүүсийн дурлаад байгаа водка, шар айраг гэдэг чинь бүгд ялзмаг шүү дээ. Харин бидний хүртдэг шимийн архи үнэхээр идээний дээж. Сүү цагаан идээ, тал хээрийн эмийн ургамал бүхий сөл өвсний дээж гээд тансаг зүйл хэрэглэдэг ард түмэн ургамлын ялзмаг уухаар бие махбод, оюун санаа, сэтгэл муудан бохирдохоос яах билээ. 
 
Та харьцангуй залуу насандаа баялаг намтар, амьдралын замналыг бий болгожээ. Дэлхийг тойрон аялагч, олон улсын судлаач, сэтгүүлч, түүх соёл, шашин судлаач, хөгжимчин, байгаль хамгаалагч гээд л...
 
-Монгол хүн ямарваа асуудлыг уг сууриар нь олж харж чаддаг. Хэрэгтэй, хэрэггүй олон мэдээлэл дунд төөрч, будилснаас тэр чухал чадвараа алдах нь бий. Бид аливаа үйл явдал, асуудлын хоосон чанарыг олж хараад, үүсэл гарлыг нь судалдаг, маш амархан суралцаж чаддаг ард түмний үр сад.  
 
Та Монголоо гэсэн сэтгэлээр бүхэнд хандаж, төрийн далбаатайгаа ханьсан дэлхийг тойрсон хүн. Мөн мөрдэст дайчин удмын үргэлжлэл. Тэгэхээр эх оронч үзлийн талаарх таны бодлыг сонсъё.
 
-Миний аавын талд Зэвсэгт хүчний хурандаа хүмүүс бий, ээжийн талынхан Хилийн цэргийнхэн. Өвөө маань насаараа Хилийн цэрэгт алба хаасан. Миний өвөө амьдралынхаа сүүлийн мөч хүртэл өглөө төрийн дууллаар сэрж, цэвэрхэн эдэлсэн ганц ч үрчлээгүй пиджакаа өмсөөд толины өмнө үсээ самнан зогсдог сон. Тийм болохоор энэ олон мөрдэст хүмүүсийн тэсвэр хатуужилтай байдал, богино хугацаанд зохион байгуулалтад ордог, аюулгүй байдлаа хангадаг, олны дунд биеэ зөв авч явдаг зэрэг чухал чанарууд надад нөлөөлсөн л дөө. Угаасаа өгөгдөлтэй хувь заяа юм л даа.
 
Миний өвөө миний бахархал. Би хавдар тусаад өвчинтэйгөө тэмцэж байсан өвөөгөөсөө “Та сайхан амьдралыг тууллаа. Хүүдээ зааж сургах зүйл юу байна” гэхэд “Харамсах зүйлгүй амьдрах хэрэгтэй дээ” гэж билээ.
 
Тиймээс л би тэрхүү үгээр зоригжиж, зорилгожиж, хамгийн олон нутагт Монгол Улсынхаа далбааг мандуулж чадсан. Аяллаараа би тусгаар Монгол Улсынхаа түүх соёлыг дэлхийд сурталчилж, монгол хүний тэвчээр хатуужил, ур чадвар, онцлогийг харуулахын зэрэгцээ аяллын тэмдэглэлээрээ түүнийг дэлхийд нотлох зорилготой юм.  Бидний сэхээтний бүлгийнхэн нийгмээ соён гэгээрүүлэх, оюуныг нь цэнэглэх, судалгаа шинжилгээний үүднээс аливааг тайлбарлах учиртай. Монгол чухам яагаад дэлхийн номер нэг улс гэдгийг би аяллын туршид хуримтлуулсан мэдлэг мэдээлэл, судалгаа шинжилгээ, бусад оронтой хийсэн харьцуулалтын үндсэн дээр эдгээр номууддаа батлан өгүүлсэн байгаа. Асар их хөрөнгө мөнгө зарж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж бий болгосон оюуны асар том бүтээл юм.
 
Тэгээд та зорьж байсан хөгжлийн нууцаа олж чадсан уу?
 
-Олсон. Энэ тухай сүүлд гаргасан “Гайхамшигт ертөнц” номдоо дэлгэрэнгүй оруулсан. Энд монгол хүн, Монгол Улсын онцлог, өгөгдөл, бид яагаад муу амьдраад байгаа, яавал бид илүү сайн сайхан амьдарч болох талаар дэлхий судлаач хүний хувьд, их юм үзэж, урт зам туулсан хүний хувьд тайлбарлаж бичсэн байгаа. Маш том сэдвийг товчхон ярих аргагүй. Гэхдээ энэхүү номыг уншсан залуучууд ертөнцийг тэс өөр нүдээр харна. Ялангуяа эх орныхоо талаар гутранги сэтгэлд эзлэгдээд байгаа шинэ үеийн залуус энэхүү номыг уншсанаар илүү зорилготой, хүч чадалтай, илүү эх оронч болно. Явсан хүнээс үг сонс гэдэг дээ. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид, хугацаат цэргүүд, алслагдсан хөдөө орон нутгийн ангийнхан маань аяллын тэмдэглэл, номуудыг минь уншиж, санал сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлж, хамтдаа сайхан ирээдүйн төлөө тэмүүлээсэй гэж хүсэж байна. 
 
 
Д.ГҮНЖИЛМАА
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин