сонин mn
ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архивын орлогч дарга, дэд хурандаа, доктор Н.Даваадоржтой ярилцлаа.
 
-ХХЕГ Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэдтэй хамтраад нэгэн морины хөшөө барьсан гэсэн. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
 
-Монголчуудыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эрт дээр үеэс өдгөөг хүртэл хөгжмийн зэмсгээ морин хуур хэмээн нэрийдэж, Төрийн есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн их хар сүлдээ мориныхоо дэл, сүүлээр үйлдэн тахин шүтэж, төрийн сүлдэндээ морио залснаас үзэхэд хэрхэн дээдэлж ирсэн нь ойлгомжтой. Манайд морины хөшөө олон байдаг. Гадаадын нэгэн судлаачийн бичсэнээр Монголд морины 1032, тарваганы 26 хөшөө байдаг гэсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд бүх аймаг, суманд түрүүлж, айрагдсан морьдынхоо хөшөөг босгосон байдаг. Тэгвэл эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө баатарлаг гавьяа байгуулсан морьдод зориулсан хөшөө ховор байна. Тухайлбал, Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Чингисийн найман шарга, Л.Дандар баатрын алаг, Б.Тэгшээ баатрын хүрэн халзан гэсэн алдар суугаа дуурсгасан морьдын хөшөө бий. Б.Тэгшээ баатар Ховд аймгийн Чандмань сумын харьяат хүн учраас хүрэн халзан морины хөшөөг анх Чандмань суманд босгосон байдаг. Хүрэн халзан морь Говь-Алтай аймгийн Бугат суманд Х.Шагдарын унаган адуу. Тиймээс төрсөн газарт нь хөшөө босгож, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнгөрсөн сарын 22-нд боллоо.
 
Энэ санаачилгыг гаргасан хүн бол ДХИС-ийн Хил судлалын хүрээлэнгийн судлаач, доктор, профессор Ц.Ганболд “Хил судлал” сэтгүүлд Б.Тэгшээ баатрын хүрэн халзан морийг алдаршуулъя гэсэн мэдээ, нийтлэлийг анх бичсэн. Олзуурхууштай нь Говь-Алтай аймгийн Бугат сумынхан болон Х.Шагдарын төрөл төрөгсөд энэ мэдээллийг аваад “Б.Тэгшээгийн хүрэн халзан морь манай өвөөгийн унаган адуу юм. Бид төрсөн нутагт нь хөшөө барьж хүүхэд, залуус болон хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд тус нэмэр болъё” гэж манай байгууллагын удирдлагуудтай ирж уулзсан. Үүнийг манай байгууллагаас хамтран ажиллаж, дэмжин туслахаа илэрхийлсэн. Тиймээс Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдарын төрөл төрөгсдөд дурсгалын батламжийг гардуулж өгснөөс гадна хөшөөний нээлтэд Ховд аймгийн Үенч суманд байрлах Хилийн 0130 дугаар анги, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн 0214 дүгээр ангийн удирдлагын төлөөлөл, хөгжмийн салааг оролцуулж хил орчмын ард иргэдэд хилчдийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, урлаг, уран сайхнаар үйлчилсэн. Хөшөөний нээлтийн үеэр гурван насны морьд уралдуулахад соёолон, даага насанд Б.Тэгшээ баатрын хүрэн халзан морьтой ижилхэн хүрэн халзан морь түрүүлсэн нь их содон үйл явдал болсон. Үүнийг нутгийн ард иргэд, хилчид билэгшээж байлаа.
 
-Хүрэн халзан морины алдарших болсон шалтгаан?
 
-Б.Тэгшээ баатрын хүрэн халзан морь баруун хилийн байлдаанд үүрэг гүйцэтгэсэн. Хүрэн халзан морины нуруун дээрээс Ж.Нэхийт, Б.Тэгшээ гэсэн хоёр Улсын баатар төрөн гарсан байдаг. Үүгээрээ Монголын түүхэнд цорын ганц алдартай морь. Тиймээс хүрэн халзанг алдаршуулахад хил хамгаалах байгууллага тусалж, дэмжсэн. Мөн хил хамгаалах байгууллага, хилчдийн үйл ажиллагааг хил орчмын ард иргэдэд сурталчлан таниулсан арга хэмжээ болсон. Үүний дараа хүрэн халзангийн байлдааны үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Булган суманд байх Байтагийн заставт очиж баримтат киноны зураг авалтыг хийлээ. 1939 оны Халхын голын дайн эхэлсэн он жилүүдэд Шагдарын хүү Дэмчиг Халх гол руу цэргийн албанд татагдаж мордохынхоо өмнө аавдаа “Би цэргийн албанд татагдаад явлаа, миний хүрэн халзан даага шандас шөрмөс, хурд хүч, тэсвэр тэвчээр сайтай сайн адуу болох шинжтэй байна. Тиймээс намайг цэргээс халагдаад иртэл сайн арчилж байгаарай” гээд мордсон ч Халх голын дайнд хүү нь амь үрэгдэхэд Шагдар гуай ихэд гашуудсан гэдэг. 1941 онд эх орны дайн эхлэхэд Монгол Улсаас Зөвлөлтийн ард түмэн буюу фронтод байлдаж байгаа цэрэг, армид бэлэг цуглуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн байдаг. Шагдар гуай энэ хүрэн халзан морь цэргийн хүний уналга учраас цэргийн хүн л унах ёстой хэмээн үзээд соёолон насанд нь 1943 онд фронтод бэлэглэжээ. Гэтэл нэг өдөр хүрэн халзан морь ижил сүрэгтээ ирээд нийлсэн байжээ.
 
-Хүрэн халзан морь хаана ямар тулаанд оролцож байсан бэ?
 
-1944 оны эхээр баруун хилийн хязгаарын байдал тогтворгүй болж Оспаны зэвсэгт бүлэглэл, Гоминдааны цэрэг арми баруун хилээр байнга зэвсэгт түрэмгийлэл үйлдэж, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байсан. Тиймээс төр, засаг, тухайн үеийн орон нутгийн засаг захиргаанаас Хязгаарын цэргийг бэхжүүлэх, хилчдийн ар тал, ахуй хангалтыг сайжруулах зорилгоор цэргийн агт бэлтгэх санал санаачилга гаргасан. Уг ажилд хил хязгаар орчимд нутаглаж байгаа ардуудаас цэргийн агтад уналга, мал мах цуглуулж өгсөн. Тэгэхэд Х.Шагдар гуай хүрэн халзанг цэргийн хүний унаа учраас цэрэг хүн унах ёстой хэмээн ах дүү хоёр хязаалан, соёолон хүрэн халзан морийг баруун хилийн Ховдын отрядад бэлэглэсэн байдаг. Ах соёолон нь одоо бидний яриад байгаа Ж.Нэхийт, Б.Тэгшээ баатрын хүрэн халзан морь.
 
 
Ах соёолонг 1944 онд Ховдын отрядад очиход тэр үед Ж.Нэхийт баатар хүлээж аваад уналга, эдэлгээнд дасгаад дайн байлдаанд сургасан. Тухайлбал, дайсныг цавчихад нь сэлэмтэй гар руу нь налж өгөх, давхил дундаа бут, сөөгийн араар орж хэвтэх, янз бүрийн бууг хүзүүн дээр нь тавиад буудахад цочиж үргэхгүй байх. Дайсны пулемёт, гранатын дэлбэрэлтийн чимээнээс айж үргэхгүй байх гэсэн цэргийн эрдэмд сургасан. Үүний дараа хүрэн халзан морь Хужиртын, Их, бага Хавтагын, Зээгийн, Байтаг богдын гэсэн 30 гаруй удаагийн байлдааны ажиллагаанд оролцсон байдаг.
 
 
 
Хүрэн халзан 1944-1951 оныг хүртэлх хугацаанд баруун хилийн байлдааныг эхнээс нь авахуулаад дуустал нь байлдааны үүрэг гүйцэтгэсэн цорын ганц баатарлаг хүлэг.
 
 
 
-Хэзээ Б.Тэгшээ баатар дээр очсон юм бэ?
 
-Б.Тэгшээ баатар 1947 онд Ховд аймгийн Чандмань сумаас цэргийн албанд ирэхэд Ж.Нэхийт баатар Б.Тэгшээд хүлээлгэж өгсөн байдаг. Үүнээс хойш 1948 оны долдугаар сарын 8 хүртэл Б.Тэгшээ баатартай хамт улсын хилийн аюулгүй байдлыг хангах үйлсэд хань нөхөр болж зүтгэсэн. 1947 оны долдугаар сарын 7-нд Дамжигийн сумангийн дарга, хошууч Мадриг, заставын улс төрийн орлогч, ахлах дэслэгч Хаянхярваа ахлагчтай хилийн манаа Байтаг богд, Бүдүүн харгайтын орчимд үүрэг гүйцэтгэхээр явсныг “Байтаг богд”, “Маш нууц-2” кинонд харуулсан. Энэ байлдааны ажиллагаанд хүрэн халзан морь холбоо барихад чухал үүрэг гүйцэтгэсэн.
 
 
 
Байлдаан болсон газар орноос Дамжигийн суман хүртэл 30 км газар намаг шалбааг, дов сондуул, хад асга ихтэй газрыг 40 минутад туулж мэдээ хүргэснээр хилчид хилээр орж ирсэн Оспан, Гоминдааны 120 орчим зэвсэгт дээрэмчнийг улсын хилээс хөөн гаргаж нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.
 
 
 
-Хүрэн халзан морины тухай баримтат кино хэзээ үзэгчдэд хүрэх вэ?
 
-Хил хамгаалах байгууллагын удирдлагад баярлалаа гэж хэлмээр байна. Баримтат киног байлдаан болсон түүхэн газар, орон нутагт нь хийхэд уран бүтээлийн амин сүнс нь босоод ирсэн. Хэрэв нэг өрөөнд ороод хэдэн эрдэмтэн доктороос ярилцлага аваад, ойрхон хөдөө гарч зураг авбал энэ киноны маань амин сүнс үгүй болох байсан. Чадвал энэ ондоо багтаана, амжихгүй бол ирэх оны эхний улиралд багтаана. Энэ киног гаргаснаар хойч үе, хүүхэд залууст эх оронч, хилч үзэл гэж юу вэ. Монгол морь, монгол хүн хоёрын уялдаа холбоо, харилцаа ямар байдаг вэ гэдгийг бага ч гэсэн ойлголт өгөх зорилгоор энэ киног бүтээж байна. Ирэх жил баруун хилийн байлдааны 74 жилийн ой болно. Бид нэлээд том хөшөө цогцолборыг Ховд аймгийн Булган сум юм уу Үенчийн отрядын аль нэг хэсэгт барихаар төлөвлөж байна. Ер нь Монгол, Зөвлөлтийн цэргийн найрамдал, хамтын ажиллагааг Халхын голын дайн, Чөлөөлөх дайнаар төсөөлж бичдэг болохоос биш баруун хилийн байлдаан түүхэнд бага судлагдсан. Тиймээс хил хамгаалах байгууллагаас онцгойлон анхаарч баруун хилийн баатарлаг хилчдийнхээ, эх орончдынхоо хөшөө дурсгалыг босгох зорилготой байна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин