sonin.mn
Судлаач, хэл шинжлэлийн мастер, эрх зүйч Э.Жамуха зөв бичгийн дүрэм, "Монгол хэлний тухай" хуулийн судалгааны үр дүн танилцуулахаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Надад нэг асуулт байна. Асуулт бүрийн маань цаана асуудал бий.  Юун түрүүнд Монгол Улсын Засгийн Газар, Боловсролын яам, мөн монгол хэлний хэл шинжлэлийн эрдэмтдээс Монгол хэл гэж юу вэ? гэж асуумаар байна. 
Үүнтэй холбоотой хоёр төрлийн залруулга хэлье. Нэгдүгээрт, 21-р зууны Монголчууд бид уйгаржин бичиг хэрэглэдэггүй. Энэ нь нэр томъёоны хувьд алдаатай. Уйгаржин гэж нэрлэх боломжгүй. Энэ бол бидний өвөг дээдсийн хэдэн зуун жил бичиж ирсэн Монголын бичиг соёл. Үүнийг уйгаржин гэж хэрэглэж байгаа. Энэ бол буруу. Хоёрдугаарт, Монголчууд хэзээ ч крилл бичгээр төрийнхөө албан хэргийг хөтөлж байгаагүй. Крилл гэж нэрлэж л байгаа болохоос одоо бидний хэрэглэж буй бичиг бол крилл бичиг биш юм. 
Өнөөдрийн гол асуудал бол Ц.Дамдинсүрэнгийн 1982 онд хэвлэгдсэн Монгол үсгийн дүрмийн толь гэдэг номын тухай. Энэ толь тухайн цаг үеийнхээ шаардлагыг хангаж байсан. Харин өнөөдөр цаг үеийн шаардлагыг хангахгүй. Уг толь дээр байгаа бүх дүрмүүд шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй гэдэг нь аль хэдийн батлагдсан. Дандаа коммунист дүрмүүд байдаг. Тухайн үедээ намын, төрийн заавраар хийсэн. Өнөөдөр энэ бол эрүүгийн гэмт хэрэг болчихсон байгаа. Иймээс энэ дүрмүүдийг одоо хэрэглэх боломж байхгүй. 
 
 
Жишээлбэл: “Ь”, “Ъ” байхгүй.  Энэ бол уг толь дээрх хамгийн эхний бичмэл дүрэм л дээ. Энэ дүрэм нь үгүйсгэгддэг. Монгол хэл 35 үсэгтэй гэх дүрэм нь ч мөн адил шинжлэх ухааны үндэслэлгүй, үгүйсгэгдсэн байгаа. Үүнээс гадна “Щ”,  “Ь”, “Ъ”, “Е”, “Ё”, “Ю” гэдэг үсэгнүүд Монгол хэлэнд байх шаардлагагүй. 
 
 
Үүнийг хувийн зүгээс нэмээд хэлчихье. Шалгахгүй л байгаа болохоос хуулийнх нь байгууллагад нь  аль хэдийн бичээд өгсөн. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг шүү. 
Ц.Дамдинсүрэн гэдэг хүн өөрөө дарангуйлагч байсан. Энэ хүний тухай үнэн бодит мэдээллийг Монголын ард түмэн мэдэх цаг нь болсон.
 
Түүнийг хиймлээр тахин шүтдэг. Яг ухаад үзвэл маш олон асуудал бий.
 
Монгол хэлний тухай хууль уламжлалт Монгол бичгийн асуудлыг маш ихээр хойш нь татаж байна. Монгол хэлний тухай хууль Монгол Улсын Үндсэн Хуулийн маш олон зүйл заалтыг зөрчсөн байдаг. Жишээ нь: Монгол Улс 2025 оноос хойш хос бичигтэн болно гэж байгаа юм. Энэ бол худлаа үлгэр. 2025 он хүртэл уламжлалт Монгол бичгийг ярихыг хориглосон хуулийн заалт болж хувирсан. 2025 оноос өмнө чимээгүй байж бай. Түүнээс хойш л хийх гээд байна гэсэн ойлголт. Мөн дунд сургуулийн 6-р ангиас эхлэн заана гэж байна. Үүгээрээ 6-р ангиас өмнө хэрэглэхийг хориглосон гэсэн үг. Монгол хэлээ 6-р ангиас заана гэдэг боломжгүй. Харин 1-р ангиас нь эхлэн заах ёстой. Ер нь хос бичиг гэж байх боломжгүй. Аль хүчтэй нь л давамгайлаад явчихдаг. Та бүхэн өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны хос хэлний бодлого яаж унаж байгааг харж байна. Уламжлалт Монгол бичиг нь дэлхийн нийтийн асуудал болж хувираад байна, хэрэглэх цаг нь болчихоод байна. Хуулийн ямар нэг хориг саад байхгүй учраас уламжлалт Монгол бичгээ хэрэглэхийг нийт иргэддээ уриалж байна" гэв.
 
 
 
Н.Энхдэлгэр