сонин mn
ЗСБНХУ-н Коммунист намын Төв хорооны 1979 оны 12-р сарын 12-ний өдрийн хуралдаанаар Афганистан руу цэргээ оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд 12-р сарын 25нд Зөвлөлтийн цэрэг тус улс уруу 3 чиглэлээр нэвтрэн орсон. Энэ нь ЗХУ дундад Азид өөрийн нөлөөгөө өргөжүүлэх, хадгалах гэсэн цэрэг улс төр, стратегийн чухал ач холбогдол бүхий шийдвэр байсан юм.
Афганий дайн нь ЗХУ-н талын дэмжлэгтэй Афганистаны засгийн газрын ба Зөвлөлтийн арми нөгөө талаас АНУ, Пакистан, БНХАУ болон бусад барууны орнуудын дэмжлэгтэй Афгани сөрөг хүчин можахедуудын хоорондын дайн байсан.
Хүйтэн дайны үеийн коммунист ба капиталист хоёр ертөнцийн тэмцлийн талбар болж байсан энэ дайн 1979-1989 онуудад бүтэн 10 жил үргэлжилсэн бөгөөд Афганий дайны шарх одоо ч эдгээгүй үргэлжлэж буй билээ.
Энэ дайны оргил үед буюу 1980 оны дундуур АНУ-аас Афганистаны можахедуудад 1,5 тэрбум долларын дэмжлэг үзүүлсэн мөн түүнчлэн Саудын Араб болон бусад исламын орнууд дээрх хэмжээний мөнгөн тусламжийг можахедуудад илгээсэн баримт бий.
Ийм дэмжлэг туслалцаа нь зөвхөн Афганистан дахь зөвлөлтийн цэргүүдийн эсрэг зориулагдаагүй ЗХУ-н эсрэг түүний хүч чадал, нэр хүндийг нь унагах зорилготой дэлхийн хэмжээний дайн байсан юм. 
Можахедууд гэдэг нь «исламский боевик» буюу лалын шашны дайчид гэсэн утга илэрхийлдэг бөгөөд өнөөгийн лалын шашны хэт тулгуур үзэл бүхий  Талибуудын олон хийг тэднээс бүрдүүлдэг.
 
 
 
Афганий дайны үед Зөвлөлтийн 15 мянга гаруй цэргийн албан хаагчид амь үрэгдэж цэргийн болон иргэний 286 ажилтан, албан хаагч сураггүй алга болсон гэдэг. Тэдний олон хийн хувь заяа одоо хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд ихэнх нь можахедуудад олзлогдож тэдний гарт амь үрэгдсэн гэж үздэг.
 
 
 
Сураггүй алга болсон эдгээр 300 гаруй хүмүүсийн тоонд Бадарберын цайзад бослого гарган тэмцэж тулалдан зориг баатарлагаар амь үрэгдсэн 12-14 цэрэг байлдагч нар ч тооцогдож байсан. Душманууд тэднийг фашистын Германы хорих лагерь дахь хоригдлуудын  нөхцөл байдлаас ч долоон дор хүнд бэрх нөхцөлд хорьж цагдан зэрлэгээр зодож жанчин тамлан зовоодог, хүнд хүчир боолын хөдөлмөр хийлгэдэг байсан.
Тэднийг душманууд өөрсдийн зохиосон харгис хатуу журам дэглэмийн дагуу цагдан хорьдог, ноцтой зөрчил гэж үзсэн өчүүхэн алдааны төлөө маш хатуу шийтгэдэг цаазлан хороодог байжээ. Зөвхөн сургалтын төв дахь  сонсогч эсвэл сургагч багшийн аль нэгийг эгцлэн харах гэж оролдох эсвэл хүндэтгэлгүй хандах, үг хэлэх, харилцан ярилцах хүртэл ноцтой зөрчилд тооцогдон амь насаа алдах шалтгаан болдог байсан гэдэг.  
Мөн тэднийг маш муу орчин нөхцөлд  байлгадаг,  тарчиг ядуу муу хооллодог, ихэвчлэн ус өгөхөө багасгадаг байсан энэ нь Пакистаны өндөр уулархаг нутагт удаан тарчлан зовж үхэх маш хэцүү шийтгэл болдог байжээ.
Гэсэн хэдий ч Зөвлөлтийн цэргийн хоригдлууд бие биенээ дэмжин туслах, дайчин нөхдөө хүнд бэрх зовлонд сөхөрч унахаас хамгаалан сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлдэг, амьдрах итгэл найдварыг нь сэргээж нэгдэн нягтарч чаддаг байсан юм.
Мэдээж душмануудын олзонд байсан хүн бүр тийм хатуу бэрх тамлалт, зовлон бэрхшээлийг тэсвэрлэн гарч чадалгүй нугарч хугарсан тохиолдол байгаа байх. 
Харин Бадарберын цайзад хоригдож байсан хоригдлуудын хувьд тэдний эсрэг бослого тэмцэл гаргаж зориг баатарлагаар тулалдаж эр цэргийг ёсоор амь эрсдцэгээсэн юм.
Афганистаны дайны оргил үед буюу 1985 оны 4-р сарын 26-нд Зөвлөлтийн олзлогдсон 12-14 цэрэг дайчид  Бадаберын цайзад бослого гаргаж можахедын дайчид ба тэднийг дэмжин тусалж байсан Пакистаны байнгын армийн анги нэгтгэлүүдтэй бараг 2 өдрийн турш хүч тэнцвэргүй тулаан хийж баатарлаг байлдсан байна.
Бадаберын цайз дахь Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийн энэхүү бослого тэмцэл нь Афганистаны дайны нэг хэсэг үйл явдал гэж зүй ёсоор тооцогддог билээ. 
Энэ үйл явдал нь тэр үеийн Зөвлөлтийн цэргүүдийн цэрэг байлдааны болон сэтгэл зүйн өндөр бэлтгэл сургууль, эр зоригийг илтгэн харуулсан үйл явдал байсан төдийгүй цэрэг дайны өндөр ур чадвар бүхий маш амжилттай байлдааны ажиллагаанд тооцогддог. Гэхдээ тухайн үед тэдний энэ бослого тэмцэл, зориг баатарлаг үйл явдлын тухай Зөвлөлтийн тал болон Дэлхий нийтээр мэдээгүй өнгөрсөн. Душманууд болсон үйл явдлыг  нууцалж байсан бөгөөд бүр хожим 1990-ээд оны эхээр олон эх сурвалжаас тэр тухай мэдээлэл ил болсон билээ.
Зөвлөлтийн хоригдол цэргүүд хүнд бэрх боолын хөдөлмөр, харгис хэрцгий зодуур шийтгэл, журам дэглэмийн эсрэг эрх чөлөөнийхөө төлөө зохион байгуулалттайгаар эрс шийдэмгий тэмцэн босож дайсанд гэнэтийн хүчтэй цохилт өгч тэдэнд маш их хохирол учруулж чадсан юм. Босогчдын гарт орсон Бадаберын цайз руу  дайрсан Можахедуудын дайралт хэд хэдэн удаа амжилтгүй болсны дараа олон хүнээ алдаж их хохирол амссан тэдний толгойлогч уурлаж бухимдан цайзыг зэвсэг сум хэрэгслийн нөөцтэй нь хамт устгахаар шийджээ. Түүний тушаалаар Пакистаны байнгын армийн артиллерийн хүнд их буугаар цайз руу галлаж эхэлсэн.
Бадарберын цайз дахь их хэмжээний тэсрэх бөмбөг, сум хэрэгсэлтэй агуулах хүнд их бууны галын цохилтод өртөж асар хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд цайз тэр чигтээ агаарт цацагдан бүрэн устгагдаж, бослого хөдөлгөөн гаргасан хоригдлууд ч бүгд амь үрэгдсэн гэдэг. Дээр дурдсанчлан энэ үйл явдал нь Зөвлөлтийн цэргүүдийн цэрэг байлдааны болон сэтгэл зүйн бэлтгэл сургууль, ёс суртахуун улс төрийн хүмүүжил төлөвшилт ямар өндөр төвшинд хүрснийг дэлхий нийтэд илтгэн харуулсан үйл явдал байсан. 
Алдар суугаа дуурсгасан Аугаа их түүхтэй Зөвлөлтийн улаан армийн эгнээнд эх орондоо, өргөсөн цэргийн тангарагтаа үнэнч цэрэг эрс, ямар эрэлхэг зоригтой хөвгүүд өсөж хүмүүждэг тэдний цэрэг байлдааны бэлтгэл сургууль ямар өндөр түвшинд хүрдгийн маш тодоор харуулсан юм. 
Афганы дайны оргил буюу 1980-аад оны дунд үед БНМАУ-н Ардын Армид алба хааж байсан бидний үеийхэн “Звезда”, “Улаан Од” зэрэг олон сонин хэвлэлээс ах дүү армийн үе тэнгийн залуусын цэрэг байлдааны гавъяа, баатарлаг үйлсийн тухай уншиж танилцан сэтгэл огшиж байсан үе олон байлаа.
 
Болсон үйл явдал:
 
Ардчилсан Афганистаны хилээс 24км Пешавар хотоос өмнө зүгт 10 км зайд Пакистаны Бадабер хэмээх жижиг тосгон бий. Тэнд 1983-1985 онд Афганистаны дүрвэгсдийн лагерь буюу можахедуудын Халид-ибн Валидийн дайчдыг сургаж бэлтгэдэг цэргийн сургалтын бааз ажиллаж байсан. Энэ сургалтын баазад АНУ, Пакистан, Хятад, Египетээс ирсэн цэргийн сургагч офицерууд ирээдүйн (душман) моджахедуудыг сургаж бэлтгэдэг бөгөөд тэднийг Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг байлдуулахаар Афганистан уруу илгээдэг байсан юм. 
Сургалтын баазад бослого хөдөлгөөн гарах үед тэнд нийт 65 цэргийн сургагч офицер ажиллаж байсан бөгөөд тэдний ихэнх нь Пакистан Египетээс ирсэн офицерууд мөн АНУ-ын 6 сургагч офицер ажиллаж байжээ.
Энэ сургалтын бааз нь Афганистаны Исламын Нийгэмлэгийн (Jamiat-e Islami of Afghanistan) Джамиат-и-Исламийн  харьяалалд байсан бөгөөд удирдагч нь Бурхануддин Раббани  (хожим Афганистаны ерөнхийлөгч болсон 1992 -2001) байсан бөгөөд сургалтын бааз нь тухайн бүс нутагтаа Зөвлөлтийн эсрэг бүлгүүдийн хамгийн нөлөө бүхий томоохон төв байсан юм. 
Бадарберын цайз дахь сургалтын бааз нь Пакистаны эрх баригчдын байнгын дэмжлэг туслалцааг авдаг байсан бөгөөд Пакистаны армийн анги нэгтгэлүүд ч тэнд байралдаг байсан. Тэр цэргийн бааз нь сургалтын төвийн хамт асар том талбай буюу 500 га газрыг эзэлж байсан бөгөөд шавар байшин, майхан сав мөн зэр зэвсэг бүхий 6 агуулах, 3 шорон байрладаг байжээ.
Афганий дайны жилүүдэд 1983-1984 оны хооронд Панжшир, Карабах мужийн ойролцоогоос баригдаж олзлогдсон Зөвлөлтийн цэргүүдийг (Шурави) нууцаар хил давуулан энд авчран хүнд хүчир ажилд зүтгүүлэн цагдан хорьдог байжээ.
Олон эх сурвалжийн мэдээнд тухайн үед Бадабергийн цайзад Зөвлөлтийн цэргийн 12-14 хоригдол мөн Афганистаны ардын армийн 40 орчим олзлогдсон цэрэг дайчид хоригдож байсан гэдэг. Бадарберын бослогын үед цайзад 9 цэрэг, 2 энгийн иргэн буюу жолооч Николай Шевченко, моторист Виктор Духовченко нар байсан. Хоригдлуудын ихэнх нь цэрэг түрүүч нар ба 2 бага дэслэгч орчуулагч байсан. 
Гэхдээ бослогыг тэд удирдаагүй харин иргэний жолооч УССР буюу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсаас цэрэгт ирсэн Николай Шевченко удирдан зохион байгуулсан гэж үздэг. Душманууд Афганистаны ардын армийн хоригдолууд болон “шурави” буюу зөвлөлтийн цэргийн хоригдлуудын хоорондын харилцааг хатуу чанд хориглодог бөгөөд тус тусад нь хорьж цагддаг. 
Хоорондоо харилцахыг оролдсон хэн бүхнийг хатуу чанга  шийтгэдэг харгис хэрцгийгээр зодож жанчдаг тэр байтугай  буудан хороодог байжээ.
Зөвлөлтийн цэргийн хоригдлуудаар хамгийн хүнд бэрх ажил хийлгэдэг өчүүхэн гэм буруутай үйлдлийн төлөө маш хэрцгийгээр зодон жанчиж хоол ундыг нь хэдэн өдрөөр хасаж залхаан цээрлүүлдэг байна. 
 
 
 
Душманууд тэднийг Исламын шашинд элсэн орох лалын шашны итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрөхийг байнга ятган сэнхрүүлж, айлган сүрдүүлдэг байжээ.
 
 
 
Цайзад хоригдож байсан Зөвлөлтийн цэргийн хоригдлууд тохиромжтой үед зэрэг зориглон хөдөлж цайз дахь асар их хэмжээний зэр зэвсэг бүхий зэвсгийн агуулахыг барьцаалан  Исламабад дахь Зөвлөлтийн  эсвэл Афганистаны элчин сайдын яамдын төлөөлөгчидтэй уулзуулахыг шаардах төлөвлөгөө зохиосон байна.
Олзонд байсан хүн бүр амь насаараа дэнчин тавьж байгаагаа ойлгож байсан бөгөөд зарим нь бараг 3 жилийн турш моджахедын олзонд байхдаа тэдний харгис хэрцгий тамлан зооволтыг хангалттай  амссан байна. 
Тийм учраас тэдэнд эргэж буцан боол болох хүсэл огт байгаагүй бөгөөд “Эрх чөлөө ба хэлэлцээр Эсвэл үхэл” гэсэн зам сонгоцгоосон юм.
Тэр сургалтын төвийн бүх ажилтанууд оройн мөргөл үйлдэж байх үед буюу 1985 оны 4-р сарын 26-ны 21.00 цагт бослого тэмцэл эхэлсэн.
Бүх моджахедууд жагсаалын талбай дээр цугларч мөргөл үйлдэх үед Зөвлөлтийн цэргийн хоригдлууд зэвсгийн агуулах, харуулын цамхагын манааг дуу чимээ гаргалгүй устгаж бүх хоригдлуудыг суллан зэвсгийн агуулахаас сум зэвсэг хэрэгсэл авч хүнд пулемётоор зэвсэглэж амжсан байна.
Бослого гаргасан Зөвлөлтийн цэргүүд 2 зенитийн пулемёт ДШК мөн миномёт болон гранатомёт РПГ-р зэвсэглэж  амжсан бөгөөд зэвсгийн агуулахыг булаан өөрийн мэдэлд авч чадсан гэдэг.
Өөр нэг эх сурвалжийн мэдээгээр тэдний гол зорилго оршин байгаа байрлал координатаа Зөвлөлтийн талд дамжуулах тийм учраас нэн тэргүүнд радио станцтай байрыг эзлэн авах мөн цайзын гол гол харуулын өндөрлөгүүд дээр зенитийн хүнд пулемёт байрлуулан хамгаалалтанд бэлтгэж амжих явдал байсан юм. 
Мусульман шашинтай сургагч багш нар ба сонсогчид залбирал үйлдэхээр явах үед үлдсэн харуулууд руу хоригдлууд хурц үзүүртэй төмөр саваа тайрдас барин дайралтад оржээ.
Юуны өмнө "шурави" буюу Оросуудыг хорьдог байшингийн нэг давхарт байрлах хоёр харуулыг устгаад тэр даруйдаа зэвсгийн агуулах руу гүйн хүрчээ.
Яг энэ мөчид хоригдол цэргүүдийн нэг Исломудин гэгч айж хулчийн урвахаар шийдэн "Оросууд бослоо!" гэж хашхиран мөргөл үйлдэж буй талбай руу гүйжээ. Ингээд тэдэнд Душманууд руу гэнэт довтлох сайхан боломж олдоогүй гэдэг.
Гэхдээ энэ нь бослогыг зогсоож чадаагүй ч  бослого хөдөлгөөнийг мэдсэн душманууд дээвэр дээр байрлах хүнд пулемётын галын цэгийг эзэлж  босогчдын бусад барилга байгууламж руу нэвтрэх хөдөлгөөнийг хааж чадсан байна.
Тэд радио станц байрлаж байсан барилга руу нэвтэрч чадаагүй учир Пакистан дахь цэргийн баазад Зөвлөлтийн цэргийн олзлогдогсод байна, бослого хөдөлгөөн дэгдээсэн гэдгийг мэдэгдэх боломжгүй болжээ.
 
«Исламийн нийгэмлэг» (англ. Jamiat-e Islami of Afghanistan)-н удирдагч Бурхануддин Раббанигийн тушаалаар оройн 23 цаг гэхэд моджахедын дайчид болон Пакистаны байнгын арми ба хилийн цагдаагийн ангиуд хуягт тээвэрлэгч болон хүнд их буугаар зэвсэглэн цайзыг гурван давхар бүсэлсэн хаажээ. Можахедын удирдагч Раббани босогчдыг бууж өгөхийг шаардан тэднийг бууж өгсөн тохиолдолд амь өршөөнө гэж амлаж байжээ. 
Гэвч тэд эргээд боол болохыг огт хүсээгүй бөгөөд Пакистанд суугаа Зөвлөлтийн эсвэл Афганистаны элчин сайдын яамдын төлөөлөгчидтэй уулзуулахыг шаардсан байна.
Түүнээс гадна Дэлхийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн төлөөлөгчдийг цайзад авчран хоригдлуудын нөхцөл байдалтай танилцуулах болзол тавьжээ.
Босогчид шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд асар их хэмжээний зэр зэвсэг, сум хэрэгсэл бүхий агуулахыг өөрсдийн хамт юу ч үгүй дэлбэлнэ гэж сүрдүүлсэн боловч Можахедын удирдагч Раббани тэдний шаардлагыг үл зөвшөөрөн бүтэн шөнийн турш цайз руу дайрчээ.
Босогчид 4-р сарын 27-ны өглөөний 8 цаг хүртэл бууж өгөлгүй можахедуудын хэд хэдэн удаагийн дайралтыг амжилттай няцаасаар байсан бөгөөд тулааны үеэр удирдагч Раббани тэдний гранатомётын суманд өртөн  золтой л амиа алдах дөхөж ээ.
Харин түүний бие хамгаалагч амь үрэгдсэн байна үүнд маш их бухимдсан Раббани цайзыг бүр мөсөн устгахаар шийдэж Пакистаны байнгын цэргийн хүчний артиллерийн хүнд их буугаар цайз руу буудахыг тушаасан байна. 
Их бууны суманд цайзын зэвсгийн агуулах өртөн цайз хоригдол хамгаалагч нартайгаа хамт дэлбэрч агаарт цацагдан юу ч үгүй устгагдсан гэдэг.
Цайзын дэлбэрэлтийн шалтгааны талаар олон эх сурвалж мэдээлэлд янз бүрийн хувилбар байдаг. Зарим эх сурвалжийн мэдээнд Бадаберын цайзруу дайрсан олон удаагийн дайралтыг няцаасан хүч тэнцвэргүй тулаанаас амьд үлдсэн 3 хоригдол цэрэг хамгийн сүүлчийн агшинд өөрсдөө гар бөмбөг дэлбэлэн зэвсгийн агуулахтай хамт агаарт цацагдсан ч гэдэг мэдээ ч бий. Хожим можахедын удирдагч Раббани босогчид өөрсдөө агаарын цель сөнөөгч пуужин харвагч РПГ буугаар зэвсгийн агуулах руу буудсанаас агуулах дэлбэрсэн. Тэр асар хүчтэй дэлбэрэлтийн улмаас цайзад байсан бүх хоригдолууд болон бусад хамгаалагч нар бүгд амиа алдсан гэж хэлсэн байдаг.  
 
Гэрчүүдийн мэдүүлгээр асар хүчтэй дэлбэрэлтийн дараа тэр цайзаас 80 гаруй метрийн диаметртэй том нүх л үлдсэн хоригдуулын бие цогцосноос юу ч үлдээгүй энд тэнд хүний тасарсан хуруу гар, эд эрхтэнүүд хэвтэж байсан гэжээ. 
Бадаберын цайзад 1985 онд можахедуудын сургалтын ротын захирагч байсан Гулям Расул Карлукын яриагаар “Бослого тулаан үер удирдагч Раббани хаа нэгтээ яваад хэсэг хугацааны дараа ирэхдээ хүнд их буунууд авчирсан бөгөөд хүнд их буугаар цайз руу буудах тушаал өгсөн. 
Их буугаар зэвсгийн агуулах руу  буудах үед маш их хүчтэй дэлбэрэлт болж цайз тэр чигтээ устгагдсан. Тэнд байсан хүмүүс, барилга байшин, майхан сав, зэвсэг хэрэгсэлийн агуулхаас юу ч үлдээгүй бүгд агаарт цацагдан тарж бутран газрын хөрстэй тэгширсэн. 
Тэр үед бөөн хар утаа манаран яг л газар хөдлөлт болж байгаа юм шиг доргин чичирч байсан” гэжээ.
Мөн тэр үеийн Бадабер цайзын хоригдол байсан Рустамов Носиржон Умматкуловийн гэрчийн мэдүүлэгт удирдагч Раббани бидэнд “Алив энэ бүгдийг цуглуул, нүхнээс гарга энэ бүхэн танай цэргүүдийн бие мах бодийн үлдэгдэл алив хурдал” гэж байсан. 
Тэдний бие эрхтнүүд маш их хуваагдан тараагдаж эрэмдэг зэрэмдэг болсон байсан олдсон эд эрхтэн бүрийг нь цуглуулан нүхэнд хийж хамтаар нь оршуулсан гэж мэдүүлжээ. 
ЗХУ-н гадаад тагнуулын албаны мэдээлэлд Пакистаны байнгын армийн зэвсэгт хүчин Бадаберын бослогыг дархад можахедуудад тусалсан болохыг нотолсон олон эх сурвалж бий. Бадаберын цайзад болсон Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийн зориг баатарлаг бослогын тухай мэдээ АНУ-ын Төрийн департаментын баримт бичиг, Афганистаны Дотоод Яамны материалууд мөн тэр тулалдаан үйл явдалд оролцсон Можахедын дайчид болон Пакистаны байнгын армийн цэргүүдийн гэрчийн мэдүүлэг зэрэг олон эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг.
Мөн түүнчлэн можахедын бүлэглэлийн удирдагч Б.Раббани, Г.Хекматяр (IPA) нарын дурсамж яриа бусад эх сурвалжуудад дурдагдсан нь бий.
Бослогыг дарахын тулд Можахедын дайчид болон Пакистаны байнгын армийн анги нэгтгэлүүд хамтын хүчээр дайрсан бөгөөд Пакистаны Зэвсэгт хүчний 11-р армийн танк их бууны ангиуд оролцсон гэдэг.
Энэ хүч тэнцвэргүй тулаанд Зөвлөлтийн цэргийн олзлогсод тэдний эсрэг эрэлхэгээр тулалдаж хэд хэдэн удаагийн дайралтыг нь амжилттай няцааж дайсанд асар их гарз хохирол учруулан  баатарлаг гавъяа байгуулсан юм.
Душмануудын хохирол 100 гаруй можахедын дайчид, 90 гаруй Пакистаны байнгын армийн цэрэг, түүний дотор 28 офицер, Пакистаны засгийн газрын 13 төлөөлөгч, АНУ-н 6 зааварлагч офицер амь үрэгдэж, 3 Град пуужин харвагч, 40 хүнд даацын техник устгагдсан гэдэг. 
Мөн цайзын зэвсгийн агуулахад байсан асар их хэмжээний сум хэрэгсэл, зэвсэг дэлбэрч устгагдсан гэж тухайн үеийн ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээ баримт бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. 
Тэнд бичихдээ “Бадаберын сургалтын бааз бүрэн устгагдсан бөгөөд асар хүчтэй дэлбэрэлтийн үр дүнд 3 агаарын пуужин харвагч «Град» 2 сая гаруй сум хэрэгсэл, 40 орчим их буу, миномёт, пулемёт, 2 мянга гаруй төрөл бүрийн пуужин, бөмбөг гранат дэлбэрэн дайсанд маш их хохирол учирсан. Мөн цайзад байсан бүх албан хаагчид хоригдлууд амиа алдсан” гэж тэмдэглэсэн байжээ.
Цайзад болсон энэ явдал Пакистаны засгийн газар болон Афганистаны можахедуудын хооронд хурцадмал байдал үүсгэсэн бөгөөд Пакистаны ерөнхийлөгч генерал Мохаммед Зия-уль-Хак тэр үйл явдлын талаарх бүх мэдээллийг нууцлахаар шийдсэн байна. 
Олон улсын гэрээ конвенцийн дагуу Пакистаны тал байлдагч талуудын цэргийн бааз болон олзны хоригдол цэргүүдийг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахгүй байх үүрэг хүлээсэн.
Тухайн үед буюу 1985 оны 4-р сарын 29-нөөс 5-р сарын 4-ний хооронд Пакистаны Зүүн хойд мужийн захирагч дэслэгч генерал Фазал-Хак болон ерөнхийлөгч Мухаммед Зия-уль-Хак нар Душмануудын удирдагчдыг биечлэн хүлээн авч уулзаж үүссэн нөхцөл байдлын тухай хатуу шаардлага тавьсан тааламжгүй яриа өрнүүлсэн гэдэг.
Энэ яриа хэлэлцээний дараа "Шурави"  буюу Зөвлөлтийн цэргийг олзонд бүү авч бай... газар дээр нь устгаж байх тухай тушаал зарлиг тараасан гэдэг. Ийм тушаал зааврыг Афганистан Исламын Намын бүлгүүдийн дунд тарааж байсан бөгөөд энэ тушаал 1985 оныг дуустал хүчинтэй байжээ. Эндээс хархад ардчилал, хүний эрхийн тухай амаа цууртал ярьдаг Америк, Пентангоний цэргийн эрхтнүүд ямар харгис хэрцгий, зэрлэг балмад хэрэг үйлддэг нь батлагдана. Олон улсын гэрээ конвенц-ийн заалтыг зөрчиж байгаа нь олон баримтаар илэрч эхэлсэн учир  цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдохоос айж болгоомжилсон, нэр хичээсэн АНУ-н цэргийн зөвлөхүүдийн шахалт шаардлагаар можахедуудын тэр тушаал хүчингүй болсон байна.
Пакистаны эрх баригчид 1991 оноос өмнө энэ бослого хөдөлгөөний талаарх бүх лавлагаа мэдээлэл, асуултанд үл тоомсорлосон хариу өгдөг байсан. 
Тэд өөрсдийн нутаг дэвсгэр дээр Зөвлөлтийн цэргийн олзлогдогчид хэзээ ч байгаагүй гэж тайлбарладаг байжээ. 
Пакистаны тагнуулын офицер Юсуф Мухаммед “Энэ үйл явдал нь хяналтаас  гарч олон улсын сөргөлдөөнд хүргэж болзошгүй байлаа” гэж хэлсэн нь бий.
Хожим Можахедын удирдагч Б.Раббани бослого гарсан тухай батлан хэлсний дараа л Тэд аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрсөн юм. Анх удаа 1991 оны 12-р сард Исламабадын албан ёсны төлөөлөгч Оросын элчин сайдын яамны төлөөлөгчтэй уулзах үедээ Бадаберт Зөвлөлтийн цэргийн албан хаагчид амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрчээ.
ОХУ-н хүсэлт шаардлагын дагуу 1992 онд Пакистаны Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Шахриар Хан  тухайн үеийн Бадаберийн бослогод оролцсон  ЗХУ-н 6 хүний тухай мэдээлэл  албан ёсоор өгсөн байна. 
Гэсэн хэдий ч 2002 он хүртэл буюу Бадаберын сургалтын бааз дахь “Исламийн нийгэмлэг” зэвсэгт бүлгийн штабын аж ахуйн хэрэг хөтлөх дэвтэрт цайзын хоригдлуудын нэрс бичигдэн хадгалагдаж байсныг олж мэдэх хүртэл тэдний тухай мэдээлэл бүдэг бадаг  байсан юм.
 
Сэтгүүл зүйн эрэл хайгуулын ажил:
 
Тухайн үед Бадарберын цайз дахь бослого хөдөлгөөний тухай материал нийтэлсэн Пешаварын "Сафир" сэтгүүлийн бүх дугаарыг Пакистаны эрх баригчид хурааж авч устгаж байжээ. 
Гэсэн хэдий ч Зөвлөлтийн цэргийн хоригдлуудын бослогын тухай мэдээллийг Пакистаны лалын шашны зүүний үзэлтэй сонин «Муслим» мэдээлсэн бөгөөд тэр тухай мэдээг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч мэдээлж байсан юм.
ЗХУ-н цэргийн тагнуулын албаны сансрын хиймэл дагуулаас авсан зураг мэдээлэлд Пакистаны Бадаберын цайз орчимд асар хүчтэй дэлбэрэлт болж можахедын сургалтын бааз устгагдсан, сургалтын бааз байсан орчинд асар том хэмжээний (80 метр радиустай) нүх гарсан байна гэж илтэгсэн байдаг. 
Уг илтгэлээс хархад тухайн үед Зөвлөлтийн удирдлага 1985 оны 4-р сарын 28-нд цайзын орчинд юу болсон талаар мэдэж байжээ. Харин тэдэнд цэргийн олзлогдогч нар нь тэнд амь үрэгдсэн тухай тодорхойгүй байсан юм.
Америкийн дуу хоолой радио станц 1985 оны 5-р сарын 4-ний өдөр "Пакистанд байрлах Афганистаны цагаачдын сууринд Зөвлөлтийн 12 иргэн, Афганистаны 20 гаруй хоригдол хүчтэй дэлбэрэлтийн улмаас амиа алдсан" гэсэн мэдээлэл цацаж байжээ.
 
 
Бадарберийн бослогод оролцон зарим зарим хүмүүсийн нэрс 2010 онд тодорхой болсон байдлаар:
 
Пешавар дахь АНУ-н консулын газрын 1985 оны 4-р сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн департаментын газартаа дамжуулсан мэдээлэлд “Сургалтын бааз байсан цайзын орчин тэр чигтээ сум бөмбөг минийн хэлтэрхий жижиг хэсгүүдээр бүрхэгдсэн ба дэлбэрэлт болсон газраас 4 милийн зайд хүний биеийн эд эрхтэнүүд цацагдсан байсан... Бадаберын цайзад Зөвлөлтийн 12-14 олзлогдсон цэрэг байсан. Тэдний 2 нь амьд үлдэж чадсан бослогыг хэрхэн яаж дарсан” тухай дурдагдаж байжээ. 
Мөн 1985 оны 5-р сарын 9-нд Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Дэвид Деланранз Исламабад дахь ЗХУ-ын Элчин сайдын яаманд зочилж  Бадаберын цайзад болсон зэвсэгт бослогын тухай мэдээлэл хүргэж байжээ.
Пакистанд суух ЗХУ-н элчин сайд В.Смирнов 1985 оны 5-р сарын 11-нд Ерөнхийлөгч Зиа-ул-Хакад "Болсон явдлын бүх хариуцлагыг Пакистаны тал бүрэн хүлээх болно" гэсэн мэдэгдэл эсэргүүцлийн нот бичиг гардуулж байсан ба Ардчилсан Афганстаны Улсын Гадаад хэргийн яам ч эсэргүүцлээ илэрхийлж байжээ.  Гэсэн хэдий ч ЗСБНХУ-ын тал асуудалд энх тайванч аар хандаж Пакистаны эсрэг цэрэг улс төрийн ямар нэг хатуу арга хэмжээ авалгүй хүлээцтэй хандсан байдаг. Тэр үед буюу 1985 оны 5-р сарын 15нд ТАСС агентлаг "Комсомольская правда" сонинд уг мэдэгдлийг нийтэлж байжээ.
ЗХУ-ын ард иргэд 5-р сарын 17-нд “Новости” агентлагийн мэдээллээс болсон үйл явдлын тухай олж мэдсэн юм. Гэхдээ тэр мэдэгдэлд АНУ болон Р.Рейганы засаг захиргааг буруутгасан улс төр, үзэл суртлын шинж чанартай зүйл байсан болохоос олзлогдсон Зөвлөлтийн цэргүүдийн баатарлаг үйл явдлын тухай, тэдний эмгэнэлт хувь заяаны тухай огт дурдаагүй байжээ. 
Түүнээс гадна тэр мэдэгдэлд амь үрэгдсэн цэргүүдийнхээ  ар гэрт нь эмгэнэл илэрхийлсэн үг өгүүлбэр ч байгаагүй юм. Энэ нь тухайн үед тэдний нэр овог тодорхой бус байсантай ч холбоотой байх. Дээр дурдсанчлан тухайн цаг үед Можахедууд ба Америкийн тусгай албад Бадаберын цайз дахь бослого хөдөлгөөний тухай мэдээллийг хатуу чанд нууцалж байсантай холбоотой. 
Гэсэн хэдий ч тэдний эрэлхэг зоригтой баатарлаг үйл явдал, гавьяат үйлсийн тухай исламын шашинт ард иргэд амнаас ам дамжин ярьж бахархан дурсаж байжээ.   
Бүр хожим 1992 онд ЗСБНХУ задарсны дараа л Пакистаны тал албан ёсоор Бадабер дахь бослогын тухай хүлээн зөвшөөрсөн юм.
 
Бадарберын цайзад хоригдож байсан хоригдол цэргүүдийн нэрс:
 
 
Дээрх нэр бүхий дайчдаас 12-14 хүн бослогын үед Бадарберын цайзад байсан бослого хөдөлгөөнд оролцсон гэж үздэг. 
Өнөөдөр Бадарберын цайзад болсон үйл явдлын бодит үнэнийг тогтоохоор ОХУ-н цэргийн түүхчид, хувь хүмүүс, сэтгүүлч сурвалжлагч нар гээд олон хүн ажиллаж байна. Бадаберын цайзад хоригдож байсан Зөвлөлтийн цэргүүдээс амьд үлдэж чадсан цорын ганц гэрч болох Насержон Рустамовыг ОХУ-н цэргийн сэтгүүлч Евгений Кириченко 2007 оны 4-р сард Интернационалист-Ахмад дайчдын хорооны тусламжтайгаар Узбекистаны Фергана мужаас олсон байна.
Тэрбээр Узбекистанаас цэрэгт татагдаж ирсэн мото-буудлагын   181-р хороонд алба хааж байгаад можахедуудад 1985 онд олзлогдон цайзад хоригдож байжээ. Тухайн өдөр тэр баазад байгаагүй өөр ажилд томилогдсон учир бослогод оролцоогүй амьд үлдэж чадсан байна. Тэр үед барууны сэтгүүлчид түүнтэй уулзаж ярилцлага хийх маш их дуртай байсан гэдэг. Энэ нь түүнийг Бадаберын цайзад байсан болохоор биш харин Зөвлөлтийн хоригдол цэрэг ислам шашин шүтдэг өөр үндэстэн болохоор уулздаг байжээ.
Насержон Рустамов хожим дурсан ярих даа.... Тэд түүнд “Чамайг бид худалдаж авъя.... 
Чи бидэнтэй нэгд.... Чамд Эх орон чинь яагаад хэрэгтэй гэж?  Та эх орондоо очих үед ухуулга сурталчилгаанд оролцсоныхоо төлөө ямар ч байсан шоронд хоригдох болно КГБ буюу Улсыг Аюулаас Хамгаалах Хороо таныг эрүүдэн шүүх болно” гэх мэтээр ятган сэнхрүүлдэг байсан гэжээ. 
Можахедуудын олзонд байсан түүнийг бүр хожим1992 онд удирдагч Б.Раббанигийн хувийн зааврын дагуу сулласан байна.  
Түүнд Бадерберын цайз дахь бослого хөдөлгөөнтэй холбоотой материалыг танилцуулхад гэрэл зураг дээрх Олон улсын хүний эрхийн байгууллагын “Freedom House“ төлөөлөгч Людмила Торныг таньж байсан төдийгүй олзонд байсан бусад хүмүүсийг таньсан  байна.
 
Зураг дээрх торгон банзал өмссөн эмэгтэй бол хуучин Зөвлөлтийн иргэн Людмила Торн юм. Тэрээр хүүхэд насандаа гэр бүлийн хамт АНУ-д цаагчилан очсон ба тэр үед Америкийн “Эрх чөлөө “ радио станцын сэтгүүлч байжээ. 
 
Тэрбээр Пакистанд Олон Улсын хүний эрхийн байгууллагын "Freedom Нousе"-аар дамжуулан Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдтэй ярилцлага хийхээр ирсэн бөгөөд гол нөхцөл нь тэд Пакистанд байгаа гэдгээ хэнд ч мэдэгдэхгүй байх байсан гэдэг. Түүний зүүн талд сууж байгаа хүн өөрийгөө Арутюнян, баруун талын хүн Матвей Басаев гэж танилцуулсан. Арутюнян бол үнэн хэрэгтээ Варварян, Басаев - Шипеев нар байв. 
Нэрээ нуугаагүй цорын ганц хүн бол майхны арын хэсэгт сууж буй хууз сахалтай эр байсан. Тэр бол Украинаас ирсэн Николай Шевченкоб бөгөөд Киевийн цэргийн тойргын бүртгэлд Афганистанд цэргийн баазад гэрээт жолоочоор ажиллахаар явсан гэж тэмдэглэсэн байна.
Гэрч Насержон Рустамов сахалтай эрийг хараад баяр хөөртэй инээмсэглэн би түүнийг санаж байна. "Энэ бол Абдурахмон! бослогын удирдагч гэж Николай Шевченког заажээ. Тэгээд Михаил Варваряныг энэ Исламутдин!   Дараагийн хүнийг "Энэ бол Абдулло, слесарь!" гэж Владимир Шипеев рүү заасан байна.
Ийнхүү бослогод оролцогчдын жагсаалтад Шевченко, Шипеев гэсэн хоёр нэр нэмэгдсэн байна.(Варварян бослогод оролцоогүй). Сэтгүүлчид Рустамов олон жилийн дараа андуурсан байж магадгүй гээд Ферганаас буцаж ирснийхээ дараа Людмила Торн руу хүсэлт захиа илгээсэн байна.
Захиандаа Та энэ зургийг Бадаберт авсан болохыг баталгаажуулж өгч чадах уу? гэсэн асуултад. Тэрбээр хэдэн сарын дараа хариу илгээн зурган дээрх майхан дотор суугаа залуусын нэрсийг бичсэн байжээ.
Людмила Торн захидал даа бас нэгэн чухал тодруулга хийсэн байна Николай Шевченко, Владимир Шипьев нараас гадна Бадаберт байсан өөр 3 хүнийг нэрлэсэн бөгөөд тэднийг бас тэнд амь үрэгдсэн гэж тооцогдох ёстой гэжээ - Равил Сайфутдинов, Александр Матвеев, Николай Дудкин нар юм.
Тэд улс төрийн орогнол хүссэн өргөдөл Францын сэтгүүлч Ольга Свинцовад 1982 оны 12-р сард Пешавар хотод өгсөн хариу нь хүлээгдэж байсан гэдэг. Тэдний хувьд энэ нь амьд үлдэх цорын ганц арга зам байсан болов уу? Дараа нь Ольга Свинцова эдгээр залуусыг 1985 оны 4-р сарын 27-нд амь үрэгдсэн учир Пешавараас тэд гараагүй гэж гэрчилсэн байдаг. Ийнхүү Бадаберын хоригдол цэргийн бослогод Николай Шевченко, Владимир Шипеев, Равил Сайфутдинов, Александр Матвеев, Николай Дудкин, Игорь Васков, Александр Зверкович, Сергей Коршенко, Сергей Левчишин гэсэн 9 дайчин оролцсоныг олж мэдсэн бөгөөд тэд бүгд баатарлагаар амь үрэгдсэн байна.  
Евгений Кириченкогийн сэтгүүл зүйн эрэн сурвалжлах ажлын  үр дүнд бослогонд оролцогчдын нэрсийг анх удаа нэрлэсэн бөгөөд “Труд” сонины 2007 оны 5-р сарын 3-ны дугаарт нийтэлсэн байна. 
Насержон Рустамов бослого хөдөлгөөний тухай гэрчлэн хэлэхдээ шинээр ирсэн хоригдол Абдурахмон удирдагч командлагч хүний мэдэх ёстой бүх зүйлийг мэддэг чаддаг байсан. Яагаад ч юм 3 жилийн турш можахедын олзонд байсан зовж шаналаагүй юм шиг бие бялдрын хувьд гайхалтай эрүүл чийрэг, сэтгэл зүйн хүч чадалтай хүн байсан гэжээ. 
Түүний яриагаар Абдурахмон хэмээх хоригдлыг цайз дээр авчрахад бүх зүйл өөрчлөгдсөн тэр ирснээр хоригдол цэргүүдийн сэтгэл санаа, хүч зориг сэргэж, нэгдэн нягтарч эхэлсэн төдийгүй бослого тэмцэл эхлэх төлөвлөгөө боловсруулсан байна.
Абдурахмон буюу Николай Шевченко душмануудын олзонд 3 жил гаруй болсон хатуу ширүүн, хүнд бэрх  амьдрал туулсан урд өмнө нь цэргийн алба хаасан бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл сайтай ахмад дайчин байсан юм.  
Тэрээр олзлогдох хүртлээ гвардийн 5-р мото-буудлагын дивизийн  авто тээврийн машины (гэрээт) жолоочоор ажиллаж байсан бөгөөд түүнийг 1982 оны 9-р сарын 10-с хойш сураггүй алга болсонд тооцож байжээ
 
 
 
Насержон Рустамов бослого хөдөлгөөний өмнөх цайзын нөхцөл байдлын тухай мөн Николай Шевченко сургалтын баазын харуул комендантад яаж зодуулсан тухай, моджахедууд ба Зөвлөлтийн хоригдол цэргүүдийн хооронд болсон хөл бөмбөгийн тэмцээн, тэдний хоригдож байсан хүнд бэрх нөхцөл байдал гээд олон зүйлүүдийг тодруулсан байна.  
 
 
 
Түүгээр ч зогсохгүй Рустамов тухайн үеийн цайз дахь барилга байгууламжийн тойм зураг ба сүм хийд,  сум хэрэгсэлтэй агуулах, шоронгийн байршлыг зурж тэмдэглэж өгсөн байна.
 
 
Абдурахмон харгалзагч душмануудтай хөлбөмбөгийн халз тэмцээн зохиохоор уриалсан байна хэрэв тэд хожигдвол мөгөлгөнд суух шийтгэл хүлээж байсан гэдэг. 
Абдурахмон чадварлаг тоглолт үзүүлэн өрсөлдөгч багийн гишүүдийг хэдэн минутын турш өөртөө татаж илт давуу байдал үзүүлэн ядарсан хоригдлуудын урам зоригийг сэргээж чадсан төдийгүй тэмцээнд хоригдол цэргүүд душмануудыг 7:2 харьцаагаар хожсон байна.  
Ер нь бол хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах зорилго нь сургалтын баазын доторх барилга байгууламжийн байршил, дүр зургийг судлах тагнуулын ажиллагаа байжээ. Тэднийг нэг нүхэнд хорьдог нэг л замаар цагдан туудаг байсан учир Бадаберын цайз доторх барилга байгууламжийн байршил, харуул манааны пост хаана хаана байдаг нь хоригдлуудад тодорхой бус байсан. 
Насержон Рустамов дурсан ярих даа Душманууд Зөвлөлтийн олзлогдогсод цэргүүдийн хөлийг хамаг хүчээрээ өшиглөх, татаж унагах, зууралдах гэх мэтээр маш бохир зэрлэг бүдүүлэг авиртай тоглосон. Гэсэн хэдий ч тэд дайсныг хожих дийлэх хүсэл зорилго доо хүрч чадсан гэжээ. 
Мөн Афганистаны дайнд оролцсон ахмад дайчин цэргийн тагнуулын офицер Евгений Логинов ярих даа. “Хоригдлуудыг хоорондоо Орос хэлээр харилцахыг хориглодог, тэдэнд Коран судрыг Фарси хэлээр заадаг байсан. Можахедууд тэдэнд Абдурахмон, Абдулло, Исламутдин гэх мэт ислам нэр өгдөг тиймээс тэд бие биенийхээ жинхэнэ нэрийг бараг мэддэггүй. Зарим хоригдлууд ухсан нүхэнд зарим нь шавар овоохойд амьдардаг байсан.
Цэргийн бааз дахь АНУ-н тагнуулын алба Зөвлөлтийн хоригдол цэргүүдтэй байнга ажилладаг байсан. Тэд барууны аль нэг улсын иргэншлийг хүлээн авах ЗХУ-с зугтах цагаачлахад туслахад бэлэн байгаа тухай ятган ухуулж хүсэлтэд гарын үсэг зурахын шаарддаг тийм хүсэлт баримт бичиг өгдөг байсан.
Энэ нь дайсанд олзлогдсон хоригдлуудын хувьд Тэр тусмаа цэрэг хүний хувьд эх орноосоо урвахад хүргэсэн асуудал байсан юм” гэж хэлжээ.
 
Ахмад дайчин Евгений Логинов хэлэх дээ “Хүн бүрд сонголт хийх боломж бий хамгийн гол нь Душмануудын олзонд амьдаар орж болохгүй байлаа. Жишээ нь би болон бусад олон офицерууд  /там/ руу очихгүйн тулд биедээ үргэлж гар буу, гранат авч явдаг байсан. 
Учир нь тэд таныг ямар ч байсан амьд үлдээхгүй. “эсвэл урвалт эсвэл үхэл” гэсэн сонголт байсан.... Энэ сонголт бол цорын ганц  зөв гарц байсан юм.... Яагаад гэвэл үүнээс өөр гэртээ харих зам байхгүй байлаа” гэж дурсан ярьсан  байдаг.
ОХУ-н уран бүтээлчид "Бадаберын цайз" нэртэй маш сайхан уран сайхны кино бүтээж Афганы дайны үед дайсны олзонд зовсон зүдэрсэн цэргүүдийн тухай, тэдний амь насаа алдсан эмэгнэлт хувь заяны тухай үзүүлдэг. Тэр бүтээлд хүнд бэрх зовлон бэрхшээлд хугарч нугарсан хүмүүсийн тухай биш эх орон доо өргөсөн тангаргаасаа урваж няцаагүй эрэхлэг зоригтой цэрэг эрсийн тухай өгүүлдэг юм.
Бадарберын цайзад болсон тэр асар хүчтэй дэлбэрэлтийн дуу чимээ, эрэлхэг баатарлаг үйл явдлын цуурай өнөөдөр ч хүмүүсийн чихэнд сонсогдон хүрсээр байгаа билээ. Мөн ирээдүй хойч үед ч хүрсээр байх болно.
 
 
Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар
2021.07.11