сонин mn
Далан зургаан жилийн тэртээ Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулахын төлөө залуу халуун насаа үл хайрлан тулалдаж явсан ахмад дайчдаас өдгөө амьд сэрүүн байгаа нь хуруу дарам цөөн. Тэдгээр дайчдын нэг, чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир гуай өдгөө 100 насыг зооглож байна. Бидний өнөөдрийн амьсгалах агаар, гишгэх газартай байгаа нь түүн шиг хүмүүсийн яндашгүй их гавьяа гэлтэй.
 
Хаврын урь далласан гэгээн тунгалаг өдрийн мэндийг хүргэе.
 
-Баярлалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнд мөн мэндчилье.
 
Та аль нутгийн уугуул вэ?
 
-Хуучнаар Засагт хан одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат.
 
Анх цэргийн албанд татагдаж байсан тэр үе рүү буцъя?
 
-1940 онд би цэргийн албанд татагдаж байлаа. Цэрэгт тэнцсэн залуусыг хотоос машин ирж авна гэсээр сар гаруйн хугацаа өнгөрөв. Тэр хугацаанд янз бүрийн л юм боллоо. Нэг өдөр цэмцгэр хувцастай залуухан дарга ирээд 100-гаад хүнийг жагсаасны дараа “Бичиг мэддэг нь урагшаа гар” гэв. Жагсаалаас 12 хүн урагш гарахад би тэдний дунд багтсан юм. Дараа нь тэр дарга биднийг тусад нь майханд оруулж, нэг нэгээр нь бүртгээд “Та нар цэргийн холбооны тусгай хороонд хуваарилагдлаа. Өөр газар нэр усаа бичүүлээд хэрэггүй, томилолтоо авчихсан гэж хэлээрэй” гэв. Үргэлжлүүлээд “Та нар цэргийн холбоонд очно, их ч зүйлийг сурна” гээд багагүй ухуулсан юм даг. Миний санахад аймгийн төв дээр нэг мотор үргэлж хангинадаг байсан. Бодох нь ээ түүгээрээ аккумлятор цэнэглэдэг байж. Сониучирхаж харсан тэр мотор цэргийн холбооны хороонд өчнөөн байж билээ.  
Нэг зүйлийг тэмдэглэхэд, хожмоо ЗХЖШ-ын орлогч дарга болсон Л.Жамган гэдэг түүхт хүн бидний хамтаар цэрэгт татагдаж байлаа. Долоодугаар анги төгссөн Л.Жамган бидэнд дээд боловсролтой хүн шиг санагдана. Бас дөрөвдүгээр ангийн боловсролтой н.Будал гэж хүн байв. Тэрээр фабрикт ажиллаад үзчихсэн, намайг бодоход талх гэж юу болохыг мэддэг хүн байж.
 
Цэргийн албанд татагдахаасаа өмнө та хийдэд шавилан сууж, төвөд ном үздэг байсан гэж сонссон. Тэр үед шашин номын мөр хөөсөн хүнийг их хавчиж, гадуурхдаг байсан гэдэг. Цэргийн сургууль, академид сурахад бол бүр ч хэцүү байсан байх даа?
 
-Намайг 10 настайд аав ээж хоёр маань танхимаас зугтаалгаж хийдэд суулгасан юм. Тэр үед Ардын намынхан танхимын сургалтаар дамжуулж хүн биш болох замыг нь заадаг хэмээн муйхарладаг байсан. Тухайн үед хүн бүр анкеттай байлаа. Анкетдаа би хийдэд шавилсан талаараа цухуйлгаагүй нуусан. Сумаасаа ганцаараа цэргийн холбооны хороонд хуваарилагдсан тул намайг таних хүн байгаагүй. Таних хүнгүй учраас миний талаар ам нээх хүн байсангүй. Байсан бол хэрхэхийг бас таашгүй. Хожим хэлмэгдэгсдийг цагаатгах тогтоол гарахад үнэнээ хэлсэн. 
 
Германы түрэмгийлэгчид ЗХУ руу халдлаа гэдгийг сонссон Монголын ард түмэн бие сэтгэлээ бэлдэж эхэлсэн гэдэг. Цэргийн албанд байсан танд энэ мэдээ хамгийн түрүүнд юу бодогдуулсан бэ?
 
-Тэр үед би цэргийн алба хаагаад нэг жил өнгөрсөн байв. Холбооны хорооныхон маань хээрийн сургуульд оролцоод буцаад явж байтал түргэвчилсэн хурал зарласан. Хурлаар өнгөрсөн шөнө Германы фашистууд 170 дивизээр ЗХУ-ын нутаг руу агаар, далай, газраар довтолсон хэмээн мэдээлсэн. Балтын тэнгисээс Хар далай хүртэл 3000 км шүү дээ. Манай удирдлагууд “Зөвлөлтийн ард түмэн хүнд байдалд орлоо, найрамдалт орон учраас бид байгаа бүхнээрээ туслах ёстой. Улаан Армийн ялалтад туслах хэрэгтэй. Үүний тулд нэн тэргүүнд дорно дахинаас япончууд халдан довтлохоос байнга сэрэмжил” гэж үүрэгдсэн. Ер нь хаа хаанаа ингэж үүрэгдсэн. 
Хоёрдугаарт Монголын ард түмэн ЗХУ-д бэлгийн цуваа өгч явуулах ажлыг эрчимтэй зохион байгуулж байлаа. Тухайн үеийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн н.Янжмаа бэлэг хуримтлуулах комиссын даргаар томилогдож, аймаг, сумдад комисс байгуулагдсан. Ингээд ард түмний бэлэг сэлтийг цуглуулахад монголчууд Зөвлөлтийн ард түмэнд маш их хайртай гэдэг нь илт мэдрэгдэж байсан.
 
Түүнээс хойш цагийн байдал яаж өөрчлөгдөв, хэр их айдастай байв?
 
-Айдас төрөлгүй яах вэ. Дайны аюулаас өөрийгөө яаж хамгаалах вэ гэсэн бодол цэргүүдэд үргэлж төрдөг юм билээ. Хамгаалах ганц арга нь нуувч ухах. Нуувчийг хоёр янзаар ухдаг байсан. Байнгын байрлалдаа өөрийгөө далдлах хэмжээний гүн нуувч ухна. Харин давшилтад орох үедээ газрын хөрсийг онгилж, урдаа 8 см-ээс доошгүй өндөртэй шороо босгодог байсан. Дарга нар цэргүүдийг хатуужуулахын тулд дандаа нуувч ухуулна. Нар төөнөөд гадаа халуун гэж жигтэйхэн байдаг сан. Нуувч ухаж байхдаа тасгийн даргын зөвшөөрөлгүйгээр энгэрийн товчоо тайлж, хувцсаа нимгэлж болохгүй. Тасгийн дарга гэж их эрх мэдэлтэй хүн байв шүү дээ.
 
Цэргүүдийн сэтгэл, оюуныг зангидахад улс төрийн сонсгол яаж нөлөөлдөг байв?
 
-Улс төрийн сонсголоор л маш их ажил явагдана. Нэгдүгээрт Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн Арми яаж оролцож байгаа тухай мэдээллийг хүргэнэ. Ингэхдээ голдуу ялалтыг нь ярина. Ялагдал, хохирлыг нь ярих үе бий л дээ. Тэгэхдээ хүн хүч, хэрэгсэл гээд хохирлын хэмжээг тодорхой дурдаад байхгүй. Цэргийн санаа, сэтгэл хоёрдож, үймрэхээс сэргийлж байгаа нь тэр. Үргэлжлүүлээд цэргийн сахилга алдаж шүүхэд шилжсэн хүний тогтоолыг заавал уншиж танилцуулдаг байлаа. 
Тухайн үед Улс төрийн ухуулагчид ягштал дагаж мөрдөхгүй бол болдоггүй Цэргийн шинэ хуулийн агуулга, үзэл санааг таниулахад их анхаарч ажилладаг байсныг хэлэх нь зүйтэй. Тэрхүү хуульд цэргийн хүн ямар нэгэн гэмт хэрэг хийвэл доод тал нь 10 жилээр хорино, цаашлаад цаазаар авна, эсэргүү яриа хийвэл эх орноосоо урвасан хэмээн үзэж, буудах ял онооно гэхчлэн тодорхой заалтуудтай байв. Нэг зүйлийг сайн санаж байна. Нэгэн цэргийн жолооч Яармагийн гүүр орчимд хэдэн ямаа бэлчиж байхад нэгийг нь барьж аваад бусад цэрэгтэйгээ нийлээд боодог хийсэн байгаа юм. Ард түмний дунд цэргийн нэр сүрийг гутаасан гээд тэр цэргийг цаазалж, өмч хөрөнгийг нь хураагаад бусад нөхдийг нь хэд хэдэн жилээр хорьсон гэдэг.  
 
Холбооны тусгай хороо Өвөр Монголын нутгаар дамжиж Жэхэ, Долоннуур хүрэхдээ маршаар явж үүргээ гүйцэтгэсэн түүхтэй. Яагаад явгалав, чухам юу болсон талаар нэхэн санавал?
 
-Цэргийн холбооны хороо маань хэсэг хэсгээр задарч, 5,6,7,8 дугаар морьт дивизүүдэд тус бүр 2, Оросын мотомеханикжуулсан хуягт бригадад Б.Бадамдорж даргатай 21 хүн, 3 машинтай нэг командыг илгээсэн юм. Ингээд 1945 оны 8 дугаар сарын 9-ний шөнө 3 цагт Холбооны тусгай хороо хил даван Өвөр Монголын нутагт орж, Цантын хийд, улмаар Яндуугийн хийдээр дайрч, Арцагаан нуурт очоод элсэнд суучихлаа. Бараг бүх машин бензингүй шахам. Ийм нөхцөлд 11АК-хоёр, 5АК нэг, РСБ станцуудыг цааш Жэхэ, Долоннуур хүртэл явуулж, үүрэг гүйцэтгүүлэхээр томилохдоо ангийнхаа бүх машины бензинийг шавхан дээрх радиостанцуудад өгч байсан түүхэн үйл явдал болсон. Зам байхгүй, элс ихтэй газар машины дугуй хий эргэснээс хамаг шатахуунаа барж байсан даа. Саад тотгор бүр шуурхай явах боломжийг хязгаарлаж байлаа. Ихэнх өдөр 30-аас дээш градус хүрч халдаг байснаас үүдэж техник хэрэгслийн аккумляторууд цэнэгээ алдах, шингэн нь амархан уурших зэрэг тохиолдол элбэгшдэг байсныг сайн санаж байна.
Дээр дурдсан Б.Бадамдорж даргатай команд үүргээ сайн гүйцэтгэсэн. Орос, Монголын хооронд шуудан болон аман холбооны үүрэг гүйцэтгэхээс гадна радио холбоогоор төвтэйгөө түргэн шуурхай холбогдож, мэдээллээр хангаж, харилцан ажиллагааг зохицуулдаг байлаа.    
 
Чөлөөлөх дайны ялалтад цэргийн холбоочдын оруулсан гавьяаг хамгийн сайн мэдэх хүн нь та?
 
-Бидэнд холбооны төрөл бүрийн техник хэрэгсэл, хүн хүчийг маневрлуулах, армийн ар тал, нэгтгэл, ангиуд болон хээрийн удирдлагыг тасралтгүй холбоогоор хангах зэрэг үүрэг тавигдсан юм. Эдгээр үүргийг биелүүлэхдээ Долоннуур, Жэхэ, Луаньпин, Фыннин хот, Бандид гэгээний хийд зэрэг газартай холбоо барих, чухал объектуудад техник, хүн хүчийг маневрлуулах үүргийг гүйцэтгэдэг байлаа. Ялангуяа тухайн үеийн радио сумангийн дарга Д.Тогтох гэж залуу, түүний командынхан үүргээ гойд гүйцэтгэсэн. Түүнийг бүр Улаантугийн одонд тодорхойлж байсан удаатай. Морьт механикжуулсан группийн командлагчийн нууц холбооны шифрчинээр ажиллаж байсан Н.Шагдар гэж хүн “Тэр холбоон дээр ажиллаж байсан хүмүүсийн нэвтрүүлсэн мэдээнд ямар ч алдаа гардаггүй” хэмээн магтахынхаа хажуугаар 60-100 хүртэл олон групптэй  мэдээг хүлээн авах ажлыг хоногтоо л гүйцэтгэдэг гэж дахин дахин урамшуулдаг байж билээ. 
Армийн ар талыг удирдах газрын холбоонд ажиллаж байсан Л.Осор даргын торддог 11АК радиостанц их үүрэгтэй байж билээ. Гэтэл нэг удаа  радио станцын гадна, дотор агаарын халуун хоорондоо цохилдсоор эсэргүүцэгч нь шатаж орхив. Миний бие Долоннуурт очиж өнөөх гайхлыг засаж байсан юм даг. Хамгийн сүрхий хийсэн ажил маань энэ. Эвдэрч хэмхэрсэн техник хэрэгслийг засаж янзалдаг 8 хүнтэй бригадыг би ахалж, бид гурван чиглэлээр ажилладаг байсан. Эвдэрсэн техник, хэрэгслийг байлдааны дундуур засаж янзална гэдэг ярвигтай. Радио станц хаанаа, яаж гэмтсэн бэ гэдгийг олж тогтоох нь засахаасаа илүү хүнд, цаг шаардсан ажил гэж хэлж болно.  
 
Маршал Х.Чойбалсанг та ойроос харж байв уу?    
 
-Хоёр удаа ойроос харсан шүү. 1941 оны 8 дугаар сарын сүүлчээр байх. Нэг өдөр нуувч ухаж байтал бүрээ татаад биднийг жагсаалаа. Жагссан цэргүүдийн бүх сум, багийг хурааж аваад халаасанд байгаа зүйлсийг шалгалаа. Тэгэхэд манай хороо хуучнаар шинэ Сайншандад байрладаг байв. Биднийг жагсаж байтал төд удалгүй улсын баатар Ш.Гонгороор командлуулсан хуягт бригадынхан хүрч ирлээ. Тэр үеийн бригад командлан захирагч нь хошууч цолтой, одоогийн бригадын генерал шиг хүн байв. Хөгжимтэй “айл” гэвэл ганцхан хуягт бригад л байж. Үргэлжлүүлээд их бууны хороо ирдэг юм байна. Тэгсэн дөрвөн машины тэвшний хаалтыг буулгаж нийлүүлээд хивс дэвсэж, тайз заслаа. Тойроод наган буутай 4, 5 хүн зогсов. Үүнийг харсан цэргүүд их л том хүн ирэх нь маршал Х.Чойбалсан байх гэж шивнэлдэцгээх нь тэр. Удсан ч үгүй цувсан олон машин биднийг чиглээд ирлээ. Өмнө нь тийм олон гоё, сайхан машин үзэж, хараагүй надад их сүртэй санагдсан. Хоёр машин цойлж ирээд эхэнд зогсоход дотроос нь хоёр дэд хурандаа зэрэгцээд буув. Залгаад Ж.Лхагвасүрэн жанжин гарч ирсэн. Жанжин машиныхаа арын хаалгыг онгойлгоод ёслоход маршал Х.Чойбалсан буусан. Ш.Гонгор түүнд ёслохтой зэрэгцээд жагссан бие бүрэлдэхүүний дунд нам гүм ноёлов. Ёстой л ялаа дүнгэнэх нь мэдэгдэхээр нам гүм байсан. Илтгэл өгч дууссаны дараа маршал Х.Чойбалсан Ш.Гонгор баатрын хоёр хацар дээр нь ээлжилж үнсээд сүйд. Маршал тайзны голд зассан индрийн ард ирэхэд түүний царай төрх, байр байдал нь надад их тод харагдсан юм даг. Түүний цагаан ултай хромон гутал гялалзаж, кальпитай өмд, соёмбон тольтой суран бүс, бага гарын герман гар буу зүүсэн нь нүдэнд тод тусаж байв. Тэр үед маршалын малгайг сайн тааруулж хийж чадаагүй, багадуулсан юм уу даа гэж одоо бодогддог. Цамцных нь заханд зүүсэн хэдэн давхар ч билээ, өлзий хээтэй петлицийг нь алтаар шарсан бололтой гялалзаж харагдсан. 
Маршал Х.Чойбалсантай хамт байсан хүмүүсээс Д.Дамба, Ч.Сүрэнжав хоёрыг мэдэхээс бусад нь огт зүс үзээгүй хүмүүс байсан. Тухайн үед маршал Х.Чойбалсан нөхдийн хамтаар бүх цэргийн ангиар тэгж явсан юм байна лээ. Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, улаан партизан, улсын маршал, өрлөг жанжин гээд цол, гуншин нь явж өгнө. Ийн цоллож дуудсаны дараа маршал үг хэллээ. Тэрээр “Эрхэм нөхөд өө” хэмээн эхлээд Германы фашистууд Зөвлөлтийг ёстой сүйтгэж байгаа талаар ярьж байна. Үргэлжлүүлээд бид ч бас бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэдгийг сайтар санууллаа. 
Х.Чойбалсан хэлэх үгээ их цэгнэдэг, утгыг нь задалж тайлбарладаг хүн байж билээ. Хятадын 8 дугаар арми Зөвлөлт, Монголын цэргүүдийн хамтаар Японы эсрэг тулалдаж байсан юм. Энэ үйл явдлыг их Хятадын ард түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна гэж бидэнд ухуулахдаа яагаад “Их” хэмээн өргөмжилснөө тайлбарлав.
 
 
 
Тэрээр “Би Гоминданы засгийг их гэж байгаа юм биш. Тусгаар тогтнол эрх, чөлөөнийхөө төлөө гэсэн чин сэтгэл, зүрхээр тэмцэж байгаа Хятадын ард түмнийг хэлж байгаа юм” гэлээ. Маршалыг анх ингэж харсан түүхтэй.  
 
 
 
Дараа нь түүнийг Октябрийн баярт зориулсан шугамын жагсаалын үеэр олж харсан. Нийтдээ 20 хүний бүрэлдэхүүнтэй алхдаг тус жагсаалын салаан даргаар томилогдож байсан үеэ сайн санаж байна. Б.Цог генерал тэгэхэд парадыг командалсан. Микрофон гээч зүйл байгаагүй юм байлгүй дээ, маршал Х.Чойбалсан “Хөөе Цогоо одоо парадаа эхлүүл” гээд  өндөр дуугаар хэлж билээ. Тэгэхэд мөн их ойроос харсан даа.         
 
Тэтгэвэртээ гарсан хойно тань таныг мөрдэстэй албанд  дахин урьж, залсан гэлцэх юм билээ. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж юутай үнэн үг вэ?
 
1964-1966 онд ЗХУ-ын Ленинград хотод Холбооны академийн дээд курсэд суралцаж төгссөн. Ийнхүү орчин үеийн байлдааны холбооны техникийг мэддэг болоод авлаа. Монголдоо ирээд нэг жил засварын дарга, дараа нь батальон болон захирагчийн орлогчийн албан тушаалд тус тус дэвшин ажилласан. Арван хоёр жил захирагчийн орлогч хийсэн. Хугацаа ч тулсан  тул 1979 онд гавьяаныхаа амралтад гарав. Өөр ажил олж хийе гэсэн бодолтой нэг жилийг өнгөрөөсний дараа хожим ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан Р.Гаваа генерал, манай хэлтсийн дарга н.Цэрэнпил нар намайг дуудсан. 
Манай хоёр надад “Та засварын дарга болж, эдгээр залуустай зургаан жилийн хугацаанд  хамтарч ажиллах хэрэгтэй. Тэднийг сурган дадлагажуулахад анхаарч өгөөч” гэсэн санал тавьж байна. Тэтгэвэртээ гарсан хүн болох юм уу гэхэд тэр хоёр болно гэсэн. Хэсэг чимээгүй суусан чинь “Таныг албан ёсоор урьж байна” гээд л их ёсорхохоор нь би бас онгирох маягтай болоод "За тэгье" гэчихсэн. Ингээд тэдний хэлсэн ёсоор мөрдэстэй албандаа ахин 6 жил зүтгэсэн.
 
Тухайн үеийн цэргийн дарга нарын талаар сонин содон түүх ихийг сонсож байсан байлгүй?
 
-Манай салаанд алба хааж байгаад хожмоо дэд хурандаа болсон Р.Мижидийн талаар эхлээд товчхон өгүүлье. Би тэтгэвэрт гарахдаа Р.Мижидийг сургуульд явуулж өгөхийг даргаасаа гуйгаад, захиж үлдээгээд явж байлаа. Хугацаат цэргийн албанаас халагдахдаа мөн л надтай үлдэж байсан юм. Р.Мижид бол барга гаралтай хүн. Өвгөн аав нь Пад гэж хүн байсан юм билээ. 
Монголчууд анх удаа цэргийн наадам хийхэд Падын хээр морь гуравт хурдалсан байдаг. Харин жанжин Д.Сүхбаатарын хонгор морь түрүүлж, өөр нэг ноёны морь аман хүзүүдсэн гэнэ лээ. Гэтэл жанжин Д.Сүхбаатар “Энэ бол ардын наадам. Тиймээс ард хүний моринд түрүү байг өг” гэхэд доод хүмүүс нь ёсоор болгож байсан тухай сонссон минь санаанд буулаа. Энэ түүхийг жанжны хүү С.Галсан ярьж өгсөн юм.     
 
Зэвсэгт хүчний өнөөгийн төлөв, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн хардаг вэ?     
      
-Намайг анх цэрэгт татагдсанаас өнөөдрийг хүртэлх түүхийнхээ явцад Зэвсэгт хүчин маань өнгөө засаж, хөгжсөөр иржээ. Цаашид ч тийм байна гэдэгт итгэлтэй байна. Батлан хамгаалахын Төв архиваас ирүүлсэн нэгэн номд бичигдсэн маршал Г.Дэмид жанжны илтгэлд 1920-1930 он хүртэл манай цэрэг, арми хэрхэн хөгжсөн талаар тодорхой харж болохоор байна лээ. 
Ерөнхийдөө хөгжил бол цаг хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний хувьд 1940 онд цэрэгт татагдаж, 45 жил 7 сар энэ албатай амьдралаа холбосон хүн. Намайг тэтгэвэртээ гарсны дараахан ардчиллын шуурганд хэн хүнгүй л өртсөн. Зэвсэгт хүчин маань үүнээс холуур өнгөрч чадалгүй, цөөнгүй боловсон хүчнээ алдсанд би харамсдаг. Гэхдээ юм бүхэн хоёр талтай. Энэ үеэс цэргийн шинэчлэл тууштай хэрэгжсэн гэж боддог. Одоо хар л даа, гуравдагч орнуудад цэргийн мэргэжил эзэмшсэн, хэд хэдэн гадаад хэлтэй, өндөр боловсролтой шижигнэсэн залуусаар Зэвсэгт хүчин маань эгнээгээ тэлж байна. 
Өөрөөр хэлбэл, гадаад харилцаа маш сайн хөгжсөн. Одоо дэлхийн хаана ч зохион бүтээгдсэн, ямар ч техник, хэрэгслийг манай офицер, ахлагч нар мэддэг болсон гэхэд буруудахгүй. Хуучин нийгмийн үед зөвхөн Оросын арга туршлагаар л явдаг, түүнээс халих эрхгүй байлаа. Миний дээр дурдсан цэргийн шинэчлэлийн ач, тусаар Монголын Зэвсэгт хүчин олон улсад, дэлхийд үнэлэгдэж байгаад би туйлын бахархалтай ханддаг.   
 
Ярилцсанд баярлалаа.
 
 
Дэслэгч Ц.Энх-Оргил
Эх сурвалж: “Соёмбо” сонин