Засгийн газрын шийдвэрээр аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд энэ сарын 1-нээс танхимаар хичээллэж эхэллээ. Ингэхдээ нэг ангид 25-аас олон хүүхэд суралцахгүй, зай барих, маск зүүх гэсэн шаардлагатай. Гэхдээ энэ удаа бид халдвар хамгааллын дэглэмийн тухай бус сурагчдын хичээлийн хоцрогдлын тухай асуудлыг хөндөж байна. Нэг жил гаруйн өмнөөс хөл хорионд орж, теле хичээлээ сурагчид үзэж эхэлсэн. Гэвч энэ нь танхимын хичээлийн чанарыг гүйцэхгүйн сацуу, хүүхэд бүр тэгш боловсрол хүртэх боломжийг хязгаарлаж байна хэмээн олон нийт цаг үргэлж шүүмжилсээр ирсэн. “Манай хүүхэд хоёрдугаар анги боловч тоогоо ч үсгээ мэдэхгүй байна” гэж эцэг эхчүүд шүүмжилж, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Салбар яамны сайд нь үүнийг хүлээн зөвшөөрч, хоцрогдлыг арилгахын тулд танхимын хичээлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин Боловсролын газар нь хоцрогдол өмнөх оноос 50 орчим хувиар буурсан хэмээн зарлав.
Л.ЭНХ-АМГАЛАН: 174 МЯНГАН ХҮҮХЭД ЦАХИМААР ХИЧЭЭЛ ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ
Дотоодод тархсан халдвар, түүнийг дагасан хөл хорионоос үүдэн нийгэмд тулгамдсан олон асуудлын бараа сураг тасарсны нэг нь теле хичээлийн чанар, хүртээмжийн асуудал байв. Үүнийг ажлаа хүлээн авсан шинэ сайд Л.Энх-Амгалан эргэн сөхөж “Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол боловсролын салбарт үүссэн хоцрогдлын асуудал” хэмээн чуулганы танхимаас хэлж, энэ сарын 1-нээс хичээллүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Хөдөө орон нутаг, гэр хороололд хоцрогдол маш их учир голомт багатай газруудыг хэсэгчилж, хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарах бодолтой байна. Хэрэв хоцрогдлоо нөхөж чадахгүй байвал зуны улиралд халдвар намжвал танхимаар давтлага хичээл зохион байгуулах судалгаа, тооцоо хийж байна. Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд цахимаар хичээл үзэх боломжгүй байна. Мөн зөвхөн Улаанбаатар хотод гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаас үүдэн танхимын хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж ярьж байв. Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн жил нэгдүгээр ангид элссэн хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангидаа ч хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байна. Стандарт хөтөлбөрөөр зуны амралт эхлэх ёстой ч хичээлийн хоцрогдлоо арилгахад зуныг хэрхэн ашиглах талаар ярилцаж байна” гэж мэдэгдсэн юм.
БОЛОВСРОЛЫН ГАЗАР: СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ ӨМНӨХ ОНООС БУУРСАН
Хөдөө орон нутагт танхимын хичээл эхэлсэн ч нийслэлийн сурагчдын хичээл хэзээ эхлэх талаар өнөөдрийн байдлаар тодорхой мэдээлэл алга. Түүнчлэн салбарын сайдынхаа хэлсэн үгийг Нийслэлийн боловсролын газар нь үгүйсгэсэн юм. Тодруулбал, цар тахлын халдварын улмаас танхимын хичээлийг зайн хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн сурагчид энэ хичээлийн жилд агуулгын алдагдал ердөө 22 хувьд хүрсэн гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Энэ тухай тус газрын дарга Ж.Гантулга “Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд агуулгын алдагдал улсын хэмжээнд 47-53 хувь байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 142 цагийн хичээлийг танхимаар судалсан. Одоогоор 130 цагийн хичээлийг теле ба цахим хэлбэрээр судлаад байна. Агуулгын алдагдал 110 цаг буюу 28 хувь байгаа. Нэгтгэн дүгнээд үзэхэд нийслэлийн сурагчдын агуулгын алдагдал 22 хувь байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бид бэлэн байдлаа хангаж байна. Танхимын сургалт эхлүүлснээр хоцрогдлыг бууруулахад анхаарч ажиллана” гэж ярьсан юм. Ингэхдээ таван сарын хичээлийн хоцрогдлоо ердөө нэг сарын хугацаанд бататган нөхнө гэсэн юм.
Дээрх яриануудаас үзэхэд ажлаа хүлээн аваад удаагүй байгаа сайд нь ажлаа мэдэхгүй байна уу, харъяа газар нь ажлаа мэдэхгүй байна уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрөөд байгаа юм. Л.Энх-Амгалан сайдын яриагаар бол танхимын сургалтыг хурдан эхлүүлэх нь зөв гарц. Харин Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээс үзэхэд 28 хувийн хоцрогдолтой, өмнөх оноос хичээлийн хоцрогдол буурсан гэж мэдээлсэн тул сурагчдынхаа эрүүл мэндийг бодоод теле хичээлээ үргэлжүүлэх нь зөв шийдэл мэт. Гэвч бодит хөрсөн дээр сурагчид теле хичээлээр нийт сургалтын агуулгын 50 хувийг ч авч чадахгүй байгааг эцэг эхчүүд болон сурагчид илэрхийлсээр байна. Түүнчлэн таван сарын хугацааны хичээлийг ганцхан сарын дотор давтаж үзээд хоцрогдол арилна гэдэг нь бас өрөөсгөл ойлголт. Чухам ямар судалгаагаар, хэнээс авсан санал асуулгаар Боловсролын газар хичээлийн хоцрогдол өмнөх оноос буурч ердөө 22 хувьд хүрсэн гэдгийг тодорхой тайлбарлаж өгөхийг эцэг эхчүүд шаардаж байна.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН-ын 60 тэрбумын мангайсан нүүртэй данхалзсан маанаг дарга нарын мулгуу ажиллагаанаас болж Монгол улс маш их хохирол,амсаж байна.Тахалгүй байсан Монголд тахал тараасан улс бол МАН-ын Засгийн газар мөн.
ЭНХ-АМГАЛАНГ НАМНАЖ ЭХЛЭХ НЬ ЭЭ.ИДЭЭЧИД
Статистик зөрж байгаа бол түүнийг хариуцсан бүхэл бүтэн агентлагийн буруу. Сайд бол бодлого ярьж, хэрэгжилтийг нь хангах л үүрэгтэй. Энэ хүний ярьж байгаа, төлөвлөж байгаа бодлогын асуудлуудыг зөв л гэж харагдаж байгаа. Зөв зүйл ярьсан нэгнээ битгий жижиг юмаар нухах гэж оролдож бай л даа.
Должинжав гэгч ЧИ БИТГИЙ ХУЦ
1921-1990 оны МАН (МАХН) бол марксист зарчмыг баримтласан, Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болгосон, улс орныг үсрэнгүй хөгжүүлсэн гайхамшигт нам байлаа. Харин 1990-2021 оны МАН, МАХН бол марксист зарчмаас ухарсан, чөлөөт зах зээл, ардчиллын хуурмаг үзэлд толгой нь эргэсэн, Монгол улсыг дааж давшгүй өрөнд оруулсан, ядуурал, гуйлганчилал,өвчлөл, авилгал, эдийн засаг, соёл, нийгэм, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэсэн, улс орны тусгаар тогтнолыг алдагдуулахад хүргэсэн дээрэмчидын бүлэглэл юм.Үүнийг л залуу үе минь ойлгож аваарай гэж өвгөн ах нь аминчлан захиж байна.
Сайдаа, та хувийн их сургуулиудыг цөөлөх, чанаржуулах гэж байгаа бол: Эхлээд багш боловсон хүчинд зохих шалгуур тавьж, их сургуулийн багш хүн ядаж докторын зэрэг хамгаалсан, судалгаа хийх туршлагатай байх ёстой. Одоогийн их сургуулийн багш нарын олонх нь сургуулийг үүсгэн байгуулагчдын хамаатан бакалаврын, сайндаа магистр хүмүүс байгаа. Хамаатангуудад ажлын байраар хангадаг шүү. Их сургууль бол мэдлэг бүтээдэг байх ёстой,өөрөөр хэлбэл шинжлэх ухааны хийх ёстой. Гэтэл манай олонх сургууль мэдлэг эзэмшүүлэх дамжуулах хэмжээнд ч ажиллах хүний нөөц хомс. Дээд боловсролын хуулинд энэ шаардлага ойлгоосой.