сонин mn
-Буриадын театрыг “эрдмийн” гэх тодотгол авахад Монголын драмын театрын жүжигчид онцгой хувь нэмэр оруулсан-
 
Урлаг судлалын ухааны доктор, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг “Монголын театрын нэвтэрхий толь” номоо хэвлүүлээд байна. Мэргэжлийн ангийн оюутнуудад үнэ цэнтэй хэрэглэгдэхүүн, урлагийн байгууллагынханд чиг шугам, уран бүтээлчдэбүтээлийн бүтээлийн баримжаа өгөх театрын урлагийн нэвтэрхий толь түүний 10 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрөөр бүтсэн томоохон бүтээл болжээ.
 
-Театрын урлагийн нэвтэрхий толь маш өргөн хүрээний, олон жилийн хөдөлмөр шаардсан ажил болжээ. Юуны түрүүнд энэхүү бүтээлийн агуулгаас сонирхъё?
 
-Монголын театрын нэвтэрхий тольд бүхий л үеийнхнийг багтаахыг хичээсэн. Мэдээж алтан үеийнхэн онцгой байр суурьтай. Алтан үеийнхэн гэж Улсын төв театр байгуулагдсанаас хойш, драм болон дуурийн театр өрх тусгаарласан үед бүтээл туурвиж байсан үеийнхнийг ингэж нэрлээд байгаа юм. Одоо юм л бол алтан үеийнхэн болчихоод байна л даа. Нэвтэрхий толь агуулгын хувьд зөвхөн драмын театраар хязгаарлагдаагүй. Хөгжмийн театрынхны тухай ч багтсан. Бүр тодруулбал, Монголын театрын урлагийн 2000 гаруй уран бүтээлчийн талаарх мэдээлэл орсон. Үүнд он удаан жил театрын арын албанд ажилласан хүмүүсийн тухай ч бий.
 
 
-Орон нутгийн театрын уран бүтээлчид ч таны номд онцгой байр суурь эзлэх байх?
 
-Тийм шүү. Орон нутгийн театр, чуулгынхны тухай хангалттай сайн орсон. Тэдний талаар бодлогоор анхаарч оруулсан гэж ойлгож болно. Үүнээс гадна театрын уран бүтээлчдийг бэлтгэдэг урлагийн их, дээд сургуулийн танилцуулга, тэнд ажиллаж байгаа багш нарын тухай нэвтэрхий тольд нэлээд оруулсан. Бүх цэргийн болон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан тайзны бүтээлүүд хийдэг. Тэдний тухай ч бас номдоо багтаасан. Хувийн хамтлаг, продакшны уран бүтээлчдийн тухай ч нэвтэрхий тольд бий. Тэд хошин шоу тоглолт хийхээс гадна сүүлийн үед жүжиг тавьж байна. Өөрөөр хэлбэл, уран сайхны дүр бүтээж буй юм. Ер нь урлагийн бүхий байгууллагыг нэвтэрхий тольд хамруулахыг зорьсон. Хамгийн гол нь энэ бүх театр, продакшны уран бүтээлийн он дарааллын жагсаалтыг гаргаж хавсралтаар орууллаа. Мөн тухайн он цагийг илэрхийлэх гол гол бүтээлийн зураг, танилцуулгыг багтаасан.
 
-Тогтсон нэр томьёотой болох тухай та өмнө нь асуудал болгон тавьж байсан. Нэвтэрхий тольд мэргэжлийн нэр томьёог оруулсан гэж бодож байна?
 
-Тэгэлгүй яахав. Урлагийн нэр томьёо бидний хувьд тулгамдсан асуудал. Тогтсон нэр томьёотой болох талаар нэлээд ажиллаж байна. Миний номын хувьд ганц хүний толгойноос гарч байгаа болохоор явцуу байж мэднэ. Гэхдээ өөрийн хэмжээнд театрын урлагт түгээмэл хэрэглэгдэх мэргэжлийн нэр томьёонуудыг номдоо тайлбартай нь оруулснаараа онцлог болсон.
 
 
 
“Монголын театрын нэвтэрхий толь”-ийг өргөн цар хүрээтэйгээр хийхийг хичээсэн. Энэ бүтээл бол миний 10 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Нэвтэрхий толийг мэргэжлээр хязгаарлагдахгүй, хүн бүр сонирхон судлах ширээний ном болно гэж бодож байна.
 
 
 
-Таны номыг уншсан уран бүтээлчид эхнээсээ сэтгэгдлээ бичиж байна. Тэд танд саналаа хэлж байна уу?
 
-Ном кинотой адилхан. Хэвлэсэн бол засварлах боломжгүй. Дараагийн хэвлэлийг хүлээхээс өөр аргагүйд хүрдэг. Миний номд судлагдаагүй уран бүтээлчид үлдсэнийг үгүйсгэхгүй. Аймаг, аймагт миний шавь нар бий. Тэд номыг маань захиалан авч байна. Өөрсдөө уншаад хадгалах бус ахмад уран бүтээлчдэдээ уншуулан сонирхуулж байгаагаа хэлсэн. Тэдгээр ахмадаас “Тэрний талаар оруулах байж, тэр нь ороогүй байна” гэдэг санал ирэхийг үгүйсгэхгүй. Тэр дундаа ахмад уран бүтээлчдийн төрсөн он ч будилаантай байдаг. Хоёр жилийн өмнө эрдэмтэн судлаач Э.Оюун багшийн 100 жилийн ойг тэмдэглэхээр болоход төрсөн оны хувьд зөрүүтэй  санал орж ирсэн. Театрын түүхийн номуудад эрдэмтнийг 1918 онд төрсөн гээд байдаг. Харин төрсөн дүү Агваандорж түүнийг 1917 онд төрсөн гэж хэлж байсан. Энэ байдлаас шалтгаалан бид архив дахь материалуудаа үзсэн. Театрын архивт Э.Оюун багшийн гурван үеийн намтраа бичиж өгсөн нь байсан. Түүн дээр өөрөө 1918 онд төрсөн гэж бичсэнээр нь бид ажлуудаа төлөвлөөд явж байсан юм. Энэ мэтчилэн он цаг, нэр нь таарч тохирохгүй байх зэрэг асуудал бишгүйдээ тулгарна. Үүнд хариулт өгөх, нэгдсэн чиг баримжаатай болоход миний хэвлүүлсэн театрын нэвтэрхий толь бага ч атугай тусална гэж бодож байна. Харин би хувьдаа том ажлын ард гарсандаа баяртай явна. Тэр дундаа ахмад үеийнхнээ номын хуудаснаа мөнхжүүлэн үлдээж байгаа нь миний урлагт оруулж байгаа хувь нэмэр юм даа.
 
-Танаас өмнө театрын урлагийн талаар нэвтэрхий толь гаргасан хүн бий юү?
 
-Би нэвтэрхий толийг 2007 онд нэг гаргасан. Сүүлийн хэвлэлтдээ үүнийг 70 хувь шинэчилсэн гэж ойлгож болно. Өмнөх номд зөвхөн драмын урлаг нь голлож байсан юм.
 
-Монгол уран бүтээлчидтэй хамтран ажилладаг гаднын театрынхны тухай нэвтэрхий толиос олж мэдэх боломжтой юу?
 
-Буриадын театр Монголын соёл урлагийн байгууллагуудтай эртнээс харилцаатай байсан. Манай драмын театр 1931 онд байгуулагдсан. Буриадын драмын театр 1932 онд байгуулагдсан байдаг. Хоёр театрын уран бүтээлчид нэг нэгэндээ байнга айлчилж тоглодог. Жүжигчид солилцож, нэгнийхээ бүтээлийг өөрийн тайзнаа тавьдаг байсан. Манай Төрийн шагналт Ч.Ойдовын “Далан худалч”, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, Ч.Чимэдийн “Буурай аав” жүжгийг Буриадын театрт тавьж байсан. Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу найруулагч нар тэнд очиж жүжгээ толилуулдаг байлаа. Буриадын театрынхан Москвад айлчлан тоглож “Эрдмийн драмын театр” гэх тодотголыг авахад Монголын драмын театрын жүжигчид онцгой хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай очиж “Ээдрээ” жүжгийг тавихад нь тоглосон. Мөн хөтөлбөрт нь Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийг тавихад Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр багш очиж тоглож Москвагийн үзэгчдийг бишрүүлж байсан юм. Буриадын театрыг эрдмийн театр болоход энэ хоёр агуу жүжигчин онцгой хувь нэмэр оруулсан. Буриадын театрын жүжигчид манай улсад ирж уран бүтээлээ толилуулж байсан. Энэ талаар театрын нэвтэрхий тольдоо оруулсан. Тэгэхээр Монголын театрын нэвтэрхий толь хил даваад явсан гэж ойлгож болно. Үүгээрээ монгол туургатны нэвтэрхий толь гэж ойлгож болох юм. Миний эхлүүлсэн энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх байх. Хүмүүс дараагийн нэвтэрхий толь хийх ойрхон байна гэж хэлж байна. Үүнийг нь би хүсэлт гэж ойлгож байгаа. Ямартай ч суурийг би тавьчихсан болохоор миний дараа үе, шавь нар хүлээн авах болов уу.
 
-Эцэст нь нэг зүйлийг тодруулъя. УДБЭТ-аас урлаг судлал, шүүмж судлалын ажлыг эрчимжүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Гурван цагийн хэлхээс” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ хуралд та оролцох уу?
 
-Эрдэм шинжилгээний хурлын удирдамжтай танилцаад удаагүй байгаа учраас би оролцох эсэхээ шийдээгүй байна. Ер нь ямар нэг байдлаар оролцоно. Харин ямар хэмжээнд гэдэг нь тодорхой болоогүй байна. Шүүмж судлалын бүтээлд анхаарахаа больсон, хувийн шинжтэй болчихсон. Уг нь энэ асуудал төр засгийн анхаарлын төвд, тэргүүлэх зүйл нь байх ёстой юм. Шүүмж судлалаа дагаж театр хөгжиж, уран бүтээлч зүг чигээ олж авдаг. Бодлого барихгүй болохоор шүүмж судлалын үнэлэмж буурчихаад байгаа юм.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин