сонин mn
Тухайн агшинд төрсөн бодлоо цаасан дээр буулгаж, хөг аялгуутай хослуулан нийтэд хүргэдэг чөлөөт уран бүтээлчид бол рэпперүүд юм. Монголд олны танил болсон эмэгтэй рэппер тийм олон биш ч тэд бүтээлээрээ үзэл бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Тэдний нэг рэппер Gennie-тэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүллээ.
 
-16 жилийн өмнө Монголын рэпперүүдийн тухай киног Австралийн найруулагч бүтээхэд тантай уулзаж ярилцсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд таны амьдрал, уран бүтээлд гарсан томоохон өөрчлөлт юу байв?
 
-Тийм байна шүү. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн байна. Энэ хугацаанд миний амьдралд баяр, гунигтай олон үйл явдал болж өнгөрсөн. Тэдгээрийн баяртай үйл явдлаас онцолж дурдвал, 2014 онд Burnzi Innes хэмээх америк гитарчинтай танилцсан. Бид хамтран уран бүтээл туурвиж цомог, клип гаргах зорилгоор Америкийг зорьсон. Тэнд би гурван сар байх хугацаандаа маш олон зүйл харж мэдэж, тодорхой хэмжээнд нүдээ нээж эхэлсэн гэж хэлж болно. Мөн сайхан уран бүтээлчидтэй танилцаж, өөрийнхөө хувьд чамлахааргүй олон тайзан дээр гарч, Монголын хип хоп урсгалыг гаднынханд танилцуулсан. Дараа нь Франц улсад жил бүр болдог “Парис хип хоп-2015” фестивальд “Mongolian Bling” баримтат кино гарах болсонтой холбоотой урилгаар очиж, дэлхийн хип хоп урсгалын хөгжлийг өөрийн биеэр харах азтай хувь завшаан тохиосон.
Сар гаруй үргэлжлэх хөтөлбөрийн дагуу тухайн фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс рэппер, брейк болон хип хоп бүжигчид, графитчид, битбокс, DJ зэрэг хип хоп-той холбоотой зураг дүрс авдаг хүмүүс хүртэл ирж үзэгчдэд уран бүтээлүүдээ сонирхуулахаас гадна бие биетэйгээ танилцаж, авъяас билгээ хуваалцсан юм. Мөн тэр фестивалиар хип хоп сонирхогч залуус бидний шүтээн хамтлаг болох “Wu Tang Clan”-ий тоглолтыг үзсэнээ дурдахгүй өнгөрч болохгүй байх.
 
-“Mongolian Bling” киноныхоо хүрээнд Японыг зорьсон. Тэнд очоод тайзан дээр гарсан уу?
 
-Япон улсыг зорьсон нь мөн л “Mongolian Bling” киноны хүрээнд болсон үйл явдал юм. Тус улсад 2018 онд Quiza ахын хамтаар уригдан очсон. Биднийг очиход хаврын баяр нь таарч, тэнд байхдаа Японы монгол судлаач эрдэмтэн багш нартай танилцсан. Мөн антропологийн чиглэлээр суралцдаг монгол болон гадаад оюутнуудад зориулж Монголын хип хоп урсгалын талаарх семинар лекцэд оролцож, санал бодлоо солилцож, хэд хэдэн газар тоглолтод оролцон Японы хип хоп болон язгуур урлаг сонирхдог авьяаслаг залуусын хамтаар тайзан дээр дуу хоолойгоо хүргэсэн дээ. Сайны хажуугаар саар гэгчээр миний хувийн амьдралд ч томоохон хүнд зүйлүүд ар араасаа тохиолдсон. 2015 онд нөхрөөсөө салж, хүүтэйгээ уулзаж ч чадахгүй байсан тэр цаг үе надад маш хүнд байсан. 2012 онд миний продюссер Мсит буюу Д.Энхтайван ахыгаа, 2015 онд “Гүн ухаантан” хамтлагт хамт дуулж байсан олны мэдэхээр “Ice Top”, “Mon Ta Rap” хамтлагийн Хаагий буюу Хатанбаатар ахыгаа, 2016 онд ээжийгээ, 2017 онд эмээгээ, бас хайртай ах нарын минь нэг, миний репийн багш, “Дайн ба Энх” хамтлагийн гишүүн М.Наранбаатар буюу Наба ахыгаа, 2019 онд миний олон бүтээлийн минь аяыг хийсэн авьяаслаг даруухан П.Мянганбаяр найзыгаа гэх мэтчилэн өөрийнхөө дотнын олон сайхан хүнээ алдаж, миний амьдралд нөхөж болшгүй том гарз тохиосон юм.
Нэг нь буцаж, нөгөө нь ирдгийн жамаар ахин нэг амьдрал зохиох гэж оролдоод бүтэлгүйтсэн ч гэлээ 2017 онд ээжийгээ алдсанаас яг нэг жилийн дараа тэр өдөр нь хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан. Миний амьдралд тохиолдсон сайн, муу бүхий л зүйл хоорондоо учир холбогдолтой мэт санагддаг.
 
 
 
Хэдийгээр би идэр залуу насандаа хэтэрхий их хагацал үзсэн ч намайг хайрладаг байсан олон хүн одоо болтол миний зүрхэнд амьдарч, намайг тэртээгээс, магадгүй тэнгэрээс, харагдахгүй ч гэсэн дэргэдээс минь үргэлж ивээж бас хамгаалж явдаг гэдэгт би итгэдэг. Энэ бүх үзсэн зовлон жаргал, амьдралд гарсан өөрчлөлт, цочрол, ухаарал, гэмшил бүхэн миний амьдралыг харах өнцөг, дотоод ертөнцөд нөлөөлж байдаг учраас тэр хэрээр бас уран бүтээл, үг шүлэгт минь хүртэл нөлөөлж байдаг гэж боддог.
 
 
 
-Монголд эмэгтэй рэппер тийм ч олон биш. Бас хип хоп урлаг, хувийн амьдралаа хамтад нь авч явахад бэрхшээл тулгардаг. Үүнийг та хэрхэн зохицуулж байна вэ?
 
-Одоо харахад би хип хоп урсгалыг сонгоод аль хэдийнэ 20 жил өнгөрчээ. Анх бусдын л адил сонирхож, дурлаж, оролдож, бүтээж, энэ тогоондоо олон мундаг авьяаслаг уран бүтээлчтэй танилцаж, тэднээсээ суралцаж бас хамтран уран бүтээл туурвисаар нэг л мэдэхэд хип хоп гэдэг энэ агуу урлаг миний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг болсон байна. Тиймээс хүн хэрвээ хийх дуртай зүйлээ олоод, өөртөө зорилго тавиад, түүндээ тууштай байвал тулгарсан бэрхшээл саад бүрийг зовлонгүй даваад гарчихдаг юм болов уу гэж бодож байна. Одоо надад хийх, суралцах, өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө түвшнийг ахиулах олон зорилт, шинэ санаа бий. Энэ бүхэн намайг цааш хөтлөх түүчээ болж би эцсээ хүртэл явах байх. Анх эмэгтэй хүн байтугай залуучууд хип хоп бүтээл хийхэд хүндрэлтэй байсан. Харин одоо хүмүүс харьцангуй нааштайгаар ойлгож, би ч гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхондоо хүлээн зөвшөөрөгдөөд явж байна.
 
-20 жил гэдэг багагүй хугацаа. Хүнтэй зүйрлэвэл, насанд хүрч, ирээдүйд хэн болохоо төлөвлөчихөөд додигор алхаж буйтай адилтгаж болно. Та 2002 оноос тайзан дээр гарсан. Өнгөрсөн хугацаанд орон зайгаа бүрдүүлж, өөрийгөө тайзан дээр тунхаглаж чадсан гэж бодож байна уу ?
 
-Би одоо хүртэл өөрийгөө энэ урлагт суралцсаар байгаа гэж боддог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хип хоп урлаг ч бас хөгжиж байна. Тиймээс надад зогсолтгүй хөгжих шаардлага тулгарч байдаг. Мэдээж, би энэ хугацаанд тодорхой хэмжээнд хэсэг бүлэг хүмүүст өөрийгөө таниулж, өөрийнхөө ертөнцийг хуваалцаж байгаа. Үүнийг эргэн тойрныхоо хүмүүс болон сонсогчдодоо шинэ уран бүтээлийн хүлээлт үүсгэж байгаагаар ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд би өөрийгөө хөгжүүлж, түвшнээ ахиулж, бас нас нэмэхийн тоогоор миний үзэл бодол, харах өнцөг тэлж, үүнийгээ дагаад дууны сэдэв, үг өөрчлөгдөн хөгжиж байна гэж хардаг. Удахгүй би өөрийнхөө ертөнцийг илүү олон хүнтэй, магадгүй дэлхийн хүмүүстэй хуваалцах хэмжээнд хүрнэ гэж бодож, хичээж явна даа.
 
-Уран бүтээл хийж байгаа хүн их бага хэмжээгээр золиос гаргадаг. Танд “Хэрвээ би рэппер болоогүй байсан бол” гэж бодсон удаа бий юү?
 
-Би багадаа их олон хоббитой байсан. Зураг зурах, дуу дуулж бүжиглэх, шүлэг бичих, спортоор хичээллэх, элдэв юм цуглуулах, хэл сурах, хөгжим тоглож сурах гээд л хэлээд байвал барагдахгүй. Магадгүй, энэ олон сонирхол минь нэгдээд хип хоп хэмээх урлагт хөтөлсөн гэж боддог.
 
 
 
Хэрвээ би рэппер болоогүй байсан бол магадгүй, сагсан бөмбөгөөр үргэлжлүүлэн хичээллэж, спортын хүн болох байсан байх. Эсвэл ямар нэг албан байгууллагад бичиг цаасны ажил хийдэг хүн ч юм уу, эсвэл сэтгүүлч болох байсан байх гэж боддог. Энэ урлагаар явж байхад олон золиос гарсан. Гэхдээ би хэзээ ч сонголтдоо харамсаж байгаагүй.
 
 
 
Учир нь, миний одоог хүртэл үзэж туулсан бүхэн минь өнөөдөр байгаа намайг бүтээсэн. Хүн олон тийш үсчээд байвал аль ч үгүй болох байх. Гэхдээ би тэр олон сонирхлоосоо хип хопыг сонгосон ч гэлээ бусдыг нь хаяхгүй, завсар зайгаараа суралцаж хөгжүүлнэ гэж боддог.
 
-Арван жилдээ сурлагатай хүүхэд байсан тухай таны ярилцлагаас уншиж байсан. Гэхдээ яагаад рэппер болох замыг сонгов. Тухайн үед мэдээж олон сонголт байсан байх?
 
-Би 10 жилд байхаасаа л хип хопыг сонгосон шүү дээ. Ангийнхан маань бараг мэддэггүй, тухайн үед гэрийнхэн болон эргэн тойрныхноосоо их нууцалдаг байсан. Гэхдээ миний сурсан бүхэн рэппер болоход тусалсан гэж боддог. Магадгүй, би хип хопыг сонгоогүй, хип хоп намайг сонгосон байх.
 
-Муу сурлагатай, дүрсгүй хүүхдүүдийг рэппер болдог гэж хэлээгүй юм шүү. Гэхдээ таныг ийм чөлөөт уран бүтээлч болохыг өвөө эмээ тань хэрхэн хүлээн авч байсан бол?
 
-Өвөө минь шинжлэх ухааны доктор хүн. Ном их уншдаг, зарчимч, хуучинсаг үзэлтэй, орчин үеийн хөгжмийн урсгалуудыг үнэн голоосоо үзэн яддаг хүн байсан. Харин эмээ минь Соёлын тэргүүний ажилтан, ардын дуучин хүн байлаа. Өвөөгөөсөө бол тас нууна. Өвөө минь намайг аравдугаар ангиа төгсөх жил бурхан болсон юм. Бусад зээ нараасаа хамгийн их найдлага тавьж, хайрлаж өсгөсөн охин нь би байсан даа. Намайг хип хоп дуулдаг байсныг мэдсэн бол турсагыг минь хуулах байсан биз. Гэхдээ өвөө намайг хип хоп хийхэд хамгийн их нөлөөлсөн хүн гэж боддог. Учир нь, хип хоп бол оюунлаг урлаг юм. Тиймээс өвөөтэйгөө хамт үгийн сүлжээ бөглөж, зүйр үг, оньсого таавар таалцаж, бичсэн шүлгээ шалгуулж, өвөөгөөсөө үлгэр домог сонсож унтдаг байсан минь хүртэл үүнд ихээхэн нөлөөлсөн болов уу. Харин эмээ минь намайг бүх л зүйл дээр ойлгодог, дэмждэг, алдаа оноотой минь эцсээ хүртэл хайрлаж ирсэн хүн. Хип хоп хийхэд эмээгийн минь нөлөө бас их байсан нь тодорхой. Учир нь, тэр урлагийн хүн шүү дээ.
 
-Одоо та ээж болсон. Хүүхэд тань рэппер болохыг сонговол та хэрхэн хүлээж авах вэ?
 
-Би хоёр сайхан хүүгийн ээж. Хөвгүүд минь хөгжим дуунд их дуртай. Тэр тусмаа хип хоп урсгалд. Арга ч үгүй биз дээ. Учир нь, би хоёуланг нь гэдсэнд байхаас нь энд тэндхийн тайзан дээр дуулж, студид дуу бичүүлээд явж байсан. Хэрэв тэд минь рэппер болохыг сонговол би хувьдаа хамгийн сайн зөвлөгч бас дэмжигч нь болох байх гэж бодож байна.
 
-Хип хоп бол үзэл бодлын хамгийн чөлөөт индэр. Ямар ч цензургүй гэж ярьдаг. Гэхдээ та энэ талаар ямар бодолтой явдаг вэ. Монголын рэпперүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байгаа юу?
 
-Хүн бүрийн үзэл бодол өөр байдаг шиг реппэрүүдийн үзэл бодол, дуугаараа илэрхийлэх гэсэн өнцөг нь харилцан адилгүй. Юм бүхэн нээлттэй болж хөгжиж байгаа энэ цагт сонсогчид ч бас дагаад хөгжиж байгаа. Тиймээс Монголын реппэрүүдийг би биш сонсогчид, бас цаг хугацаа шүүх байх. Би хувьдаа зөв буруу ч бай, сайн муу ч бай, өөрийн хийхийг хүссэнээ хийж, бүтээж, оролдож, эхлүүлж байгаа хүмүүсийг бүгдийг нь үнэлдэг. Тэд хэрхэн цаашаа явахыг тэдний хүсэл эрмэлзэл, хөдөлмөр, хувийн хөгжил болон цаг хугацааны шүүлт л харуулах байх. Харин би өөрийнхөө уран бүтээлд тодорхой цензуртэй ханддаг. Жишээ нь, дээр хэлсэнчлэн би хип хопыг оюунлаг урлаг гэж үздэг учраас дууны үг бичихдээ хараалын үг юмуу сул үг аль болох оруулахгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл, би эмэгтэй бас эх хүн. Энэ урлагаар дамжуулж бусадтай өөрийн сурсан мэдсэн, ойлгож мэдэрснээ, хүсэж мөрөөддөг зүйлээ бас муу муухайгаасаа илүү сайн сайхан бүхнийг хуваалцахыг, өөрийн үгээрээ бусдын амьдралд зөвөөр нөлөөлж, зарим нэг өрөөсгөл өнцгийг засаж залруулж, нийгмийн эмч байхыг эрмэлздэг.
 
-Бусад жанрын дуунаас ялгаатай нь рэпперүүдийн мөрүүд санаанд гэнэт орж ирдэг. Өөрөөр хэлбэл, заавал үзэг цаас холбож суулгүйгээр хаа нэг газар явахдаа шинэ мөрүүд толгойд буудаг. Бас сэдвийн хувьд чөлөөтэй, нийгмийн толь болж бусдын хараагүйг тэдэнд хэлдгээрээ онцлогтой байв уу?
 
-Тийм ээ, үүнтэй би санал нэг байна. Надад ч бас хааяа гэнэт үг, мөр, сэдэв орж ирдэг. Үүнийг би “онгод” гэж ойлгодог. Заримдаа миний бичсэн шүлэг толгойноос яаж гарсан юм болоо гэж бодогддог. Тэгээд бас эргээд өөрт минь зааж, нөлөөлөх шиг болдог. Зарим шүлэг минь миний ирээдүйд болох амьдралыг зөгнөөд байх шиг санагддаг. Магадгүй, би бичсэн шүлгээрээ өөрийнхөө ирээдүйг зурсан ч байх талтай. Тиймээс би талийгаач Тайванаа ахынхаа зөвлөснөөр хойшдын уран бүтээлдээ дандаа сайн сайхан, гэгээлэг зүйлсийн талаар түлхүү тусгахыг хичээж яваа. Үг гэдэг өөрөө их хүчтэй зүйл юм. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг байх аа. Угаасаа нийгэм гэдэг бүхий л цаг хугацаанд тухайн үедээ хүмүүсийн сэтгэлд нийцэж байгаагүй, хойшид ч учир дутагдалтай байна байх. Тийм учраас угаасаа л өдөр болгон мэдээгээр гардаг, хүмүүсийн мэддэг, сошиалд тавигддаг, болохгүй бүтэхгүй бүхнийг дуулах шаардлагагүй. Харин өөрийн бүтээлээрээ тэр “өвчилсөн” нийгмийг чадах чинээгээрээ эмчилж, бусдын оюунд гэрэл тусгахыг хэрэндээ зорьж мэрийж, бодож мөрөөдөж явдаг юм даа.
 
-Та Монголын язгуур урлагт хип хопын таван элемент байдаг тухай хэлсэн. Үүнийг тодруулж өгч болох уу?
 
-Анх хип хоп Монголд хөгжиж байхад M.C, Break Dance, D.J, Graffiti, Beat Box гэх энэ таван элемент байсан. Үүнээс гадна бас философи хэмээх элемент байдаг ч гэж үздэг. Одоо бол миний ч бас мэдэхгүй элементүүд нэмэгдсэн байх. Жаахан байхдаа энэ элементүүдийн талаар уншиж мэдээд, өөрийн ойлголтоо аваад Монголын язгуур урлагт энэ бүх элементийн хэлбэр байсныг анзаарч харсан юм. Жишээлбэл, зүйр цэцэн үг, дайралцаа, дэмбээ, бэлгэ дэмбэрлийн үг, ерөөл магтаал, түргэн хэллэг, оньсого таавар, ардын дууны үг болон тэдгээрийн толгой сүүл холбосон байдал, амьдралын философи зэрэг нь рэппер хүнд байдаг чадварыг харуулж байх шиг санагдсан. Мөн монгол ардын биелгээ, үелзүүр бүжиг зэрэг нь үе бүрээ салгаж хөдлөх, бас бүжгийн хөдөлгөөнөөрөө ахуй амьдралаа илэрхийлж буй нь хип хоп бүжигтэй тун ойрхон санагддаг. D.J буюу пянзаар наадах урлаг нь ая болон дуун дээр зурж scratch хийн давтагдашгүй нэгэн ая, хэмнэл бүтээдэг бөгөөд үүнтэй монгол түмний бахархал болсон хоёрхон утастай морин хуурын гаргадаг авиа татлагыг харьцуулж бодсон юм. Харин graffiti буюу ханан дээр зурах урлагийг монгол орны эртний агуйн бичээс, зурлагатай, Beat Box-ийг хөөмийтэй холбож бодсон.
 
-Монгол хэв маягтай хип хоп гэдгийг товчоор тайлбарлаач. Таны бүтээлүүд монгол хэв маягтай юу?
 
-Миний уран бүтээлийн “Gen­nie” хэмээх нэрийг Мсит буюу Тайванаа ах минь анх надад өгсөн бөгөөд энэ нэрийг орчуулбал Суубилиг болно. Тиймээс монгол хэв маягтай хип хоп гэдгийг би товчоор тайлбарлавал “Монгол суубилиг” гэнэ. Учир нь, монгол хүний оюунаас гарсан бүтээл бол өөрөө монгол хэв маяг юм.
 
-Монголын урлагийн салбарт хип хоп урсгалын эзлэх хувь, нөлөө бага байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?
 
-Миний бодлоор энэ бол цаг хугацааны асуудал. Монголын хип хоп урсгал маш хурдацтай хөгжиж байна гэж боддог. Гагцхүү үүнийг үнэлэх үнэлэмж, ойлгох байдал нь хоцроод байгаа байх. Бид энэ урсгалыг Монголын урлагийн салбарт өндөрт өргөж, үнэлэмжээ өсгөхийн тулд хип хоп хийдэг монгол залуус дор бүрнээ бор зүрхээрээ зүтгүүлээд байх биш хоорондоо нэгдэж, нэгдмэл санаатай байж, тодорхой нэг системд орж, бие биенээ хөгжихөд харилцан нөлөөлж, нэг нэгнээ дэмжиж, үнэ цэнээ өсгөх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
 
-Төгсгөлд нь шинэ цомгийн талаар асууя. Цар тахлын улмаас ажил бага зэрэг хойшлогдоод байгаа гэсэн. Ямар бүтээлүүдийг та цомогтоо онцолсон бэ?
 
-Цар тахлын улмаас олон хүний ажил зогсож, хийж төлөвлөсөн бүхэнд нь сөргөөр нөлөөлж, эдийн засаг, нийгэмд гарз хохирол учирч байгаа хэдий ч одоо би энэ байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хүсэж байна. Хөл хориог өөртөө цаг гаргах завшаан буюу өөрийнхөө оюун болон биеийг хөгжүүлэх вакуум орчин бүрдэж буйгаар хүлээн авсан. Урьд нь бид нийгмийн тасралтгүй хөдөлгөөн дунд өөрийн ч ухаангүй холилдож, хаашаа ч юм яаран, багшралдаж, үймэлдэн амьдарч байсан ч юм шиг. Одоо би харин цаг хугацааны үнэ цэнийг жаахан ч гэсэн ойлгож эхэлж байна. Тиймээс энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө өөрчлөхөд зориулна гэж төлөвлөж байгаа. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг үг байдаг. Сайхан цаг ирэхтэй зэрэгцэн миний удаан бодож, мөрөөдөж байсан цомгийн ажил дуусаж бэлэн болно гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийдөө миний анхны цомог Тайванаа ах болон Мянгаа, Анхаа нарынхаа тус дэмжлэгээр, “Монгол Суубилиг” нэртэй аль хэдийнэ 2012 онд Францад болсон фестивальд зориулан цөөн тоогоор хэвлүүлж байсан. Одоо тэдгээр бүтээлээсээ түүвэрлэн авч зарим нэг шаардлагатай ая, дуугаралтыг сайжруулж, бас зарим нэг үг шүлгэн дээр ажиллаж дууссанаар өнгөрсөн хугацаанд би хип хоп урсгалд юу хийж бүтээснээ тайлагнана гэж төлөвлөн ажиллаж байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин