Монголчууд бид сүүлийн зуун жилд гаднах төрхөндөө анхаараад доторхи сэтгэлээ сайжруулах тал дээр ямар ч ахиц гарсангүй. Бидний үед сургуульд сурч байхад хөвгүүдийн хувцас нэг хэвийн нэг загвартай л байдаг сан. Формын хувцас нь цагаан захтай хүрэн форм. Гутал нь голдуу хар бахиал. Сүүлдээ яахав дотоодын загвар муухан ботинк өмсдөг байсан. Харин гадаадад оюутан болоод гаднах байдалдаа бусад гадаад оюутныг дууриаж хувцасладаг байсан. Зөвлөлт улсад сурч байхад гадаадын оюутнаас “Wrangler” америк жинсийг хуруу хумсаа малтан байж 120 рублээр худалдан авч өмсөөд английн “Smokie” хамтлагийн пянзыг 120 рублиэр худалдан авч гартаа бариад явж байгаагаа тэнгэрийн амьтан болсон мэт боддог үе байсан.
Тэр үеийн монголын оюутнууд бид жинс өмсөөд үсээ ургуулаад их л додигор амьтад явдаг байлаа. Гэтэл дотоод сэтгэлээ хэрхэн сайжруулах талаар ямар ч ойлголт байсангүй. Энэ талаар бидний буруу гэж байхгүй л дээ. Энэ талаар хэн ч зааж байсангүй.
Соцын үед баахан хурал цуглаан болдог байлаа. Нам, засгийн шийдвэр бодлого гээд баахан улиг болсон зүйл ярьцгаана. Марксизмыг хий хоосон цээжилнэ. Монгол ёс заншил, уламжлал, Бурханы сургаал ярих хориотой. Нийгмээрээ архидалт, хулгайд автчихсан хаалттай орон байлаа. Дарга нар гээд машин унасан, архи ууж ан гөрөө алсан хүмүүс энд тэндгүй давхилдан явдаг байлаа. Бүх хүмүүс нэг загварын робот мэт байдаг байв. Бурхан, гэгээрэл гэдэг үгийг монгол хэлний сангаас хасчихсан байлаа. Орчин үеийн охид бүсгүйчүүд гаднах төрхөндөө хэт их анхаарч нүүр, хамартаа болон өгзгөндөө хүртэл пластик операци өндөр үнээр хийлгэдэг болжээ. Зуны цагт охид бүсгүйчүүд маань бие, бэлхүүсээ ил гаргасан байдалтай эсхүл өвдөг нь цоорсон жинс өмсөөд гудамжаар явж байгаа нь зохисгүй харагддаг. Исламын шашинт орнуудын бүсгүйчүүд нүүрэндээ гивлүүр зүүж, биеэ сайтар далдалсан хувцас өмсдөг нь гадны эрчүүдийн шуналт харцанд өртөхгүй гэсэн утгатай юм гэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ байдаг. Манайхан нүүрээ далдалдаггүй юмаа гэхэд нүцгэн биеэ далдалмаар юм. Соцын үед би баахан ном уншсан боловч оюуны хөгжилд нэг л ахиц гарахгүй байлаа. Тэрхүү номууд нь сэтгэлийг сайжруулах талаар огт өгүүлдэггүй, зөвхөн уран зохиолын голдуу ном байлаа. Харин аз болоход би гэнэт нэг сэдвээр огт ном уншаагүй юм байна гэдгээ анзаарав. Тэр бол шашны ном сургаал. Ингээд 22 наснаасаа эхэлж шашны ном уншлаа.
Шашны сургаалийн тухай кирилл бичгээр хэвлэсэн олигтой сайн ном нэг ч алга байлаа. Харин орос хэл дээр хэвлэгдсэн Христийн Библи судар болох Шинэ гэрээслэл, Хуучин гэрээслэл хоёрыг олж уншлаа. Дараа нь Исламыг уншлаа. Дараа нь Индуйзмыг уншлаа. Одоо ганц л шашин үлдлээ. Буддизмын номыг эрээд олсонгүй.
Харин зөвлөлтийн “Религия и Наука” сэтгүүлд буддизмын тухай цуврал өгүүлэл нийтлэл гарсныг олж уншлаа. Ахиц гарлаа. Буддизм хүний сэтгэл зүй, гэгээрэлийг гайхалтай сургасан үнэн зөв сургааль байлаа. Буддизмын судар номыг эрж олоод их мэдлэг хуримтлууллаа. Тэр үед Лам багш ч гэж байсангүй. Уншсан буддын судраа багш хэмээн бодож уншлаа. Удалгүй монголчууд ардчилалын замд орж буддизмын ном судар монгол шинэ бичиг дээр хэвлэгдэж нүд улам нээгдлээ. Анх буддын сургаалийг уншиж буддист болсон залуу насандаа их л туйлшралд орж байжээ. Буддын шашинтан биш л бол тэнэг хүн хэмээн боддог байв. Энэ бол өрөөсгөл ойлголт байжээ. Шашны тухай огт мэдлэггүй сайн хүн байдаг л даа. Бүх хүмүүст адил тэгш хандах хэрэгтэй гэдгийг аажмаар ойлгов. Удалгүй шашингүй хүн бол тэнэг гэдэг ойлголтоосоо салж билээ. Гэхдээ л бурханы шашингүй бол хойшоо харсан агуйд нарны гэрэл тусдаггүй гэгчээр хүн болсны хэргээ дэмий өнгөрөөгөөд дуусаж байгаа нь өрөвдөлтэй. Нэг зүйлийг би анзаарав. Хүмүүс их, дээд сургууль төгсөөд диплом аваад эсхүл магистр, докторын зэрэг хамгаалаад би их өндөр түвшинд хүрчихлээ хэмээн эндүүрч оюуны хөгжил нь зогсчихдог, яг тэр үедээ гацчихдаг. Диплом авч, доктор болсон ч гэгээрдэггүй л байхгүй юу.
Өнөөдөр Монголоор дүүрэн гавьяатууд, докторууд байна. Гэвч Монгол улс оюуны хөгжлөөр ч, эдийн засгийн хөгжлөөр ч дэлхийд сүүл мушгисаар байна. Хүмүүс бидний сэтгэлийг сайжруудах ганц зөв зам бол Буддагийн сургаалийг судлан хэрэгжүүлэх явдал юм.
Бурхан багш 2500 жиийн өмнө хүн хэрхэн муу бодлоосоо салж буяны замд орж гэгээрэх вэ гэдгийг заачихсан байжээ. Соцын үед Марксын “Шашин бол мунхруулга” гэсэн хий хоосон буруу үгийг цээжилж Бурханаа бузарласан монголчууд мөхлийн ирмэг дээр очсон ажээ. Шүтэх бурхангүй, унших сударгүй болсон ард түмэн шашингүйн үзэлтэй мунхаг хоосон улс болж арван хар нүглийг үйлддэг арчаагүй амьтад болжээ. Социализм хэмээн далан жил солиорлоо. Ардчиллын замд орлоо, ард түмэн жаргана аа хэмээн гучин жил гурайтлаа. Одооны нийгэм бол авилгал хулгайн нийгэм болжээ. Ёс зүй, энэрэхүй сэтгэл гэж алга болжээ. Бүхнийг зоосны нүхээр хардаг болжээ. Энэ бүгдийг засаж сайжруулахад их хугацаа орно шүү. Зүгээр байж байгаад бүгд сэтгэлээ сайжруулж чадахгүй. Заавал эрдэмт хүнээр сэтгэлээ хэрхэн сайжруулдах тухай заалгаж байж л ахиц гарна. Эхлээд ядаж арван хар нүглийн цээрлэдэг болох хэрэгтэй. Дараа нь Боди сэтгэлийг бясалгадаг болох хэрэгтэй. Эдүгээ орчин үед сургуулийн хүүхдүүдийн дээрэлхэлт гэдэг сэдвээр их ярьдаг болжээ. Энэ явдал соцын үед их түгээмэл байсан. Сургуулийн хүүхдүүд бие биенээ дээрэлхэнэ. Армид цэргүүд оноороо ялгарч бие биенээ дээрэлхэнэ. Ажил дээр гараад дарга нарын дарамтанд орно. Энэ мэт нийгмийн бохирдол хүн бүр дээр тусна. Үүнээс гарах арга зам буй. Тэр бол энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, тэгш сэтгэл, төгс баясгалант сэтгэл дээр тогтддог.
Боди сэтгэлийн сургаалийг хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн заах хэрэгтэй. Эс тэгвээс сэтгэлийн бохирдол, уур, шунал, дээрэлхэлт хэвээр үлдэнэ. Бурханы сургаал бол сайхан сэтгэл, боди сэтгэлийн тухай чухалчлан өгүүлдэг. Хаан хүний 35 эрдмийн нэгдүүгээрт хайр энэрэл хэмээн бичсэн байдаг.
Энэрэхүй сэтгэлтэй бол дайсан ч нөхөр мөн. Харгис сэтгэлтэй бол найз ч дайсан мөн. Бид хайрыг гаднаас ирнэ хэмээн горьддог. Хэн нэгэн намайг хайрлаасай хэмээн боддог. Үгүй шүү. Хамгийн гол нь чи өөрөө бусдыг хайрлан өрөвдөж энэрэхүй сэтгэлтэй байх нь чухал юм. Боди сэтгэлийн тухай Бурханы ном боти ботиороо байдаг. Энэ бүгдийг уншиж судлаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Хайр энэрэл дутсан газар сэтгэцийн өвчин дэлгэрдэг. Будда уур, шунал, атаа, омог, хорсол, үзэн ядалт энэ бүгдийг сэтгэлийн өвчин хэмээн үздэг байсан. Өөрөөр хэлбэл нисваанист сэтгэл байсан цаг сэтгэлийн өвчин даамжирна хэмээн үздэг байв. Монголчууд Бурханы шашнаа устгаснаас хойш сэтгэлээ сайжруулах, номхруулах аргыг мэдэхээ байсан тул сэтгэцийн өвчин Монголд гэрлийн хурдаар ихсэв. Сэтгэцийн өвчинг улаан хувьсгал улам дэвэргэж байлаа. Хувьсгалчид монголын хамаг өөдтэй өнгөтэй зүйлийг устгаж монгол төр шашнаа устгаж байж коммунизмын гэрэлт ирээдүйг босгоно хэмээн тэнэгтэж байв. Монголчууд улаан хувьсгал хийж байна гээд хамаг сүм хийдээ устгав. Алтан ургийн тайж нараа устгав. Эрдэмт лам нараа устгав.
Монгол ёс заншил, монгол соёлоо устгав. Дараа нь хувьсгалын эсэргүү, японы тагнуулыг устгана гээд хамаг эрчүүдийнхээ 30 хувийг устгав. Энэ бол хувьсгал биш. Ердөө л сэтгэцийн өвчтэй, толгой дээрээ улаан таван хошуутай малгай өмссөн хэсэг хүмүүсийн хийсэн нүгэлт аллага байлаа.
Монголд сэтгэцийн өвчтөнгүүд жил ирэх тутам нэмэгдэж улам олон болжээ. Тэд хүнийг ална, тална хэмээн заналхийлэх аж. Тэд дургүй хүргэсэн хүнээ хятад хэмээн занан зүхнэ. Тэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүртэл алж хөнөөсөн хэмээн хэвлэл мэдээллээр гарах аж. Тэдний ихэнхи нь хар тамхи, архи хэрэглэнэ. Монголд ганц байдаг Шар хадны Сэтгэцийн эмнэлэг сэтгэцийн өвчтөн хүнээр дүүрч багтахаа байсан гэдэг. Эдүгээ Монголд дөрвөн хүний нэг нь сэтгэцийн өвчтэй гэдэг. Сэтгэцийн өвчтөнүүдээ бүгдийг нь эмчилж эрүүлжүүлэхгүй бол болохоо болилоо шүү . Төр засаг нэг юм бодох цаг болсон юм биш үү. Ядаж солиорсон монголын нийгмээ эрүүлжүүлэх юм сан. Учир иймд хайр энэрэлийн тухай ном сургаалийг өсвөр залуу үедээ ярьж ойлгуулах нь чухал юм.
Төрөл дамжсан хайр гэж байдаг гэдгийг дуулсан уу? Үгүй бол дараах түүхийг сонс. Ошо багш / 1931-1990 /-ийн хайртай шавь, халамжит хань, англи бүсгүй Вивекийн өгүүлсэн хүүрнэл:
“Энэ явдал намайг Европт, Франкфуртэд амьдарч байх үед 1970 онд эхэлсэн юм. Нэг өдөр манай байранд үл таних энэтхэг хүн орж ирлээ. Тухайн үедээ бид хэн нэгний маань танил гэж бодоод анзаараагүй. Тэр хүн манайд хоносон. Өглөө бид цайлах зуураа:
-Энэ энэтхэг хүн хэний танил вэ? гэж асуугаад эзэн олдохгүй мэл гайхав.
-Та яаж яваад манайд ороод ирэв? гэхэд тэр хүн:
Гудамжаар явж байгаад танай байрны дэргэд иртэл ийшээ орох ёстой гэсэн совин татаад, тэгээд л ороод ирсэн гэхэд нь бүгд инээд наадам болцгоов. Тэр хүн дотно дулаан мэдрэмж төрүүлсэн тул бид үлдэхийг зөвшөөрсөн юм. Манайд хоёр сар суусны эцэст нутаг буцах болсноо хэлэв. Түүнийг сонсоод надад жигтэй хүсэл төрлөө. Тэр хүнтэй хамт Энэтхэг рүү явмаар санагдаад болдоггүй. Тогтсон ажил төрөл, орон гэртэй хүн гэнэт тэгж ярихлаар бүгд л гайхсан. Гэвч би хүсэл зөнгөө дагахаар шулуудаж, ажлаасаа гарч, байраа зарж, жаал жуул юмаа баглаж аваад онгоцны буудал руу явж байхдаа яагаад ингэж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байлаа. Энэтхэгт очоод сайндаа л Гималайг үзэх болов уу гэхээс өөр ингэнэ, тэгнэ гэсэн төлөвлөгөө надад байгаагүй. Би Бомбейд буугаад Равигийн гэрт хамт очлоо. Энэтхэг залууг Рави гэдэг байсан юм. Өдөр нь өмхий ханхалсан Бомбейн гудамжаар алхах зуураа “Би энд юу хийж яваа юм бэ?” гэж өөрөөсөө асуусаар л. Тэгж яваад би нэг австрали залуутай танилцав.
Нэг орой тэр хаалга тогшоод: Маргааш болох Ражнийш (Ошо) багшийн лекцэнд хамт очих уу? гэлээ.
Надад лекц энэ, тэр сонин биш гэхэд
-Сонирхоод үз, алдах юмгүй гээд намайг дагуулж явлаа. Бид жаахан хожимдож очсон. Ошо багш хэдийн ирчихсэн байлаа. Индэр дээр суугаа түүнд ойртох гэж бид нилээн юм болж зүтгэсээр дөхөж суулаа. Задгай талбайд олон мянган энэтхэгчүүд цугласан байв. Лекц хиндү хэл дээр болж байсан.
Хэдэн мөчийн дараа австрали залуу уйдсан бололтой намайг нударч: Явах уу? гэлээ.
-Үгүй ээ, би баймаар байна гэхэд минь гайхсан янзтай байв. Бид лекцийг дуустал суусан. Тэр хүн чухам хэн гэдгийг, бас энд юу болоод байгааг мэдэхгүй ч сэтгэл нэг л хоргодоод байв.
Маргааш орой нь австрали залуу ирээд: Абу ууланд бясалгалын зуслан байдаг. Тийшээ хамт явах уу? гэлээ.
-Өө, би бясалгал мэдэхгүй. Намайг хөөгөөд гаргачих байлгүй гэхэд - Зүгээр ээ, хэн ч очиж болно гээд дагуулж явлаа. Тэнд очоод би хоёр өдрийн турш идэвхт бясалгал хийж буй хүмүүсийг харж алмайрч суусан. Тэд яагаад байгааг би үнэхээр ойлгож чадахгүй байлаа. “Хуу, хуу!” гээд л үсэрч дэвхцэж, орилж хашгирч, уйлж дуулаад л.
Тэгтэл над дээр нэг эмэгтэй ирээд:
-Багш чамайг юу ч хийхгүй байгааг анзаарсан байна гэлээ.
-Уучлаарай, би ингэж хүчтэй амьсгалж, савчиж чадахгүй нь гэтэл
-Багш чамайг 3.30-д хүрээд ир гэсэн шүү гэж захирангуй дуугаар хэлчихээд явж одлоо. Айж бэргэх, хөөрч догдлох сэтгэл зэрэгцсээр би Ошо багшийн байранд очив. Нэг энэтхэг эмэгтэй намайг түр хүлээж бай гэлээ. Үүдэнд зогсоод дотогш хартал Ошо багш сандал дээр завилж суугаад нэг энэтхэг хүнтэй ярилцаж байв. Над руу харахад нь өөрийн эрхгүй хөл нугараад явчив. Дэргэд байсан хүн намайг түшиж авлаа. Би гэнэт догол тусчихав уу, яав гэж өөрийгөө гайхав.
Тэгээд дотогш ороход багш: - Бясалгал чинь сайн болохгүй байна уу? гэж асуув. Би түүн рүү харснаа, цонхоор тэнгэр өөд ширтээд юу ч дуугараагүй. Юм хэлье гээд ч хэлж чадахгүй байсан. Хэдэн хормын турш зүгээр л тэнгэр ширтээд. Хэсэг зуур ухаан алдарсан ч юм шиг. Багш надад бясалгах тухай зөвлөмж хэдэн үг хэлсэн. Яг юу хэлснийг нь би санадаггүй юм. Маргааш орой нь биднийг “Хуу” бясалгал хийх үеэр Ошо багш индэр дээр гарч ирсэн. Тэр шөнө би дахиад л жигтэй юманд орсон. Бясалгал дууссаны дараа багш машиндаа суухын өмнө намайг дуудлаа. Түүнийг тойрон хуйларч буй хүмүүсээс би захдуухан зогсож байсан юм. Тэр үед би авшигтан биш байв.
Намайг очиход багш мөрөн дээр минь гараа тавиад:
-Энд ирж надтай амьдраарай гэж хэлсэн. Хамгийн анх надад тэгж хэлсэн. Гараа мөрөн дээр тавихад нь би өөрийн эрхгүй энгэрт нь налсан. Холын холоос буцаж ирсэн юм шиг, ямар нэг мартагдсан зүйл эргэн сэргэх шиг хачин их уярал төрсөн. Тэр шөнө би унтаж чадаагүй. Тагтан дээр суугаад л “Тийм ээ, тэгэлгүй яах вэ” гээд л давтаад байснаа санадаг. Маргааш нь бясалгалын үеэр би багшаас хэдхэн алхмын зайд ойрхон суусан. Тэр үед миний нулимс зүгээр л мэлмэрээд байсан. Сүүлдээ учир зүггүй эхэр татан уйлж, нус нулимстайгаа хутгалдлаа. Дэргэд сууж байсан хүн надад туслах гэж алчуур шидэж өгсөн. Би алчуурыг харж байгаа мөртлөө авах гэхээр гар хуруу хөдөлж болохгүй байв. Биеэсээ алдуурчихсан мэт. Тэгээд зүгээр л уйлаад байсан. Гэхдээ би уулын орой дээр суугаад л биеэ, сэтгэлээ, уйлж байгаагаа харж байх шиг. Дараа нь нэг охин надаас юу болсныг асуухад би хэлж чадахгүй байсан. Үгээр илэрхийлэх аргагүй байлаа. Тэр өдрөөс хойш миний дотор өдөр бүр л шинэ шинэ тэсрэлт болж байв. Юу болоод байгааг ойлгохгүй мөртлөө тийм сонин гайхамшигт зүйлд өөрийгөө зүгээр л тавьж өгсөн юм.
Бомбейд эргэж ирээд би авшиг хүртсэн. Хэдэн хоногийн дараа багшийн англи хэлээр тавьсан лекцэнд суулаа. Багш цөөхөн хүнд зориулж амралтын өрөөндөө хийсэн. Тэнд гучаад хүн байсан. Хүмүүс ярьж хөөрөлдөө л, би буйдан дээр чимээгүйхэн сууж байв. Гэнэт миний хэвлий хавьцаа нэг юм зад үсрэх шиг болоод би тийшээ уусаад орчихсон. Тэр хоромд урьд нэгэн төрлийн амьдралаа харсан. Ошо багштай холбоогүй ч миний нэг амьдрал. Би христос шашинтан байсан тул урьд, хойд төрөл гэсэн ойлголтгүй байсан. Хүн нэг л амьдардаг гэсэн бодолтой. Гэтэл тийм юманд орохоор үнэхээр барьц алдсан. Өөр гариг дээр оччихсон мэт байлаа. Би солиорч, хий юм харж байгаа юм болов уу гэж бодовч оюун ухааны маань нөгөө тал гарцаагүй бодит гэдгийг нь мэдэрч байв...
Багш намайг лекцийн дараа дуудаж, юу болсныг асуусан. Тэр өөрөө мэдэж байсан ч надаар өөрөөр минь яриулахыг хүссэн байх. Авшиг хүртсэний дараа багш надаас хамгийн түрүүнд:- Чи намайг санаж байна уу? гэж асуусан.
Тэр асуултаа багш дахин тавихад миний дотор нэг юм дахиад л зад үсрэх шиг болсон.
-Та миний маш их хайрладаг байсан хүн гэлээ. Ийм л үг миний амнаас гарсан. Тэр үед би өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй байсан. Гагцхүү тэр миний эрхэм хайртай хүн гэдгийг л мэдэрч байлаа. Үнэн голоосоо би тэр үгийг хэлсэн.
Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрлөө. Багш надаас “Илүү тодорхой юм санаж байна уу?” гэхэд би санахгүй л байлаа. Тэгтэл нэгэн шөнө орондоо хэвтэж байтал урьд төрлийн минь үхэл надад тодорч ирлээ. Аав маань байсан, ээж биднийг орхиод өөр хүн дагаад Пакистан руу явчихсан. Намайг яг үхэж байхад хүмүүс гадаа байсан. Өрөөнд миний дэргэд Ошо байсныг санасан. Тэр намайг аргадаж байсан. Би үхлийг хүлээж авч чадахгүй амь тэмцэж байлаа. Яагаад гэвэл би түүнтэй хамт байхыг үнэхээр их хүсч байсан... (Вивек ийнхүү дурсах үедээ уйлав)... Юутай ч би эргэж ирсэн. Үхэхийнхээ өмнө би түүнээс ам өчиг авсан. Эргэж ирэхэд минь намайг хаанаас ч гэсэн олж авчирна гэж тэр амласан. Бас өөр эмэгтэйтэй гэрлэхгүй гэсэн. Би сайн санахгүй байгаа ч үүнийг багш надад өөрөө хэлсэн юм. (Найк охин Саши нь 17 настайдаа өнгөрчээ. Ошо багш тэр үед 19-тэй байжээ)
Би түүний өдөр бүр бясалгалаа хийдэг байсан хуучин сүмийг бас санасан. Манай гэр тэр сүмийн дэргэд байсан. Би гадаа цэцэрлэгт байхдаа, эсвэл цонхоор түүний ирж явааг хараад гүйн очиход минь хамт явахыг тэр зөвшөөрдөг байсан. Сүм хадан цохион дээр байдаг. Доогуур нь гол урсдаг. Тэр бол багшийн багадаа сэлдэг байсан гэж олон удаа дурсдаг Гадарвад байдаг гол юм. Заримдаа би түүнтэй хамт сэлдэг байсан. Гэхдээ л тэр ихэвчлэн ганцаараа байхыг хүсдэг. Намайг их дүрсгүй охин байсан гэж тэр хэлсэн. Тийм болохоор өөрийн найз Шиамыг гуйж, сүмийн хаалгыг мануулдаг байжээ. “Сашиг ирвэл битгий оруулаарай, үймүүлээд байдаг юм” гэж. (Саши – Вивекийн урьд төрлийн нэр). Би түүн дээр хоол, бин хийж очдог байснаа санадаг. Бясалгалаа өндөрлөөд тэр миний хоолыг амтархан иддэг байсан. Энэ бүхнийг санаад миний зам мөр шулуудсан даа.
Хамт амьдрах тухай багш Абу ууланд анх хэлснээсээ хойш надад олон удаа хэлсэн. Яг хэзээ вэ гэхээр - Цаг нь арай болоогүй гэдэг байлаа. Тэгтэл нэгэн сайхан өдөр:
- Одоо ирж болно гэсэн.- Нээрээ юү? гэхэд - Тийм ээ гэж билээ.
Хоёр жил шахам хүлээсэн болохоор би итгэж ядсан юм. Тэр хугацаанд багшийг эргэж тойрч явсан ч хамт амьдардаггүй байв. 1974 онд Пунад нүүж ирснээс хойш бүх зүйл гольдролдоо орсон. Түүнийг асарч халамжлах нь миний амьдралын утга учир. Нэг талаас түүний бие цогцод маш их анхаарал халамж хэрэгтэй. Нөгөө талаас зүгээр л түүнтэй хамт хөвөх хэрэгтэй байдаг. Би яах ёстой вэ гэж өөрийгөө шаналгаж байснаас дагаад хөвөх нь хамаагүй дээр гэдгийг ойлгосон. Өмнө нь түүнийг өвдөх үед би сэтгэлээр унаж гүйцдэг байсан бол одоо түүний биед болж буй бүхнийг хүлээн авч сурсан. Тэгэхийн хамт чадах чинээгээрээ аятай таатай байлгах гэж хичээдэг. Өдөр бүр тохиодог нандин агшнаасаа та нарт хуваалцъя. Багш үдээс хойш хэсэг дуг хийхээр явдаг. Намайг орох үед хэдийн унтчихсан байдаг. Миний аз таарвал нүүрээ нааш нь харуулсан байдаг. Түүний нойрсож буйг харах тусам уярч хайлмаар. Тэр энд байгаа юм шиг мөртлөө энд биш байдаг. Дөнгөж төрсөн нялх хүүхэд шиг гэмгүй ариухан, хиргүй тунгалаг. Тэгсэн хэрнээ хязгааргүй удаан амьдарч, хэмжээлшгүй туршлага хураасан эртний буурал арш шиг.
Хоосон атлаа дүүрэн чанар нэгэн зэрэг оршдог. Түүний амьсгалж, хааяа хөдлөхийг хараад үлгэр амилах мэт. Энэ дэлхийгээс чанадад хальсан атлаа энэ биенд яаж оршдог юм бол гэж гайхмаар. Тэр барьж тэмтрэхийн аргагүй тэнгэр мэт. Тэгсэн мөртөө нүүр царай нь амьдралын цог залиар гэрэлтэж байдаг.
Алтан шаргал гэрлийн бүрхүүлтэй юм шиг яг л шижир алт шиг туяардаг. Энэ бүхнийг өдөр унтаж байхад нь харах боломжтой. Шөнийн харанхуйд бол харагдахгүй. Дэргэд нь унтах үедээ би биеэсээ гараад явчих шиг болдог. Хязгааргүй огторгуйд хөвөөд л байх шиг...” хэмээн дурсаж байжээ. Ошо багшийг хоёр төрөл дамжин хайрласан Вивек (Нирвано) амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл Ошог асарч халамжилсан юм. Ошо багшийг 1990 оны 1 сарын 19-нд нирваан дүр үзүүлэхээс дөч хоногийн өмнө Вивек тэнгэрт хальжээ. Гайхалтай түүх байгаа биз.
Ошо багшийн 30 гаруй гадаад хэл дээр хэвлэгдсэн 700 гаруй ном бүтээл байдаг. Ошо багш бол Бурханы сургаалийг орчин үеийн хүний ой тойнд ортол, сэтгэл гэгээртэл сэхээрүүлдэг гэгээнтэн юм. Түүний айлдсан хайрын тухай олон түүхээс ганц хоёр сургаалийг товчхон дурдая.
“Эхлээд бусдаас хамааралгүй хайрыг өөртөө бүтээ. Өрөөндөө ганцаар сууж байхдаа хайрын долгионыг эргэн тойрноо үүсгэ. Далайд сэлж шумбаж байгаа юм шиг түүндээ бүжиж, баяс. Эхэндээ чамд хачин жигтэй санагдаж магадгүй. Өрөөгөө хайрын энергиэр дүүргэхэд эргээд чам руу долгион ойж, баяр таашаал мэдрүүлнэ. “Энэ үнэн явдал уу? Эсвэл би өөрийгөө ховстож, хуурч байна уу?” гэж эргэлзэх байх л даа. Хайрлаж хайрлуулахын тулд амраг садан, анд найз гээд л өөр хэн нэгэн хэрэгтэй гэсэн үзэл бодолд бид хүлэгдсэн болохоор тэр. Өрөөл бусдаас хамаарсан хайр бол ядмаг хомс хайр. Өөрөө өөрөөсөө ундраасан энерги л жинхэнэ хайр юм. Хаа явсан газраа өөрийгөө хүрээлсэн хайрын далайг дагуулж яв. Тэгвэл чамаас өвөрмөц сайхан анхилуун үнэр, горхины ус мэт цэнгэг эрчим цацарч эхэлнэ. Хэн нэгний гарыг барихад түүний бүх биеэр эерэг долгион тархана. Дэргэд чинь байсан хүн ямар ч шалтгаангүй баяр баясгаланг мэдэрнэ. Үүнийг чи өөрөө ажиглах боломжтой. Өглөг үйлдэхэд бэлэн болсон тэр үедээ сав болж чадах бусдыг эрж олоод өглөг өгвөөс зохино.
Хайр бол үйлдэл бус, оршихуйн төлөв юм. Хэрэв түүнийг үйлдэж байгаа бол хайр биш. Хорин дөрвөн цагийн турш хэн ч юуг ч тасралтгүй үйлдэж чадахгүй. Үйлдэл хийдэл бүхэн алжаас уйтгар үүсгэж, амралт шаарддаг. Хэрэв чи хайрыг үйлддэг бол үзэн ядалт руу шилжиж байж амарна. Учир нь, эсрэг талд л хүн суларч чаддаг.
Эхний ойлгох зүйл: Хайранд орших учиртай болохоос үйлдэх ёсгүй. Хайрыг харилцаа гэсэн утгаар биш, сэтгэлийн төлөв гэдгээр нь ойлго. Энэ төлөв хэн нэгэн рүү чиглэж болно, эсвэл чиглэлгүй бүхэлд нь хамаарч болно. Чи хэн нэгэнтэй харьцах албагүй, зүгээр л амьсгалах мэтээр хайрын агаарт оршино гэсэн үг. Хүн хүчилж амьсгалдаг бол хэзээд нэг ядарч таарна. Тэгээд амрах хэрэгтэй болно. Эсвэл мартах тохиолдол байна. Амьсгалахгүй бол бүтэж үхнэ шүү дээ. Гэвч амьсгал чиний хүчин зүтгэл биш, өөрөө хөврөх үйл явц. Хайрыг амьсгалтай зүйрлэж болно. Хайр бол амьсгалахуйн дээд төвшин. Амьсгалахгүй бол, бие үхэх бол хайргүйгээр сүнс амьдарч чадахгүй. Тиймээс хайрыг сүнсний амьсгал хэмээн ухаар.
“Миний дэргэд амьсгалж болно, өөр газар амьсгалж болохгүй” хэмээн чамд тулгавал юу болох вэ? Хоёр алхам холдуутаа амьсгал хураана. Нэгэнт үхдэл болсон хойно миний дэргэд байлаа ч хожим чи амьсгалж чадахгүй. Бид хайрыг тэр мэтчилэн өмчилдөг. “Ганцхан намайг хайрла. Өөр хэнийг ч хайрлаж болохгүй” гэдэг.
Тийм нөхцөлд хайр байх боломжгүй. Хэн нэгнийг тухайлж, эсвэл хүн бүхнийг хамаарч хайрлах ёстой гэсэн үг биш. Зүгээр л амьсгалах мэт хайрлангуй төлөвт орш. Атаатныхаа дэргэд ч хүн амьсгалах бус уу. Хайрын амьсгалд ганц агшин хангалттай. Учир нь, чамд хоёр агшин зэрэг өгөгдөхгүй. Амьдрал үргэлж ганц агшин байдаг. Ганц агшиндаа яаж хайрлангуй байхыг ойлговол бүх нууцыг тайлна. Хорин дөрвөн цаг юм уу, насан туршийн талаар санаашраад яах вэ. Хайрын ганц агшинг амтлаад үз. Энэ ганц агшныг хайраар дүүргэхээ мэдвэл удаах агшин ирэхэд түүнийг ч мөн дүүргэж чадна” хэмээн өгүүлжээ. Нийтлэлийнхээ төгсгөлд нэмж хэлэхэд монголчууд бидний өвөг дээдэс зуун тавин жилийн өмнө Хамаг амьтны тусын тулд гээд маань мэгзэмээ уншдаг гэгээрсэн ард түмэн байсан даа. Өчүүхэн өөрийнхөө төлөө бус хамаг амьтны төлөө маань уншвал үлэмж их буян хураана гэдгээ сайн мэддэг байсан. Нэг хүнийг хайрлах, хамаг амьтныг хайрлах хоёр огт өөр үлэмж их ялгаатай зүйл шүү. Учир иймд
Хамаг амьтныг өөрийн ганц үр шигээ хайрлах нь чухал юм. Хүний сэтгэл хайр энэрэлээр дүүрсэн цагт муу бүхэн, нүгэл бүхэн замхарч сайн үйл дэлгэрдэг. Сэтгэл уур, шунал, мунхагаар дүүрсэн цагт нүгэлт муу үйл дэлгэрдэг. Сайн сэтгэлийн үр дүн нь жаргал юм. Муу сэтгэлийн үр дүн зовлон юм.
Сэтгэлээ сайжруулахын тулд дараах дасгалыг хийх нь зүйтэй. Хар, цагаан хоёр уут хий. Хар, цагаан өнгийн чулуу түүж дэргэдээ тавь. Тэгээд хөдөө аглаг газар очиж бясалга. Муу сэтгэл төрвөл нэг уутанда нэг хар чулуу хийгээд бай. Сайн сэтгэл төрвөл нөгөө уутандаа нэг цагаан чулуугаа хийгээд бай. Зөвхөн цагаан чулуу уут дүүртэл хэд хоног ч хамаагүй бясалга. Энэ бол бясалгагч нарын шилдэг аргын нэг юм шүү. Сэтгэлээ сайжруулахгүй бол дараа төрөлдөө гурван муу заяанд унах аюултай. Гүрү римчүүчийн “Та одоо юү хийж байна, өмнөх төрөлдөө ч ийм юм хийж байсан, дараа төрөлдөө ч ийм зүйл хийнэ” гэсэн байдаг. Тэхлээр одоо цаг дээр амьд байгаа дээрээ буян, номыг хийхгүй бол муу заяанд унах аюултай юм байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Буддагийн зүрхэн тарни “Ум Мүни Мүни Маха Мүни Еэ Суухаа” гэдэг тарни бол “Сэтгэлээ жолоод, жолоод дахин сайн жолоод” гэсэн утгатай юм шүү. Иймд хүмүүс сэтгэлээ сайжруулж байж зөв замдаа орно, боди сэтгэлийг олж байж гэгээрнэ гэдгийг сайтар санах хэрэгтэй. Жаргалыг гаднаас эрдэггүй, дотроосоо эрдэг юм. Амар амгаланг гаднаас эрдэггүй, дотроосоо эрдэг юм. Сэтгэлийн амар амгаланг олсон хүн жаргалтай байдаг.Учир иймд хүмүүс бид гаднах төрх гэхээсээ илүү дотоод сэтгэлээ сайжруулж гэгээрүүлэх нь чухал юм.
Доржийн СҮХБААТАР 2026.04.07
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл4
Манай жанжин тал бүрийн өндөр мэдлэгтэй, бас тэгээд гоё уншууртай бичдэг. Харин нөгөө Украины фронт юу болж байна, энэ хар гайт Иранаас болоод анхаарал сарниад явчихлаа. Захиалга өгье.
Нацист Киев фашист НАТО-ийн фэн хөлсний зохион бичээч усан цэлдэн гахай Доржийн Сүхбаатар гуай өөрийнхөө цэлдийсэн бүдүүн цувдай, сэжгийн төрхөөсөө болж хүзүүгүй тарвага эзэндээ хүртэл хүртэл ад үзэгддэг болхоор гадаад төрх чухал биш гэж уянгалах гэж оролджээ! Бичсэн хүн нь Киевийн дэглэмийн нацист фашист алан хядлагыг дэмждэг болхоор юу гэж ч уянгалсан бай нэг л үнэмшилгүй л дээ! 😄😝😆
Нацист Киев фашист НАТО-ийн фэн хөлсний зохион бичээч усан цэлдэн гахай Доржийн Сүхбаатар гуай өөрийнхөө цэлдийсэн бүдүүн цувдай, сэжгийн төрхөөсөө болж хүзүүгүй тарвага эзэндээ хүртэл хүртэл ад үзэгддэг болхоор гадаад төрх чухал биш гэж уянгалах гэж оролджээ! Бичсэн хүн нь Киевийн дэглэмийн нацист фашист алан хядлагыг дэмждэг болхоор юу гэж ч уянгалсан бай нэг л үнэмшилгүй л дээ! 😄😝😆
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!??????????