сонин mn
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид теле хичээлд хамрагдаж байгаа энэ үед олонх эцэг, эхийн хувьд гэрийн даалгавар хийлгэх, хүүхдээ бусдаас хоцрогдолгүй суралцуулах арга барилыг судалж байна. Үнэндээ бага ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг нь хийлгэнэ гэдэг аав ээжүүдийн хувьд амаргүй даваа. Иймээс Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйчээс эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран гэрийн даалгаврыг уур бухимдалгүй эерэг хэлбэрээр даван туулж болох тухай зөвлөгөө авсан юм.
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хандаж буй эцэг, эхчүүдийн 20 хувь нь сурах идэвхгүй хүүхдээр гэрийн даалгавар хийлгэхтэй холбоотой асуудлаар хандаж, зөвлөгөө тусламж авдаг байна. Харин сэтгэл судлаачдын хувьд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ буруу харьцсанаар хичээлдээ дургүй болдог гэдгийг онцолж байлаа.
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч, боловсрол судлалын доктор Б.Номин “Гэрийн даалгавар хийх нь зөвхөн бага ангийнхан бус ахлах, дунд ангийн хүүхдүүдэд ч оюун ухааны сорилт байдаг. Тиймээс хүүхэд гэрийн даалгавраа хийхэд хамгийн түрүүнд хичээл үзэх хүсэл, сонирхол төрөх, анхаарлаа даалгавар дээрээ төвлөрүүлэх чадвар хэрэгтэй байдаг” гэж онцлов.
 
ТАНЫ ХҮҮХЭД ӨӨРИЙГӨӨ ХЯНАЖ СУРАХ НЬ ЧУХАЛ
 
Заримдаа хүүхэд гэрийн даалгавраа удаан хийх, хийхээс татгалзах, хойш тавих тохиолдол гардаг. Энэ үед нь “Яагаад удаад байна, хурдан хий, хичээлдээ залхуураад байна уу” гэхийн оронд “Чамд ойлгохгүй зүйл байгаа бол тусалъя” гэж хэлээрэй. Тусална гэдэг нь хүүхдийнхээ өмнөөс хичээл хийнэ гэсэн үг биш. Ялангуяа хүүхэд өөрөө чадах зүйлийг хийж өгөх нь түүнийг идэвхгүй болгодог. Харин ойлгохгүй байгаа даалгаврыг дахин уншуулж, эхлээд өөрөөр нь тайлбарлуулах, ойлгох гэж оролдоход нь туслах, хүүхэд ойлгосон бол орхих хэрэгтэй. Түүнээс биш хажууд нь суугаад үзэгнийх нь хөдөлгөөн бүрийг хянаад байх шаардлагагүй, хүүхэд өөрөө өөрийгөө хянаж сурах нь чухал юм. Ингэж байж аливааг бие даан хийх чадвар нь нэмэгдэнэ. Бие даах нь өөрийгөө хянах чадварын хөгжилтэй шууд хамаатай. Хүүхэд хэдэн ч удаа таныг дуудаж, тусламж авч болно. Ялангуяа бага ангийн хүүхэд бол үүнд нь дургүйцэж, түвэгшээлгүй сонсож, хариулж тусалснаар хүүхэд даалгавар хийхдээ дуртай болно.
 
ЗАВСАРЛАГЫН ЦАГ ЗААВАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ
 
Нэг суугаад л даалгавраа бүгдийг нь хийх, дуусгаж байж л сандлаасаа босоорой гэдэг зарчмыг бүү баримтлаарай. Энэ бол буруу.
 
 
 
Хүүхэд 20-30 минут суугаад завсарлага заавал авах нь илүү бүтээмжтэй, тархийг сэргэг болгодог. Тархи нь хүүхдийн хувьд хөдөлгөөний тусламж-тайгаар идэвхэждэг. Гүйж харайх, дасгал хийх, ус, цай жимсний шүүс уух нь сайн.
 
 
 
“Алив хурдал. Тэдэн цагаас өмнө хий, намайг байхад хийж дуусга” гэх мэтээр цаг тулгах нь хүүхдэд стресс үүсгэнэ. Хүүхдэд гэрийн даалгавар хийх “онгод” ороход нь бэлтгэл буюу хугацаа хэрэгтэй.
 
 
 
ГЭРИЙН ДААЛГАВРЫГ ШИЙТГЭЛ БОЛГОЖ БОЛОХГҮЙ
 
Ямар нэгэн буруутай юм хийсэн, алдаа гаргасных нь төлөө “Даалгавраа хийгээрэй чи”, эсвэл хүүхэд инээж баясаж, тоглож чөлөөтэй байхад нь “Чи даалгавраа хийсэн үү. Үгүй бол хийгээрэй” гэх мэтээр гэрийн даалгаврыг ямар нэгэн шийтгэл битгий болгоорой.
 
ХЭЦҮҮ БОЛОН ЭНГИЙН ДААЛГАВРЫГ ЭЭЛЖЭЭР ХИЙЛГЭЭРЭЙ
 
Олонх хүн даалгаврыг хийхдээ “толгой сэргэг байгаа дээрээ хэцүүгээс нь эхэл” гэдэг дүрэм баримталдаг. Үүний оронд хүнд даалгавар нь цааш хийх таашаал, сонирхлыг бууруулж, халширахад хүргэдэг. Энэ нь хүүхдийн хичээлээ хийх эерэг хүлээлт хандлагыг эвддэг байна. Харин хурдан, амархан хийх даалгавар нь урам зориг оруулж, хүнд даалгавар хийхэд бэлтгэж, хөнгөн гүйцэтгэхэд тусалдаг.
 
БАГШААС ТУСЛАМЖ АВЧ БОЛНО
 
Багшийн тавьж байгаа шаардлага ямар байгааг биелүүлэх, асуух хэрэгтэй. Эцэг, эхчүүд өөрийн жишээ, арга барилаар хийлгэх нь хүүхдийг төөрөгдөлд оруулдаг. Тиймээс багшаас нь асууж, ямар томьёолол, арга барилаар хийхийг тайлбарлуулаарай.
 
 
 
Эцэст нь, хэлэхэд хичээл, даалгаврыг хүүхдийн хийх ёстой цорын ганц, чухал зүйл мэтээр эцэг, эх хандахгүй байх нь чухал. Тэртэй тэргүй орчин үеийн хүүхэд маш их даалгавар хичээлээр хамаг цаг нь дүүрсэн байдаг юм шүү. Гэрийн даалгавраа хийсэн нь бус харин сурах дуртай, аливаад сонирхолтой байх нь чухал. Хүүхдэд хичээлээс өөр хийх, хөгжих, бусдад болон өөртөө үнэлэгдэх олон зүйлтэй байлгахыг хичээгээрэй.
 
 
 
Зургаан настай хүүхэд 5-8 минут л анхаарлаа төвлөрүүлэх чадвартай гэж үздэг. Гэхдээ нийслэлийн ерөнхий боловсролын 20 гаруй сургуульд хийсэн судалгаагаар найман настай хүүхдүүдийн 50 гаруй буюу талаас илүү нь анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул гэсэн дүн гарчээ. Тиймээс эцэг эхчүүд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхэд бүрийн сурах арга барил өөр. Тиймээс үлгэрийн ном унших, тогоруу, тоорцог, тоорой гэх зэрэг хөдөлгөөнт тоглоомыг хүүхэдтэйгээ багаас нь тоглож, анхаарлаа төвлөрүүлж бас шилжүүлж чаддаг болоход нь тусалж болно.
Үнэндээ эцэг эхчүүд хүсвэл, цаг гаргаж чадвал хүүхдэд хөгжих боломж бидний төсөөлснөөс ч их байдаг. Дээр дурдсан олон аргыг өдөр тутамдаа эцэг, эхчүүд санаж хэрэгжүүлснээр гэрийн даалгаврыг хүчирхийллийн бус аргаар хялбархан шийдэх боломж байгаа юм.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин